АЛТНААС ҮНЭТЭЙ ШОРОО

Бичсэн: Судлаач Д.Ганхуяг

http://gankhuyag.wordpress.com/2011/03/09/hkldwyg/

2011 оны 3 дугаар 9

Арав гаруй жилийн өмнө “халзан” Д.Ганболд гадаадынхантай нийлж газрын ховор “юм” хайж байна гэх мэдээлэл анх сонсож билээ. Маш их үнэтэй, ховор юм билээгээс цааш мэддэггүй дээ. Асар олон лиценз тарааж, ашигт малтмал хайх бужигнааны үеэр энэхүү “газрын ховор металл” нэр байн байн гарах болов. Улмаар манай “аваргуудтай” олон шижмээр холбогдож, дэлхийн том том сайтууд дээр гараад байхаар нь судлаачийн зөн билгээрээ хэдэн жилийн өмнөөс материал цуглуулж эхэлсэн юм. Гэтэл энэ нь дэлхийн хандлагыг тодорхойлсон асар том асуудал боллоо. Манай зарим нийтлэлч үүнийг хөндөн бичиж буй авч манайхан алт, зэс, нүүрснээс “өөр юм мэдэхээ” больж, “шороо” тоодог хүн гэж ер алга. Иймээс энэ тухай буюу ГАЗРЫН ХОВОР МЕТАЛЛ-ын дэлхийн товч тоймыг Монголтой холбон уншигчиддаа хүргэж байна. Газрын ховор элемент, металл хоёр ижил агуулгатай учраас би ГХМ гэдгээр нь авсан шүү. Улс төр ярихгүй “шороо” ярилаа гэсэн адгийн тэнэг шүүмжлэлийг би хэрхэвч хүлээж авахгүй, учир нь монголчууд бид дэлхийн хэмжээнд сэтгэж үйлдэх ёстой, үүрэгтэй болохоор ингэж байгаа юм…
Шидэт шороо
Анх 1794 онд финийн химич Юхан Гадолин олсон бодисоо хотынхоо нэрээр иттерий гэж нэрлэсэн байна. Ийм төрлийн бодисууд муу хайлдаг, усанд бараг уусдаггүй байжээ. Ийм оксидыг XIX зууны үед “шороо” гэж нэрлэдэг байснаас газрын ховор металл гэсэн нэр XYIII-XIX зууны заагт бий болжээ. Химичид 1907 он гэхэд 14 ГХМ нээжээ. Эдүгээ 17 ГХМ нээгээд байгаа юм байна.
Церийн бүлгийн “хөнгөн” La, Се, Рг, Nd, Sm, Eu, иттрийн бүлгийн “хүнд” Y, Gd, Tb, Dy, Ho, Er, Tm, Yb, Lu элементүүдийг ингэж нэрлэдэг. Үнэндээ бол бол ГХМ ховор биш, нөөцөөрөө хар тугалганаас 10 дахин, молибденээс 50 дахин, вольфрамаас 165 дахин их байдаг авч хэт сарнимал тархсан аж.
Уг нь дорх газраа ухахад л “гараад ирэх” боловч харамсалтай нь маш өчүүхэн хэмжээтэй байдаг аж. Өөр өөр 17 элемент дэлхийд жигд тархаагүй нь мэдээжийн хэрэг. Иймээс 3-8 элемент нэлээд их хуримтлагдсан бол орд гэж нэрлэн олборлодог байна. Энэ нь бидний ойлгодог ашигт малтмалын ордоос ихээхэн ялгаатай. Учир нь олборлон авсан хүдрээс элемент тус бүрээр нь ялган хуваарилах үйлдвэр барьж байж маш өчүүхэн хэмжээгээр гарган авдаг юм байна.
Эдүгээ ГХМ нь эдүгээ дэлхийн аль ч томоохон эдийн засгийн стратегийн түүхий эд болж байна.Жишээлбэл, уранаас плутони ялган авахад лантан гэдэг ГХМ заавал ордог байна. Энэ нь атомын цахилгаан станцаас авахуулаад атомын бөмбөг хүртэлх бүх үйлдвэрлэлд хэрэгтэй гэсэн хэрэг.
Лазерын хатуу талст үйлдвэрлэхэд неодим, иттри, цери, гадолини, эрби зэрэг бараг бүх ГХМ ашигладаг байна. Одоо лазергүй юм гэж бараг байхгүй болсон үе. Мөн гадолини, эрби, диспрози, европи зэрэг ГХМ нь нейтрон шингээх ер бусын чанартай байдаг учраас цөмийн реакторын түлш, мөн урвал тохируулах саваанд нэмж хийдэг байна. Жишээлбэл, эрбийг өчүүхэн нэмэхэд АЦС-ын түлшний ашиглалт 3-аас 5 жил хүртэл уртасдаг байна. ГХМ-аар цөмийн цацрагаас хамгаалах тусгай давхраа хийхээс гадна тархины ракыг нейтроноор хаах эмчилгээнд хэрэглэдэг гэнэ.

Металлургийн үйлдвэрлэлд ГХМ хамгийн чухал байдаг аж. ГХМ-ын янз бүрийн холимогийг ганд нэмэх замаар хүчилтөрөгч, хүхэр, фосфор зэрэг ганг “паразитлах” элементүүдийг шингээж авдаг байна. Үүний үр дүнд ган хүйтэн, халуунд тэсвэртэй, уян хатан болдог бөгөөд зэврэлт болон зууралтат чанарт тэсвэртэй болдог байна. Энэ нь гал зуухны халбага, хутганаас эхлээд машин, танк, сансрын пуужин хүртэл төмөр орсон бүх бүтээгдэхүүн гэсэн хэрэг болно.

Түүнчлэн ГХМ-аар титан, хөнгөн цагаан болон өнгөт металлуудын чанарыг сайжруулдаг байна. Жишээлбэл, зэвэрдэггүй ган дээр иттрийн үйрмэгийг нано түвшинд нэмж оруулахад 1,2 мянган градусын ер бусын халуун тэсвэрлэх чадвартай реакторын бүрхүүл тогтож, хүчтэй цацраг ялгаруулдаг. Энэ чанарыг 2010 онд нээжээ.

Өнөөдөр ГХМ-ын хольцоор уламжлалт ферритээс үлэмж хүчтэй байнгын соронзон бэлтгэж байна. Иймээс эдүгээ ГХМ-гүйгээр ямар ч электрон төхөөрөмж хийх бололцоогүй юм. Полирит буюу церийн оксидоор ердийн толь өнгөлөхөөс эхлээд шингэн кристалл дисплей, гар утас, гэрэл мэдрэмтгий шил, оптик линз, үнэт чулууны үйлдвэрлэлд ашигладаг байна.
ГХМ-ыг нэмэхэд оптик линзийн хугалах чадвар нэмэгдэж, гэрэл нэвтрүүлэх өвөрмөц чанартай болдог байна. Нефтээс тунгалаг бүтээгдэхүүн гаргахад заавал ГХМ-аар катализатор хийдэг байна. Мөн өдрийн гэрэл, аудио системийн бүрдлүүд, анагаах ухааны будаг, дуран, телескоп, цахиуран хагас дамжуулагч зэрэгт ГХМ-ууд ордог байна. Стандарт нэг гибрид машинд мотор, аккумулятораас эхлээд 10 кг орчим ГХМ ордог байна.

Инноваци ихсэх тутам ГХМ-ыг ашиглах хэмжээ даган нэмэгдэх зүй тогтолтой аж. ГХМ байхгүй бол өнөөгийн эдийн засгийн бүх салбар зогсох юм байна. Ингээд ГХМ дэлхийн стратегийн түүхий эд болж, түүний төлөө эдийн засгийн дайн эхлээд байна.
1980 онд 25 мянган тн ГХМ олборлож байсан бол 2010 онд энэ хэмжээ 5 дахин өсч 125 мянган тн болжээ. Өнөөдөр ГХМ-ын зах зээл хэдэн зуун миллиард доллараар үнэлэгдэж байгаа бөгөөд энэ нь 2015 он гэхэд 2 дахин өсөх аж. Технологийн хөгжлийн өнөөгийн түвшнээр тооцвол 5 жилийн дараа 200-225 мянган тн ГХМ шаардлагатай юм байна.

Сүүлийн 15-20 жил даяар зах зээлийн ГХМ-ын 95-97 хувийг Хятад нийлүүлж байжээ. 2006 оноос Бээжин экспортын татвараа нэмжээ. 2010 оны сүүлээс экспортын квотоо 72 хувиар багасгасан байна. 2011 онд дахин 30 хувь багасгана гэж мэдээлэв. 2012-2014 онуудад нөөц багассан, экологийн тэнцвэр алдагдсан, дотоод хэрэгцээ өссөн шалтгаанаар ГХМ нийлүүлэхээ зогсоох юм байна. Хятадын энэ шийдвэр дэлхий нийтийг бужигнуулж байна.

Хятад арга
Гучин жилийн өмнө 1981 онд Өвөр Монголын Баян-Овоод ГХМ-ын оксидын 36 сая тн нөөцтэй орд олсноор Хятадын ГХМ-ын аварга түрэлт эхэлжээ. Бүр тэр үед Дэн Сяо Пин: “Бидэнд нефть байхгүй ч ховор шороо” байгаа” гэж байжээ.
Ингээд “шороо” ашиглах бүх ард түмний хөдөлгөөн өрнүүлжээ. Хятадын ГХМ шаварлаг хөрсөнд маш бага хэмжээтэй байдаг, асар том нутагт сарнимал байдгаас шалтгаалж үйлдвэрлэлийн боловсруулалт үр ашиг муутай байжээ.

Ингээд тэд жинхэнэ хятад арга хэрэглэжээ. Хятадын тариачдыг ГХМ-ын агуулгатай шавар, түүнийг ялгах бодисоор хангасан байна. Тариачид үнэт шавраа устай торхонд хийж мод буюу мотороор хутгаад дээр нь ялгах бодисуудыг хольдог байжээ. Энэ үлдэгдлийг хаман авахад ойролцоогоор 75 хувийн найрлагатай ГХМ-ын баяжмал гарган авч болдог байна.
Үүнийгээ үйлдвэрүүдэд зарах бөгөөд тэнд ГХМ-ыг хольцноос нь цэвэрлэж оксид хэлбэрт орсон ГХМ-ын баяжмал гаргадаг системийг хятадууд бүтээжээ. Баяжмалыг элементүүдэд задлан хуваарилах ажил улсын бүрэн мэдэлд байдаг. Сүүлдээ үйлдвэрүүд хувьд шилжсэн боловч улсын хатуу чанд хяналт, хуваарилалт хэвээр үлджээ.

Хятад аль болохуйц үнэтэй, элемент бүрээр задалсан, аль болох хямд баяжмал зарахын тулд задлан хуваарилах хүчин чадлаа байнга өсгөж иржээ. Өнөөдөр бүрэн задлаагүй баяжмал нэг кг нь 40 орчим $, харин задалсан бол элементүүдээсээ хамаараад ихээхэн үнэтэй, тэр нь бас ихээхэн хэлбэлзэлтэй байдаг аж. Ухаандаа самари 1 кг нь 30$ бол лютеци 10.000 $ байх жишээтэй.
Хятадууд ингэж хүний олноор зодож байж ГХМ-аар дэлхийд ноёрхогч болж чаджээ. Одоо ч гэсэн дэлхийн ямар ч хүчирхэг гүрэн энэхүү хятад аргыг хэрэглэх боломжгүй аж.

1980-аад оны эцэс хүртэл Хятад хамгийн хөнгөлөлттэй нөхцлөөр ГХМ-аа дэлхийд нийлүүлж байв. Хөрснөөс ГХМ-ыг ялгах нь үнэтэй, экологийн их хөнөөлтэй байдаг аж. Эхэндээ хятадууд экологийн асуудлыг нэг их тоодоггүй байжээ. Сүүлийн үед үүнийг анзаарч өндөр өртөгтэй олборлох ордуудаа 400-аас 116 болтол нь цөөлжээ.
Хятад ГХМ олборлох, анхан шатны боловруулалт хийх, баяжуулах, тусгай элементүүдээр задлах, эцсийн нэгдлүүд гаргаж авах бүхий л шатны цорын ганц монополист болж үлдсэн байна. Сүүлийн жилүүдэд тэд өндөр технологи бүхий үйлдвэрүүдэд ГХМ ашиглахаа мэдэгдэм өсгөсөн байна.

Сандарсан дэлхий
Дэлхий нийт Хятадаас бэлнээр нь авах болсон тул үр ашиг муутай уурхайнуудаа хааж эхэлжээ. Жишээлбэл, АНУ-ын Калифорнид олон сая тн нөөцтэй, 1960-1980-аад оны дунд хүртэл дэлхийн ГХМ-ын үндсэн эх булаг болж байсан «Маунтин Пасс» ордыг хаасан байна. 1986 он хүртэл жилд 8 мянган тн ГХМ олборлож байсан өөр нэг ордоо бас л хаажээ. Түүнчлэн АНУ, Франц задлан ялгах заводаа зогсоожээ. Энэ үзэгдэл бүх орнуудыг хамарснаар ГХМ-ын салбар тэдний анхаарлын гадна олон жил байжээ.

Сүүлийн жилүүдэд Хятад хавчин хаах болсон, ГХМ стратегийн түүхий эд болсон учраас дэлхий дахинд түүнийг олох, олборлох, үйлдвэрлэх ганцхан гарц үлдсэн байна. Үүнд 10-аас дээш жил зарцуулж, хэдэн арван миллиардын хөрөнгө оруулалт шаардлагатай ч олонхи улс шуурхай ажиллаж эхэллээ.
АНУ-д ГХМ-ын үйлдвэрлэлийг яаралтай сэргээх консорциум байгуулж Конгресс, Засгийн газарт лобби хийж эхлэв. АНУ дотоод төдийгүй, гадаадын ордуудыг сэргээн босгож эхлэв. АНУ-ын Less Common Metals компани тори олборлолтоор манлайлж байсан, 1963 онд царцаасан ӨАБНУ-ын Стинкапмскрал ордыг сэргээж байна.

Япон ГХМ-ын орд ашиглах, бүтээгдэхүүн нийлүүлэх талаар Вьетнамтай гэрээ байгуулжээ. Lynas компанийн бүлэг Австралиас 11 мянган тн ГХМ энэ жил нийлүүлэхээр төлөвлөж байна. Канадын Stans Energy Corporation Киргизийн ГХМ-ыг олборлолтыг сэргээж эхлэв. Улмаар ГХМ-ын Томторскийн орд дахь «Кутессай 2» завод болон төмөр замын терминалыг авах гэж байна. «Кутессай 2» ЗХУ-ын ГХМ-ын 80 хувийг хангаж байжээ.
Өнөөдөр хөгжингүй орнууд ГХМ-ын үйлдвэрлэлээ төрөөс шууд санжүүжүүлэх болжээ. Германы аж үйлдвэрийн Холбооны ерөнхийлөгч Ханс Петер Хейтел: “Хэрэв бид улс төрийн шалтгаанаар өдөөсөн чухал түүхий эдийн хомсдлын эсрэг юу ч хийхгүй бол нэмэгдсэн өртөг бүтээх манай гинжин хэлжээ нуран унана. Энэ бол манай үйлдвэржсэн оронд аюултай” гэжээ.
Хэрэв 2008 онд дэлхий дахинаа түүхий эд экспортлох 450 төрлийн хязгаарлалт байсан бол 2011 онд энэ нь 1000 хол давжээ. Хятадын хязгаарлалтын улмаас ГХМ-ын үнэ 7-9 дахин өссөнөөр дэлхийн олон компани ГХМ-ын дутагдалд орж, зарим нь зогсоход хүрээд байна. Германы BDI-ийн тэргүүн “ашигт малтмал геополитикийн асуудал болоод байна” гэж дүгнээд Европын Холбооноос улс төрийн дэмжлэг хүсчээ.

Ингээд дэлхийн эдийн засгийг ашигт малтмалаар тогтвортой хангах асуудлыг энэ жил “Их найм” болон “Их хорь”-ийн уулзалтаар хэлэлцүүлэх шаардлага тавьжээ. Германы эдийн засгийн яамны сайд Рэйнер Бриудэрле: “хятадын жишээгээр дэлхий даяар ашигт малтмалын хайгуул, олборлолтын ордуудыг худалдаж авах, улмаар олборлох компаниудад хөрөнгө оруулах”-ыг уриалжээ.
Хаягдал түүхий эд хайлуулж, дахин ашиглахыг рециклинг гэдэг байна. АНУ, Европын Холбоо рециклингийг “түүхий эдийн асар том орд” гэж үзээд хаягдал металл гадагш гаргахыг хатуу хяналттай болгожээ.

Оросын боломж
20 жилийн өмнө ЗХУ ГХМ-ын үйлдвэрлэлээр дэлхийд 3-т, нөөцөөрөө 2-т орж байжээ. ЗХУ задармагц ГХМ-ын голлох том ордууд хилийн гадна үлдсэн байна. Одоо Орос хэрэгцээгээ импортоор хангадаг болжээ. Гэхдээ эрдэм шинжилгээний хүрээлэн, нарийн технологи, боловсон хүчин нь хэвээр байгаа. Сүүлийн үед технологийн талаар дэлхийд манлайлахаар тэднийгээ ажиллуулж эхэлжээ. Үүнийг мөнөөх хэт аварга “Росатом” хариуцаж байна.

Одоо Колийн хагас арал дээрх “Ловозеро”-ын орд гол түүхий эд болж байна. Энд лопаритын эрдэс гаргаад Соликамскад дахин боловсруулж тантал, титан, ниоби ялган авдаг. Үлдсэн хэсгийг Эстонид нийлүүлж ГХМ тус бүрээр нь ялгадаг байна. Ингээд Глазов хотод Чепецкийн заводад тун бага хэсгийг нь буцаан авдаг их түвэгтэй байдалд оржээ.

Одоо Орос ГХМ-ын нөөцийн 30 хувийг бүрдүүлдэг бөгөөд олсон нөөцөөрөө дэлхийд 2-т, боломжит нөөцөөрөө 1-т ордог 14 томоохон орд байна. Гэхдээ түүний 60,2 хувь нь Колийн хагас арлын ордод буй. Мөн нөөцийн 14,3 хувь нь Ловозёрскод, 22,8 хувь нь Якутын Селигдарид байдаг бөгөөд Улуг-Танзек, Ярегийн ордод ГХМ дагавар байдлаар их хэмжээгээр байдаг аж. Мурманск, Якут, Коми, Красноярскийн хязгаар, Тува, Байгалийн чанад, Читад ГХМ-ын ихээхэн нөөц байдаг авч нэгэнт төрийн нууцад оруулжээ.
Якутын ордын ГХМ-ын агууламж маш өндөр 12 хувь, ниоби 5 хувь хүрэхээс гадна хайж олсон нөөц нь 150 сая тн болж байна. Харин боломжит нөөц нь одоо дэлхий дээр хайж олсноос илүү шахам болж байна.

1990-ээд онд эрдэмтэд Өмнөд Курилийн Итуруп арал дээрх Кудрявый галт уулнаас 80 хувийн ренийн агууламжтай хүдэр олжээ. Эндээс рени ялгах технологийн патентийг оросууд 2000 онд авчээ. Ингээд Курилын арлын төлөөх орос, японы хэрүүл дээр ГХМ нэмэгджээ. Сүүлийн үед орос, японы харьцаа муудаад байгаа нь үүнтэй холбоотой аж.
“Роснано”, “Росатом” ГХМ-ын зорилтот хөтөлбөр саяхан баталсан бөгөөд Төрийн Думын орлогч дарга Валерий Язев: “ГХМ боловсруулах үйлдвэр байхгүй нь Оросын үндэсний аюулгүй байдалд занал учруулж байна” гэж дүгнэжээ. Ялган боловсруулах хэдхэн үйлдвэр барихад л Орос санаа зовох юмгүй болох аж…

Бидний мэдэхгүй дайн
Олонхи улс ГХМ-ын нөөцөө төрийн нууцад оруулдаг байна. Нэг грамм рени 900 ам.доллар хүрэхээр “дайн” хийхээс өөр аргагүй юм байна.
Япон дэлхийн өндөр технологитой бүтээгдэхүүний 50 илүү хувийг үйлдвэрлэдэг учраас ГХМ бол тэдний хувьд амин чухал болоод байна. Солонгос ч бас их хэцүүдэж байна.
Япон дундад ази, тухайлбал казакстан, узбекстан, киргиз, афганистанд руу хүчтэй түрэлт хийх болов. Хятад, Герман хоёр ч гэсэн энд бүсэд ихээхэн идэвхижиж байна. «Казатомпром» «Toshiba Сorp.» хоёр гэрээ байгуулжээ. Бүр ЗХУ–ын үеэс Казакстаны Жезказган, Узбек, Армений зэс-молибдений ордуудаас ГХМ гарган авч байжээ.

Хятадын ГХМ-ын үйлдвэрлэлийн талаас илүү хувь нь манай урдхан байх Бугат хотод 50 км квадрат талбайг эзлэн орших бөгөөд түүнийг “ГХМ-ын хөндий” (Chinas Rare earth Valley) нэрлэдэг аж. Ойрын жилүүдэд энэ бүсийг “ГХМ-ын өндөр технологийн хөгжлийн бүс” болгох юм байна. Асар их хөрөнгө оруулалт хийснээр энд ГХМ-ын нунтаг, шинэ төрлийн соронзон, ус төрөгч хуримтлуулах ГХМ-ын нунтаг хайлш үйлдвэрлэдэг болох гэнэ. Хятадын стратегийн энэ нөөцөд 39,8 мянган тн-оос илүү ГХМ хадгалах боломжтой гэж барууны экспертүүд дүгнэжээ.

Европын Холбооны үнэлгээгээр ГХМ-ын дэлхийн нөөцийн 37 хувь Хятадад байгаа бөгөөд дэлхийн хэрэглээний 97 хувийг хангаж байна. Arafura Resources Ltd-ын үнэлгээгээр 2011 эхнээс ГХМ-ын үнэ 7 хувь өссөн гэж Bloomberg мэдээлэв. Австралид олборлох төсөл хэрэгжүүлж байгаа боловч тэр нь 2013 оноос нааш ашиглалтад орохгүй юм байна.
Хятад 2010 онд 43.913 мянган тн (зарим мэдээгээр 22.282 мян.тн) ГХМ экспортлох зөвшөөрөл өгч байсан бол энэ онд квотоо багасгажээ. Мөн экспортын татвараа 25 хувь нэмэх юм байна. Ингээд ГХМ-ын үнэ 2 дахин өсчээ. Roskill Information Services Ltd-ын үнэлгээгээр ганцхан тн ГХМ олборлох, боловсруулахад ойролцоогоор 40.000 долларын хөрөнгө оруулалт шаардлагатай аж.

АНУ-ын Геологийн тагнуулын Газар 2009 оны сүүлээс Хятадын ГХМ-ын нөөц 36 хувь багаслаа гэж мэдээлсэн. Харин Хятадын Газар, байгалийн баялгийн яам Ганжоу хотын орчимд 710 сая тн нөөцтэй шинэ орд олсон бөгөөд ГХМ-ын нийт хэмжээгээ 80 хувь нэмж чадна гэдгээ саяхан мэдэгдэв. Энэ хооронд Япон Вьетнамтай гэрээ хийж ихээхэн зээл тусламж өгч, оронд нь ГХМ авахаар болжээ.
Хэсэг бус эдгээр тоо баримтууд ГХМ-ын төлөө стратегийн дайн болж байгааг хөдөлбөргүй нотолж байна.

Манайд бол шороо…
ГХМ нь зэс, молебден, уран, жонш, нүүрс, цайр зэрэг ашигт малтмалуудтай холилдон байх нь түгээмэл. Иймээс улс ухаантай юм бол юун түрүүнд гадагш гаргаж буй ашигт малтмалынхаа дагалдах элементүүдийг шинжилж, үнэлэх зайлшгүй шаардлагатай. Дэлхийн стратегийн амин чухал ГХМ-ыг бусад ашигт малтмалаас илүүтэй ярих ёстой. Гэтэл манайх таг дуугай байгаа нь ихээхэн сэжиг бүхий, санаатай хийж буй хорлон сүйтгэх үйлдэл мөн…

Гадаадын компаниуд хайгуул хийх нэрийдлээр ГХМ олборлох маш өндөр магадлалтай. Олборлосноо дээж гэж хэлээд онгоц, суудлын вагоноор тээш болгон зөөх бүрэн бололцоотой. Ингэсэн тохиолдолд манайхан мэднэ, шалгана гэдэг ёстой өнгөрсөн хорвоо болох бөгөөд “Нэг муу шороо шинжлүүлэхэд юун сүртэй юм” гэхээсээ сийхгүй хүмүүс. Бидний энэ хэнэггүй тэнэг занг гадаад дотоодын олигархиуд овжин ашигладаг юм.

Хятадын нөөц манай өмнөхөн талд Баян-Овоо, Бугатад, Оросын гол нөөц манай хойхно Байгалийн чанад, Читад байгааг харгалзвал Монголын зүүн болон бусад хэсэгт ГХМ-ын арвин их нөөц байгаа нь тодорхой байна…
Үүний нэг нотолгоо нь Дорноговийн Хатанбулаг сумын нутаг дахь Лугийн голын ГХМ-ын орд болно. Энд 2005, 2009 онд хийсэн хайгуулаар 500 мянган тн ГХМ-ын хүдэр, 13,5 мянган тн ренийн оксид байгааг тогтоосон. Мөн энэ нь лантан, цери, празеодим, неодим, самари, европи, гадолини асар ихтэй дэлхийд томоохон орд болно.

Харамсалтай нь энэ аварга орд монголчуудын өмч нэгэнт биш болжээ. Учир нь 2008 оны 11 дүгээр сарын 19-нд АМХЭГ-ын дарга асан Л.Болд, Ж.Билэгсайхан нарын тушаалаар энэ ордоо Солонгосын “Реалкокореа” ХХК-дшилжүүлчихжээ. Монголчуудыг олон арван жил тэжээх стратегийн ордоо нэг агентлагийн дарга “мэдээд зарчихаж” байгаа бол Монголд төр байхгүй гэсэн хэрэг…
Монгол Улс ГХМ-ын ДЭЛХИЙН АГУУЛАХ бөгөөд асар олон ордтой. Иймээс манай ГХМ-ын нөөцийн талаар төр засаг ойрын үед ил тод зарлах, ард түмэн ч үүнийг шаардах ёстой, бас эрхтэй. Үгүй бол энэ чинь нэг их сүрхий төр мөрийн нууц биш шүү гэдгийг би онцлон сануулж байна…

Ганц нэг жишээ авахгүй бол надад үнэмшихгүй байх…Манай Мушгиа худагт 1 сая 600 мянган тн ГХМ-ын хүдэр, 232 мянган тн ренийн оксид буй. Энд ГХМ-ын фторкарбонат, бастнезид, целестит, апатитын хүдэр, магнетит, флогопитын асар их нөөц буй. Мөн Халзан Бүргэдтэйд 335 мянган ниоби, 18 мянган тн тантал, 154 мянган тн иттри, 500 мянган тн рени, 2 сая 400 мянган тн циркон байгаа бөгөөд бүгдээрээ оксид хэлбэртэй, хүрзээр ухаад авсан ч болохоор бэлэн байгаа. Гайхамшиг гэж үүнийг л хэлнэ байх.

Эдгээр нь дэлхийн түвшний том ордууд болох нь хэнд ч тодорхой. Энэ жагсаалтыг цааш нь ихээ урт үргэлжлүүлж болох шүү дээ…
Саяхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Халх голын сав газарт тариалан хөгжүүлнэ гэж солонгосуудад 270.000 га газар 99 жилийн хугацаагаар түрээслэх шийдвэр гаргав. Солонгосын ГХМ олохоор төлөвлөсөн 7 тэрбум $-оос хувь хүртэж болохуйц ийм шийдвэрийг тэр олон жил хуйвалдаж ирсэн нэр бүхий улс төрчидтэй (?!) хамтран гаргасан нь лавтай. Ашигт малтмалаа гадаадтай хамтран ашиглаж, олборлож мэдээж болно. Ил тод байвал хамаа алга. Харин газар нутгаа далдуур тасчин зарах нь зөвхөн атаат дайсны хийх ажил буй за…

Тэгээд хэнд өгөхийм гэж л битгий асууж үзээрэй, учир нь энд “өгөх” тухай биш, ил тод, үр өгөөжтэй хамтран ашиглах тухай ярьж байна. Монголчуудыг “шорооны тухай” юу ч мэдэхгүй, тэднийг амархан маллана гэж бодвол тун их эндүүрэл болно. Харин дээрээсээ эхлээд “шороо”-гоо нууцаар зараад байвал бид байгаа баялгаа биш, нэгэнт зарчихсан хүний баялгийг “тоолох” нь гарцаагүй юм билээ.
Дэлхий даяараа “шорооны” эрэлд хатаж байхад монголчуудыг баялагтай нь хамт “гунжин гунжин тэмээгээр гурван атга шороогоор” зарахыг үндэстний эсрэг гэмт хэрэг гэж би судлаачийн хувьд үзэж байна.

Нууцаар зарах шижир алтнаас үнэтэй Монгол газар шороо адгийн шааруудад огт хамаагүй байж болох авч энэ нь Та бид, бидний хойч үеийнхэнд туйлын их хамаатай. Хамгийн их хамаатай…

Advertisements

3 Comments on “АЛТНААС ҮНЭТЭЙ ШОРОО”

  1. tseene says:

    таныг дэмжиж байна, Монголчууд бид өлсөж үхэх гэж байгаа биш, сологосчуудад нутгаа өгч яах юм бэ? Дэмий зүйл дэмий л байдаг байхгүй юу.

  2. enkhbayar says:

    газар нутгаа сахин хамгаалъя


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s