Хонгороос эхлэлтэй “Минамата”-гийн өвчлөл …

Эх сурвалж: http://www.medee.mn/content/24753.shtml

2011 оны 3 сарын 4


2007 оноос үүдэлтэй Хонгор сумын байдал өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа. 2000 оноос хойш Хонгор суманд уул уурхайн үйлдвэрлэл түлхүү хөгжиж эхэлсэн. Харин уул уурхайн томоохон үйлдвэрлэлийг дагаад 2005 оноос эхлэн Хонгор сумын төвд мөнгөн ус ашиглан алт угаах болсон талаар иргэд ярьж байсан. Гэвч  2007 оны 4 дүгээр сарын 23-нд Хонгор сумын бохир ус цэвэрлэх байгууламжийн орчимд 2 үхэр, 1 хонь үхсэн тухай мэдээллээр Xонгорынхны “Минамата”-ийн өвчлөл эхэлсэн юм. Удаа ч үгүй химийн бодисонд хордсон дөнгөж төрсөн тугал, сүүлтэй хонь, хүүхдүүдийн биен дээрх тууралт гээд олон хүмүүсийн дунд айдас төрүүлэхээр мэдээнүүд тасраагүй.

Үүнээс эхлэн Засгийн газраас арга хэмжээ авлаа хэмээн тус сумын нутаг дэвсгэрийг хоргүйжүүллээ гэж байсан боловч Хонгор сумынхны химийн бодисын хордлого өнөөдрийг хүртэл арилаагүй байна. Нэг хэсэг дарагдаад байсан мэдээлэл саяхан дахин сөхөгдлөө. Хонгор суманд хоёрхон настай хүү судасны хорт хавдарт гэсэн онoштойгоор өвчиндөө шаналж байна. Түүний өвөө болон ах нь энэ өвчнөөр мөн нас барсан. Гэвч дээгүүр мэдэлтэй хүмүүс “удамшлын өвчин” гэж иргэдийн анхаарлаас холдуулсан боловч мэргэжлийн эмч нар нь үүнийг удамшлынх биш болохыг нотолдог. Хоёр жилийн өмнө мөн л Өмнөговьд ургийн гажигтай хүүхэд мэндлэх нь ихэссэн. Энэ нөгөө л уул уурхайн олборлолттой холбоотой мөнгөн ус, цианид натригийн хор уршиг болохыг хүн бүр мэддэг.

 Японд мөнгөн уснаас үүдэлтэй уг өвчин 50 гаруй жилийн тэртээд тархаж тэр нь одоо хүртэл үргэлжилж байгаагаараа дэлхийн нийтийн анхаарлын төвд байдаг. Энэ өвчнийг тэд  “Минамата”-ийн өвчлөл хэмээн нэрлэдэг юм. Харин Mонголд 2000 оноос түлхүү хөгжсөн уул уурхайг дагаж Хонгор сумаас гарч эхэлсэн гэхэд гэхэд болно.

Япон болон манай улсын хоорондох ялгаа гэвэл Японы Күйшү арал дээр Минамата хэмээх 25 мянган хүнтэй хот байдаг. Энэ тосгонд тэр тээ1932 онд шинэ технологийг анх үйлдвэрлэлд нэвтрүүлгээрээ улс даяараа алдартай “Чиссо” компани ирж суурьшин нутгийн хүмүүсийг ажил амьдралтай болгож эхэлсэн байна. Хүн бүрт мөрөөдлийн бурхад нь ирсэн мэт харагдаж байсан боловч төд удалгүй тэдний амьдралыг там болгох, олон жилийн өвчний гай гамшгийг авчирна хэмээн хэн санах билээ. Компаний гаргадаг “асеталдехайд” гэгч органик бодис нь тухайн үед дэлхий даяар дөнгөж хэрэглэж эхэлж байсан хуванцрын найрлагт ордог учир компани болоод Япон улсын эдийн засагт асар их ашиг өгч байж. Уг үйлдвэр нь химийн хорт хаягдлаа далайд хаядаг болсноор загасчдаас эхлэн хот даяар тахал мэт энэ өвчин тархжээ. Хүмүүс нь болохоор салганаж татганадаг, гэрийн тэжээвэр амьтад нь галзуурч, үхсэн загас далай тэнгисийн мандлаар энд тэндгүй хөвөх болж түүнийг нь идсэн шувууд амиа хорлож буй мэт нисэж яваад л тэнгэрээс шумбан орж ирээд газар мөргөн үхэж байсан аж. Минамата тосгоноос анх илэрсэн энэхүү өвчин монголын хувьд уул уурхайн олборлолтонд ашиглаж байгаа мөнгөн уснаас үүдэлтэй юм.

МӨНГӨН УС НӨХӨН ҮРЖИХҮЙН МЭДРЭЛИЙН ТОГТОЛЦООНД НӨЛӨӨЛЖ МИНАМАТА ӨВЧИН ҮҮСГЭДЭГ

Уул уурхай, үйлдвэрийн үйл ажиллагааны улмаас хүн органик бус мөнгөн усны нөлөөлөлд өртөх бөгөөд хүний биед нэвтрэн орсон органик, органик бус мөнгөн ус нь цусанд шимэгдэж бөөр, нөхөн үржихүй, мэдрэлийн тогтолцоонд хортойгоор нөлөөлдөг байна.Гадаадын орнуудад хийгдсэн зарим судалгаанаас харахад жирэмсэн эмэгтэйчүүд метил мөнгөн усаар хордсон тохиолдолд ургийг мэдрэлийн тогтолцооны эрхтнүүдэд гаж хөгжил үүсэх төдийгүй зарим тохиолдолд ургийн үхэлд хүргэдэг байна.Түүнчлэн зарим туршилт судалгаагаар мөнгөн усны органик болон органик бус аль ч хэлбэр нь эхийн сүүгээр ялгардаг болохыг тогтоосон бөгөөд ургийн мэдрэлийн хордлого үүсгэх гол шалтгаан болдог. Мөнгөн усны өртөлт нь ургийн жинд нөлөөлдөг байна. Энэ жишээнүүд гадаадын улс оронд төдийгүй манай орны зарим нутагт ч гарч байгааг бид мэднэ. Дээр дурьдсан Япон улсын Минамата тосгонд ургийн гажиг төрөлт, гэдсэнд байхад нь гаргаж болохгүй гэсэн шалтгаанаар асар их ээж гэдсэн дэхь хүүхдээ зулбуулж байсан талаар олон мэдээлэл байдаг байна.

МИНАМАТА ӨВЧИН ГУРВАН УЛСАД ТАРХАЖ БАЙСАН БОЛ МОНГОЛЫН…

Минатата гэх аймшигт өвчин Япон улсын Күмамото мужийн Минамата булангийн сав газар, мөн Нийгата мужийн Агано голын сав газарт тус тус гарч байсан бол. Харин Xятадын Жилин, Хайлаар мужийн Сунгари мөрний сав газар, мөн Бразилын Амазон мөрний сав газарт гарч байжээ.Хятад, Японд илэрсэн нь хүнд үйлдвэрүүд хаягдал мөнгөн усаа ойр хавийн усанд хаяж байснаас үүдэлтэй бол Бразил дахь бохирдол нь алт зэрэг бодисыг олборлоход мөнгөн ус хэрэглэж байсантай холбоотойгоор энэ өвчин гарч байсан байна.

Харин Монголд албан бус мэдээллээр Дархан хотын Хонгор сум, Өмнөговьд тодорхой жишээтэйгээр гарсан. Харин Сэлэнгэ аймаг дахь Бороо голын сав газарт “Монголор” нэртэй нийгэмлэг анх 1913 онд алт олборлож эхэлсэн бөгөөд тэд үүндээ мөнгөн ус хэрэглэдэг байсан аж.Гэтэл 1956 онд үйлдвэрийн алт баяжуулах тогоо хагарч их хэмжээ ний мөнгөн ус Бороо голд асгарсан түүхтэй. Өдгөө Бороо голын ёроолын хөрсөнд Бороогийн алтны үйлдвэрээс асгарсан 2-3 тонн мөнгөн ус байгаа гэсэн судалгааг гаргаж байсан. Бороо голын сав газрын хөрсөнд мөнгөн ус зөвшөөрөгдөх хэмжээ нээсээ 5-20 дахин өндөр байгааг ЖАЙКА-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын судалгааны багийнхан тогтоосон байдаг. Тэгэхлээр Mонгол дахь Mинаматагийн өвчин гарах магадлал мөн л нэгээр нэмэгдэж байгаа гэсэн үг юм.

ҮХЭЛД ХҮРГЭХ МИНАМАТА ӨВЧНИЙ ШИНЖ ТЭМДЭГ

Өвчний гол шинж тэмдэг нь дөрвөн мөчний үзүүр мэдрэлгүй болох, биеийн хөдөлгөөнд нөлөөлж саармагжих, нүдний харах хүрээ багасах, сонсгол муудах, биеийн тэнцвэр олох чадваргүй болох, хэл ярианы чадвар муудах, хөл гар салгалах зэрэг  хүний биеийн хөгжил бүрэн хэмжээгээр доголддог аж.

Өвчтөнүүдэд дээрх шинж тэмдгүүд дангаар болон хавсарсан байдлаар илрэх бөгөөд хүнд   хэлбэртээ галзуурах, ухаан мэдрэлгүй болж улмаар үхэлд хүргэдэг. Нөгөө талаар харьцангуй хөнгөн хэлбэрийн өвчлөлийн үед толгой өвдөх, амархан ядрах, амт, үнэр мэдрэхээ болих, чих дүнгэнэх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Эдгээр шинж тэмдгүүд нь метилийн мөнгөн усны нөлөөгөөр тархины эд эсүүд гэмтсэнтэй холбоотой.

Хордлогын үед жирэмсэлбэл урагт нөлөөлж, төрөлхийн гажигтай хүүхэд төрнө. Ерөнхийдөө уг өвчний илрэх хэлбэр нь мөнгөн усны хэмжээнээс шалтгаалах боловч мөнгөн ус нь хүний биед тогтдоггүй ялгадсаар дамжиж гадагшилдаг тул биен дэх мөнгөн усны хэмжээгээр уг өвчнийг оношлох нь төвөгтэй. Орчин үеийн анагаах ухаанд уг өвчнийг төгс эмчлэх арга хараахан олдоогүй байгаа бөгөөд сэргээн засах эмчилгээ ний үр дүнд алдагдсан чадваруудыг тодорхой хэмжээгээр нөхөн сэргээх боломжтой. Мөн залуу байхад өвчний шинж тэмдэг илрээгүй хэрнээ хөгширч, бие организм сулрахтай зэрэгцэн өвчний шинж тэмдэг илрэх тохиолдол бий.

Мөнгөн усаар бохирдсон усыг ахуйн хэрэгцээнд ашиглах, бохирдсон усанд амьдардаг загас амьтдыг хүнсэндээ хэрэглэх, эсвэл ууршсан мөнгөн ус амьсгалын замаар биед нэвтрэх явдал удаан хугацаанд үргэлжилбэл хүний бие дэх мөнгөн усны хэмжээ зохих түвшнээс хэтэрч, Mинамата өвчин үүсдэг.

Advertisements


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s