Амьдрал яах вэ, Анжела Дэвис юу болж байна?

Японд болсон газар хөдлөлтөөр амьсгалсан, хийрхэлд автсан хүмүүст зориулав.

Энэ нийтлэл нь голомт.орг Баабарыг дэмждэг гэсэн илэрхийлэл биш болохыг анхаарна уу?

Амарлин

Бичсэн: Баабар

http://baabar.niitlelch.mn/content/207.shtml

2009 оны 11 сарын 16


Малчин өвгөн зурагтаар уйлагнана. Нүдэнд нь нулимс бүрхжээ. Шинэ он гарч нийтээрээ цэнгэж байхад юу болов? Малаа зуданд хиаруулчихаа юу, шүлхийнд үхрээ үхүүлчихээ юу, өвөлжөө нь шатчихаа юу, үр хүүхэд нь хэрэгт орчоо юу? Үгүй гэнээ, Монгол улсын өр дарагдсанд баярлаж нам засагтаа талархаж байгаа нь тэр гэнэ. Нуруун дээрээс нь олон жил дарсан хүнд ачааг аваад л хаячих шиг болж гэнэ.

1995 онд Оросын Ерөнхий сайдын орлогч Давыдов гэгч Монголд айлчилж өнгөрсөн хугацаанд Монголоос ЗХУ-д тавьсан 10 тэрбум шилжих рублийн өрийг хэрхэн шийдэх талаар ярьсан юм. Нийт өрийн 98 хувийг тэглэх, үлдсэн 2 хувийг рубль долларыг нэг нэгээр тооцон төлөх санал оросууд тавьжээ. Харин тэр хэмжээний нөөц бололцоогүй учраас Монголын тал зөвшөөрөөгүй. Тэгэхэд улсын валютийн нийт нөөц 50 хүрэхгүй сая доллар, улсын төсөв 150 сая долларт эргэлддэг байлаа.

2003 оны эцсээр Монгол улс их өрөө бүгдийг нь төлчихлөө гээд улс даяараа уйлалдсан. Санахаас УИХ-ын гишүүн нэгэн эрдэмтэн зурагтаар енгэнтэл уйлаад салж өгөхгүй байсан юмдаг. Би л лав амьдралдаа ийм улаандаа гарсан ичгэвэргүй бялдуучлал үзээгүй.

2009 оны зун Оросын ерөнхийлөгч айлчилж ирээд өрийн 98 хувь нь тэглэгдсэн, 2 хувь нь шийдэгдээгүй, үүнийг бушуухан нэг талд нь гаргая гэж наадгийн! Тэгвэл 2003 онд Монгол улс юунд зориулж 250 сая доллар хэнд төлсөн болж байна? Одоогоос бараг зургаан жилийн өмнө би ийм нэг өгүүлэл бичиж нийтлүүлж байжээ. Тэрийгээ эргэн санах маягаар дахин тоосыг нь гөвөөд та бүхэнд харуулъя гэсэн юм.

Малчин өвгөн зурагтаар уйлагнана. Нүдэнд нь нулимс бүрхжээ. Шинэ он гарч нийтээрээ цэнгэж байхад юу болов? Малаа зуданд хиаруулчихаа юу, шүлхийнд үхрээ үхүүлчихээ юу, өвөлжөө нь шатчихаа юу, үр хүүхэд нь хэрэгт орчоо юу? Үгүй гэнээ, Монгол улсын өр дарагдсанд баярлаж нам засагтаа талархаж байгаа нь тэр гэнэ. Нуруун дээрээс нь олон жил дарсан хүнд ачааг аваад л хаячих шиг болж гэнэ.

Би энэ өгүүллийг өнөөгийн залууст зориулж бичиж байна. Миний хамаг залуу зандан нас нийгмийн ийм ойлгомжгүй, нэг харахад өрөвдмөөр нөгөө харахад жигшмээр тогтоцод өнгөрсөн. Миний түрүүний үе бүр бүхий л ухамсарт амьдралаа өөрийгөө хэзээ ч бодолгүйгээр нийгмийнхээ төлөө мэлмэрүүлсээр өнгөрөөсөн. Нийгэм ядуурч зүдүүрэх тутмаа баян тарган амьдарч байгаагаа гайхаж, доройтож дарлуулах тусмаа нам засагтаа талархаж, өөрийнх нь амьдрал болохоо болих тусмаа ард түмнээ бодон санааширч, өрх гэр нь нооройх тусам эх орноо магтан дуулж байлаа, бид. Энэ хорвоод эрдэнэт хүний биеийг олж төрсөн чам шиг хэрэггүй юм эх оронд чинь байхгүй, чи бол системийн нэг эрэг шураг, нам засгийн тогтоол шийдвэрийг уухайлан дэмжигч, бариад авах юмгүй мөнөөх эх орон ард түмэн гэгчийнхээ дайсныг улайран үзэн ядагч, чамайг амьд байлгаж байгаа ач буянт удирдагчийн улаан фэн шүтэгч нь.

Ийм нийгэмд чи эсвэл бодож сэтгэх хэрэг ч үгүй удирдагчийн улаан фэн байна, эсвэл аргыг нь олж амьдардаг адгийн шаар байна, өөр гарц чамд үгүй. Аргыг нь олно гэхээрээ аяга шөлний төлөө өөрөө ч үнэмшихгүй юмаа уухайлж шүлэнгэтэн орилж, хавийхныгаа дуурайн дагасангүй гэж агсран дайрч, удирдагчийн дайсан гэж нэрлэсэн зүйл рүү боргон хуцана. Ийм болчихсон хүмүүсийн тухай Разгон бичихдээ “Тэд бидэн шиг биш. Бид ямар байсан шиг ч, ямар байгаа шиг ч, ямар болох шиг ч хүмүүс тэд биш. Тэдэнтэй хүн шиг харилцах аргагүй, үнэндээ тэд хүн дүр үзүүлдэг юм”.

Хүн дүр үзүүлдэг ийм хүмүүсийн сүргийг нийгмийн бусад хэсэг болох “удирдагчийн улаан фэнүүдийг” харуулж маллуулж байхын тулд дарангуйллын тогтолцоо буй болгон үйлдвэрлэдэг юм. Нероны нэрийн өмнөөс Ромыг шатаагчид, шулам намнах нэрээр эхчүүдийг амьдаар нь шатааж байсан инквизаторууд, Освенцимын хорих лагерийн зуух галлагч, Гулагийн харгалзагчид, сүм хийд шатааж лам хувраг алж явсан До яамныхан, Камбоджийн яргачид бол эд. Тайван цагт эд матаас бичиж, зурагтаар сүржигнэсэн нэвтрүүлэг хийж, гүтгэлэг эрээчиж, “үзэн ядах цуглаан” зохиож, бялдуучлан долигонож, “хүн дүр” үзүүлнэ. Ийм нийгэм улаан, хар, ногооноороо түүхийн үе үед байсан юм. Одоо ч бий. Энэ тухай хамгийн сайн зохиол бол Орвэлийн 1984 он. Зөгнөсөн юм шиг 1984 онд нь би өөрөө ийм нийгэмд л амьдарч байсан.

Хүн дүр эсгэгч “харуулууд” нийгмийн гишүүдийг удирдагчаа дэмжиж буй эсэх гэсэн ганцхан шалгуураар хэмжиж дүгнэнэ. Дэмжиж буй бол шүлэнгэтээд орилоод уухайлаад бай, дэмжихгүй бол дайсан. Дайсныг нийгмээс шахаж эхлэнэ. Ажилгүй болгоно, амьдралгүй болгоно, хоолгүй болгоно, байргүй болно. Эцэст нь хүн хэмээх нь нэг талаас байгалийн бүтээгдэхүүн болохоор энэ бүхэнгүй бол нийгмээс барахгүй хорвоогоос шахагдана, иймээс эцэст нь “удирдагчийн улаан фэн” болж л таарна.

Нийгмийн олонхи болсон “Удирдагчийн улаан фэн”-д өөрөө шийдэх юм гэж юу ч үгүй, бүгдийг өмнөөс нь удирдагч шийднэ. Тэдэнд эрэгцүүлэх ч эрх үгүй. Уйлах дуулахыг нь ч цаг минуттайгаар удирдагч зааж өгнө. Хүн дүр эсгэсэн “удирдагчийн харуулууд” энэ бүхнийг зохицуулж, зааварлаж, дохино. Фэнүүд хэдий чинээ олуулаа нэгэн зэрэг, болбол нэгэн газар цуглаж дэмжин уухайлж, эсвэл жигшин хилэгнэж хаараал тавина нийгмийн баялаг төдий их болж фэн бүр цатгалдаж буй сэтгэлдэл төрдөг. Үүнийг психологид “шавааралдааны сэтгэл зүй” гэж нэрлэнэ. Ийм нийгэмд хүн хоорондын ердийн хүмүүнсэг харилцаа устана. Хардаж сэрдсэн, гүтгэж доромжилсон, уухайлж хашгирсан, идэж шамшигдуулсан, биенээ мөлжсөн, хуурч мэхэлсэн баялагийг үрэн таран хийсэн, тооцоогүй, ядуу гуйранч гаднаас нь харахад гүн жигшил төрүүлэм ийм нийгэм өөрсдийнхөө ойлгосон “эмх замбараа, сахилга бат” гэгч юмаар ихэд бахархаж, харьцуулах юмгүй учир өөрсдийгөө болохын цаагуур болж байна гэж үздэгтээ “жаргалтай” байдаг.

Өөрөө өөрийнхөө төлөө өөрөө шийдвэр гарган өөрийгөө хариуцаж буй чөлөөт сэтгэлгээ, чөлөөт амьдрал, чөлөөт шийдвэр бүхий үй олон хувь иргэдийн нийлбэр л нийгмийн хувьд баялагийг бүтээж аз жаргалд хүрдэг. Өөрөө дураараа шийдвэр гаргагч нэг хувь хүний хувьд улс эх орон, ард түмэн, улс төр, тив дэлхий гэсэн ямар ч ойлголт байдаггүй, үнэндээ энэ бүхэн түүнд падлийгүй хэрэг. Өөрийн шийдвэр зөнгөөр өөрийгөө болгож байгаа нэг нэгж бие хүнд улсын өр, Анжела Дэвис, Зоригийн аллага, мянганы зам, Саддам Хусейн нь ердөө мэдээллийн л ач холбогдолтой байдаг. Гэтэл эцэст нь ийм олон чөлөөт нэгжийн нийлбэр нь эх орон ард түмэн, энх тайван, тив дэлхий болон бүрэлдэж хүний нийгмийг цогцлуулж баялагийг бүтээн аз жаргалд хүрдэг билээ.

Эргээд мөнөөх малчин өвгөн рүүгээ оръё. Тэгийг нь тоолоод барахгүй тийм их мөнгийг удирдагч хариас “зээлж” авахдаа” өвгөнөөс огт асуугаагүй. Өвгөний малыг хурааж аваад байгуулсан нэгдэл гэгчийг бэхжүүлэхэд мөнөөх их мөнгөний 66 хувийг зарсан. Нэгдэл тарахад өвгөнд тэр их мөнгөний өөрт нь зарцуулсан гэгдээд байгаа ихэнхи хувиар өр тавьж авсан хашаа, худаг, трактор, амбаар савнаас юу ч ноогдоогүй. Өвгөн нэгдлийн шилийг харж байж л хувьдаа хэдэн малтай болж, ноолуураар “баяжин” хэдхээн жил амьдралдаа анх удаа өөрийн өмч хөрөнгөтэй хүн шиг амьдарч үзсэн. Өвгөнийг нэгдэлд байхад нь “Амьдрал ямархуу байна даа?” гэж мэндэлэхэд “Амьдрал яахав ээ, Анжелла Дэвис зүгээр үү?” гэж хариулдаг байлаа. Одоо хамаг малаа зуд, татвар, шүлхий, түймэрт тавиад туучихсан өвгөн “Амьдрал яахав ээ, улсын өр дарагдаад нуруу тэнийж сууна” хэмээн баярын нулимс унагана. “Чиний өрийг би төлчихлөө, баярлаад нэг уйлаадах” гэж удирдагч түүнд хэлэхдээ төлөх үү яахав ч гэж тоож асуугаагүй. Хойнохын 250 саяыг төлөөд, урдаас 300 саяыг зээлэх гэж хөөцөлдөж байгаагаа насаараа “удирдагчийн улаан фэн” байх хувь зохиолтой тэр муу өвгөнд “мэдээлээд” ч яах юм билээ дээ.

Advertisements

2 Comments on “Амьдрал яах вэ, Анжела Дэвис юу болж байна?”

  1. хүний хүү says:

    УБ-ын агаар нь цөмийн аюулаас хэд дахин илүү бохирдолтой болсон байхад арга хэмжээгээ авч чаддаг Япон руу туслая хэмээн хашигаж буй буй үхэр монголууд утааны угаараасаа салаагүй байна уу Эхлээд өөрсдөө нутаг дээрээ амьд үлдэхийн төлөө дуугардагүй тэмцдэггүй энэ улс нэлээн том хүнд ёо-ёотой нь мэдэгдээд бана. Яалтай билээ.Цаад японууд чинь мань шиг ийм лаптка улс биш. аврах.сэргэх төлөвлөгөө,гарцаа 20 жилийн өмнөөс төлөвлөсөн байгаа. Чи бид биш. Хүн амын тал суугаа УБ- аа аврах хөдөлгөөн өрнүүлж хандтв цуглуулж гэр хорооллыг нүүлн шилжүүлэх аргаа бодооч ээ хэхэ хүн гэж хэлэхэд хэцүүхэн улсууд шүү монгол-мангар бид.

  2. aniimaa says:

    Эдгээр улс төр болж тоглож байгаа том гэгдэх 2 нам Монголын ард тумний нэрийг барьж ёстой л “том” тэнэгтэж байна даа.
    Тэд ч ёстой Монголын ард тумний чихэн дээр нь цэцэг ургуулж байгаад Монголын ард тумний 3 үеэр нь хоолгуй болгож бна,
    “Сайн эцгийн нэрийг 10 худалдаж иднэ”-ч билуу нэг үг байдаг даа, тэрэн шиг Монголын ард түмний нэрийг мөн ч их худалдаж идэх юм даа, дээдчүүд!!!


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s