Тошиба корпорацийн нуусан “цөмийн” заан буюу Монголд заналхийлэх цөмийн аюул

2006 он Лондон. Тошиба корпораци Вестингхаузыг худалдаж авч буй ёслолтын үйл ажиллагааны үеэр. Ройтерс агентлагын зураг

2006 он Лондон. Тошиба корпораци Вестингхаузыг худалдаж авч буй ёслолтын үйл ажиллагааны үеэр. Ройтерс агентлагын зураг

Жапан Таймс. 2016 оны 1 сарын 16. Эх сурвалж: http://www.japantimes.co.jp/news/2016/01/16/national/media-national/elephant-room-toshiba-nuclear/#.Vp-wc1Jlx-A

2015 оны 12 сард Японы Асахи Шимбун сонины газраас эрхлэн гаргадаг  “Айра” (“Aera”) гэдэг долоо хоног тутмын сэтгүүлд Япон, Монгол, АНУ-ын төлөөлөгчдийн бараг таван жилийн өмнө хийсэн нууц уулзалтын тухай нийтлэл гарчээ. Анхан тус уулзалтын талаар Харуюки Айкава гэдэг сэтгүүлч “Майничи Шимбун” сонины 2011 оны 5 сарын 9-ны дугаарт бичсэн байдаг.  

Харин “Айра” сэтгүүлийн сурвалжлагч Ацуши Ямадагийн сонирхлыг татсан зүйл гэвэл Айкавагийн нийтлэлд цөмийн хэлэлцээрт  Тошиба корпораци оролцож байсан гэж дурьдсан явдал байв.  2006 онд Тошиба корпораци АНУ-ын Вестингхауз компанийн хувьцааны дийлэнхийг худалдаж авсан байдаг. Дээрх компани нь Тошибагийн ижлээр гэр ахуйн цахилгаан бараа үйлдвэрлэж бизнесийн гараагаа эхэлсэн ч аажимдаа атомын цахилгаан станц (АЦС) барьдаг компани болжээ. Япон улс Монголоос уран худалдаж аваад хариуд нь цөмийн эрчим хүчний салбарт хуримтлуулсан арга туршлагаасаа хуваалцаж, Монголд АЦС байгуулж,  хамгийн гол нь Монголд цөмийн түлш дахин боловсруулдаг байгууламж барьж өгөх ба ингэснээр Япон болон бусад орнуудад хуримтлагдсан  өндөр түвшний цацрагтай цөмийн хаягдлыг Монголд хаяна гэсэн төлөвлөгөөтэй байжээ.   

Майничи сонины нийтлэл АНУ, Японы олны анхаарлыг төдийлэн их татаагүй ч Монгол хэлээр орчуулагдан тарсан байдаг. Фукушимад цөмийн түлш хайлсан гамшгаас хойш ердөө 3 сар өнгөрч байсан 2011 онд Монгол улсыг дэлхий нийтийн цөмийн хаягдлын “жорлон” болгох зорилготой хэлэлцээрийг Монголын ард иргэд хүчтэй эсэргүүцсэн. Улмаар Монголын засгийн газар цөмийн хаягдал хүлээн авахад бэрхшээл учирч болзошгүй болсон талаар мэдэгдэж байжээ.  
 
Тухайн үед Тошиба корпорацийн ерөнхийлөгч байсан Норио Сасаки болон АНУ-ын Эрчим хүчний Департаментийн дээгүүр албан тушаалтны хоорондох имэйл харилцааг Ямада үзжээ.  Захидал харилцаанд Монгол улстай цаашид ч цөмийн хаягдлын асуудлаарх хэлэлцээрээ үргэлжлүүлэх шаардлагатай гэхдээ энэ ажлыг нууцаар хийх нь зүйтэй гэж зөвлөсөн байжээ. Тошиба корпорацийн олон нийттэй харилцах албаныхан имэйл харилцаа байсныг хүлээн зөвшөөрсөн боловч Тошиба корпораци нь Монголын засгийн газарт хандаж гадны цөмийн хаягдал хүлээн авахыг хүссэн гэдгийг үгүйсгэжээ. Тэд гэрээ хэлэлцээр нь цөмийн зэвсгээр үл хөөцөлдөх тогтолцоог сайжруулах тухай байсан гэж тайлбарласан байна.  

Хэдийгээр хэлэлцээрт зөвхөн нэр дурьдсан гурван улсын засгийн газар оролцож байсан мэт харагдавч жинхэнэдээ бол АНУ нь Японы Тошибатай нийлж хөгжиж буй улсуудад АЦС-ын технологи нийлүүлэх “Цөмийн түлшний багц үйлчилгээ” гэдэг төлөвлөгөөтэй холбоотой гэж сэтгүүлч Айкава Ямадад тайлбарлажээ. Дээрх төлөвлөгөөний дагуу цөмийн технологи нийлүүлэгчид нь АЦС-ын технологио борлуулахын тулд сонирхсон худалдан авагчдад АЦС-аас гарах цөмийн хог хаягдлыг эргүүлж авна гэдэг амлалт өгч байжээ. Ийм учраас Монгол улсыг оролцуулж, Монголчуудыг гадны цөмийн хог хаягдлыг авахаар зөвшөөрүүлэх нь маш чухал байсан юмсанжээ. Япон болон АНУ-ын хувьд дотоодын эсэргүүцэл нь хүчтэй тул бусдын хог хаягдал авах нь байтугай өөрсдийн үйлдвэрлэсэн цөмийн хаягдлаа хийх газар үгүй ажээ.

Энэ олон жил өнгөрсний хойно Ямада энэ асуудлыг сонирхож эхэлсэн нь саяхан Тошиба корпораци нэгэн  санхүүгийн шуугианд нэр холбогдож бүдэрсэнтэй холбоотой.  Иймд Ямада Тошиба корпорацийн цөмийн бизнес ба санхүүгийн хүндрэл хоёр хоорондоо холбоотой эсэхийг судлахыг хүссэн ажээ.

Энэ холбоос нь үнэндээ нууц биш юм. Тошиба корпораци Америкийн Вестингхауз компанийн хувьцааг бараг 600 тэрбум иенээр худалдаж авсан байдаг, гэтэл тухайн үед тус компанийн хувьцаа ердөө л 250 тэрбум иенээр үнэлэгдэж байжээ. Энэ бол Тошиба нь Вестингхауз гэдэг “хөзрийнхөө” тусламжтайгаар Японд болон дэлхий нийтэд цөмийн бизнесээ өргөжүүлж, ирээдүйд олох ашиг орлогоо тооцож  бэлэглэсэн “сэтгэлийн бэлэг” байжээ. Гэвч дараахан нь Фукушимагийн гамшиг тохиолдож, АЦС-ын эрэлт хэрэгцээ буурчээ.

Тошибагийн тооцож байсан ашиг орлого орж ирээгүйн улмаас нөгөө “сэтгэлийн бэлэг” нь санхүүгийн тооцондоо нуун далдлах шаардлагатай асар том хариуцлага болж хувирчээ. “Никкей Бизнес” сонинд  Тошиба корпораци нь охин компанийнхаа алдагдлыг нуун дараддуулж, Токиогийн Хөрөнгийн Биржийн дүрмийг зөрчсөн талаар мэдээлсний дараахан Тошиба корпорацийн удирдлага нь Сасаки болоод түүний өмнө ерөнхийлөгчийн алба хашиж байсан албан тушаалтныг нягтлан бүртгэлийг булхайтай аргаар явуулахыг шаардсан гэдэг хэргээр шүүхэд өгчээ.  

Гэвч өнгөрсөн оны 12 сард Японы төрийн Санхүүгийн Үйлчилгээний Агентлагаас хийсэн шалгалтаар Тошибаг буруутгасангүй харин Тошиба корпорацийн нягтлан бодох бүртгэлд гаргасан ноцтой алдааг илрүүлж чадаагүй “Эрнст энд Янг ШинНихон” гэдэг аудитын компанийг шийтгэжээ. “Айра” сэтгүүлийн 1 сарын 11-ний дугаарт Ямада сурвалжлагч энэ хэрэг түүнд сэжигтэй санагдсан тухай хийгээд Санхүүгийн Үйлчилгээний Албаны төлөөлөгч сэжиг байсан ч “баримт нотолгоо олдоогүй” гэснийг дурьджээ. Энэ хэргийн улмаас “ШинНихон” аудитийн компанийн шинээр бизнесийн гэрээ хийх эрхийг 3 сараар цуцалж, 2.1 тэрбум иенээр торгожээ. Хэдийгээр энэ нь хатуу шийтгэл мэт сонсогдовч ийм асуудалд холбогдсон аудитийн компаниудыг цаашид үйл ажиллагаа явуулах эрхийг бүрмөсөн цуцалдаг журамтай гэж тус салбарын мэргэжилтнүүд ярьж байна.  

Аудитийн компаниуд нэр хүндтэй томоохон үйлчлүүлэгчиддээ ая тал засахын тулд шалгалтын дүнгээ засах явдал гардагийг мэдсээр байж яагаад Санхүүгийн Үйлчилгээний Агентлаг Тошиба корпорацийг нягтлан бүртэлийн тооцоог зориудаар худал бүрдүүлсэн гэж буруушаасангүй вэ? Тус төрийн байгуулллага гаргасан тайландаа Вестингхауз компанийн нэрийг ч дурьдаагүй гэдгийг Ямада онцлон тэмдэглэж байна.  

Үүний учир нь Тошиба корпораци Японы засгийн газарт хэрэгтэй байгаад оршиж байж мэдэх юм. Ерөнхий сайд Шинзо Абэ Японы эдийн засгийн өсөлтөд цөмийн технологийн экспорт тодорхой үүрэгтэй хэмээн тэмдэглэсээр байна. 2015 оны 11 сард “Асахи Шимбун” сонин Вестингхауз компанийн ерөнхий менежертэй ярилцлага хийхэд тус компани нь дэлхий даяар, үүнд Япон улсад ч бас хэдэн арван АЦС барихаар төлөвлөж байна хэмээн ярьжээ. Өнөөдөр ч Япон улс нь Вьетнам, Турк бусад орнуудад цөмийн технологи нийлүүлсээр байгаа бөгөөд 2015 оны 10 сард Шинзо Абэ Япон-Монголын чөлөөт худалдааны гэрээг эцэслэн байгуулсан байдаг.

Монгол судлалаар мэргэшсэн Осакагийн их сургуулийн дэд профессор Риоко Имаока хэлэхдээ АНУ нь цөмийн хаягдал авахыг зөвшөөрөх найрсаг улс олохын тулд яахаас ч буцахгүй болсон тул Японд шахалт үзүүлж, Монгол улстай хэлэлцээр хийхийг шаардаж байсан гэв.  Cаяхан (Монгол улстай)  байгуулсан худалдааны гэрээн дэx цөмийн салбарын хамтын ажиллагааны тухай заалтыг Японы засгийн газар зориудаар дурсахгүй өнгөрч, тэрнийг нь Японы хэвлэл мэдээллийнхэн ч бас аялдан дагалдаж байна. Гэтэл Мицубиши корпораци Монголд шинээр гурван шинэ ураны уурхайг ашиглаж эхлээд байна. Имаоко багш цааш нь Монголын хаагдсан ураны уурхайн нүх цооногууд одоо ч гэсэн маш их цацраг ялгаруулсан хэвээр бөгөөд цөмийн хаягдлыг хаана булшлах нь тодорхойгүй байгаа. Ямартаа ч энэ бүхнийг зогсоохын тулд шүүхэд хандаж тэмцэх хүмүүс Монголд бий гэж ярьжээ.
Тайлбар: Монгол улсад цөмийн байгууламж барих дэд бүтцийг байгуулах тухай Тошиба корпорациас “MNFCC” XXK гэдэг хэн ч үл мэдэх нэгэн хувийн компанитай гэрээ байгуулсан тухай болоод тус компанийн ард хэн байсан талаар доорх нийтлэлээс  дэлгэрэнгүй үзнэ үү. 

ЦӨМИЙН бизнесийг МОНГОЛД хэн хийж байна вэ???  https://golomt.org/2011/06/15/nuclearbusiness/

 

Advertisements

2 Comments on “Тошиба корпорацийн нуусан “цөмийн” заан буюу Монголд заналхийлэх цөмийн аюул”

  1. Natsagbadam says:

    Бидний заавал мэдэж байх ёстой ийм ноцтой зүйлийн талаар мэдээлэл өгч байгаа Амарлин чамд баярлалаа. Цаашид ч мэдээлж байгаарай,цөмийн хаягдлыг монголдоо оруулахгүй байх талаар юу хийх талаар саналаа хуваалцаж, эсэргүүцэл, тэмцэлд хамтарч байя.


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s