ӨВЛИЙН ХҮЙТЭНД ЭРҮҮЛ МЭНД, АМЬ НАСАА ЗОЛИН ТЭМЦЭХИЙН УЧИР ЮУ ВЭ?!
Posted: 2015/02/16 Filed under: Газар нутаг | Tags: Хариуцлага, Эх орончид, шударга ёс, үнэт зүйлс 1 CommentТөрийн ордны хажуудах Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд хэдэн хүн өлсгөлөн зарлаж, хөхөө өвлийн хүйтэнд хөлдүү цементэн дээр хонож өнжиж, амь нас эрүүл мэндээрээ дэнчин тавьсаар дөрөв хонолоо. Тэд орох гэргүй, очих хүнгүй, золгох ах дүүгүйдээ өдөр хоног төөрүүлж суугаа юм бишээ. Алдар нэр, авдаг цалингаа өсгөх гэж амин хувийн эрх ашгаа хөөцөлдсөндөө ч тэд тэнд суугаагүй. Харин Хүннү гүрний үеэс эхлэлтэй эртний хаад, язгууртнуудын бунхан, түүх археологийн хосгүй олдвор, дэлхийн өв соёлын үнэт өлгий нутгаа хамгаалсандаа тэнд байгаа юм. Босоо Хөх Монгол бүлгэмийнхний манлайлсан хэсэг иргэд эртний түүхтэй Ноён ууланд алт олборлохыг эсэргүүцэж, олны дунд “урт нэртэй” хууль хэмээн алдаршсан Монгол орны ойн сан, усны эх бүрдэх олон сав газруудыг хамгаалдаг цорын ганц хуулиа өмгөөлөн тэмцэж байгаа нь энэ юм.
Чухамдаа энэ “урт нэртэй” хуулийн ачаар л монголчууд бид үлдсэн хэдэн орд газруудаа алдчихалгүй торгоож өдий хүрсэн. Энэ хуулинд өөрчлөлт оруулах мөчийг хэдэн мянган лиценз эзэмшигчид тэсэж ядан хүлээдэг. Тэдний дийлэнх нь гадаадын болон гадны хөрөнгө оруулалттай компаниуд байдаг. “Урт нэртэй” хуулийг өөрчилбөл Монголын бүх баялаг шүүрэн шанагаар хялбархан гоожиж дуусна. Тэр цагт үр хүүхэд, хойч үедээ өвлүүлж үлдээх, бахархах түүх соёл, байгалийн баялаг бидэнд үлдэхгүй. Тийм учраас энэ хуулийг өөрчлөх гэсэн хорон санаархал бүрийг эх орончид эсэргүүцэн няцааж ирсэн түүхтэй. Хамгийн сүүлд Ц. Мөнхбаяр нөхдийн хамтаар энэ хуулийг хамгаалан тэмцсэнийхээ төлөө өнөөдөр шоронд ял эдэлж байна. Харин эх орноо харийнханд наймаалсан гадны гар хөл болсон нэр бүхий бичээч нар эх орончдыг элдвээр гутаан доромжилж, элдэв нэр хочоор цоллож, эх оронч байх нь гутамшигтай, шившигтэй зүйл мэтээр залуу үеийнхэнд ойлгуулахын тулд тасралтгүй тархи угааж, шамдсаар ирлээ.
Харамсалтай нь түүх соёлоо эрхэмлэн хүндэлж, ард иргэдийнхээ хүсэлт шаардлагад анхаарч хариу өгдөг, шударга, хүнлэг, ардчилсан төр засаг ч Монголд алга. Саяхан УИХ-аас Ноён уулыг урт нэртэй хуулийн үйлчлэх хүрээнээс гаргаж, стратегийн орд болгоод зогсохгүй 50 тонн алтыг нь Сентерра Гоулд хэмээх Канадын компаниар ухуулж, ашгийнх нь 20-хон хувийг хүртэхээр тохирчээ. Улмаар эрх баригчид харалган шийдвэрийг эсэргүүцсэн Босоо Хөх Монгол бүлгэм болон бусад иргэний нийгмийн байгууллагуудыг үл ойшоосон, цуцаан туйлдуулах бодлого явуулж, ард иргэдийнх нь амь нас хутганы ирэн дээр байгааг ч үл тоомсорлон хүйтэн цэвдэг сэтгэлээр хандаж, эх орончдын амь насыг хүнд эрсдэлд оруулахаар чармайж байна.
Тухайлбал, шөнөдөө хасах 30 хэмээс доош хүйтэрч буй өвлийн хүйтэнд өлсгөлөн зарлаж, ядарч туйлдсан иргэдээ олон хоногоор гадна хонуулж, цас орж байхад жавар хааж барих гэсэн гэрийг нь хүртэл дээрээс ирсэн шийдвэрээр замд нь саатуулж байгаа зэргээс үзвэл эх орончдын амийг золиослоод ч болов алтаа ухахаар улайрч буй нь илэрхий юм. Төрөөс хэвлэл мэдээлийн хэрэгслүүдтэй хаалтын гэрээ байгуулсан тул Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд өлсгөлөн зарлагсдын талаарх мэдээ мэдээлэл ч туйлын хомс байгаа бөгөөд хамгийн их мэдээлэл Фэйсбүкээр тарж байна. Гэвч хичнээн боож хаагаад ч Ноён уулаа ухуулахгүй, “урт нэртэй” хуулиа өөрчлүүлэхгүй гэсэн шаардлагыг дэмжиж гарын үсэг зурсан шударга иргэдийн тоо өнөөдрийн байдлаар 80 мянга давсныг мэдэгдэхэд таатай байна. Түүнчлэн Монголын төр засаг иргэдээ тоохгүй байхад Монголчуудад элэгтэй Герман улсын хэсэг иргэд хөхөө өвлийн хүйтэнд гадна хонож буй эх орончдод сэтгэл зовниж, Берлин хот дахь Монголын Элчинд захидал хүргүүлж, амь нас нь аюулд ороод буй иргэдийнхээ шаардлагыг яаралтай хүлээн авч хариу өгөхийг хичээнгүйлэн хүссэн гэcэн мэдээ байна.
Иргэний нийгмийн байгууллагууд өлсгөлөн зарласан иргэд гадаадын компанид зориулж хуулиа өөрчилдөг авилгачдын шийдвэрт хориг тавихыг ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос шаардаж байна. Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн ой санамжаас арчигдсан байж болох тул Сэлэнгэ аймагт айлчлахдаа Ноён уулаа ухуулахгүй байхыг онцгой анхаарал хяналтандаа авч, тусалж дэмжихээ нутгийн ард түмэнд амлаж байсан бичлэгийг нь сануулах зорилгоор энд тавилаа.
Цаг үеэ мэдэрдэг, эрүүл сэтгэхүйтэй монгол хүн бүр түүх соёлын өв, үнэт баялгаа хадгалж хамгаалахын төлөөх энэхүү тэмцэл зөв зүйтэй гэдгийг ойлгон ухамсарлаж, дэмжин нэгдэж эхэллээ. Монголын төлөө цохилох зүрхтэй хүн бүрийг Хэлмэгдэгсдийн хөшөөн дээр хүрэлцэн ирж, Босоо Хөх Монгол бүлгэмийн тавьж байгаа шаардлагад гарын үсгээ зурж, эх орон, ирээдүй хойч үеийнхнийхээ төлөө ариун тэмцэлд нэгдэхийг уриалж байна!
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл:
Фэйсбүүк: https://www.facebook.com/amarlin.erhem
Youtube: https://www.youtube.com/channel/UCaAAr4S9Z2o1WL5rxbrShPw
шуналдаа автсан цөөхөн хэдэн нөхөд төрийн өндөрлөгт заль мэх хэрэглэн , нэрсийн жагсаалт гэх шудрага бус аргаар гарч ирчихээд, монголын төрийг тоглоомын газар аятай үзэж, өвөг дээдсийн минь амь насаараа хамгаалж бидэнд үлдээсэн газар шороог сэндийчэн,эцэст нь бурхадын хэвлийг хөндөх дээрээ тулж байна.25 жил газар шороогоо ухлаа,цөөхөн монголчууд бидны амьдрал дээртээ юу?Ард олныг дэндүү басамжилж байна.Сайн муу, сайхан муухай ямарч зүйлд хязгаар гэж байдаг.Хязгаарыг хэтэрвэл аль аль талд нь хохиролтой.Энэ нь хөндлөнгийн шүлсээ залигаад тийм л байдалд Монголчуудыг оруулхыг хүсэн хүлээж байгаа хэсэг улсуудад л ашигтай гэдгийг ухаараачээ.Босоо Монголыхондоо баярлалаа.Залуучууд эх орноо зөв авч яваарай.