Японы засгийн газар НҮБ-тай хуйвалдаж, Фукушимагийн ослын хор уршгийг олон нийтээс нууж ирсэн
Posted: 2014/08/11 Filed under: Атомын цахилгаан станц, Япон, Фукушима | Tags: Мэдүүштэй, Фукушима Дайичи АЦС, Хариуцлага, шударга ёс Leave a commentФукушимагийн цөмийн гамшиг ард иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй тухай мэдээллийг тус улсын эрх баригчид НҮБ-ын удирдагчдын хамтаар ард иргэдээсээ нууж, таг дарсаар байна.
“Японы ард түмэн цөмийн ослын тухай мэдээллийг мэдэх зүй ёсны эрхтэй. Гэвч Олон Улсын Атомын Энергийн Газрынхан (ОУАЭГ), Дэлхийн Эрүүл мэндийн Байгууллага (ДЭМБ) болон Японы Засгийн Газартай үгсэн хуйвалдаж, Фукушимагийн ослын эрүүл мэндийн чухал мэдээллийг нуун дарагдуулж, тэр бүү хэл худал мэдээлэл тарааж байгаа нь тодорхой байна” гэж цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл, цөмийн дайны хор хөнөөлийн эсрэг олон жилийн туршид тууштай тэмцэж, өндөр хүндтэй шагналуудын эзэн болсон эмч, доктор Хелен Калдикот ярив.
“Өвчин туссан хүмүүст өвчин нь цацрагаас үүдсэн байж болзошгүй талаар хэлж болохгүй гэж дээрээс тушаал өгсөн болохоор эмч нар маш хүнд байдалд орсон. Уг нь иргэд өөрсдийн болоод үр хүүхдийнхээ эрүүл мэндийн талаар үнэнийг мэдэх эрхтэй шүү дээ,” гэж доктор Калдикот хэлж байлаа.
Доктор Калдикотын цөмийн эсрэг тэмцэлд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, 21 их дээд сургуулиас түүнийг тус бүрийн хүндэт доктор цолоор шагнасан ажээ. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ “нууцын тухай хууль баталсан нь сэтгүүлчдийг айлган сүрдүүлж, осолдсон АЦС-ын байдлыг нягтлан хянахад нь тэдэнд саад болох гэсэн зорилготой” гэж доктор Калдикот тэмдэглэв.
Японы засгийн газар болон Токиогийн эрчим хүчний компани(ТЕПКО) нь “цацраг идэвхит бодис удаа дараа алдагдсан тухай, хүчтэй гэмтсэн цөмийн реакторуудын тухай цаг үеийн мэдээ, цацрагтай ус далайд үргэлжлэн алдагдсаар буй тухай, мөн Рихтерийн шаталбараар 7 баллаас хүчтэй газар хөдөлсөн нөхцөлд 3, 4 -р реакторын гэмтсэн барилгууд нурж, маш ноцтой осол гарч цацраг алдагдаж болзошгүй байгаа зэрэг чухал мэдээ баримтыг олон нийтэд мэдээлэхдээ туйлын хөшүүн хойрго хандаж байсан түүхтэй.”
Цунамид цохиулж гэмтсэн 3-р байгууламж дотор 100 гаруй тонн хайлсан цөмийн түлш хадгалагдсаар байгаа тул “асар их цацраг идэвхит бодис орчин тойронд цацагдаж, олон сая хүн цацрагт хордож, тэдний эрүүл мэнд, амь насанд аюул учрах заналхийлэл арилаагүй хэвээр” гэж доктор Калдикот онцлон тэмдэглэж байлаа.
Ноцтой гэмтсэн 4-р байгууламж нурах аваас асар өндөр цацраг идэвхитэй материал болох 400 тонн ашигласан цөмийн түлш 30 гаруй метрийн өндрөөс унаж, газарт шидэгдэнэ. Хэрэв ийм зүйл тохиолдвол цөмийн түлшийг хөргөж буй ус нь асгарч хэт халуун цөмийн түлш дэлбэрэх аюултай. Тэгвэл Чернобылийн ослын үеийнхээс 10 дахин их буюу Хирошима дээр хаясан бөмбөгнөөс 14 мянга дахин их хэмжээний цацраг идэвхит Цезий агаарт мандал цацагдах ажээ.
Гурван жилийн өмнө Фукушимагийн АЦС осолдож, цөмийн түлш хайлсан гамшгаас хойш тус АЦС нь Номхон далай руу 400 тонн цацрагтай ус өдөр бүр тасралтгүй юүлсээр ирсэн гэж Калдикот эмч ярив.
1986 оны 4 сарын 26-нд хуучин ЗХУ-ын Чернобылийн АЦС дээр осол гарч цөмийн реактор хайлсан. Гэтэл дараахан нь ОУАЭГ-аас гаргасан тайланд Чернобылийн ослоос үүдсэн “цацраг ард иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө огт учруулаагүй” хэмээн мэдээлж байсныг доктор Калдикот бидэнд сануулж байлаа. Энэ бол зориудаар худал мэдээлэл цацаж, олон нийтийг хууран мэхлэх гэсэн оролдлого байсан. Сүүлд, 2009 онд гарсан баримт нотолгоотой тайланд Чернобылийн ослын улмаас Европ тивд нийт 1 сая орчим хүн нас барсан гэж дурьддаг. Беларус улсад гэхэд л Чернобылийн ослоос өмнө нийт хүүхдийнх нь 80% эрүүл байсан бол ослын дараа дээрх үзүүлэлт 20% болтлоо буурсан.
Мөн түүнчлэн Чернобылийн шатаж буй реакторыг зогсоохын тулд ЗХУ-ын өнцөг булан бүрээс 800 мянга гаруй эрүүл саруул залуусыг дайчилсан. Харин ослоос хойш 19 жил өнгөрөхөд тэдгээр залуусын 120 мянга нь нас барсан гэдэг тоо бий.
Доктор Калдикот “Фукушимагийн АЦС-ын өнөөгийн байдал болоод ирээдүйд болох үйл явдлын талаар нууж булзааруулалгүйгээр зөвхөн үнэн бодит мэдээлэл өгч байхыг” ТЕПКО болон Японы загийн газраас шаардахыг олон нийтэд уриалав.
Хэрэв осолд нэрвэгдсэн Фукушимагийн АЦС-аас ирээдүйд дахин их хэмжээний цацраг ялгарах аваас тэр талаар олон нийтэд нэн даруй мэдэгдэж, шуурхай нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлэх ёстойг тэрбээр санууллаa.
Жич:
Та бүхэн “Нью Йорк Таймс” сонинд нийтлэгдсэн Хелен Калдикотын “Фукушимагийн дараа : Тэвчээр барагдлаа” нийтлэлийг уншихыг хүсвэл энд дарна уу?