Германчууд 275 мянган тонн жинтэй АЦС-ыг эд анги бүрээр нь задална
Posted: 2014/08/07 Filed under: Атомын цахилгаан станц, ТУЗ-ийн тэргүүн Л. Мөнхтөр | Tags: Мэдүүштэй, Цөмийн хаягдал Leave a commentAgence France-Presse. 2014 оны 7 сарын 30. Дэлгэц руу анхааралтай ширтсэн хэвээр арааг залж, автомат хөрөөг алсаас удирдаж байгаа залуу бол Германы хаагдсан АЦС-ын эд анги төмөр савааг туйлын болгоомжтойгоор салгаж байгаа оператор юм.
Германы баруун өмнөд хэсэгт орших Баден-Вюртембургийн эрчим хүчний компанийн эзэмшдэг Обрихэймийн АЦС-ын реакторын цөм дэх эд анги бүрийг хөрөөдөж салгах асар их цаг хугацаа, хөрөнгө санхүү шаардсан ажил талдаа ороод байна.
Энэ ажлын зорилго нь 37 жилийн настай АЦС-ын бүх техник, тоног төхөөрөмж, дамжуулах хоолой гэх мэтчилэн нийлээд 275 мянган тонн жинтэй эд ангиудыг салгах явдал юм. Эдгээр эд ангиудын 1 нэг хувь орчим буюу 2 мянган тонн нь цацраг идэвхтэй материал юм байна.
Баден-Вюртембургийн эрчим хүчний компанийн хувьд АЦС гардан ажиллуулдаг оператор байсан үе өнгөрсөн ч цаашид цөмийн хог хаягдлын асуудлаар мэргэжлийн туслалцаа үзүүлэх чиглэлээр ажиллах томоохон боломж нээгдэж байна.
Швейцар, Итали зэрэг орнууд цөмийн эрчим хүчнээс татгалзах шийдвэр гаргасан өнөө үед цөмийн байгууламж татан буулгагч гэдэг чиглэл шинээр үүсэх боломжтойг тус компанийн төлөөлөгч Ульрих Шрэдэр тэмдэглэж байлаа.
“Бид цөмийн байгууламжийг задлах, хог хаягдлыг зохицуулах, боловсруулах ажлыг зохион байгуулах ажлын туршлагатай болсон,” гэж Шредэр ярив.
Герман улс цөмийн эрчим хүчнээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүчинд шилжих төлөвлөгөөний дагуу Обрихэймийн АЦС-ыг хаагдсанаас нь 20 жилийн дараа буюу 2025 он гэхэд бүрэн задалж дуусах ажээ.
“Бид алхам бүрийг зайнаас удирдаж гар аргаар хийдэг,” гэж татан буулгах ажлын инженер Михайл Хилман АЦС-ын хяналтын өрөөнд нь зочилсон АФР Францын мэдээллийн агентлагийн сурвалжлагчид ярив.
Реакторын үлдэгдлийг битүү усаар дүүргэсэн өрөөнд хадгалдаг ба тэр өрөө рүү баргийн хүнийг оруулдаггүй, орсон ч хамгаалалтын хувцастайгаар нэг удаа 10 минутаас илүүгүй хугацаагаар ордог дүрэмтэй ажээ. Реактороос салгасан эд ангиудыг цацраг идэвхит хаягдал агуулах зориулалтын шар торхонд хийж, тусгай өрөөнд хадгалдаг байна.
Германы канцлер асан, зүүн төв баримтлалтай Герхард Шрэдерийн засгийн газар энэ зууны эхээр цөмийн эрчим хүчнээс үе шаттайгаар татгалзах шийдвэр гаргасан. Тэр шийдвэрийг Германы удаахь канцлер консерватив үзэлтэй Ангела Меркел анхандаа хүчингүй болгосон боловч 2011 оны Фукушимагийн ослын дараа дээрх шийдвэрийг дахин баталгаажуулсан билээ.
Бэлтгэл ажил асар удаан үргэлжилсэн бөгөөд Обриxэймийн АЦС-ыг татан буулгах үйл ажиллагаа 2008 онд эхэлсэн. Бэлтгэл ажлын явцад эрх баригчид маш нарийн тооцоо хийж, үйл ажиллагааны үе шат бүрийг нэг бүрчлэн нарийвчлан баталгаажуулсан байдаг.
Германчууд АЦС байсан газар нутгийг бүрэн аюулгүй болгохын тулд цөмийн реактороос зүсч салгаж буй эд анги бүрийг нягтлан бүртгэж, үйл ажиллагааг нарийвчлан төлөвлөсөн дэс дарааллаар явуулж байгаа ажээ.
Одоо хоосон байгаа офисын байр, агуулахууд, тэр бүү хэл цөмийн реактор байсан асар том байгууламжинд ч хэзээ нэг цагт хүмүүс амьдарна гэж тус газрын үйл ажиллагааны менежер Манфред Мюллер ярив.
Германы эрчим хүч нийлүүлэгчдийн эхний гуравт жагсдаг Баден-Вюртембургийн эрчим хүчний компаний Обрихэймийн АЦС-ыг татан буулгах нөр их хүнд ажлыг гүйцэтгэж байна. Өрсөлдөгч компаниудын нэгэн ижлээр тус компани нь цөмийн эрчим хүчнээс татгалзсан засгийн газрын шийдвэрийн дагуу өөрийн харьяалалын бүх АЦС-уудыг ээлж дараалан хааж, татан буулгаж задлах үүрэг хүлээсэн аж.
Тус компани Обрихэймээс гадна дөрвөн АЦС ажиллуулдаг ба 2 нь нь Фукушимагийн ослын дараахан хаагдсан бол үлдсэн хоёр АЦС нь дахиад хэдэн жил ажиллах юм байна.
Өнөөдрийн байдлаар Герман улсад 9 АЦС ажиллаж байгаагийн дотроос Баден-Вюртембургийн эрчим хүчний компанийн эзэмшлийн Некарвестхэймийн 2-р АЦС-ыг хамгийн сүүлд буюу 2022 он орчимд хаахаар төлөвлөжээ.
Германы АЦС-ын оператор компаниуд АЦС татан буулгах ажлыг санхүүжүүлэх тусгай данстай байдаг ба олон жилийн туршид тус дансанд хуримтлагдсан хөрөнгөөр энэ бүх ажлыг санхүүжүүлж байгаа юм.
Баден-Вюртембургийн эрчим хүчний компанийн дээрх дансанд 7 тэрбум гаруй евро (9.5 тэрбум ам доллар) хуримтлагдсан бол Германы АЦС-ын оператор 4 компани нийлээд 30 тэрбум евро хуримтлуулсан байна.
Тус компани бүх реакторуудаа 2040-өөд он гэхэд бүрэн татан буулгаж дуусахаар төлөвлөж байгаа боловч цацраг идэвхит хог хаягдлыг хаана хадгалахаа өнөөдрийг хүртэл шийдэж чадаагүй байна.
Цөмийн хаягдлыг хаана хадгалах тухай асуудал аль 1980-д оноос Германчуудын эв нэгдлийг бусиниулж, цөмийн хаягдал түр хадгалах газар нутгуудад иргэд олноороо цуглаж, эсэргүүцэн жагсаж байсан түүхтэй.
Меркелийн засгийн газар цөмийн хаягдлыг мөнхөд булшлах газар нутгийг тандах ажлыг буцаан эхлүүлээд байна.
“Бид цөмийн хаягдлаасаа салах арга олох хэрэгтэй. Энэ бол эрчим хүчний шилжилтийн явцын салшгүй нэг хэсэг” гэж татан буулгах үйл ажиллагааны менежер Мюллер хэлэв.
Эх сурвалж: http://www.rawstory.com/rs/2014/07/30/dismantling-germanys-275000-tonne-nuclear-industry-piece-by-piece/