Н.Ариунжаргал: Манай хотонд 40 гаруй амьгүй, үсгүй төл гарсан
Posted: 2014/03/26 Filed under: Дорноговь Улаанбадрах Leave a commentНийтэлсэн: 2014-03-21 09:54:53
Дорноговь аймгийн Улаанбадрах, Зүүнбаян сумын нутагт үсгүй, амьгүй төл олон гарч байгаа талаарх мэдээлэл тархах болсон. Энэ тухай Зүүнбаян сумын V багийн мапчин Н.Ариунжаргалаас тодрууллаа.
-Танай хотонд амьгүй төл гарч байгаа гэж сонслоо. Хэдэн ишиг амьгүй гарсан бэ?
-Манай малын зарим нь хоёр дараалан зулбасан. Mал төллөх хугацаа буюу гуравдугаар сард гарсан төлийн нэг хэсэг нь амьгүй, амьтай гарлаа ч хөхөө амлаж чадахгүй үхэж байна. Манайх 47 ямаанд ухна тавьж хээлтүүлснээс 35 нь өнөөдөр амьгүй ишиг, сулбадас гаргалаа. Та нар ирээд харж болно. Хорооныхоо дэргэд овоолчихсон байж л байна.
-Зөвхөн ишиг дутуу гараад байгаа юм уу. Эсвэл хурга бас амьгүй гарч байгаа юу?
-Дутуу гарч байгаа юм биш. Одоо ид мал төллөдөг цаг. Үсгүй, дутуу гарах ямар ч боломжгүй. Өөрөөр хэлбэл, эх мал хээлээ тээх хугацаа нь гүйцээд гарч байгаа төл шүү дээ. Гэтэл амьгүй, үсгүй, өсөлтгүй ишиг хурга гардаг. Манайд ийм төрлийн 11 хурга гарсан. Ер нь хонь, ямаагүй амьгүй төл гаргаж байгаа. Энэ хавар төл авсангүй. Цаг зудгүй сайхан өвөл болж байхад ийм муухай юм үзэж байгаад үнэхээр харамсч байна. Манайх жилд хонь, ямаа нийлээд 100 хүрэхгүй мал төллөдөг.
-Танайх ураны хайгууль хийж буй “Кожеговь” ХХК-аас хэр хол хаваржиж байна…
-Манайх “Кожеговь”-оос 7-8 километрийн цаана байгаа айл. Манай малаа Гүнт-Ухаагийн худгаас усалдаг. Өнгөрсөн жил энэ худгаас МХЕГ шинжилгээ хийхэд силин гэх бодис маш өндөр хувиар илэрсэн гэдэг. Тухайн үед хэл үг гарч, маргаан болоод байхад би нэг их анзаараагүй. Учир нь өнөө жилийнх шиг олон төл амьгүй гараагүй болохоор тэгс хийгээд өнгөрсөн. Харин би одоо тэр усны шинжилгээний дүнг авчирч үзүүлээч гэж аймгийн удирдлагуудаас нэхэж байгаа. Усанд өөрчлөлт орно гэдэг яахын аргагүй “Кожеговь”-той холбоотой.
-Танайд хамгийн сүүлд хэзээ амьгүй төл гарсан бэ?
-Өчигдөр /уржигдар/ ямар ч үсгүй зулбадас гарсан. Амьгүй гарсан зулбадсыг хурааж байгаад олшроод ирэхээр нь Зүүнбаянгийн захиргааныханд үзүүлээд эхнээс нь устгасан. Сүүлд гарсан амьгүй төлүүдийг “Кожеговь”-ийн төлөөллүүдийг ирж “хараач ээ” гэж хэл өгчихөөд сууж байна.
-Нутгийн удирдлагууддаа энэ талаар дуулгахад юу гэж байх юм.
-Манай хонь арванхоёрдугаар сард зулбаад эхэлсэн. Тэр үед аймгийн Mал эмнэлгийн газрын эмч Түмэндэмбэрэл шинжилгээ аваад явсан. Гэтэл тэр эмч сүүлдээ танайхаас шинжилгээ аваагүй гээд гүрийчихсэн. Бодвол дарамтад орсон байх. Түүний дараа дахиад зургаан ямаа зулбасан.
Тэр үед дахиад шинжилгээ өгүүлсэн ч одоо болтол хариу нь гараагүй. Асуухаар “Аль хэдийний шинжилгээ хүчингүй болсон. Танайх ер нь нүүсэн нь дээр” гэж хэлдэг. Ийм хариуцлагагүй удирдлагууд байж болох уу. Уулзахаар очиход аймгийн Засаг дарга Эрдэнэбат ажил дээрээ ер байхгүй юм. Би таван өдөр дараалан үүдийг нь сахиж суусан.
-Танайх олон жил энэ нутагт амьдарч байгаа юм байна. Өмнө нь ийм асуудал гардаг байв уу?
-Би энэ нутагт төрж өсөөд 40 гаруй жил болж байна. Өмнө нь манай малд ийм шинж тэмдэг илэрч байгаагүй. Хэрэв өмнө нь иймэрхүү байдал илэрсэн бол манайх юу гэж өдий хүртэл энэ эрүүл биш газар нутагт шигдээд байх билээ.
Б.Цэцэгдэлгэр
Эх сурвалж: