Ц.МӨНХБАЯР ба ТҮҮНИЙ НӨХӨД

1

2014 оны 1 сарын 25. Ц. Мөнхбаяр болон түүний нөхдийг шударга бусаар шүүж, 21.6 жил ногдуулсныг эсэргүүцсэн уриалгад гарын үсэг цуглуулав. Гал Үндэстэн, хохирогчдын ар гэрийнхэн, иргэд, ТББ-ууд Нарантуул худалдааны төв дээр ажиллаж, өнөөдөр 1000 гаруй иргэдийн гарын үсэг цуглуулжээ.


Нүүдэлчин монголчууд эх болсон байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотой. Сүрлэг уулсын бэлийг эмжин урсах, үелэн тогтсон элсэн манхадын хормойд шурган урсах, энгүй талын дов толгодын дундуур сүлжин урсах гол ус гэгч чандмана эрдэнэ. Энэ л их урсацыг даган байгаль дэлхий үзэсгэлэн төгөлдрөө гайхуулж, тэртээ талд адуу мал багшран билчиж, энэхэн хөндийд хүмүүний сэтгэл уужран жаргадаг. Монгол хүнийг морьгүйгээр төсөөлөхгүйн адил, гол усгүйгээр нүүдэлчин амьдралыг ч төсөөлөх аргагүй. Байгаль дэлхийгээ дээдлэн шүтэж, усны тунгалаг, өвсний сорыг дагаж нүүдэллэн амьдардаг байсан монголчууд бид өдгөө байгал дэлхийгээсээ холдож эхэлжээ. Байгал дэлхийгээсээ холдох хэрээрээ зөвхөн нүүдэлчин монголчуудад л байдаг ёс жудаг, зан заншил, хүний эрхэм чанараасаа ч холдож буй мэт.

Зуун зууныг элээж амар тайван аж төрж байсан энэ л нутгийн минь хөрс шороог нь хүчит техникээр урвуулан эргүүлж, урсгал ус руу нь элдэв бохир хаягдлаа урсгаж, ургаж буй модыг нь тасдан огтолж, хүний гараар босгосон хөшөө дурсгалыг нь гинжит мотороор түрэн овоолж, цэн алт жин эрдэнэсийн төлөө бүхнийг нь сүйтгэж байна. Монгол эх нутгийн минь ариун хэвлийг харь эздийн хүйтэн гар хайр найргүй онгичин алт эрдэнэсийг нь уутлан ховдоглон зөөх дор, Монголын минь ариун дагшин газар шороо, булингартай урсацаар “уйлж”, бужигнасан хуй шороогоор уур хилэнгээ дэгдээж байна. Гаслан гасалж уйлах энэ л урсац жил, сар өдрөөр татран татарч, хув хуурай болсон хонхорхой дундуур амь тавин гаслах өдөр айсуй. Мал нь билчих билчээргүй, уух ус нь ховордож, хордож эхлэх дор нүүдэлчин, малчин монголчууд төв суурин газар бараадан шарилын газар хашаа хатган, бараан зах дахь түмний тоосон дунд толгой гудайж суух болж.

“ЭХ ОРОНЧ СЭТГЭЛ”- “ДҮР ЭСГЭГЧИД”
Нэг талдаа бидний эх орны минь байгаль орчныг сүйтгэж, алт эрдэнэсийг нь олборлон арилжиж, нөгөө талдаа арилжиж олсон их мөнгөөрөө “хөгжил” ярьж суугаа бусармаг энэ үед жинхэнэ болоод хуурамч “эх оронч”-ид олширч буй. Монгол эх орныхоо байгаль орчин бохирдож, гол ус ширгэж, ургамал амьтад ховордож байгаад чин сэтгэлээсээ зовинож элдэв боломжоороо хайрлан хамгаалж, үйлдэл болон үгээрээ бусдыг үлгэрлэн дагуулж байгаа хүмүүс цөөнгүй. Тэд өөрсдийн үр хүүхэд, ирээдүй үеийнхний төлөө санаа нь зовинож, өвөг дээдсээс бидэнд өвлүүлж үлдээсэн энэ их нутгийг үр хойчдоо хэвээр үлдээх эрхэм зорилгыг чиг болгодог. Монгол эх нутгийн хөрсөн дор байгаа их баялгийг харийнханд худалдан, хувьдаа болон хэсэг бүлгээрээ завшин баяжих хүсэлтэй олон хүмүүсийн дунд, “хөгжил” ярьсан хуурамч эх орончид цөөнгүй.

“Онги гол хөдөлгөөн”-ий тэргүүн, “Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”-ий УЗ-ийн гишүүн, “Гал үндэстэн холбоо”-ны УЗ-ийн гишүүн Ц.Мөнхбаярыг би нилээд эртнээс танина. АНУ-д ирж “Байгаль орчныг хамгаалах” чиглэлээр Олон улсын нэр хүндтэй шагнал авч байгаа тухай, өдгөө хэл ам дагуулаад байгаа “урт нэртэй” хэмээн нэрлэгддэг “Гол мөрөн нууруудын урсац бүхий болон ойн сав газарт хайгуул хийх, ашиглалт хийхийг хориглох тухай” хуулийг санаачилж, хэлэлцүүлэн батлуулж, хэрэгжилтэд нь санаа тавин, амаргүй асуудлуудтай тулгарч, элдэв “нэр хоч” зүүж явахыг нь хүртэл анзаарч дэмжиж явсан. Гол усаа хамгаалж байгаа олон үйлдлүүдийн хажуугаар, уул уурхайн компаниудад очиж элдэв шантааж хийн “мөнгө салгадаг” гэх мэдээллийг сонсоод “арай үгүй байлгүй дээ” гэх эргэлзээ минь, түүний хоёргүй сэтгэл дэх итгэл үнэмшилд уусаж л байв. Бид хэн нэгний тухай бусдын ярьж байгаад биш, хийж хэрэгжүүлж байгаа ажлын бодит үр дүнд л итгэдэг.

Монголын байгаль орчин, гол усыг хайрлан хамгаалахын төлөө эр зориг гарган ингэж тэмцэнэ гэдэг амаргүй. “Чамайг дэмжиж байгаа шүү” гэх хэрнээ гараа ч хөдөлгөхгүй, “Уг нь бусдад хэрэгтэй сайн үйлс хийж байгаа юм байна даа” гэх бодол нь айдас дундаа хүлэгдэн амаа хамхих, “За даа энэ ч худлаа ингэж дөвчигнөөд цаанаа бол өөртөө л мөнгө олж баяжих гэсэн санаа шүү дээ” гэх зэвэргэн бодлууд дунд тэрээр өөрт нь итгэж дагасан анд нөхдүүдийн хамт сөрж зүтгэсэн. Монголын баялгийг бага зардлаар олборлож, хямд үнээр арилжих гэсэн “харь мөртлөө сувдаг” сэтгэлтнүүдийг давж гарах гэдэг амаргүй. Монголын баялгийг мөнгө болгон хувиргаж байгаа олон хүмүүс бүх асуудлыг зөвхөн мөнгөөр шийддэг болгож чадсан цөвүүн цагт “үнэнч шударга” байх гэдэг хэцүү. Тэр тусмаа их мөнгөний “угаадас” мэт багахан хаялга дээр хуурамчаар “эх оронч” дүр эсгэн, холыг зорьж яваа жингийн цуваа руу сүр бадруулан хуцалдах ноход цөөнгүй. Тэр болгонтой мод барин тэмцэлдэх ч зовлонтой.

Би бол тэдэнд итгэж байгаа. Эгэл жирийн малчин залуус л энэ зовлонг өөрсдийн биеэр мэдэрч, өөрсдөөс нь өөр хүмүүс мэдэрч ойлгохгүй шаналлынхаа төлөө л тэмцэж байсан. Заримдаа гадны компаниуд руу буу шагайж элдэв “зарга үүсгэж” байсан нь, мөнгөөр арилжигдаж “хууль дүрмийг гууль” болгож байсан эрхмүүдийн өмнө “аргаа л барж” байсан хэрэг. Бусдын тавлаж байгаа шиг “Уул уурхайн компаниудыг шантаажилж мөнгө олон баяжиж байсан” нь нотлогдвол өөр хэрэг. Гэхдээ л “урт нэртэй хууль”-ийг батлуулж, олон гол горхины урсгалыг сэргээж, байгаль орчны бохирдол, ухаж орхиод нөхөн сэргээдэггүй газар шорооны төлөө хийж чадаж байсан бүхэн нь бага зүйл гэж үү? “Байгаль орчноо хайрлан хамгаалья” хэмээн хуурай лоозогноод, элдэв ТББ-ууд байгуулж өрөө тасалгаанаасаа хурал зөвлөлгөөн, элдэв төсөл зохиож, “мөнгө горьдож” суудаг хүмүүсээс тэд огт өөр хүмүүс. Тэд монголчууд бидний хийж чадах санаачлагуудыг өөрсдийн биеэр л үлгэрлэж байсан, худлаа гэж үү?

“ЗӨВ ба БУРУУ”
Ц.Мөнхбаяр ба түүний нөхөд “урт нэртэй хууль”д өөрчлөлт оруулах асуудлаар эсэргүүцэл илэрхийлж ЗГ-ын орчимд буун дуу гарган, олон нийтийг айдаст авахуулав. Үүнийх нь төлөө тэднийг баривчлан хорьж, саяхан шүүх тэдэнд 21,6 жилийн ял оноосон нь өдгөө олон нийтэд маргааныг дэгдээж байна. “Зөв” “буруу” гэж маргалдах нотолгооны дундуур хавчуурга болон бичиж байгаа элдэв үгсийг унших дор “монголчууд бид чинь ийм өчүүхэн сэтгэдэг бил үү? ” гэх харуусал дагалдана. Нөгөө талаасаа энэ олон жил улс, олон нийтийн баялгийг хувьдаа завшиж хууль бусаар баяжиж, элдэв муу зүйлийг үйлдэж байсан хүмүүст хуулийн талаас хандаж байсан хандлагатай харьцуулах юм бол “Төр төмөр нүүр” ээ харуулж байгаа мэт. Тэднийг буруутгасан “зандачлах” гэдэг заалт нь, тэртээ жилийн 7 сарын 1 нд болж байсан “түүхт” үйл явдалтай харьцуулахад учруулсан хор хохирол, нийгэмд тохсон айдас түгшүүрийн хэмжээгээрээ бас л өөр. Барьцах юм зөндөө л байнаа.

Тэртээх 7 сарын 1 ний үйл явдал, саяын тэдний үйлдсэн үйлдэл бүхний цаана Монголын Төр болон хууль баригч эрхмүүдийн шударга бус шийдвэр, шударга бус үйл ажиллагаанд дургүйцэж байгаа олон нийтийн бухимдал илэрч байгаа. Хүн болгоны дотор сэтгэлд “хуваарилалт нь шог байнаа” гэсэн этгээд бодол эргэлдэж буй. Олон хүмүүсийн сэтгэлд далд нуугдаж буй бухимдлын тэртээд “Төрийн эрх баригчдад цочоо өгөх хэрэгтэй байна” гэсэн “аргаа барсан” цөхрөл оршиж байгаа болохоос, “цус урсгах” хүсэл байхгүй гэдэгт би итгэдэг. Эгэл жирийн ард иргэдийн дуу хоолой, санал санаачлага нь тэртээ дээр байгаа Төрийн эрхмүүдэд хүрдэггүй, хүрсэн ч үл тоомсорлосон “дүлий дүмбэ” байдал нь, “аргаа барсан хүүхэд аавынхаа толгойг маажив” гэдэг үлгэрт жишээлэх. Мөнгө, эрх мэдлээр л бүхнийг шийдэж, хүн чанар болон эрүүл сэтгэлгээг дорд үздэг болсны муу үр дагавар юм уу даа.

Ц.Мөнхбаяр нарын энэ үйлдэлд “Зорилго нь зөв байсан хэдий ч арга нь буруу байлаа” гэж дүгнэх хүмүүс цөөнгүй. Би ч бас тэдний нэг. Харин шүүхийн шийдвэр нь “зорилго”ыг нь огт хайхрахгүйгээр “арга” т нь тохируулж гарав уу? гэж бодож байна. “Зорилго нь аргаа зөвтгөдөг” тохиолдол бишгүй бий. Олны анхаарлыг татсан “том хэрэг”-үүд шийдэгдэх бүрт хохирогчийг өмөөрч, шүүхийн шийдвэрт нөлөөлөх оролдлогууд гардаг л даа. Энэ бас л муу жишиг. Гэхдээ энэ бүхний цаана Монголын шүүхийн тогтолцоо шударгаар төлөвшөөгүй, хуулийн хэрэгжилт нь тогтворжоогүй, шударга, ил тод байдал нь бүрэлдээгүй олон шалтаг шалтгаан бий байх. Харин эгэл хүмүүс бид ийм асуудалд өөрсдийн санаа бодлоо илэрхийлэх эрхтэй. Элдвээр талцаж харааж зүхэлцэхээс “Би энэ талаар ингэж бодож байнаа” гэж илэрхийлэх нь мэдээлэл дутмаг, зөвхөн өнгөн талаас нь хараад эргэлзэж суугаа хүмүүст санаа болж магад.
Монгол дахь уул уурхайн их халуурлын “алтыг нь аваад авдрыг нь хаяж” мэдэх түгшүүрт энэ үеүдэд Монголын газар шороо, байгаль орчин, ус ургамал, түүх дурсгалын зүйлсээ хамгаалах асуудал зайлшгүй тулгарна. Хэрэв Ц.Мөнхбаяр ба түүний нөхдийг ингэж хатуугаар шийтгэх аваас, эдэн шиг тэмцэхийг хүсч байгаа олон олон зүрх зориг мохох л болов уу? Энэ нь хэнд ашигтай гэж? Дарханы Хонгор суман дахь “хордлого”, Дорноговь аймгийн Улаанбадрах сум дахь ураны хайгууль, олборлолтоос үүдэлтэй хүн малын хордлого зэрэг асуудлуудыг хөндөж, үүний төлөө сэтгэл нь зовинож, тэмцэж байгаа олон хүмүүс бий. www.golomt.org сайт бол Монголын байгаль орчныг хамгаалах, хүмүүсийн эрүүл, тайван амьдрахын төлөөх тэмцлийн их талбар. Хичнээн их асуудлуудыг гаргаж ирж нотлоод ч, өөрсдийн санал санаачлагаа дэлгэж уриалаад ч амаргүй л байгаа. Өнөөгийн төр засаг “дүлий бүмбэ” байгаагийн нэгэн илрэл. Төр засаг тэдэнтэй ойлголцож, хамтран ажиллахыг тэгтлээ хүсэхгүй байгаа мэт.

Хэдэн жилийн өмнө би Мөнхбаяртай утсаар ярьж байсан. Тэгэхэд тэрээр “Монголын байгаль орчныг хамгаалахын төлөө би хэзээ ч ухрахгүй тэмцэх болноо. Энэ бол миний амьдралын утга учир, зорилго” гэж эрс шулуухан хэлж байсан. Үүний төлөө би түүнд итгэж, дэмждэг. Түүн шиг олон олон залуус бий. Харин тэд, бид Ц.Мөнхбаяр ба түүний нөхдийн гол усаа хамгаалах үйлсийг үргэлжлээсэй гэж хүсч байгаа.

…ХЭМЖЭЭЛШГҮЙ ИХ АЛТ ЭРДЭНЭСЭЭ ҮҮРЭЭД, ГОЛ УС НЬ ШИРГЭЖ ЦӨЛЖСӨН ТАЛД ХАРАНГАДАЖ АМИА АЛДМААРГҮЙ.


Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
e-mail: gala_mn@yahoo.com

2014-01-25

Advertisements


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s