Наото Кан: Хамгийн найдвартай АЦС бол АЦС огт барихгүй байхыг хэлнэ.

           Фукушимад атомын цахилгаан станц (АЦС) осолдож, Монголд улсад цөмийн хаягдал булшлах тухай шуугиан гарснаас хойш даруй 2 жил өнгөрчээ. Анхландаа дуугаа хураан нурмайж байсан цөмийн бизнесчид сүүлийн үед дуу нь чангарч, хэвлэлээр АЦС-ын гайхамшгийг шагшин магтаж, Монголчуудыг үхлийн эргүүлэг рүү татаж оруулахаар чармайлдах болжээ. Асар их мөнгөтэй цөмийн салбарын амин асуудал нь сая жилийн туршид үхлийн цацрагаар шарах цөмийн хаягдлын асуудал. Монголчууд бид уран олборлож, АЦС барьснаар хүний өөрийн гэлтгүй цөмийн хаягдлын агуулах болж хувирах аюултай  гэдгийг Голомт -Цөмийн Эсрэг Хөдөлгөөнийхэн (AHM) анхааруулж бичсээр, баримтаар нотолсоор ирснийг голомт.орг дээрээс дэлгэрэнгүй уншиж болно. Өнөөдөр та бүхэнд Фукушимагийн цөмийн ослын үед Японы Ерөнхий Сайд байсан Наото Каны 2013 оны 3 сарын 11-нд  хэлсэн үгийг хүргэж байна. Тэрбээр  “хамгийн найдвартай хамгийн найдвартай атомын цахилгаан станц бол огтooc атомын цахилгаан станц барихгүй байх явдал “гэж дүгнэсэн нь эрхбиш нэгийг бодогдуулах буй заа.  

Хүндэтгэсэн,
Амарлин

Хелен Калдикоттын Сангаас үзүүлж байна

Эмч нар Нийгмийн Хариуцлагын төлөө ТББ-тай хамтран бүтээв

                                                               2013 оны 3 сарын 11

Фукушимагийн цөмийн гамшгийн тухай Ерөнхий сайдын дурсамжаас

Төлөөлөгчдийн Тэнхимийн гишүүн, Япон улсын Ерөнхий сайд асан Наото Кан

 

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Наото Кан гэдэг.  2011 онд Фукушимагийн гамшиг тохиолдоход би Япон улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Надад Хелен Калдикотын Сангаас зохион байгуулж буй симпозиумын урилга ирүүлсэн боловч харамсалтай нь би тус хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй боллоо.  Оронд нь би ослын үеийн үйл явдлыг дурсан өгүүлсэн видео бэлдсэнээ та нарт илгээж байна.

2011 оны 3 сарын 11-нд тохиолдсон Фукушимагийн цөмийн осол нь хоёр гол шалтгаантай. Мэдээж, Япон улсын түүхэнд тохиолдож байгаагүй асар том газар хөдлөлт, цунамигийн улмаас  Фукушима Даиичи станцын эрчим хүчний хангамж бүхэлдээ тасалдсан нь осол гарах эхний шалтгаан болсон. (ЗУРАГ дээр: 2011 оны 3 сарын 11-нд Фукушима дахь Атомын Цахилгаан Станц цунамид автсан)

Гэвч үнэндээ осол гарахад нөлөөлсөн өөр нэг шалтгаан бий. Аварга том цунами үүсч, цахилгаан эрчим хүч доголдохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байсангүй. Ийм нөхцөл байдал үүсч бий болоход өмнө нь хэзээ ч бэлтгэж байсангүй. Байшин барилга, засгийн газрын харилцаа холбооны бүтэц гээд хаа хаанаа бэлтгэлгүй байсан. Өөрөөр хэлбэл, энэ бол хүний хүчин зүйлээс үүдсэн ослын шалтгаан.

Үндсэндээ дээрх 2 учир шалтгааны улмаас үүдэн үлэмж хэмжээний цөмийн осол гарсан. 2011 оны 3 сарын 11-ний үдэш, газар хөдлөснөөс 8 цагийн дараа 1-р станцын цөм хайлж, нэвчсэн. Ингэхдээ хайлсан цөмийн түлш хадгалж байсан савныхаа ероолд тунасан. 

Маргааш нь 1-р реакторт ус төрөгч дэлбэрсэн. ( ЗУРАГ дээр: Фукушимагийн 1-р реактороос цагаан утаа олгойдож байна). Улмаар 1,2,3-р реакторуудад ус төрөгч дэлбэрч,  бүгдийнх нь цөм хайлсан. (ЗУРАГ дээр: Дэлбэрэлтийн дараах 1-р реактор)

4-р реактор дотор ч бас ус төрөгч дэлбэрсэн. Фукушимагийн Дайичи буюу нэгдүгээр АЦС нь нийтдээ 6 цөмийн реактортой, бас ашигласан түлшний савх хадгалдаг хаягдал түлшний 7 ширхэг усан сантай байсан. Фукушимагийн Дайни гэдэг 2 дугаар АЦС нь Дайчигаасаа  12 километрийн зайтай оршдог. Дайни АЦС нь 4 цөмийн реактортой, хаягдал түлш агуулах 4 усан сантай.

Газар хөдлөлтийн дараахан цөмийн реактор болон хаягдал түлш хадгалсан усан сангуудын хяналт алдагдах шахсан. (ЗУРАГ дээр: Фукушимагийн 1-р АЦС-ын хяналтын өрөө). 3 сарын 15-ны үүрээр 3 цагийн үед Токиогийн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэгч ТЕПКО компани ажилчдаа эргүүлэн татаж, нүүлгэн шилжүүлэх тухай хүсэлтээ Эдийн Засаг, Худалдаа, Үйлдвэрлэлийн Яаманд гаргасан. (ЗУРАГ дээр: Онцгой Байдлын штаб.)

ТЕПКО ажилчдаа эргүүлж татвал цөмийн реакторууд хяналтаас гарах байсан.  Асар их аюул эрсдэл дагуулсан арга хэмжээ гэдгийг би бүрэн дүүрэн ухамсарлаж байсан. ТЕПКО-гийн ажилчдын амь нас аюулд өртөж болзошгүй байсан хэдий ч би тэднийг ажлын байрандаа үлдэж, цөмийн ослыг зохицуулахыг шаардсан. ТЕПКО зөвшөөрсөн.

3 сарын 16-нд Хамгаалах багийнхан агаараас ашигласан цөмийн түлшний сан дээр ус асгахад бэлтгэж эхэлсэн. Тэд 3 сарын 17-нд анх удаагаа асгаж туршсан. Энэ бол цөмийн осолд барьсан миний хариу арга хэмжээ байсан. Тухайн нөхцөл байдлаас үүсч болзошгүй хамгийн аюултай хувилбарыг би өөрөө ч судалсан, бас мэргэжилтнүүдээр ч судлуулсан. Фукушимагийн Дайичи ба Дайни АЦС-ууд нь нийтдээ цөмийн 10 реактортой, ашигласан түлшний 11 сантай байсан гэж би өмнө нь хэлсэн. Хэрэв тэд бүгд хяналтаас гарч, цөм нь хайлан урсч, цацраг идэвхит бодис агаарт дэгдэж, далайн усанд орвол хүрээлэн буй байгаль орчинд хэдий хэмжээний цацраг идэвхит бодис цацагдах бол?

Өмнө нь бид Чернобылийн ослыг хүн төрөлхтний түүхэнд учирсан хамгийн аймшигтай цөмийн осол гэдэг байсан. Гэтэл Чернобылийн осол бол ердөө ганцхан цөмийн реакторын осол. Цөмийн 10 реактор, дээрээс нь арав гаруй цөмийн хаягдал түлшний сан хяналтаас гарвал асар уудам нутаг дэвсгэрээс оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх шаардлага тулгарах нь гарцаагүй байлаа. Тэр асуудал миний сэтгэлийг хамгаас илүүтэйгээр зовоож байсан.

Япон улсын Цөмийн Энергийн Комиссын тэргүүн ноён Кондо надад хамгийн хүнд нөхцөл байдал үүсвэл 250 км тойрогт оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх шаардлага гарна. Тэр хүмүүс гэр орондоо 10, 20, бүр 30 жилдээ эргэж ирэх боломжгүй болно гэж анхааруулсан.

Нийслэл Токио гэхэд 250 км-ийн тойрог дотор байсан. Токиод Японы хүн амын бараг тэн хагас нь буюу 50 сая хүн аж төрдөг. 50 сая хүн орон гэрээсээ дүрвэж, ажил сургуулиа хаяж, эмнэлэгт хэвтэж буй өвчтнүүд хүртэл эмнэлгээ орхиж дүрвэхээс өөр аргагүй болно гэж тооцож үзвэл иргэдийг нүүлгэх явцад асар олон хүний гарз хохирол учрах нь тодорхой байсан.

Япон улс үндэстэн ч урт хугацааны туршид бүрэн хэмжээгээр үйл ажиллагаа явуулж чадахгүйд хүрэх байлаа.  Япон улс туйлын хүнд байдалд ороход тун ойрхон ирсэн үе байсан. Гэвч бид өмнө реактор луу ус хөөрөгдсөөр байж байдал бүрмөсөн доройтохоос өмнө цацрагийн тархалтыг амжиж бууруулсан. Энэ бол цөмийн гамшгийн эсрэг арга хэмжээг чадварлагаар удирдан зохион байгуулсны ач гавьяа төдийгүй тэнгэр бурхан япончуудыг харж ивээсний илэрхийлэл гэж би хувьдаа итгэдэг.

Цөмийн гамшигтай холбогдуулан улмаас хэд хэдэн зүйл ил болсон. Тухайлбал, Японы цөмийн эрчим хүчний бодлогод нийтийн аж ахуй үйлчилгээний компаниудыг цунамид бэлтгэхийг шаардсан, тухайлбал,  өндөрлөг газарт эрчим хүчний нөөц үүсгүүр байрлуулах гэх мэт заалт ороогүй байсан. 

Түүнчлэн Эдийн Засаг, Худалдаа, Үйлдвэрлэлийн Яамны харъяа Цөмийн ба Үйлдвэрлэлийн Аюулгүй Байдлын Агентлаг нь цөмийн эрчим хүчний осол гамшгийг зохицуулахад гол үүрэг гүйцэтгэх ёстой алба. Гэтэл тус байгууллагын удирдах ажилтнуудын дунд цөмийн эрчим хүчний мэргэжилтэн  байгаагүй. Хууль эрх зүй, эдийн засгийн бодлогын шинжээчдээс бүрдсэн байсан. Тэдний удирдлага нь ч, ажилтнууд нь ч томоохон хэмжээний цөмийн гамшигт бэлтгэлгүй байсан. Дээрээс нь шаардлагатай барилга байгууламж, бодлого зохицуулалт,  төрийн бүтэц дутагдалтай байсан нь гамшгийг улам хүндрүүлсэн. 

Цөмийн гамшиг тохиолдсоны дараа Япон улс болон олон улсын эрчим хүчний бодлогын хүрээнд атомын цахилгаан станцын асуудлыг хэрхэн зохицуулах талаар би эргэцүүлж үзсэн.

Тэгээд хамгийн найдвартай атомын цахилгаан станц бол огтooc атомын цахилгаан станц барихгүй байх явдал гэдэг дүгнэлтэд хүрсэн.  Тодруулж хэлвэл, цөмийн ба эрчим хүчний салбарын хамгийн аюулгүй, хамгийн найдвартай бодлого бол атомын цахилгаан станцаас татгалзахад оршино гэдгийг би ойлгосон. 

Газар нутгийнхаа тэн хагасыг сүйрүүлж, хүн амынхаа 50 хувийг нүүлгэн шилжүүлэх онцгой эрсдэлтэй дээрх асуудлыг технологийн тусламжтайгаар шийдвэрлэх боломжгүй нь ойлгомжтой. Хамгийн гол нь бид атомыг удирдаж, атомын бөмбөг, цөмийн зэвсэг бүтээж, атомын цахилгаан станц барьсан гэдэг ч үнэндээ дэлхий дээр хүн төрөлхтөнтэй зэрэгцэн орших боломжгүй аюулт технологийг бүтээсэн юм байна.  

Эрчим хүчний бодлогын ирээдүй хойчийг эргэцүүлж байхад дэлхий дээр амьдрал бий болж,  хүн үүссэнээс хойшхи 4.5 тэрбум жилийн туршид нар зэрэгцэн оршсоор ирсэн нь санаанд ордог.  Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл манай гарагийн эрчим хүчний дийлэнх хэрэгцээг нар  хангасаар байна.

Иймээс ирээдүйд дэлхий нийтийн болон Япон улсын эрчим хүчний бодлого нь нар, салхи, биомасс гэх мэт сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд төвлөрч, улмаар цөмийн эрчим хүч, ашигт малтмалаас гаргаж авдаг эрчим хүчнээс татгалзаж, зөвхөн сэргээгдэх эрчим хүчээр хүний хэрэгцээг хангахад чиглэх ёстой гэдэгт би итгэдэг.

Цөмийн гамшгийн дараа Японд сэргээгдэх эрчим хүчний төрийн хөнгөлөлттэй тарифын тогтолцоог байгуулагдснаар нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл тэсрэнгүй хурдтай хөгжиж байна.

Өөр нэг зүйл гэвэл, атомын цахилгаан станцын аюул эрсдэл нь дан ганц цөмийн ослын эрсдлээр хязгаарлагдахгүй. АЦС-аас ашигласан түлш гэдэг цөмийн хаягдал ялгардаг. Цөмийн хаягдлыг аюулгүй хадгалах зохистой шийдлийг дэлхий дахинд өнөөг хүртэл олж чадаагүй. Нэн ялангуяа газар хөдлөлтийн онцгой идэвхтэй бүсд оршдог Япон улсад цөмийн хаягдал урт хугацаагаар хадгалах боломж бололцоо байхгүй.

Түүнчлэн, цөмийн эрчим хүч бол хамгийн хямд эрчим хүч гэдэг уламжлалт үзэл баримтлал өнөөдөр орвонгоороо эргэн өөрчлөгдсөн.  Тухайлбал, занарын хий гэх мэт эрчим хүчний шинэ эх үүсвэр гарч ирж байна. Дээрээс нь цөмийн хаягдлыг дахин боловсруулах , хадгалах зардлыг бодож үзвэл цөмийн эрчим хүч яагаад ч хямд байж таарахгүй гэдэг нь хүн бүрт ойлгомжтой болсон. 

Атомын цахилгаан станц нь өнөөдөр ч, ирээдүйд ч эдийн засгийн хувьд хэзээ ч ашигтай байж чадахгүй, ирээдүйд АЦС-ыг ашиглахаас татгалзана. Өнөөдөр Японы зарим мэргэжилтэн, улс төрчид цөмийн эрчим хүчийг хямд төсөр, цөмийн эрчим хүчгүйгээр Японы эдийн засаг өсч дэвжих боломжгүй гэж итгэсэн хэвээр байгаа.  Гэсэн ч тэдний энэ бодол нь эндүүрэл гэдэг нь тун удахгүй ил болно гэж би итгэдэг. 

Би цөмийн эрчим хүч бол зөвхөн шилжилтийн үеийн, түр зуурын эрчим хүчний эх сурвалж гэж үздэг. Ирэх зуунд цөмийн технологи устана, угаасаа устах ч ёстой.

Өнөөдрийн хуралд оролцож буй та бүхний дунд өргөн хэлэлцүүлэг явагдах нь гарцаагүй. 

Иймд та бүхнийг Фукушимагийн цөмийн осол нь газар хөдлөлт, цунамигаас үүдэлтэй хэдий ч шаардлагатай бэлтгэлийг хангахад хариуцлагагүй хандсан хүний алдаа ч бас давхар нөлөөлсөн гэдгийг баттай сайн ойлгоосой гэж хүсэх байна.

Эрчим хүчний бодлогын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлохдоо энэ асуудлыг анхаарч үзвэл би гүнээ талархах болно. 

Өнөөдөр би Нью Иоркт очиж чадаагүй ч өөрийн санал бодол, туулж өнгөрүүлсэн арга  туршлагаасаа энэхүү видео илгээмжиндээ хуваалцлаа.    

 Анхаарал тавьсанд баярлалаа

 


4 Comments on “Наото Кан: Хамгийн найдвартай АЦС бол АЦС огт барихгүй байхыг хэлнэ.”

  1. ddddddddddddd says:

    Жаргалсайхан гэдэг 1 сэтгүүлч Атом-ийн станц Монголд барина гэдгийг хэлсэн ш уу

  2. wwww says:

    Атомын станц барихгуй бол Монгол хөгжихгуй гэж манай дарга нар хэлсэн. Яг унэндээ энэ дарга нараас болоод Монгол улс хөгжихгуй байна шуу дээ.

  3. Emperor says:

    гэхдээ атомийн цахилгаан станц барих шаардлагатай үүнийг дагаад цөмийн салбар бас хөгжинө

  4. Zermaa says:

    заа очиж очиж манай Монголд цөмийн салбар хогжоод байдаг нь ч юу вэ, лол, хөх инээд хурчлээ
    Харин ч дэлхийн техникийн хөгжлөөс хэдэн 100 жилээр хоцорч яваагаа ашиглаад гадаадийн өндөр өогжилтэй улс орны хийгээд алдаад байгаа алдааг давталгуй (цөмийн тулш, зэвсэг гэх мэт), ирээдүйтэй, байгальд хор хөнөөлгуй (нөхөн сэргээгдэх энерги: нар салхиний гэх мэт) техник технологийг нь бэлэн авч ашиглаад байхаа бодсон нь дээр байлгуй. Бид нарт хөгжуулнэ, судална гэж зардал гаргах юмгуй гадаад улс бугдийг нь аль хэдийн хөгжуулээд байна штээ.


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s