Амарлин болсон учир минь..

Монгол улс үндэстний аюулгүй байдалд заналхийлж, ард иргэдийн эрүүл энх аж төрөх, амьд явах баталгаа болох газар шороог минь зоосны нүхээр шагайсан цэвдэг сэтгэлтнүүд  сүйтгэн бузарлаж буйг эсэргүүцэн дуугарч эхэлснээс хойш жил тойрчээ. Намайг хэн болох, ямар учраас цаг зав гарган судалгаа хийж, нийтлэл бичдэг тухай хүмүүс янз бүрээр таамагладаг.

Хариуд нь би өмнө нь хэлж байсан тэр л зүйлээ танд давтана хэлье: эрх мэдэл, нэр алдар, ашиг хонжоо хайх бодол надад байхгүй. Харин жирийн Монгол бүсгүй миний өдий зэрэгтэй яваа нь миний эцэг эх болон Монгол улсын ач тус гэдэгт би гүнээ итгэдэг. Тиймээс ч хэмжээлшгүй их ач тусыг нь бага ч болов хариулахаар хичээн зүтгэж яваа минь энэ билээ.

Гэвч намайг Амарлин болоход нэгэн эчнээ танил хүн хамгийн чухал нөлөө үзүүлсэнийг дурсалгүй өнгөрч боломгүй. Тэр хүн бол биологийн ухааны доктор Ш. Пүрэвсүрэн гуай. Олон жилийн өмнөөс л Ш. Пүрэвсүрэн гуайн бичсэн уул уурхай, алт олборлолт, уран болон мөнгөн усны хор хөнөөл, Хонгорын хордлого, байгаль орчны эвдрэл сүйдлийн тухай нийтлэлүүдийг уншиж байсан нь надад маш их зүйлийг ухааруулсан.     

Чухамдаа эрдэмтэй атлаа эгэл даруухан энэ хүн намайг Амарлин болох зам рүү анх хөтөлсөн. Сүүлд Ш. Пүрэвсүрэн гуайн талаар судалж, Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийг  онц дүүргэж, тэндээ докторын зэрэг хамгаалсаныг олж мэдээд түүний эрдэм мэдлэг, улс нийгмээ гэсэн хувиршгүй үнэнч сэтгэлийг улам илүү хүндлэх болсон билээ.

Ш. Пүрэвсүрэн гуай Анти Нуклеар Мүвмент (АНМ) хөдөлгөөнөөс зохион байгуулсан арга хэмжээнд оролцож, бидэнтэй танилцаж, цөмийн аюулын эсрэг хамтран зүтгэх болсонд бид баярлан бэлэгшээдэг.  Өнөөдөр Пүүжээ ах маань Сонгинохайрхан дүүрэг дэх УИХ-ын 26-р тойрогт ИЗНН-аас нэр дэвшиж байгаа. Дашрамд хэлэхэд АНМ хөдөлгөөн аль нэг нам, улс төрийн хүчинд үйлчилдэггүй, дэмждэггүй. Харин цөмийн эсрэг тууштай тэмцэгч гэдгээ  ажил хөдөлмөрөөрөө нотолсон шударга, оюунлаг иргэдийг дэмжих болно.

Голомт.орг-ын уншигчдад хандаж уриалах нь:

Өнөөдөр шударгаар аж төрж, шударга хөдөлмөр эрхэлж Монгол улсын иргэн хэн ч бай төсвийн мөнгөнөөс сая саяар нь луйвардаж хөлжигсөдтэй өрсөлдөхөд асар бэрх гэдгийг та мэдэх буй заа.    

Иймд голомт.орг Ш. Пүрэвсүрэн гуайн сонгуулийн сурталчилгаанд зориулан хандив цуглуулж байна.

Чин сэтгэлээсээ Монгол улсынхаа ирээдүйд сэтгэл түгшсэн, жинхэнэ оюунлаг,  чадварлаг, шударга төрийн түшээтэй болохыг хүсч байвал Ш. Пүрэвсүрэн гуайг та дэмжээрэй.

Та бүхэн Ш. Пүрэвсүрэн гуайн үзэл баримтлалыг зөвшөөрөн дэмжиж байгаа бол Голомт банкин дахь 1605021509 тоот дансанд 6 сарын 27-ны дотор боломжийнхоо хирээр хандив өргөхийг хичээгүйлэн хүсье.

Paypal данс: koobmeejmuas@gmail.com

Би Ш. Пүрэвсүрэн гуайг дэмждэг. Түүний эрдэм мэдлэг, арга туршлага, өөрийн үзэл бодолдоо тууштай, амласан ярьсандаа үнэнч зан, өнгө мөнгөнд автаагүй зан чанарт би итгэдэг.

Ард иргэддээ түшигтэй, нөмөр нөөлөгтэй, залуу үеийнхэндээ өөрийн биеэр үлгэр дууриалал болсон эрдэмтэн Ш. Пүрэвсүрэн гуайд Монголын төрийн жолоог атгуулахад Монголчууд алдахгүй гэдэгт би итгэж байна.      

Амарлингийн замыг зааж Алтангадас од болон алсаас гялалзсан Пүүжээ ахдаа баярлалаа.

Танд өндрөөс өндөр амжилт хүсье!

Хүндэтгэсэн,
Амарлин

PS:

Ш. Пүрэвсүрэн гуайн бичсэн ил захидал хийгээд эдийн засагч Д.Жаргалсайханы тавьсан арван асуултын хариуг дороос үзнэ үү.

Мөн дэлгэрэнгүй мэдээллийг түүний блогоос аваарай!

ИРГЭН ТАНД ХҮРГЭХ ИЛ ЗАХИДАЛ

Монгол орны газар нутаг лиценз нэрээр харийнханд дамлан худалдагдаж, эх орны маань тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал үндсэндээ алдагдахад хүрээд байгааг бид мэдэх билээ. Гол ус бохирдож, ширгэж, ой мод хэрчигдэж дуусаж байгаа энэ үед бидэнд өнөөдөр эд хөрөнгө гэхээс илүүтэйгээр эх орноо үр ач нартаа бүрэн бүтэн, онгон дагшин байдлаар нь хүлээлгэн өгөх хариуцлагатай үүрэг ногдоод байна. Миний бие 1997 оноос “Ногоон загалмай” нийгэмлэг ТББ-ыг санаачлан байгуулж, газрын наймаа, усны хомсдол, орчны бохирдолтой тэмцэх ажилд хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаль орчны салбарт өөрийн мэдлэг туршлагаа олон түмэнтэйгээ хуваалцаж ирснийг Та бүхэн сайн мэдэх болов уу. Хонгорын хоронд нэрвэгдсэн хүмүүсийн өмнөөс төр засгийн цагаандаа гарсан луйварчидтай тэмцэхэд хэвлэл мэдээллийнхэн бидний талд үргэлж байж, үнэний дуу хоолойг олон нийтэд хүргэдэг байсанд би их баярлаж явдаг.

 

Зорьсон зүтгэсэн аливаа зүйлдээ хүрэхийг эрмэлзсэн хүнд элдэв саад бэрхшээл мундахгүй их байдгийн нэг нь  хөрөнгө мөнгөний гачаал болохыг би 2008 онд болсон УИХ-ын сонгуулийн үеэр өөрийн биеэр мэдэрсэн юм. Тэр үед УИХ-д гурван суудлын төлөө өрсөлдөгчид Дарханы 19-р тойргийн сонгогчдод аль ч нам эвсэл ялгаагүй баруун солгойгүй мөнгө цацаж байсан. Тэрбум тэрбумаар нь ингэж цацаж хийсгэчихээд түүнээсээ ихийг олох зорилготой хүмүүсд бизнесийнхэн тэр тусмаа гаднынхан ёстой гар татдаггүй юм билээ.  Сонгуулийн шинэ хууль батлагдсанаар энэ зам хаагдаж, бохир аргаар хөрөнгө мөнгө хураагаагүй мань мэтэд нь нэгэн шинэ боломж олдож байгаад би их баяртай байна. Мөн машинаар санал тоолох болсон  нь сонгууль луйварддаг эрх баригчдын дардан зам хаагдлаа гэж ойлгож байна.  Гэхдээ 280 мянган хүн амтай Улаанбаатар хотын хамгийн том энэ дүүрэгт сонгогч болгонд хүрч ажиллахад та бүхний санхүүгийн дэмжлэг хэрэгтэй болоод байна.

Миний бие эх орон ард түмнээ дээдэлж, авилга хээл хахуулийн торонд хүлүүлэхгүй явахаар зам шулуудсан бөгөөд хүмүүний шунал, тачаал тэнэглэл гурвыг үзэн яддаг нэгэн.   Би энэ удаагийн сонгуульд зарцуулах хандиваа хэдхэн хүнээс их хэмжээгээр биш, өөрийгөө дэмжигч мянга мянган хүнээс тав арваар нь ч болов цуглуулах нь хожмоо их мөнгөний барьцаанд орохгүй, нэр цэвэр явах баталгаа гэж үзэж байна.

Хүндэт ахан дүүс, найз нөхөд, андууд аа!!!

 Хэрэв Та миний үзэл бодол, итгэл үнэмшилтэй санал нэгдэж, намайг улс төрд орохыг зөвшөөрөн дэмжиж байгаа бол Монгол улсын сонгуулийн хуулинд заасан ёсоор хувь хүн нэгээс нэг сая, пүүс компани бол гурав хүртэлх сая төгрөгний  дэмжлэгийг Голомт банкин дахь миний 1605021509 тоот дансанд 6 сарын 27-ны дотор хандивлана уу. 

Ийнхүү хандив өргөхдөө хувь хүн 1-1.000.000, пүүс компаниуд 3 сая хүртэл төгрөгийг хуулинд зааснаар хандивлаж болох ба “гүйлгээний утга” гэдэг дээр нь “Нэр дэвшигч Ш.Пүрэвсүрэнд өргөх хандив” гэж бичээд өөрсдийн нэр хаяг, утсаа үлдээнэ үү. Баярлалаа.

Би та бүхнээс авсан мөнгөн хандивын зарцуулалтын тайланг хуулийн дагуу сонгуулийн дараа хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд нээлттэй зарлах болно.

Та бүхний итгэлийг дааж “Эрүүл нутаг”, “эрүүл нийгэм” “эрүүл төрийн” төлөө ШУНАЛГҮЙ, ШУЛУУН, ШУДАРГА ажиллахаа би амалъя.  Миний энэхүү хүсэлтийг цааш нь өөрсдийнхөө таньж мэдэх ах дүүс найз нөхдөдөө дамжуулж намайг болоод намыг маань дэмжээрэй. 

                               МОНГОЛДОО САЙХАН АМЬДАРЪЯ!!!

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх УИХ-ын 26-р тойрогт ИЗНН-аас нэр дэвшигч Шаравын Пүрэвсүрэн

Эрхэм Д.Жаргалсайхан танаа

Эдийн засагч Д.Жаргалсайхан таны УИХ-д дэвшигч надад  тавьсан арван асуултын тань хариу

1. Таны Их Хурлын гишүүн болох туйлын зорилго юу вэ? Хамгийн чухал гурван зорилтоо хэлнэ үү?  Энэ бүхэн чин үнэн гэдгийг эх, эцгийнхээ нэрийг барьж тангараглаж чадах уу?  Та үүндээ бүрэн итгэлтэй байна уу?

Миний бие 2008 онд явагдсан УИХ-ын сонгуульд Дархан-Уул аймагт Монголын Ногоон Намаас нэр дэвшихдээ “Эрүүл нутаг, эрүүл нийгэм, эрүүл төр” уриатай оролцсон юм. Энэ бол миний эргэлт буцалтгүй туйлын зорилго гэдгийг бурхан болсон аав, амьд сэрүүн байгаа ээжийнхээ нэрийг барин тангараглаж байна. Өөртөө тавьсан энэ тангарагтаа би үхэн үхтлээ үнэнч явна гэдэгтээ бүрэн итгэлтэй байна. Үр ач нартаа ч бас давхар андгайлж байна.

2. Монголын үндэсний аюулгүй байдалд хамгийн ноцтой заналхийлж байгаа засаглалын авлигыг хаанаас нь эхэлж цэвэрлэх вэ? Улаанбаатар хотын газар болон ашигт малтмалын лицензийн наймааг удирдаж байгаа төрийн зохион байгуулалттай гэмт хэргийг яаж зогсоох вэ?

Энэ удаа ИЗННамаас УИХ болоод НИТХ-д нэр дэвшиж байгаа бүх хүмүүс үүнийг  өөрсдөөсөө эхлэн хийх ёстой гэж үзэж байгаа. Эс чадваас бид эгүүлэн татагдах хариуцлага үүрэх учиртай. Бид намаасаа нэр дэвшин батламж авахдаа бүгдээрээ ингэж тангараглацгаасан юм. Хоосорч ядуурсан үедээ та эд хөрөнгөө бүр аргаа барвал орон байраа худалдаж, барьцаалж болно. Харин эх орноо хэзээ ч худалдах ёсгүй. Ингэвээс эх орноосоо урвагч гэдэг нэр хочийг өөрөө төдийгүй үр хүүхэд минь үүрнэ гэдгийг би хатуу ухамсарлаж байна. Дээрх авилгын сүлжээг таслан зогсооход биднээр зогсохгүй Монгол хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй. Одоогийн “Ашигт малтмалын” хуулийн 49.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлж болно. 51.1 Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь банк болон банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж болно гэсэн  бурангуй зүйлүүд буй. Мөн хуулийн 17.4-т Нэг тусгай зөвшөөрлөөр олгох хайгуулын талбайн хэмжээ 25 гектараас багагүй, 400 мянган гектараас ихгүй байна. 17.5. Нэг хуулийн этгээдэд олгох хайгуулын тусгай зөвшөөрлийн тоог хязгаарлахгүй..    гэх мэт хэрээс хэтэрсэн айхтар заалтууд  буй.  Ер нь өмчилсөн биш эзэмшиж буй газрыг өөрийн өмч мэт бусдад худалдаж болдог хуулийн хуудуутай заалтуудыг хүчингүй болгохын төлөө би сүүлийн арван жилийн турш тэмцэж ирсэн, цаашдаа ч  энэ тэмцлээсээ ухрахгүй гэдгээ ард түмнийхээ өмнө дахин амалж байна.

3. Та муур хулганын үлгэр шиг болсон гол мөрөн, ойн сав газарт ашигт малтмалын хайгуул, олборлолт явуулахыг хориглосон “урт нэртэй хуулийг” хэрэгжүүлж чадах уу?  Энэ хуулийг анхнаасаа байгаль орчны төлөө ТББ-ууд санаачлан УИХ-аар батлуулахын тулд зарим нь өлсгөлөн хүртэл зарлан тэмцэж байсныг та мэднэ.  Хууль батлагдаад таван жил өнгөрлөө, эрх баригч МАНАН хуулийг хэрэгжүүлэхийн тулд хуруугаа ч хөдөлгөсөнгүй, харин ч нэр бүхий зарим гишүүд энэ хуулийг өөрчлөнө гээд төсөл барьчихсан гүйлдэж явахыг бид харлаа. Байгаль орчны чиглэлээр ажилладаг 400 шахам байгууллагыг эгнээндээ нэгтгэдэг Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлийн удирдах зөвлөлд 2008 онд сонгогдон сүүлийн дөрвөн жил ажиллаж байгаагийн хувьд энэ хуулийг хэрэгжтэл өөрийн эхэлсэн тэмцлээ зогсоохгүй үргэлжлүүлнэ. Бидэнд өнөөдөр уух ус, ургаа мод хэрэгтэй юу? эсвэл алт чухал уу? гэдгийг сонгох цаг нэгэнт болсон, харин ч бүр хэтэрхий оройтоод байна.

4. Та манлайлагч мөн үү? Шийдвэр гаргахад нь бусдад нөлөөлж чадах уу?  Өнгөрсөн сонгуулийн үймээнээр нэг намын байр, соёл урлагийн ордон шатсан ч төрийн эрх баригчид төсвийн 14 тэрбум төгрөгөөр сүрлэг том ордон барьсан атлаа соёл урлагийн ордныг шатсан балгас хэвээр нь үлдээсэнд та ямар дүгнэлт хийж байна вэ? Таван хүнийг хэн буудаж алсныг мэдэн будилж, улс төрийн жүжиг тавьсаар дараачийн сонгуулийг хүргэж байгааг юу гэж үзэж байна вэ? 

Эхний асуултанд би өөрөө биш миний удирдлага доор ажиллаж байсан тэр үеийн ХХААЯ, ХААИС-ийн багш, оюутнууд, Мянганы сорилтын байгаль орчны албаны ажилтнуудаас асуувал илүү баталгаатай юм ярих болов уу. Харин сүүлчийн асуултын хариуг тэр үеийн эрх баригчид, одоогийн сонгуульд нүүрээ ширлэчихээд оролцож байгаа этгээдүүдээс эрэх нь зүйтэй биз дээ. Миний зүгээс үүнд өгөх хариулт бол жирийн түмнээс тэдний энэ үйл ажиллагаанд тавьж буй дүнгээс явч зөрөхгүй гэдэгт итгэлтэй байна.

5. Эх орноо хөгжүүлэн бадраах их үйлсийг удирдан жолоодоход Та өөрийнхөө мэдлэг, боловсрол, ёс зүй, соёл, гадаад хэлний чадвараа хангалттай гэж дүгнэж байна уу? Даяаршсан Монголыг дан хэлээр удирдах боломжгүй шүү.

ОХУ-ын Эрхүү, Москва хотуудад сурч боловсорч амьдралынхаа арван жилийг өнгөрөөсөн учир орос хэл миний хоёр дахь хэл. Харин англи хэлийг нэлээд хожим хойно үзсэн ч энд тэндхийн орнуудад зохиогдсон олон улсын хурал цуглаанд хорь гаруй удаа оролцож байгаль орчны чиглэлээр илтгэл хэлэлцүүллээ, англи хэлнээс хэд хэдэн ном орчууллаа, Мянганы сорилтын сангийн төслийн бичиг баримтыг анхнаас нь англи хэлээр  боловсруулахад оролцлоо, хэнбугайд нь ч миний англи хэлний мэдлэг гологдоогүй.

6. Та том томоор намдаа хандив өргөн “лангуу биш дэлгүүрийг” нь бүхэлд нь худалдаад авчихдаг “үнэмлэхүй авлигачдын” нэг үү?

Би амьдралдаа хэнээс ч авилга авч үзээгүй, бусдад өгье гэсэн сэтгэл ч байхгүй, халаас хоосон нэгэн.

7. Та Их Хурлын гишүүн болоод юуны өмнө хувийнхаа хэрэгцээг хангах төлөвлөгөөтэй байна уу?

Би өнөөдөр амьдрах байртай, унах унаатай, хүүхдүүд бүгд тусдаа гарсан учраас надад хувийнхаа хэрэгцээг хангахад одоогийн их хурлын гишүүний цалин болох сая төгрөг элбэг хүрэлцэнэ. Үүнд элдэв зүйлийг төлөвлөх шаардлагагүй.

8. Та Их Хурлын гишүүний хувьд Монгол Улсын, иргэд бидний нүүр царай болно. Таны үг яриа, үйл ажиллагаа олон хүнд, ялангуяа залуучуудад зөв сайхан үлгэр дуурайл болно гэдэгт итгэж байна уу?

1985 оноос хойш ХААИС төгссөн мянга мянган залуус хот хөдөө хаана ч таарсан намайг “багш аа” гэж хүндэлдэг, байнга санал зөвлөгөө авдаг юм. Энэ нь би тэдэнд өөрийнхөө үлгэр жишгээр амьдралд нь үлгэр дууриал үзүүлж чадсаных юм болов уу гэж боддог, цаашдаа ч энэ имижээ хадгалаад явахаас өөр сонголт надад байхгүй.

9. Таны сонгуулийн сурталчилгааны зардал хаанаас гарсан бэ? Хэнээс хичнээн хандив авснаа сонгуулийн нярав тань тодорхой бүртгэх ёстой.  Тайлангаа ялсан ч, үгүй ч гаргах ёстой. Та баахан өр тавьж төрийн эрхийг авмагцаа зээлдэгчийнхээ эрх ашгийг хамгаалсан хууль журам гаргах, тендерт ялуулах, албан тушаал бэлэглэх зэрэг замаар төлөх гэж байгаа бол үүнийг засаглалын авлига гэдэг. Хуулиар таныг шийтгэх болно гэдгийг сануулья.

Би сурталчилгааныхаа зардлыг одоо хүртэл бүрэн бүрдүүлж чадаагүй яваа жирийн амьдралтай нэгэн. Зорилго нэгт нам маань болох бүтэхээрээ тусалж байна. Ах дүүс найз нөхдөдөө ард түмэндээ энэ талаар хандсан байгаа. Анхнаасаа зай барьж явсан болохоор надад бизнесийн бүлэглэлд ажилладаг баян найз нөхөд алга. Хүнээс юм гуйж үзээгүй надад хандив босгох гэдэг чинь хамгийн хэцүү даваа юм байна. Гэхдээ олны төлөө гэсэн сэтгэл зориг байгаа болохоор бүтэж л таараа. Мөнгө цацаж байгаад их хуралд гардаг биш харин эсрэгээрээ тэднээс дэмжлэг тусламж авч байгаад төрд сонгогддог ардчилсан орны жишгээр яагаад явж болохгүй гэж.

10. Их Хурлын гишүүн болбол Та ард түмнийхээ дарга нь биш зарц нь болж буйгаа хүлээн зөвшөөрөх үү?  Та төрийн ажлыг мэргэжил гэж ойлгоод үр хүүхдэдээ уламжлуулан, эзэмшүүлэхийг хичээж байгааг юу гэж үздэг вэ?

Миний аав Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат Т.Шарав Халх голын дайны үед цэргийн албыг таван жил хааж, маршал Х.Чойбалсан гуайн цайг нь хүртэл зөөж өгч явснаараа байнга бахархдаг жирийн ажилчин хүн байсан. Би харин өөрөө эр цэргийн алба хаагаагүй учраас эх орондоо ихээхэн өртэй хүн. Хэрэв Сонгинохайран дүүргийн сонгогч олон надад итгэл хүлээлгэвэл үлдэж байгаа насандаа ганц удаа боловч ард түмнийхээ зарц болоход бэлэн, бүр мэдэхгүй чадахгүйдээ хүрэх юм бол сонгогчдынхоо шахалтаар биш өөрийнхөө санаачлагаар нэрээ татахад ч бэлэн. Харин төрийн өндөрлөгт оччихоод дорвитой хийсэн бүтээсэн юмгүй мөртлөө буг болтлоо тэнд шигдэх, тэр бүү хэл үр хүүхдэдээ үе залгамжлуулна гэдэг эрүүл ухаантай хүний хувьд байж болшгүй ёс бус үйлдэл. Ямар хойд Солонгос, Куба биш, өнөөдөр бид чинь хаант засаглалтай бус ардчилсан төртэй оронд амьдарч байгаа биш бил үү?

Таны хүндэтгэсэн,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх УИХ-ын 26-р тойрогт ИЗНН-аас нэр дэвшигч доктор Шаравын Пүрэвсүрэн


7 Comments on “Амарлин болсон учир минь..”

  1. mnhh says:

    энэ сайтийг аягүй уншдаг бсийн одоо бол карьер хөөсөн сайт шиг л санагдаж бн

    • enkhee says:

      Амирланд талархаж явдаг. Би ч бас Ш.Пурэвсүрэн гуайн бичсэн зүйлүүдийг уншиж байсан ИТГЭЛ даах хун гэж бодож явдаг.Сонгуульд нэр дэвшиж байгаад баярлаж байна. Алс холоос дэмий л мэдээ сонсож,уншиж суух юм даа. АМЖИЛТ

    • Хэ хэ, эхлээд хэлж байгаа зүйлийнхээ тухай мэддэг байх хэрэгтэй л дээ. Карьер гэдэг нь албан тушаал хөөнө гэсэн үг. Би ямар ч албан тушаал, эрх мэдэл, мөнгө хөөсөн зүйл алга.

      Улс төрийн намуудын хуурамч амлалтанд толгой эргээд, цөмийн аюулын үүл арилчихсан гэж бодож байгаа бол чи эндүүрчээ. Харин ч эсрэгээрээ, нууцаар явагдаж, Монгол улс жинхэнээсээ аюулд учраад байна. Тиймээс УИХ-ын гишүүдийн дунд тэр бүхний эсрэг тууштай зогсдог хүмүүс асар чухал…

      Өнөөдөр Монголд цөмийн хаягдал булшлахгүй энэ тэр гэсэн амлалт өгч буй хүмүүс, улс төрийн намуудын хувьд бол энэ бүхэн зөвхөн сонгуулийн өмнөх шоу. Ш-О-У.

      Үнэхээр тийм эх оронч, энхийн цагаан тагтаа байсан юм бол яагаад энэ асуудлыг эхлэмэгц эсэргүүцэн тэмцээгүй юм? Зүгээр л хараад тайван амар сууж байсан. Сүүлийн сарын дотор зүсээ хувилгасан тэдэнд итгэхгүй.

      Одоо намын хөтөлбөртөө тусгалаа гээд яах ч үгүй. Цөмийн машин ажиллаад эргэлдээд эхэлчихсэн. Цөмийн энергийн хууль, хөтөлбөр, бодлого (2009), Үндэсний Аюулгүй Байдлын Үзэл Баримтлал (2010) зэрэгт цөмийн хаягдал булшлана гээд тусгагдчихсан. Чамайг идэж, унтаж ,зугаацаж явахад тэр бүхэн хэрэгжээд эхэлчихсэн…

      Ганц Ш. Пүрэвсүрэн гуайд л итгэж байна. АНМ, голомт.орг цөмийн асуудлаар ярьж эхлэхээс өмнө л тэр хүн энэ талаар анхааруулж байсан. Одоо ч яриад л явж байна. Тууштай тэмцэгч гэж энийг л хэлнэ.

      Яагаад цөмийн эсрэг тууштай тэмцэж байгаа хүнийг дэмжихээр карьер хийсэн болдог юм? Бичсэн зүйлд чинь дуслын чинээ ч утга алга.

  2. delgermaa says:

    дэмжиж байна!!!!

  3. иргэн says:

    Монгол улсад хохиролтой гадаад улсуудтай байгуулсан гэрээ хэлэлцээрүүдийг ил гаргах нь монголын ард түмэний ирээдүйд чухал ач холбогдолтой. Сайн муугаа мэдэж төр түмэн олоноо зөв удирдах эрхэм үүрэг улсын их хуралд ноогдож байна. Хариуцлагаас зугтахгүй үүрэгээ биелүүлэх эрхэм хүнээ тал талаасаа дэмжиж сонгох эрхээ эдлээрэй.

  4. Khagaan says:

    Пурэвсүрэн гуай шиг боловсролтой, мэдлэгтэй, чадвартай хамгийн гол нь улс үндэстнийхээ аюулгуй байдлын төлөө цохилох зүрх сэтгэлтэй, хэлэх үгтэй, хийсэн ажилтай, хэрэгжүүлэх санаатай хүмүүс ховор байна! Энэ хүнийг бүрэн дүүрэн дэмжиж байна! Монголын төрд ус агаар шиг дутагдсан хүн!!!

  5. delgermaa says:

    Пурэвсүрэн гyaйд: сонгууль нэгээр дуусахгуй шүү!!! Дараагийн сонгуульдаа сайн бэлдээрэй !!!
    Танд эрүүл энхийг хусэн ерөөе!


Leave a Reply to delgermaa Cancel reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s