Принстоны их сургуулийн эрдэмтэд Монголын эрх баригчдыг цөмийн хаягдал булшлах хүсэлт гаргасан гэж гүжирдэв үү?
Posted: 2012/03/27 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул, Цөмийн хаягдлын бизнес, Цөмийн хуйвалдаан | Tags: Авилга гэмт хэрэг, Ноцтой, Хариуцлага, Хүний мөс, шударга ёс 2 CommentsОршил хэсэг
Манай эрх баригчид гэж нэг хэдэн хөөрхийлөлтэй, хэлмэгдсэн хүмүүс байх. Мөрөөрөө мөнгө хайж явж байгаад л гадныханд гүжирдүүлчихдэг болохоор дотроо бөөн гомдол явдаг байх даа. Жишээ нь өнгөрсөн хавар “Майничи” сонинд улайн цайм гүтгүүлсэн ш дээ, манай нөгөө Г. Занданшатар сайд.
“Cенсааци хайсан гудамжны шар хэвлэл гүжирдчихлээ” гэж ирээд л “Майничи” сонин руу мэдэгдэл явууллаа гээд байсан. Тэгтэл нөгөөдүүл нь бүр таг чиг шүү. Тэр бүү хэл лавшруулж ирээд л бичээд байсныг яана. Дээрээс нь “Нью Йорк Таймс”, “Forbes”, за бүр “Известия” ч юув дээ. Бүгд л дуу дуугаа авалцаад “Монголын эрх баригчид ард түмнээсээ нуун барин байж, гадныxны ашигласан асар хортой цөмийн түлшний хаягдал булшилж, хармай хотоо түнтийлгэх гэж байна” гэж бичээд …
Тэгсээр байгаад хөөрхий муу А. Ундраа сайдын суудлаас суга. Бүр “цөмийн хаягдал гэдэггүйм, асар үнэтэй ашигт малтмал, арван сая жил хадгалвал алт эрдэнэс гэх болно, хутга заазууртай л адилхан ш дээ, гал зуухандаа л хадгалчиxья л, үр тариа энэ тэрэнд сайн” гээд ятгаад ятгаад дөнгөөгүй шүү . Хомрогонд нь Р. Бадамдамдин хүртэл “МонАтом”-ын захирлаас тас. “Цөмийн хаягдал Монголд булшилна” гэдгээ байгууллагынхаа цахим хуудсан дээр японоор биччихсэн байсныг нь Япон хэлтэй саваагүй хэдэн нөхөд олоод уншчихсан байгаам даа. Бусдад нь анхааруулахад дараачийн удаа Арго багшаас асууж байгаад харь гаригийнхны хэлээр бичих хэрэгтэйм байна.
Ёстой азаар муу Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёроо тосч авч үлдсэн шүү. Ээ дээ сүйхээтэй хандсан болоод л тогтож чадсан гэж байгаа. Харин гүтгээд байсан нөгөө Японы сэтгүүлч Айкава Харуюки цөмийн нууц хуйвалдааныг илрүүлсэн гэж Үеэдагийн шагнал хүртсэн гэх юм. Арай ч дээ. Ядаж шагналынхаа мөнөгөнөөс манай хэдтэй хуваалцсан байгаа даа. Тэрнээс болж өчнөөн бизнес хойшлоод, тэр арван тэрбумын хүү мүү гэж тамтгаа алдсан юм болоо биз дээ.
Саяхан хөөрхий муу Eрөнхий сайд маань “алт мөнгө, газрын үнэт мeталлыг минь аваад өгөөөч, оронд нь АЦС бариад өгөөч” гээд л Япон явсан чинь нөгөө муу “Майничи” сонинд л ярилцлага өгсөн харагдана лээ. Жижигхэн улсын ерөнхий сайд болохоор тоохгүй, ердөө 5-6 -хан сая хүн уншдаг нэг муу өдөр тутмын шар сониндоо ярилцлага өгүүлсэнд нь ёстой их гомдлоо. Харин ярилцлага өгөх далимандаа Ерөнхий сайд маань нөгөө гүтгүүлсэн Г. Занданшатар сайдын захианы хариуг асуучихаагүй л байгаа даа. Уг нь тэр мэтийн ухаан сийлчихээp л эр дээ.
Тэгвэл өнөөдөр голомт.орг гадныхны бүр лүү ноцтой хуйвалдааныг илрүүллээ. Принстоны эрдэмтэд Монголын эрх баригчдыг цөмийн хог шаар нутагтаа булшлахыг санал болгосон гээд улайн цайм гүтгэсэн байна. Энэ тухай урьд нь ч бас хэсэг эрдэмтэд Азийн нэгэн эрдэм шинжилгээний сэтгүүлд бичиж байсныг golomt.org орчуулан тавьж байсан удаатай.
XXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXXX
Эх сурвалж: http://wws.princeton.edu/research/pwreports_fy10/WWS591f.pdf
Принстоны их сургууль, Вудроо Вильсоны нэрэмжит олон улсын харилцааны сургууль.
Төслийн зөвлөх: доктор Frank von Hippel ба доктор Fumihiko Yoshida
Боловсруулсан: Nathaniel Adler, Rafael Diaz, Jon Goldstein, Heerang Kang, Sophia Peters, Christian Phillips, Will Tucker, David Turnbull, ба Lynn von Koch-Liebert
Голомт.орг-ийг сонирхон уншдаг хүмүүст зориулан энэ удаа Принстоны их сургуулиас 2011 оны 1 сард гаргасан нэгэн тайланг толилуулж байна. Тус тайланг бүхэлд нь орчуулах зорилго тавиагүй гэдгийг анхааруулья. Тайланг PDF- p татаж авахыг хүсвэл энд дарж авна уу.
Товчхондоо бол тус тайлангийн эхний хэсэгт цөмийн эрчим хүч үйлдвэрлэдэг улс орнуудын хувьд ашигласан цөмийн түлшнийхээ хог шаарыг хааш нь далд оруулах вэ гэдэг томоохон асуудал үүсдэг талаар бичжээ.
Ингээд 1990-ээд онуудад Австралид цөмийн хаягдлаа булшлах гэсэн оролдлого бүтээгүй тухай дурсаад, мөн Хятад улс хэдийгээр цэлгэр уудам нутагтай ч гадны цөмийн хаягдал авна гэдэг юу л бол доо хэмээн бичжээ. Харин Хавсралт 1-д (20 хуудас ) нэгэн сонирхолтой мэдээлэл байсныг орчуулж хүргэвэл:
“Ашигласан цөмийн хаягдал түлшийг цөөн хэдэн оронд газрын гүнд булшлах нь улс орон тус бүр өөрсдийн цөмийн хаягдлын байгууламж барьж байснаас хямд төсөр тусна. Нэн ялангуяа бага хэмжээний цөмийн хөтөлбөртэй, эсвэл газар зүйн онцлогийн хувьд цөмийн түлшний хаягдлаа булшлах боломжгүй улс орнуудад илүү тохиромжтой хувилбар юм.
Өмнөд Солонгос болон Япон улсууд томоохон цөмийн хөтөлбөртэй ч хүн ам шигүү суурьшсан бөгөөд орон нутгийн засаг захиргаанаас цөмийн хаягдал булшлах байгууламж байршуулж, байгуулахад хориг тавьдаг тул асуудал тун ярвигтай. Тиймээс олон улсын цөмийн хаягдлын байгууламж байгуулах санал тэдгээр орнуудын анхаарлыг татах нь ойлгомжтой.
Монгол улс болон ОХУ-аас олон улсын цөмийн хаягдлын байгууламж байгуулахыг сонирхолтой гэдгээ илэрхийлсэн байгаа. Монгол улсын хувьд дэд бүтэц сул хөгжсөн, Ази тивийн төвд нь далайд гарцгүй байрлалтай зэрэг нь цөмийн булш байгуулах газраар сонгогдоход нь нөлөөлж байна. Бидэнтэй ярилцсан цөмийн мэргэжилтний хэлснээр Монгол улсын хувьд гадны цөмийн хаягдлыг хөрш орнуудынхаа нутаг дэвсгэр дээгүүр нь дамжин өнгөрүүлэхээр тохиролцоход бас бэрхшээл учирч болох ажээ.
2001 онд Оросын Парламентаас ашигласан цөмийн түлш импортлохыг зөвшөөрсөн хууль баталсан. Гэвч Оросын аж үйлдвэрлэл, санхүүгийн тогтолцоо нь хаалттай хэвээр, шударга бус явдал үргэлжилсээр байна. Дээрээс нь ЗХУ ба одоогийн эрх баригчид нь ч ялгаагүй ард иргэдийн аюулгүй байдал, байгаль орчны бохирдлыг үл тоомсорлон, аюул заналхийлэл учруулж ирсэн түүхтэй, дотоодын эсэргүүцэл өрнөдөг зэргийг эргэцүүлж үзэхэд Оросын эрх баригчдын хувьд гадны цөмийн хаягдал түлш хадгална гэдэг туйлын хэцүү ажээ.
Тэгээд ч Оросын цөмийн цогц хөтөлбөрийг удирддаг гол байгуулллага болох төрийн өмчийн РосАтом корпорациас 2006 онд ОХУ нь гадны гаралтай цөмийн хаягдал түлш авахгүй хэмээн мэдэгдсэн билээ.
ОХУ-д цөмийн хаягдлын байгууламж байгуулахыг дотоодын олон нийт эсэргүүцэж байгаа төдийгүй бусад улс орнууд ч Оросын эрх баригчдыг олон улсын дээд зэргийн стандартын дагуу байгаль орчинд аль болох аюулгүй шийдлийг сонгож ажиллана гэдэгт эргэлзэж буй ажээ. Уг нь Олон Улсын Атомын Энергийн Газраас ОХУ-ын цөмийн хаягдлын байгууламж байгуулахад тавих хараа хяналтаа нэмэгдүүлвэл бусад улсын итгэл үнэмшил бас нэмэгдэж магад. Гэсэн ч өнөөдрийн байдлаар цөмийн хаягдлaa Орос улсад булшлах нь хамгийн боломжийн хувилбар мөн хэдий ч хэрэгжих боломж тааруу юм. Ирээдүйд ОХУ цөмийн технологио гадаад улс орнуудад нийлүүлж, цөмийн хөтөлбөрөө өргөжүүлэх аваас тэнд олон улсын цөмийн түлшний байгууламж байгуулах улс төрийн боломж нээгдэж болох юм.”
Амарлин
Муу Элбэгдорж, Занданшатар нарын л хийж байгаа булай зүйл бна доо. Тэр Ундраа нарын жижиг гарууд бол яхав дээ гар хөлийнх нь үзүүрт хэл ярь гэснийг нь өөрийн толгойгүй мэт гүйцэтгэж явсан улс. Гэхдээ л ийм юманд оролцсон, хийж яваа улсуудын үйлс яаж бүтэх вэ!!!! Үр хүүхэд үндэс угсаагаараа мэдрэх болноо тэд!!!
Энхбат гэдэг дарга гэрээ хийх гэж байсан хүмүүсийн нэрийг хэлнэ гээд байсан яасан бэ хүмүүс ээ