Минаматагийн эмгэнэл Фукушимад давтагдаж байна
Posted: 2012/03/26 Filed under: Атомын цахилгаан станц, Цөмийн хаягдал, цөмийн аюул, Япон, Фукушима, Mainichi Shimbun | Tags: Авилга гэмт хэрэг, Мэдүүштэй, Хариуцлага, шударга ёс, Хүний мөс 1 CommentМөнгөн усанд хордсон хүмүүс тахир дутуу болж, олон хүүхэд өвчилсөн аймшигт Минаматагийн өвчнийг дэлхий нийтэд таниулж, шударга үнэний төлөө тэмцэж явсан Япон эмэгтэй түүх Фукушимад давтагдаж буй тухай сонингийн ярилцлагандаа өгүүлжээ. Харин уншигч та бүхэн түүний ярилцлагыг уншаад Хонгорт болсон эмгэнэлийн талаар эргэцүүлэн бодоорой.
Хонгор сумынхан хордоход хариуцлага хүлээсэн хүн байхгүй. Тэгвэл Монгол улсад АЦС барьж, уран олборлож, цөмийн түлшний хаягдал булшилснаас үүдэх хариуцлагыг хэн хүлээх вэ?
Зуу ч наслахгүй байж зуун мянган жилийн хор хөнөөлийг Монголд минь битгий авчраарай!
Амарлин
Минаматагийн эмгэнэл Фукушимад давтагдаж байна гэж цөмийн аюулын эсрэг тэмцэгч хэлжээ
Бичсэн: Аяако Огуни
“Майничи” сонин, 2012 оны 3 сарын 4
Эх сурвалж:http://mdn.mainichi.jp/mdnnews/news/20120304p2a00m0na005000c.html
Нийтлэлийн эхийг PDF-p эндээс үзнэ үү.
Айлин Миоко Смит гэдэг эмэгтэй Японы Эдийн засаг, Худалдаа, Аж Үйлдвэрийн яамны гадна суулт хийж байхдаа “Минамата ба Фукушимагийн хохирогчдын эсрэг төр засаг, мужийн засаг захиргаа, тэдний гар хөл болсон эрдэмтэд, пүүс компаниудын хэрэглэж буй 10 арга стратегийг” тодорхойлж гаргажээ.
Олон жилийн өмнө Айлин Миоко Смит нь өөрийн нөхөр, зураач Южени Смит агсны хамтаар дэлхий нийтийн анхаарлыг байгаль орчны бохирдлоос үүссэн бөгөөд улмаар ард иргэдийг асар ихээр хохироосон Минаматагийн өвчинд хандуулж байсан юм. Тэрбээр Фукушимагийн цөмийн осол Минамагийн өвчин хоёрт ижил төстэй зүйл олон байна хэмээн тэмдэглэсэн юм.
Смит хатагтайн үзэж буйгаар энэ хоёр осол гамшиг нь тэгш бус байдлаас үүдэлтэй гэдгээрээ төстэй юм байна. Тэрбээр буй болсон нөхцөл байдалд засгийн газрын идэвхгүй байр суурийг буруушаахын урьтал болгосонгүй, харин шударга бус тогтолцооны бурууг олж харжээ.
“Японы томоохон химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Чиссо корпорацийнхан нефтийн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх салбарт өрсөлдөгчдөөсөө хоцорсноо мэдмэгцээ Кумамото мужийн Минамата хотынхныг золигт гаргаж, ашиг орлогоо баталгаажуулсан юм. Минамата хотын байгаль орчин юу ч үгүй хордож байхад Чиссо корпорацийн төв цэцэглэж байсан. Фукушимад үүнтэй яг ижил зүйл тохиолдож байна. Уг нь АЦС-уудаа Токиод барьсан бол цахилгаан эрчим хүч дамжуулахад эрчим хүчний алдагдал гарахгүй ашигтай баймаар. Гэтэл АЦС-аа Фукушимад барьчихаад үйлдвэрлэсэн эрчим хүчийг нь Токиочууд ашиглаж байна. Нэг нь хохирч байхад нөгөөх нь хожиж байдаг тэгш бус тогтолцоо нь ижилхэн юм” гэж Смит ярьлаа.
Нэг үгээр хэлвэл, Японд хөдөөгийн оршин суугчид том хотуудын золиос болж байгаа ажээ.
“Мэдээж хэрэв учирсан хор хохирлыг оршин суугчдын тоонд бодож үзвэл хүн ам цөөнтэй, хөдөөгийн хот суурингуудад учрах гарз хохирлын дүн нь том хотуудынхаас хавьгүй бага гэж та хэлэх байх. Гэхдээ ингэж сэтгэвэл хувь хүний амь нас, амьдралын үнэ цэнийг үл ойшоосон хэрэг болох бус уу? Хувь хүнд гарз хохирол учрaхад тухайн хүн бүхэн бүтэн амьдралаараа хохирч байна.”
Хатагтай Смит нь Америкийн бизнесмен эцэг, Япон эхийн дундаас төрсөн бөгөөд бага насандаа нь Япон, АНУ-д аль алинд нь гадуурхагдаж өсчээ. Япон улсынхаа бүтээн байгуулалтанд бие сэтгэлээ зориулахыг xүссэн Смит Япончууд болон Азичуудыг дорд үзсэн хэнтэй ч эвлэрэхгүй хэмээн тангарагласан аж.
Тэрбээр 20 настайдаа дэлхийд алдартай гэрэл зурагчин Южени Смиттэй танилцаж, гэрлэжээ. Тэд Минаматад амьдарч, гэрэл зураг авч, Минамата өвчинд нэрвэгдсэн хүмүүсийг шүүх хуралд явахад нь тусалж, олон цагийг тэдэнтэй хамт өнгөрүүлдэг байжээ. Нөхрийгөө нас барснаас нэг жилийн дараа буюу 1979 онд АНУ-ын Three Mile Арал дээр АЦС-ад гарсан цөмийн ослын тухай мэдээлсэн цагаасаа хойш Смит хатагтай Киотод амьдарч, цөмийн аюулын эсрэг идэвхтэй тэмцэж байна.
Смит хатагтай 2011 оны 3 сарын 11-ний газар хөдлөлт, цунамид өртөж, улмаар цөмийн осол гарсан Фукушимад байгаль орчныг хамгаалах иргэний нийгмийн байгууллагын тэргүүний журмаар хэд хэдэн удаа очиж үзжээ. Тэрбээр Японы Эдийн засаг, Худалдаа, Аж Үйлдвэрийн яамны өмнөх майхантай суултыг ч зохион байгуулсан юм.
Смит Минаматагийн өвчин болон Фукушимагийн цөмийн ослын хооронд ижил төстэй зүйлүүд буйг ажиглаж мэдсэн ба тэднийгээ “Минамата болон Фукушимагийн хохирогчдын эсрэг Засгийн газар, мужийн засаг захиpгаа, тэдний гар хөл болсон эрдэмтэд, болон компаниудын хэрэглэж буй 10 арга стратеги” гэж нэрлэсэн аж.
Смит цааш нь тайлбарлахдаа “Цөмийн гамшгийн хариуцлагыг хэн хүлээх тухай тодорхой хэлж ярьсан зүйл огт байдаггүй. Тэр бүү хэл оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхэд гаргасан жилд шарагдаж болох цацрагийн зөвшөөрөгдсөн стандарт хэмжээг 20 милисиеверт гэж хэн тогтоосон нь ч тодордоггүй юм. Төр засгийн байгууллагууд ажил үүргийн хүрээ хязгаарлагдмал байдлыг далимдуулан хариуцлагыг бултан булзааруулж, энэ бол Боловсрол , Соёл, Биеийн тамир, Шинжлех ухаан, Технологийн Яамны хариуцлага эсвэл Цөмийн Аюулгүй Байдлын Комиссын хүлээх үүрэг гэх мэтээр болсон явдлын бурууг бие биен рүүгээ чихэж байна.”
“Хүний биед аюулгүй цацрагийн түвшин гэж огт байдаггүй [их бага бүгд хортой–Орч.] байтал эрх баригчид жилд 100 миллисиеверт цацрагт шарагдах нь хоргүй гэсэн битүү мэдээ зориудаар цацаж, хохирогсдыг төөрөгдүүлж байна. Эдгээр нь Минамата өвчний үед ч төр засаг, тэдний гар хөл болсон эрдэмтдийн өргөнөөр ашиглаж байсан арга барилтай дэндүү ижил байна.”
Смит хатагтай орон нутгийн захиргаанаас Фукушима мужийн оршин суугчдын дунд явуулсан эрүүл мэндийн судалгааг шүүмжилсэн юм. “Тэр судалгаа бол ердөө цацрагийн шарлагын түвшин бага байна гэсэн дүгнэлт гаргаж, улмаар нөхөн төлбөр авах шалгуурт тэнцэх хүний тоог бууруулах гэсэн арга” гэж тэр тайлбарлав.
Хатагтай Смитийг хамгийн ихээр зовоож буй явдал нь гамшигт нэрвэгдсэн хохирогдсын дунд үүссэн хагарал аж. “Цөмийн ослын дараахан гэр бүлийнхнээ нүүлгэн шилжүүлэхээр ажлаасаа чөлөө авсан Фукушима мужийн багш руу ажлын газрынхан нь “аймхай”, “урвагч” хэмээн элдвээр дайрч давшилжээ… Бүгд л дотроо айж түгшиж байна. Хүмүүс энэ бүхнийг хамтаар даван туулахыг үнэн голоосоо хүсч байгаа тул Фукушимаг орхин явсан хүмүүсийг уучилж чадахгүй байгаа юм” гэж тэр ярив.
Фукушимагийнхны байдал Минаматагийн оршин суугчдынхтай адил гэж Смит хатагтай үзэж байна. Аль алинд нь эсвэл тохиролцож зохицох эсвэл шүүхэд хандах гэсэн хоёр л арга зам бий.
“Минаматагийн хохирогчид ч бас хэд хэдэн бүлэг болон талцан хуваагдаж, бие биенийгээ элдвээр хэлж гомдоож байсан. Тэр цагаас хойш 50 гаруй жил өнгөрсөн ч тэр үед учруулсан сэтгэлийн шарх хэвээр үлдсэн гэж Смит ярив. Тийм ч учраас Смит өнөөдөр Фукушимагийн хохирогчдод туслахыг хүсч байгаа аж. Зугтах уу эсвэл үлдэх үү. Хүн бүрт зугатан зайлах боломж байна уу үгүй юу гэдэг асуудал байна. Хотын оршин суугчид, нэг ажлынхан, бүр нэг гэр бүлийнхэн үүнээс болж хагаралдан муудалцаж байна. Үүнийгээ болиод, эргэцүүлэн бодох хэрэгтэй. Биднийг хагаралдуулж, талцуулж байгаа нь Японы төр засаг, Фукушимагийн АЦС-ыг ажиллуулагч Токиогийн цахилгаан эрчим хүчний компани (ТЕПКО) хоёр шүү дээ. Хохирогчид өөр хоорондоо эвдрэлцлээ гээд эцэст нь хэн хожих билээ дээ?”
2011 оны 3 сарын 11-нд Симт хатагтай олон жилийн туршид анх удаагаа амралтаа авч охинтойгоо хамт АНУ-д амарч байжээ. Фукушимагийн цөмийн ослын тухай телевизийн мэдээг үзэж байхад л “энэ бол олон арван жил үргэлжлэх зовлон шаналлын дөнгөж эхлэл дээ” гэсэн бодол түүний толгойд зурсхийсэн байна. Яг л Минаматагийн өвчнөөр нэрвэгсэд олон жил шаналж буйн ижил зовж шаналах болно.
Минаматагийн өвчин гэдэг нь Минаматагийн булан орчмын далайд Чиссо корпорацийнхны хаясан мөнгөн уснаас үүдсэн мэдрэлийн өвчин юм. Тус өвчнийг Японы засгийн газраас 1956 онд албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. 2004 онд Дээд Шүүхээс 1977 онд тогтоосон Минаматагийн өвчний оношлогооны стандартыг “хэт хязгаарлагдмал” болсон гэдэг үндэслэлээр бараг орвонгоор нь шинэчилсэн. 2009 онд засгийн газраас Минаматагийн өвчинд нэрвэгсдэд нөхөн олговор олгох талаар тусгай арга хэмжээ авах хууль баталсан ч 2012 оны 7 сард нөхөн олговор авах бүртгэлийг хаахаар шийдвэр гаргажээ. Энэ шийдвэрийг 50 жилийн туршид Минаматагийн өвчинд нэрвэгдсдийн эрх ашгийн төлөө тэмцэж ирсэн иргэний бүлгүүд хүчтэй эсэргүүцэж, засгийн газар Минаматагийн золислогдсон хүмүүсийг үл тоомсорлосон хэвээр байна гэж байжээ.
“Минаматагийн оршин суугчдын эрх ашгийг хамгаалаx бүлгийн тэргүүлэгчид нь одоо 50 гаруй настай. Тэд бүр хүүхэд байхдаа мөнгөн усанд хордсон загас идэж, хордсон хүмүүс. Би Фукушимад очих бүртээ бодолд автдаг. Одоогийн хүүхдүүд өсч том болсон хойноо биднээс “Томчууд та нар [ийм болгохгүйн төлөө] юу хийсэн юм бэ?” гэж асуухад бид тэднээс хоосон уучлалт эрж зогсох вий гэж түгшдэг.”
Смит хатагтайтай гурван цаг ярилцсаны эцэст босч явахыг завдахад минь тэр намайг зогсоож, “Чамайг нэг л зүйлийг сайтар ойлгоосой гэж хүсч байна. Минамата, Фукушимагийн тэмцэлд аль алинд нь би оролцдог. Тиймээс ч надад хааяадаа би өөрөө гамшигт нэрвэгдсдийн нэг нь мэт сэтгэгдэл төрдөг, гэвч тэр бол төөрөгдөл. Гамшигт нэрвэгдсийн зовлон шаналлыг зөвхөн жинхэнээсээ гамшигт өртсөн хүн л бүрэн дүүрэн ойлгоно. Тиймээс би тэр хүмүүсийг бүрэн ойлгож мэдрэхгүй мөртлөө тэдний эрх ашгийг хамгаалан тэмцэж байна гэдэг бол нэг бодлын сүрдмээр зүйл.
Гэсэн ч би дуу хоолойгоо өргөж, тэмцсээр байх болно. Учир нь би өнөөдөр Фукушимадаа амьдарсаар байгаа, бас Фукушимагаа орхиод явсан хүмүүс тэднийг цаанаас нь зориудаар талцуулж, хагалан бутаргаж байгаа гэдгийг ойлгоосой гэж хүсч байна. Яг л Минаматагийн хохирогсдыг талцуулсан шиг. Үүнийг ойлговол тэдний сэтгэл бага ч атугай тайтгарч, онгойх болов уу.”
Смит хатагтайн боловсруулсан Минамата болон Фукушимагийн хохирогчдын эсрэг төр засаг, мужийн захиргаа, тэдний талд ажилладаг эрдэмтэд, пүүс компаниудаас хэрэглэж буй 10 арга стратеги:
1. Хариуцлагa бүү хүлээ. [Төрийн байгууллагуудын ] ажил үүрэг хуваагдмал шинжтэй ашиглан бурууг бусад руу чих, булзааруул.
2. Хохирогчид болон олон нийтийг төөрөгдүүлж, аль аль тал нь буруутай (бас зөв) зүйл хийсэн мэт сэтгэгдэл төрүүл
3. Хохирогчдыг хооронд нь хагалж талцуул
4. Мэдээллийг бүү баримтжуул, нотлох баримт огт бүү үлдээ.
5. Цагийг аль болох сунжруул
6. Учирсан гарз хохирлын талаарх хэмжилт тест, судалгааны дүнг аль болох дарж мэдээл
7. Хохирогчдыг бууж өгтөл нь цуцаах бодлого явуул
8. Албан ёсны шалгуур боловсруулах замаар [аль болох босго өндөртэй– Орч.] хохирогчдын тоог аль болох бууруул
9. Мэдээллийг гадаад улс орнуудад ил гаргаж, цацахгүй байх
10. Өөрсдийн гар хөл болсон эрдэмтдийн тусламжтайгаар олон улсын бага хурал зохион байгуул
Товчлон орчуулсан: Амарлин
Фүкүшимагийн 2-р реакторийн ус нь 60 см гэж байна. Тэдний хэлээд байсан бүх зүйл худал болжээ. Цөмийн түлш нь хэдийнээ газрын гүнрүү хайлан орж саваа цоолсон нь тодорхой боллоо. Дээрх 60 см усны хэм 50 градус гэх зэрэгээс харах юм бол хэзээний газрын гүний устай цөмийн хаягдал холилдох вэ гэдэг хоромын асуудал болжээ.