Кэмбрижийн боловсрол ба Монголчуудын эмгэнэл
Posted: 2012/02/06 Filed under: Uncategorized | Tags: Бодууштай, Туйлшрал 11 CommentsӨнөөдөр боловсрол судлаач Ө. Оч гэдэг хүнээс доорхи нийтлэлийг ирүүлснийг golomt.org-ийн уншигчдад танилцуулж байна. Цөөхөн Монголчууд бид бусдад уусалгүй, үндэсний хэл, өв уламжлалаа хадгалж чадваас цаашид оршин тогтнох бус уу? Та бүхнийг өөрсдийн санал сэтгэгдлээ судлаачтай хуваалцахыг хүсье.
Баярлалаа, Оч оо.
Амарлин
Кэмбрижийн боловсрол ба Монголчуудын эмгэнэл
Тайлбар: Энэ нийтлэлийг олон нийтэд хүргэх зорилгоор Монголын нэр бүхий вэб сайтуудад хандсан боловч нийтлэхээс татгалзсан болно. Нийтлэлд хэн нэгний нэр төрийг гутаасан, гүтгэсэн, баримтгүй бичсэн нэг үг, өгүүлбэр байхгүй бөгөөд цэвэр бодлогын асуудал хөндөн тавсан юм. Харин эрх баригчдын зүгээс өөрсдийгөө магтаж, боловсролын талаар сайхан зүйл хийж байгаа мэтээр хэвлэлийн компанит ажлыг зохион байгуулж, олон нийтийн тархийг угаах PR явуулж байна. Тэд Монголын ард түмний татвараар бий болдог төсвөөс хичнээн хөрөнгө үүндээ зарцуулж байгаа бол. Ингэхдээ тэд хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдэд нөлөөлж байгааг үгүйсгэх аргагүй. Ардчилсан нийгмийн хөгжил өөрчлөлт нь шүүмжлэл, хэлэлцүүлэг, үзэл бодлын уралдааны үр дүн бөгөөд үүнийг хэрэгжүүлэгч нь чөлөөт хэвлэл билээ. Энэ жишээнээс үүдэн Монгол Улсад хэвлэн нийтлэх эрх чөлөө алга болж байна гэх айдас төрж буйг хэлье.
Боловсрол судлаач Ө.Оч
“Дэлхий хавтгайрч, бид даяаршиж байна”. Энэ үгс монголчуудын дунд газар авчээ. Бүр явсаар төрийн бодлогын бичигт ч оршил маягтай ордог болжээ. Жишээ нь, Монголын парламентаас гаргасан “Үндэсний хөгжлийн цогц бодлого-2008” гэх баримт бичгийн үндэслэл хэсэг нь бид “даяаршиж буй нийгэмд шилжиж байна” гэх үгтэй өгүүлбэрээр эхэлсэн байна. Үүнээс үүдэн боловсролын талаар нэг сүрхий маргаан өрнөв. Нэг хэсэг нь даяаршил буюу глобалчлалын зуунд монгол хүүхдүүд бага наснаас гадаад хэлээр сурч дэлхийн жишгээр боловсрол эзэмших ёстой гэж номлоно. Харин монгол хэл судлаач голдуу хүмүүс үүнийг эсэргүүцдэг. Тэдний хувьд, боловсролоор дамжуулж хүүхдүүдэд багаас нь эх хэл, өв соёлыг цэвэр ариунаар өвлүүлж байж глобалчлалын тэр айхтар давалгаанд монгол үндэстэн тэсч үлдэхээс өөр аргагүй.
Үнэндээ энэ маргаан глобалчлалын үзлийг өнгөц ойлгосноос үүдэлтэй юм. Глобалчлалын үзэл өөрөө эдийн засгийн хүрээний номлол юм шүү дээ. Гэвч тун маргаантай. Энэ үзэл нь дэлхий даяар чөлөөт зах зээлийн орчин буй болж, түүн дээр капитал саадгүй урссанаар үндэстнүүдийн экспорт нэмэгдэж эдийн засаг нь хөгжинө, гэхдээ үүний тулд санхүү, худалдааны олон улсын хатуу дэглэм байх ёстой гэж номлож иржээ. Гэвч эдийн засагчдын дунд глобалчлалын үзэл их шүүмжлэгддэг. Тухайлбал, судлаачид дэлхий даяар гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдсэн ч үүнийг нь орлогын жигд бус хуваарилалт дагаж байна гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл, гадаад хөрөнгө оруулалтын орлого үндэстнүүдэд бус, харин баячуудад хуваарилагдаад байгаа ажээ. Ингээд баян, ядуугийн ялгаа дэлхий даяар нэмэгдэж буй дүр зураг бий болсон байна. Энэ нь гадаад хөрөнгө оруулалт, капиталын шууд урсгал үндэстнүүдэд ашигтай эсэх талаар онолын ширүүн маргаанд хүргэдэг.
Харин, Монголчуудын дунд дэлгэрч буй глобалчлалын тухай ойлголт бодит байдлаас хэт хөндий, хий хоосон ажээ. Одоогоос зургаан жилийн өмнө судлаач Алисия Кампи хөгжлийг гадна хэлбэр талаас нь харсан “төөрөгдөл” монгол сэхээтнүүдийн дунд бий болжээ гэж бичиж байв. Харин одоо энэ хоосон төөрөгдөл Монголын нийгэмд бодит хор уршиг тарьж байна. Түүний илрэл нь боловсролын салбар дахь үйл явдал. Сүүлийн 20-иод жилийн турш Монголын боловсрол янз бүрийн шинэчлэлийн талбар болж хувирсан юм. Үүний сүүлийн жишээ нь Кэмбрижийн боловсрол.
Кэмбрижийн гэх шинэчлэл боловсрол дахь төөрөгдөл ноцтой болсныг илтгэж байна. Төөрөгдөлийн илрэл нь боловсрол дахь хэлний асуудал бөгөөд энэ нь бас боловсролын бодлого хэрхэн гажуудаж буйн тод жишээ болж байна. Кэмбрижийн шинэчлэлийн чухал (магадгүй хамгийн гол) хэсэг нь хос хэлний сургалт ажээ. Хос хэлний сургалттай сургуулийн хүүхдүүд хичээлүүдээ англи, монгол хэлээр үзнэ. Гэхдээ Монголын хот, хөдөөгийн 600 орчим улсын сургууль бүгд хос хэлний сургалттай болохгүй. Ердөө 30 лаборатори сургууль байгуулж хос хэлээр сургалт явуулах ба бусад сургууль хэзээ хос хэлээр сургалт явуулах нь тодорхойгүй. Ингэснээр “монгол хүүхдүүдийг ялгаварлан гадуурхсан” хоёр төрлийн сургууль бий болж байна.
Шинэчлэлтэй зэрэгцэн үндэсний соёл уламжлалын хичээл заахаар хөтөлбөр нэмж зохиож байгаа ажээ. Ингэснээр боловсролоор дамжуулж глобалчлалын давалгааг тэсч ялгарч үлдэж чадах гэнэ. Гэтэл саяхан БСШУЯ-аас шатрыг бие даасан хичээлийн хөтөлбөр болгохоо зарлалаа. Үнэндээ энэ бүхнийг хийхэд хэн юу мэдэж, ямар судалгаа, үндэслэл тооцоо хийж, сургалтын ямар арга технологи хэрэглэж байгаа нь тодорхойгүй байна. Наад зах нь Кэмбрижийн гэх хөтөлбөрийн талаар судалж бичсэн тоймтой өгүүлэл олж үзсэнгүй. Харин шинэчлэл нэрийн дор баахан дур мэдэн сургалтын хөтөлбөр гэгч зүйлс зохиож буй дүр зураг харагдаж байна. Үлгэрлэвэл, энэ нь ямар нэг зураг төсөлгүйгээр олон давхар барилга барих гэж оролдож байгаатай ижил ажээ.
Үйл явдлаас харвал боловсролын салбарын эх захгүй ташаарал Монголын эмгэнэл болж хувирч байна. Энэ нь ерөөсөө Монголын сурган хүмүүжүүлэх салбарын хүмүүс, багш нар нь өөрсдөө боловсролын талаар эндүү ойлголттой болсноос харагдана. Тэдний хувьд боловсрол нь глобалчлалын хөгжлөөс хоцрохгүй байх, эсвэл глобалчлалын сөрөг талаас үндэсний соёлыг хамгаалах “хэрэгсэл” мэт болжээ. Гэхдээ хамгийн ноцтой нь энэ салбарын өөрчлөлт, төрийн шийдвэр нь бүх нийтийг сургах, иргэн бүрт гарааны тэгш боломж өгөх ёстой нийгмийн бие даасан институт болох орчин цагийн боловсролын үзэл санааг ерөөсөө үгүй болгож байгаа юм. Чухам энэ тулгамдсан цаг үед боловсролын шинжлэх ухааны үзэл ба боловсролын хүний дуу хоолой олон нийтэд хүрэх хэрэгтэй болжээ.
Монголын боловсрол дахь төөрөгдөл хэлний асуудлаар илэрч байна гэж дээр өгүүлсэн билээ. “Боловсрол ба хэл”-ний энэхүү асуудлыг хөндөхийн тулд хэл ба оюун ухааныг шинжлэх ухааны үүднээс ойлгох хэрэг гарна. Ер нь шинжлэх ухаан хөгжихөөс өмнө хэл ба оюун ухаан тусдаа гэх ойлголт түгээмэл байжээ. Жишээ нь, тоть хүний яриаг дурайн дуу гаргаж чадна. Гэхдээ, энэ нь шувуу хүн шиг оюун ухаантай гэдгийг харуулж байгаа хэрэг биш юм. Тус жишээ хүний яриа оюун ухаантай нэг их холбоогүй гэж бодоход хүргэдэг байв. Иймээс яриа хүний ухаантай хамааралгүй, харин хүн юу бодож сэтгэж буйг дамжуулах үүрэгтэй дуу авиан багаж хэрэгсэл гэж ойлгож байлаа.
Харин 20 дугаар зууны эхэн үеэс эрдэмтэд хэл ба оюун ухаан хамааралтай гэдгийг анзаарч эхэлсэн юм. Тухайлбал, Лев Выготский сэтгэл зүйн туршилтынхаа явцад хүүхдийн яриа эргээд сэтгэн бодоход нь нөлөөлж байгааг олж мэджээ. Улмаар Ноам Хомский хэл яриа бол авиан давтамж, үгэн зан үйл төдий зүйл бус, харин өөрийн гэсэн логиктой, хүний тархин дахь нарийн систем юм байна гэдгийг олж нээсэн билээ. Тэрээр өөрийн онолдоо хэл яриаг дараах байдлаар тайлбарлажээ. Хүний амнаас гарч буй үгс, өгүүлбэр зүйн логик зохион байгуулалт үнэндээ хүний ерөнхий бодлоос тусдаа, хэлний систем өгөгдлийг бие даан тооцоолж, утгыг тайлсны үр дүнд бий болдог. Гэхдээ өгөгдлийг хэлний систем бие даан асар хурдан боловсруулдаг тул тухайн хүн өөрөө үүнийг ямар нэгэн зүйлийн тухай бодож байгаа шиг ухамсарлан анзаарахгүй.
Тэгэхээр хүний амнаас гарч буй дуу авиа нь хэлний системийн бие даасан ухаалаг үйл ажиллагаа бөгөөд хэл яриа нь хүн юу бодож буйг илэрхийлэх хэрэгсэл төдий зүйл бус, харин бие даасан ухаалаг систем, ингэхдээ оюун ухааны нэг хэсэг нь болж хөгжжээ. Хомский хүний хэлний чадвар зөвхөн нийгмийн хөгжил буюу соёлын эволюцийн явцад бий болсон гэж үзжээ. Тиймээс адгуус амьтанд хүнд байдаг хэлний чадвар бий болоогүй байна.
Хэл хүний оюун ухааны хэсэг учраас боловсрол, мэдлэг эзэмшихэд тэр хэмжээгээр үүрэг гүйцэтгэнэ. Үүний нэг жишээ нь математикийн багш нар хэрэглэдэг Ньюманы процедур гэх аргачлал юм. М. Анне Ньюман хүүхдүүд математикийн бодлого бодохдоо ямар алдаа гаргаж буйг судалсны дүнд математикийн олон алдаанууд үнэндээ хүүхдүүдийн хэлний хүчин зүйлтэй холбоотой байгааг олж мэджээ. Тодруулбал, олон тооны математик алдаа хүүхдүүд математикийн үндсэн үйлдэл хийхээс өмнөх шатанд хэлний хувьд үг өгүүлбэрийн утгыг тайлах үйл явцтай холбоотой байжээ. Энэ нь хүүхдүүдэд математик заахад хэл хичнээн чухал болохыг таниулсан юм.
Тэгвэл, мэдлэг эзэмшиж, сурахад “эх хэл” онцгой үүрэгтэй. Хүн эх хэлийг хорвоод мэндэлсэн цагаас л сурдаг. Үүнийг бичээч миний эх хэл монгол хэл юм. Би хорвоод мэндэлсэн цагаасаа монгол эхийн бүүвэйг сонсож, монгол үг хэлж хэлд орж, монгол хэлээр сурч мэдэж, гэр бүлдээ монгол хэлээрээ ярьж өссөн билээ. Эх хэлний гайхамшигт чанар бол хүүхэд эх хэлний үг, дүрэм, дуудлагыг бусдаар шууд заалгалгүйгээр өөрөө аяндаа сурдагт оршино. Ингэснээр эх хэл тархинд буй хэлний бүтэцийн хөгжилтэй нягт холбогдох ба эх хэл нь хүний сэтгэн бодох үйл ажиллагааны чухал хэсэг болж хөгжинө.
Эх хэлээр боловсорч сурах нь илүү үр дүнтэй гэдгийг боловсролын шинжлэх ухааны судалгаанууд нэгэнт нотолжээ. Үүний жишээ нь Африкийн орнуудын боловсролд тулгарч буй бэрхшээл юм. Африкийн орнууд олон жилийн турш Европын улсуудын колони байв. Африкийн орнууд хагас зууны өмнө колоничлолоос ангижирсан боловч тэдгээр орнуудад англи, франц гэх мэт колонийн боловсролын хэл үлджээ. Ингэхдээ тэдгээр орнуудын боловсролын тогтолцооын амин чухал хэсэг нь тэдгээр гадаад хэл болсон байна. Африкийн орнуудад англи, франц хэл сурах нь “боловсрол” гэдэгтэй адил шахуу утгатай байв. Гэхдээ, 1980-аад онд Африкийн орнуудын боловсролын чанар өөдлөхгүй байгаа нь олон улсын анхаарлыг эрхгүй татах болсон юм. Тухайн үед боловсролоо сайжруулъя гэвэл хүүхдүүддээ гадаад хэл сайн сурга гэж тэдгээр орнуудад зөвлөж байлаа.
Гэвч асуудал гадаад хэл биш болох нь мэдэгдэв. Ерөөсөө “авлига, хээл хахуульд баригдсан” Африкийн орнуудад боловсролын бодлого хэрэгжиж чаддаггүйн дээр африк хүүхдүүд эх хэлээрээ сурах асуудал орхигдож байжээ. Одоо судлаачид африк хүүхдүүд эх хэлээрээ боловсрол эзэмшснээр илүү сайн суралцаж, мэдлэг эзэмшинэ гэдэгт санал нэгдэж байна. Эх хэлээр сурсан хүүхдүүд үндсэн хичээлүүд буюу мэдэх ёстой зүйлээ гадаад хэлээр сурсан хүүхдүүдээс илүү сайн сурч, шинжлэх ухааны мэдлэгийг илүү эзэмшдэг байна. Харин африк хүүхдүүд гадаад хэл муу сурч байгаа нь эх хэлнээс шалтгаалсан бус харин гадаад хэлний багшийн чанар гэх мэт боловсролын бусад хүчин зүйлээс шалтгаалж байжээ.
Одоо Африкийн хүүхдүүдэд эх хэлээр нь сургалт явуулах асуудлыг НҮБ-ын төвшинд анхааралдаа авч байна. Гэхдээ Африкийн улсуудад эх хэлээр сургалт явуулах ажил их бэрхшээлтэй тулгардаг. Учир нь Африкийн улсууд, ялангуяа Сахараас урагш улсууд ихэвчлэн өөр хэлээр ярилцдаг олон үндэстнүүдээс бүрддэг байна. Тэгэхээр олон үндэстнээс бүрдсэн улсын хувьд дан эх хэлээр сургана гэдэг нь тун төвөгтэй. Жишээ нь, хүүхэд өөрийн тосгоны бага сургуульд эх хэлээр сурсны дараа өөр хот суурин газрын сургуульд шат ахиж сурахдаа хоёр гурван өөр хэлээр ярилцдаг хүүхдүүдтэй цуг сурах болдог.
НҮБ асуудлыг шийдвэрлэхийн тулд нэг арга хэмжээ авав. Тус байгууллага хос хэлний сургалтыг дэмжсэнээр хүүхдийн эх хэлээр сурах асуудлыг шийдвэрлэж болно гэж үзжээ. Хос хэл гэдэг нь хүүхдэд эх хэлээр сурч хөгжих боломж олгохын тулд хоёр хэл (эх хэл ба зонхилох хэл)-ээр зэрэг сургалт явуулахыг хэлдэг. Хос хэлээр сургах асуудал дан ганц Африкийн орнуудад ч бус ерөөсөө АНУ зэрэг барууны хөгжингүй орнуудын хувьд ч асуудал болж тавигджээ. Тэдгээр барууны орнуудад бусад орны цагаачид олноор суурьшиж байгаа тул цагаачдын хүүхдүүдийг эх хэлээр нь сургах асуудлыг хос хэлний сургалтаар шийдвэрлэхээр зорьж байна.
Боловсролын шинжлэх ухааны хувьд хос хэлний сургалт нь ийнхүү эх хэлээр сурах арга боломж байдаг бол Монголд энэ нь “гадаад хэл сургах, глобалчлах оролдлого” болж хувирчээ. Энэ нь Кэмбрижийн гэх шинэчлэл хос хэлний боловсролыг түүний жинхэнэ зорилгын эсрэгээр хэрэгжүүлж буйг харуулж байна. Өнөөдөр Монголд гадаадын аль нэг том улсын хэлээр сургалт явуулдаг өндөр төлбөртэй бага, дунд сургуулиуд төдийгүй, цэцэрлэгүүд хүртэл байгуулагдаж, дарга нар ба мөнгөтэй хүмүүс хүүхдүүдээ тэдгээр сургууль, цэцэрлэгүүдэд хошууран илгээх болов. Монголд сайн боловсрол гэдэг нь ийнхүү “гадаад хэл сурах” гэсэнтэй ижил сонсогдох шахуу болжээ. Энэ нь барууны хөгжилтэй орнууд бус, харин Африкийн орнуудын туулж буй замыг санагдуулж байна.
Кэмбрижийн гэх шинэчлэлийг өндөр хөгжилтэй Сингапурын боловсролоос жишээ авч сурталчилж байна. Үнэн хэрэгтээ, Сингапурын сургуулиуд хос хэлээр сургалт явуулж байгаа нь нөгөөх эх хэлний сургалтыг дэмжих зорилготой юм. Сингапур улс нь угсаатны хувьд хятад, малай, энэтхэг гэх гурван зонхилох үндэстнээс бүрддэг. Сингапур үндэстнүүдийнхээ боловсролын хэлний асуудлыг хос хэлний сургалтаар шийдвэрлэжээ. Английн харьяанд байсан энэ улс Африкийн улсуудтай адилаар англи маягийн боловсролын системд хамаарагдана. Гэхдээ энэ улс Африкийн улсууд болон Монголоос нэг зүйлээр маш их ялгаатай ажээ. Хээл хахууль хамгийн бага орнуудын нэг Сингапур нь “боловсролын шинжлэх ухаан”-ыг бодитоор хөгжүүлж, боловсролын бодлогоо оновчтой тодорхойлж хэрэгжүүлж чадсанаараа олон улсад аргагүй сайшаагддаг юм.
Харин эх хэлээр сурах нь англи хэлний боловсролтой огтхон ч харшилдахгүй гэдгийг энд тэмдэглэн хэлье. Одоо Монголын боловсролд гадаад хэл, тэр тусмаа “англи хэлний сургалт” бас л тулгамдсан асуудал болж байна. Гэхдээ энэ нь 95 орчим хувь нь монгол эх хэлээрээ ярилцдаг хүн ам бүхий улсын хувьд хос хэлний сургалт бус, харин “гадаад хэлний хичээл” гэдэг утгаар тавигдаж байна. Өнөөдөр англи хэл сурах хэрэгцээ нэн их болжээ. Дэлхий дээр англи хэлийг 400 орчим сая хүн эх хэл, 700 орчим сая хүн гадаад хэл болгон харилцаж байна. Хэдийгээр Хятадын 1 тэрбум гаруй хүмүүс хоорондоо хятад хэлээр ярих боловч англи хэлтэй харьцуулбал хятад хэлний үл ойлгогдох олон аялгаас шалтгаалан хэрэглэх хүрээ нь хязгаарлагдмал ажээ.
Харин, англи хэлний статус ба ач холбогдолыг бусад хэлтэй харьцуулах аргагүй. Наад зах нь, шинжлэх ухааны судалгааны үр дүн англи хэлээр олон улсад түгээгдэж, нээлтүүд, патентууд энэ хэлээр л баталгаажиж байна. Зарим хүмүүс монголчууд хөрш улсын хэлийг сурахгүйгээр хол явахгүй, эсвэл азийн бар улсуудын хэлийг сурах хэрэгтэй гэхчлэн ярих нь бий. Гэвч өнөөдөр тэдгээр улсуудын дунд сургуулиуд англи хэлийг хамгийн чухал гадаад хэл болгон зааж, олон сая хүүхэд залуус нь тус хэлийг л шамдан сурч байна. Тэгэхээр тэдэнтэй олон улсын зах зээлд өрсөлдөх тухай их ярих болсон өнөө үед монголчуудын хувьд англи хэлийн хамгийн хэрэгтэй гадаад хэл болох нь аргагүй билээ.
Харин Монголын дунд сургуулиудад англи хэлний хичээлийг хир зэрэг зааж байна вэ? Энэ л жинхэнэ манай боловсролын асуудал болж байна. Сүүлийн үед нэг үзэгдэл их анзаарагдаж байна. Улсын дунд сургуулиудад англи хэл тааруу заадаг учраас төлбөртэй англи хэлний сургалтад явуулах, эсвэл өндөр төлбөртэй хувийн сургуульд хүүхдүүдээ явуулдаг гэж эцэг эхчүүд хэлж байна. Бүр улсын сургуулиуд нь хүртэл англи хэлний төлбөртэй, төлбөргүй анги нээгээд хүүхэд элсүүлж сургууль дотроо ялгаварлал гаргадаг ажээ. Үүнээс гадна, хөдөөгийн сургуулиудад англи хэлийг хэрхэн зааж байна вэ? Энэ бол бас л анхаарал татсан асуудал. Ерөөсөө монгол хүүхдүүдэд англи хэл заах талаар ямар судалгаа хийж, ямар арга зүй боловсруулж байна вэ, англи хэлийг ямар мэргэжил мэдлэгтэй багш зааж байна вэ, үүнийг боловсролын бодлого боловсруулагчид хэрхэн анхаарч, юу хийж байна вэ зэрэг олон асуултууд тавигдсаар байна (нөгөө талаас эх хэл төдийгүй, нийгэм ба байгалийн шинжлэх ухаан, урлаг, эрүүл мэндийн боловсрол мөн адил их асуудалтай).
Өнөөдөр боловсролын салбарыг урт удаан төөрөгдөлөөс аврах хариуцлагатай цаг иржээ. Үнэндээ, Кэмбрижийн боловсрол ба хөтөлбөр гэж яриад байгаа зүйлд тусдаа, онцгой лут ойлголт байхгүй юм. Кэмбрижийн олон улсын боловсролын гэрчилгээ гэж бий. Энэ нь Британи ба түүний хуучин колони орнуудад ерөнхий боловсролын нийтлэг гэрчилгээ болж хэрэглэгддэг баримт болно. Харин манай албаны хүмүүс ийм гэрчилгээ олгох хос хэлний сургалттай 30 сургууль байгуулж буйгаа Монголын боловсролд зарчмын шинжтэй том шинэчлэл хийлээ гэж андуурчээ.
Харин, Британий дунд сургуулийн сургалтын хөтөлбөрийн талаар судалгаа хийж, сэдэв хамгаалсан хүний хувьд хэлэхэд Британий хөтөлбөр нь Английн өөрийн уламжлалт философи болох мэдлэгийн тухай эмпирик ба аналитик философид суурилдагаараа Франц, Герман, АНУ зэрэг орнуудаас нилээд ялгаатай болно. Бусад улстай харьцуулбал, Английн сургалтын хөтөлбөр хүүхдүүд их хэмжээний агуулга цээжилж тогтооход бус, харин тэдний дээд эрэмбээр сэтгэх, мэдээлэл ашиглах ур чадварыг нь нээн илрүүлэх, заах талаар илүү амжилт олсон байдаг. Ингээд 1980 оны сүүлээр бусад орны судлаачид английн боловсролын хөтөлбөрийг идэвхийлэн судлах болж улс орнууд нэвтрүүлж эхэлсэн байна.
Харин, Зөвлөлт маягийн боловсролоо шинэчлэхийг оролдож байсан Монголд англи маягийн хөтөлбөр 2004 оны ерөнхий боловсролын шинэ стандарттай цуг нэвтэрсэн байдаг юм. Тэгэхээр англи маягийн боловсролын хөтөлбөр Кэмбрижийн гэх шинэчлэлээс хэдэн жилийн өмнө Монголд нэвтэрсэн байжээ. Гэхдээ монголчуудын боловсруулсан стандарт, хөтөлбөрийг уншиж судлахад ойлгож хийгээгүй зүйл нилээд тааралдаж байна. 2008 онд АХБ-аас хийсэн судалгааны тайланд хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэсэн байдаг. Тайланд дүгнэснээр тэдгээр хөтөлбөр, стандарт хэрэгжиж чадаагүй ажээ . Шинжлэх ухаан ба мэргэжлийн бодлого дутсан хэрэг. 2006 онд судлаач Стайнер Хамси Монголын боловсролын талаар “Боловсролын импорт” хэмээх ном бичиж хэвлүүлсэн байдаг юм. Түүний бичсэнээр Монголын боловсрол дахь энэ төөрөгдөл, бүтэлгүйтэл тийм ч саяхны үзэгдэл биш ажээ.
Боловсролын системд анхаарах маш чухал асуудлэг хөндсөн бна, аливаа шинийг эхлэхэд судалгаа маш их хэрэгтэй, дээр нь үндсэн систэмдээ тохирохоор хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгийг анхаарах болжээ, Бусдын бүхэн сайн сайхан гэдэг ойлголт даанч өрөөсгөл
Бидэнд өгөөжтэй нийтлэл болжээ. Боловсролын системийн суурь нь болох багш, мэргэжлийн багшлах боловсон хүчнийг чадавхижуулах асуудал энэ шинэчлэлт гээч юмыг хийхээс өмнө тавигдаж, бэлтгэгдсэн баймаар санагддаг. Сурагч, суралцагчид бол багшийн амнаас гарах үг, үйл үйлдлээс л танин мэдэж, түүгээрээ сурч хүмүүжиж байдаг. Манайд сайн багш нар зөндөө гэх боловч шинэчлэлд мэдрэмжтэй, хурдан хөрвөх чадвартай байх чанарууд дутагддаг, дээрээс нь боловсролын бодлогыг тодорхойлогч, сургалтын агуулгыг боловсруулж баталгаажуулж буй яамныхан өөрсдөө үнэхээр хоцрогдож гэдэг нь ил байдаг.
Боловсролын системийг хөгжүүлэхэд хуучин туршлага он удаан жил явж ирсэн хичээл зүтгэл маш их нөлөөтэй ч үүн дээр шинэчлэлтийг хүлээн авах, ажил амьдралдаа нэвтрүүлэх мэдрэмж дутагдаад байна уу даа.
Гадаадад өндөр боловсрол эзэмшсэн улсуудаас эргэн ирж багшилж байгаа хүн байна уу? хуруу дарам цөөхөн дөө гэсэн таамаг байна. Инженер техникийн боловсролтой хүн гэхэд л гаднаас сурсанаа дотоодод гаргаж үзүүлж байна уу? түүнийг нь манайх нутагшуулж, өөрийн болгож авч чадаж байгаа болов уу? асуулт олон байна. Бидний энд хэлэлцэж байгаа сэдэвт өнөөдрийн манай улсын нөхцөл байдал ийм ийм учраас бид системийн шинэчлэлд ингэж орлоо, эсвэл орох гэж байна. энэ нь ирээдүйн ийм үр ашигтай гэсэн судалгаатай магадлалтай хариултыг БСШУ-ны сайд болон дэд сайд нь өгч чадаж байна уу? Маш бүрхэг байна. зөвхөн тухайн Засгийн газрын хөтөлбөрийг биелүүлсэн болохын тулд ажилладаг, “хэрэглэгчид”-дээ судалгаа, нотолгоогүй зүйлийг хүчээр тулгадаг байдал хэзээ арилах бол. Шинэ бүхэн сайн биш, сайтар мартагдсан хуучин маань ч эргээд бидэнд шинэ санаа өгч, боловсролын системийг суурьтай бат бөх болгох ч юм бил үү. сайн л бодох хэрэгтэй.
Ёстой зөв сэдэв хөндсөн байна. Сүүлийн үед энд тэндгүй Кэмбриж гээд яваад байсан нэг л сонин санагдаад байгаа юм. Манайхны уриа лоозон гаргаж хүмүүсийн толгой эргүүлэх ажлын нэг юм уу даа гж хараад байгаа.
кэмбриж систем гээд интэрнэтээс хайгаад узээрэй
Mathematic гэдэг үгний гарал нь Грек хэлний Эрдэмд суралцах гэсэн утгатай бол Philosophy гэдэг нь Ухааныг хайрлах гэсэн утгатай. Боловсрол гэж Монголоор хэлээд байгаа хэрнээ бид яг юуг хэлээд байгаагаа мэддэггүй. Хэрвээ эрдэмд суралцах гэж байгаа бол Математикийн хичээлээ эх хэл дээрээ сурах нь илүү ач холбогдолтой. Харин ухааныг мэдэх гэвэл гадаад хэлийг сурах нь тус дөхөм болно. Гэлээ гэхдээ заавал бага балчир насны хүүхдэд гадаад хэлийг заах нь учир дутагдалтай талууд байгаа.
ер нь бол боловсролыг Freedom & Order гж үздэг юм билээ
энэ нь эрх чөлөө дэг журам гсн үг. Оюутан ямар ч багштай өөрийн узэл бодлоороо мэтгэлцэх бүрэн эрхтэй энэ нь Freedom харин Order гдг нь хүнд зайлшгүй байх ёстой дэг журам энэ нь ер нь их нарийн систэм гдгийг нь би баттай хэлж чадна энгийн мөртлөө нарийн мглчууд хэл сурах биш хувь хүн гдг зүгээс өөрсдийгөө боловсруулж чадах юм бол тэр нь л жинхэнэ боловсрол болно гж бодож бн
Монголын эдийн засаг, уул уурхай Африкийн колоны орнуудын араас орж байгаа. Манай боловсролын систем ч бас Африкийн загвараар яваад орчихож байгаа юм байна. Монгол орон маань юу л болоод байна даа. Удахгуй Африкчууд шиг сэтгэж боддох хойч үе гарч ирээд нео-колон орны жишгээр амьдрах байх даа.
Би сая 1 мэдээ уншлаа. Монгол улс сүүлийн 6 жилд боловсролоо 3 дахин шинэчилж гэнэ ээ.
Английн боловсролд нэг их сайн юм байхгүй шүү дээ. Европд Герман, Франц, Унгар гээд боловсролоороо тэргүүлдэг улсууд байна. Харин Английн хүүхдүүд ямар ч олон улсын судалгаа, тэмцээнд хамгийн доогуур байранд ордгийг монголчууд маань мэдэж авцгаах цаг болжээ. Англи хэл сурахын тулд л их дээд сургуульд нь буурай хөгжилтэй орноос залуус очиж сурцгааж байна. Кембрижийн сугалт гэж хаана ч байхгүй нэр томъёог отгонбаяр батболд хоёр шоучингууд гаргаж ирсэн. Тэрнээс биш энэ сертификатын колони орнууддаа тараадаг.
Энэ өнцгөөс харсанд тань иx баярлаж бна. Бид уламжлалаа авч үлдэнэ гэдгээ юуг уламжлал гэж хэлэх гээд бна вэ.. Үнэндээ хэл хил мал гурав…хэлээ цэвэр авч үлдэхгүй л бол ухамсар, хүн чанар яриад ч нэмэргүй шүү дээ.. Хүчтэй байя гэвэл өөрөө бх өөрсдөөрөө бх.. өөрсдийнхөө мөн чанарийг хадгалсан Бутан шиг хатуу бөгөөд амбицтай бодлого өөрсдийгөө үнэлэх бодлого бас сэтгэлтэй удирдагч хэрэгтэй бна аа
Сайхан нийтлэл тавьсан байна. Эндээс цохон тэмдэглэх хамгийн чухал зүйл нь эх хэл. Энэ бол улс үндэстэн цаашид оршин тогтнохын баталгаа. Хэл нь тухайн улс үндэстний ертөнцийг үзэх үзэл, сэтгэлгээний үндсэн арга барил нь байдаг. Тиймдээ ч Миний ертөнцийн хязгаар бол Миний хэлний хязгаар гэж нэгэн мэргэн хүн хэлсэн буй за. Аливаа улс үндэстэн өөрсдийн түүхээ мэдэхгүй бол тэдэнд ирээдүй гэж үгүй. Гэвч өнгөрсөн түүхэндээ бид эх хэлээрээ дамжин хүрнэ шүү дэ. Хар ухаанаар бодож үзсэн ч Монголчууд боловсрол дутуудаа өргөн бөгөөд гүн утга агуулгатай үлгэр домог, туульс магтаал, голыг нь олоод хэлчихсэн зүйр цэцэн үгс, жороо хэллэг, хүүхдийн сэтгэлгээг нь задлах оньсого таавар, мэндлэх хүндлэх ёс уламжлалаа хадгалсан ерөөл, бэлгэ дэмбэрлийн үг зохиочихсон уу гэдэг асуулт урган гарч болох юм. Зөвхөн хэлний тухайд шүү дээ.
Өнөөдөр Англи хэл гэж манайхан шуурцгааж байна. Хэл судлалын эрдэмтэд нэг үг нь олон өөр утга илэрхийлэх шинжээс нь хамааруулж Англи хэлийг дэлхийн хамгийн яруу баялаг сан муутай хэл гэж ч үздэг юм билээ. Үнэн худалыг нь олж мэдэхийг хүссэн хүн байвал өөр хэлнээс уран яруу шүлэг, найруулгыг Англи хэл рүү орчуулж үзэж болох юм. Англи руу хэр оновчтой, дөхүү бууж байна, таны илэрхийлэх гэсэн үг хэллэг Англи хэлэнд байна уу гэх мэт оролдож үзэж болно. Дээр нь нэмж хэлэхэд дэлхий даяар түгсэн худал хуурмаг түүх, мэдээллийн 80 орчим % нь тус хэл дээр байдаг.
Монголчууд бид аман болон бичгийн хэл соёл, нүүдлийн болон суурин соёл иргэншил, уламжлалт болоод орчин цагыг ололт дэвшилт гэх мэт аль алиныг хослуулж, тэнцвэрийг нь олж явбал бидэнд л хэрэгтэй. Хос морьтой хүн хол явна гэж үг бий зүйр үг бий.