Ерөнхийлөгчид ил захидал илгээжээ
Posted: 2011/10/13 Filed under: Иргэд , хөдөлгөөнүүд | Tags: Мэдүүштэй 3 CommentsИл захидал
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Танаа
Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Таны амрыг эрье.
Монголд гадны Атомын цахилгаан станцын цацраг идэвхит хаягдлыг авчирч булшлах их гүрнүүдийн төлөвлөгөө болон иймэрхүү санал санаачлагыг гарган төрийн өмнөөс яриа хэлцэл хийж явсан Монголын албаны зарим хүмүүсийн санаархалыг таслан зогсоож, ард түмнийхээ язгуур эрх ашгийн үүднээс төрийн тэргүүний уужим ухаанаар энэ асуудалд цэг тавьсан зарлиг гаргасанд тань гүнээ талархаж байгааг минь хүлээн авна уу. Таны гаргасан улс төрийн энэхүү зоригтой шийдвэр нь Монголын ард түмний сэтгэл зүрхэнд төр засагтаа итгэх итгэл найдварын галыг өчүүхэн ч гэсэн асааж өгсөн гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна. Ерөнхийлөгч Та НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганы хүндэт индэр дээрээс гаргасан зарлигаа баталгаажуулж Монголын төр гадны цөмийн хаягдлыг өөрийн нутагт булшлах асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ дэлхий нийтийн өмнө хариуцлагатайгаар мэдэгдсэнийг Монголын олон нийт талархан хүлээн авсан билээ.
Эрхэм Ерөнхийлөгч Таныг Монголын ард түмний өмнө болон дэлхий нийтийн өмнө гаргасан шийдвэр, хэлсэн үгээ баталгаажуулж бодит алхмуудыг цаг алдалгүй хийнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна. Хүн хэдий сайн ч хэлэхээс нааш санадаггүй гэсэн үг байдаг. Иймд дараах асуудлууд дээр төвлөрч шийдвэртэй алхмуудыг хийхийг шаардаж байгааг минь болгооно уу. Үүнд:
1. 2009 онд УИХ-аас баталсан “Цөмийн энергийн тухай хууль”-ийг хүчингүй болгох (Уг хуулийг УИХ-ын байнгын хороо болон Их хурлаар хэлэлцүүлэлгүй ганцхан өдрийн дотор яаравчлан баталсан гэгддэг),
2. Монгол улсад Атомын цахилгаан станц барьж цөмийн энергийг ашиглах зорилгоор байгуулсан Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газрыг татан буулгах,
3. Цацраг идэвхит ашигт малтмал ураныг олборлох, цөмийн түлш хийж экспортлох зорилгоор байгуулсан төрийн өмчит Мон-Атом компанийг татан буулгаж уран олборлох бодлогоосоо татгалзах,
4. Сэргээгдэх эрчим хүчний газар байгуулах (Монгол улс төв азийн өндөрлөгт оршдог нар салхины эрчим хүчийг ашиглах газар зүйн ашигтай байрлалтай).
Эдгээр шаардлагыг тавих болсон шалтгаан нь эрхэм Ерөнхийлөгч Таны гаргасан зарлиг хэлсэн үгэнд дээрх асуудлууд яригдаагүйтэй холбоотой. Монгол улс АЦС-тай болсон тохиолдолд цацраг идэвхит ашигт малтмал болох уранаа олборлоно. Ингэснээр дэлхий нийтэд үхлийн тоосонцор гэгддэг цацраг идэвхит тоосонцор газрын хөрс, гүний ус, бороо салхиар дамжаад амьтан ургамал, хүн амыг хордуулахгүй гэсэн баталгааг хэн ч гаргаж чадахгүй. Атомын цахилгаан станцаас цацраг идэвхит хаягдал гарна. Цөмийн хаягдалд өөрийн хүний гэсэн ялгаа огт байхгүй нь туйлын ойлгомжтой. Цөмийн хаягдлаа хадгалах байгууламж барих, аюулгүй байдалд нь байнгын хяналт тавьж мөнхөд харж хандах гээд асар өндөр өртөг зардалтай. Иймд цөөхөн хүн амтай, байгалийн арвин их баялагтай манай орны хувьд уран олборлохгүй, атомын цахилгаан станц барьж байгуулахгүй байх нь Монгол улсаа цөмийн аюулаас ангид байлгах үндэсний аюулгүй байдлын баталгаа юм.
Монголын ногоонтнууд “Цөмийн аюулгүй Монгол улсын төлөө” үндэсний хөдөлгөөн байгуулж Атомын цахилгаан станцгүй, цөмийн хаягдалгүй, уран олборлолтгүй Монгол Улсын төлөө нэгдсэн 6000 гаруй хүний гарын үсгийг Ерөнхийлөгч Таньд хүргүүллээ. Та Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимаараа энэ асуудлыг олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлж, өөрийн байр сууриа хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд мэдээлнэ үү.
Эрхэм Ерөнхийлөгч Таныг бүрэн эрхийнхээ хугацаанд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг эрхэмлэсэн бодлогын өөрчлөлтүүдийг хийж чадна гэдэгт гүнээ итгэж байгаагаа дахин илэрхийлье.
“Цөмийн аюулгүй Монгол Улсын төлөө”
үндэсний хөдөлгөөний тэргүүн
Л.Сэлэнгэ
2011 оны 10 дугаар сарын 05-ны өдөр
Фүкүшимагийн осол дээр ажилсан хүмүүсийн хамгаалах хувцасыг яаж устгах аргаа олохгүй
хураагдсаар байгаад 5аас 6 метрийн өндөртэй уул болсон байна. Энд нийт 480000 удаагийн хэрэглэж дууссан хувцас байгааг дурдсан байна. Тэгэхэээр энэ хувцасыг өмсөөд хичнээн хүн ажилсан нь төсөөлөхөд нэмэр болох байх. Монгол хэдхэн цэрэг цагдаадаа хувцасаар хангах чадахгүй шахуу байж ийм цөмийн цацрагаас хамгаалалтай хувцас хэдийг авч чадах вэ.
xүүе тэгээд татан буулгасан юм уу яасан юм бэ бүүр санаа зовчиxлоо
Бид өөрсдийн газар нутаг, эрүүл мэнд, хойч ирээдүйнхээ төлөө үүнтэй тасралтгүй тэмцэх хэрэгтэй. Эс тэгвээс оройтно шуу. Үүнд Монгол иргэн бүрийн дуу хоолой хэрэгтэй!!!