БУРХАН ГУЙСАН Ч ӨГЧ БОЛОХГҮЙ ГАЗАР ШОРОО
Posted: 2011/06/28 Filed under: Газар нутаг | Tags: АНУ-aac Г. Галбадрах, Цөмийн тухай бусад бичлэгүүд 1 CommentБУРХАН ГУЙСАН Ч ӨГЧ БОЛОХГҮЙ ГАЗАР ШОРОО
Гомбосүрэнгийн Галбадрах
…Гэрт тань гадны хэн нэгэн орж ирээд авдар савыг тань дураараа онгичиж, хамаг л өнгөтэй өөдтэй, үнэ цэнэтэй бүхнийг нь хамж аваад оронд нь үнс болон элдэв муухай хог хаягдал дүүргэж орхиод гарч одвол та яах вэ?
http://golomt.org сайтыг үүсгэгч Амарлин сүүлийн үед, Монголд гадны орнууд цөмийн хог хаягдлаа булж болзошгүй байгаа тухай болон Монголын газар нутгаас бусдад худалдсан байж болзошгүй тухай мэдээллүүдийг баримт түшиглэн цуврал байдлаар бичиж олон нийтийн анхааралд толилуулж буй. Тэрээр хэн нэгний эрх ашигт нийцүүлэх гэж ч бус, хэн нэгний нэр төрийг гутаах гэж ч биш, гадаадын нэр хүндтэй сэтгүүл болон мэдээллийн хэрэгслээр нэр хүндтэй сэтгүүлчдийн бичиж нийтлүүлж буй баримтууд дээр түшиглэн, өөрийн дүгнэлт болон сэтгэлийн зовинолоо илэрхийлж байгаа нь талархууштай.
Нөгөө талаар Амарлин бичээч, эрэн сурвалжлах сэтгүүл зүй болон маш сайн баримт нотолгоо бүхий чанартай нийтлэлүүд бичиж байгаа нь, сэтгүүлчийн диплом өвөртөлж ямар нэгэн байдлаар “од” болон алдарших хүсэл мөрөөдлөөр жигүүрлэж яваа өнөө үеийн залууст сайн үлгэр дуурайлал болохоор байгаа. Гэхдээ Амарлинг сэтгүүлч мэргэжилтэй бус ч, сайн боловсролтой гэдгийг ч бид анзаарч байна.
“Монгол Улсын газар нутаг, түүний хөрсөн доорхи баялаг бүх ард түмний мэдэлд байна” хэмээн Үндсэн хуулиндаа бид маш тодорхой заасан байдаг. Гэтэл сүүлийн үед Монголын газар нутаг доор бусдын ашигласан цөмийн хаягдлыг булж болзошгүй тухай мэдээлэл болон Дорнод аймгийн Халх голын сав нутгаас их хэмжээний газрыг түрээсэлсэн нэртэйгээр худалдсан байж болзошгүй тухай мэдээллүүд олны анхаарлыг татаж, их бухимдлыг үүсгэж байна.
Монголын улстөрчид өөрсдөөрөө тоглож болно, харин Монголын газар нутгаар тоглож арай ч боломгүй. “Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү” бидэнд хамаагүй л дээ. Харин “мөнгөтэй, эрх мэдэлтэй хүн юу дуртайгаа хийж болдог юм” гэж эндүүрээд Монголын газар нутаг болон түүний баялгийг бусадтай хуйвалдан завшиж, байгаль орчныг нь сүйтгэж, баялгийг нь гадагшаа зөөн арилжиж, хор хөнөөлтэй цөмийн хаягдлыг нь хөрсөнд нь булна гэвэл арай дэндэнээ. Эрүүл ухаантай Монгол хүн, үүнийг харж халаглаад, эсвэл дэмжиж далдаганаад,
үүний төлөө өчүүхэн хувь хишиг горьдож хүлээгээд сууж чадна гэж үү? Ахуйн ядуурал нь оюуны ядуурал болж, өнгө мөнгөний шунал нь шулам болж хувирсан гэж үү?
Баримтуудыг эрүүл ухаанаар эргэцүүлэхүй
Нэгэн зүйл:
Сүүлийн үед Жон гэгчийн “Эдийн засгийн алуурчны наманчлал” гэдэг ном болон түүнтэй холбоотой олон мэдээлэл, анхааруулга сануулгууд дэлхий нийтийн анхаарлыг ихэд татаж буй. Нэгэн цагт үзэл бодол, эрх мэдэл, их мөнгөний төлөө хэн нэгний захиалгаар устгадаг байсан бол өдгөө цагт их баялагтай хэрнээ буурай хөгжилтэй, улс төрийн муу тогтолцоотой орнуудыг захиалга болон тодорхой бодлогоор дампууруулан сүйрүүлэх ажиллагаа явуулдаг болсон тухай анхааруулга гарах боллоо. Баялаг ихтэй хэрнээ хөгжиж чадалгүй “баялгийн хараал” тусч “уулын буга ч үгүй, унасан бух ч үгүй” хоцорсон олон ч орнуудын харамсалтай жишээ захаас аван зөндөө байгаа.
Монголын Оюутолгой, Тавантолгойн ордууд ямар гайхамшигтай баялагтай болох тухай, энэхүү баялгаар “тэнгэр заяат”, “хөх толбот” монголчууд хагартлаа баяжиж, “хутга тавилгүй мах огтолж, хундага тавилгүй сархад хүртэж”, мөнхийн мөнхөд, өнийн өнөд жаргах тухай ямар хүчтэй сурталчилгаа явагдаж байнаа. МАНАН-ууд өмнөх сонгуулийн сурталчилгаандаа “Эх орны хишиг” нэрээр хүн бүрт 1.5 сая төгрөгийг зүгээр өгч байх тухай амалж, амлалтынхаа баталгаа болгон “батламж” өгч тохуурхсан. Өдгөө амлалтаа биелүүлсэн нэр зүүх гэж “хөгөө хөлдөө чирж” байгааг бид харж л байна.
Ирэх жилийн сонгуулийн бэлтгэл болгож, “баялгийн хувьцаа” нэрээр 346 хувьцаа олгохын тулд “Иргэдийн шинэчилсэн бүртгэл” хийж байна. Гарын хээ, нүдний өнгийг хүртэл шинжилсэн энэхүү бүртгэлийн ачаар Монгол иргэд бүр дансандаа мөнгөтэй, бас баялагтай болох бололтой. Шинэчилсэн үнэмлэх нь ядаж л АНУ-ын SSN /нийгмийн хамгааллын дугаар/тай адил мэдээллийг агуулж, ашиг тусаа өгдөг болбол итгэж болох сон. Энэ нь зүгээр л шоу, эсвэл сонгуулийн сурталчилгааны заль мэх байсан эсэхийг цаг хугацаа харуулах биз.
Сонгууль дөхөөд ирэхээр л “алаагүй бааавгайн арьсыг хэрхэн хуваах” тухай элдэв үлгэр, аргачлалынхаа хамт гарч ирдэг нь бараг л жишиг болж байна. Уул уурхайн баялгийг гадныхантай хамтран ашиглаж байж л үр шимийг нь хүртэх тухай хүчтэй сурталчилгаа, ашиг орлогын тухай толгой эргэм тоо, хөрөнгө оруулалтын гэрээ, хууль зүйн орчин, ашиг хуваарилахтай холбоотой элдэв маргаан мэтгэлцээн бүгд л цаасан дээр л байгаа. Харин бодит байдал дээр улстөрчдийн баяжиж байгаа, ард олны ядуурч байгаа бараг л тэнцэх байх. Бид үүнийг “эдийн засгийн алуурчдын” “урьдчилгаа” байж магадгүй гэж хардаж байна.
Орж ирээгүй байгаа баялгийн ашгаас бэлэн мөнгө тараах тухай л сурталчилгаа явагдаад байгаа болохоос, баялгийг хэрхэн зөв оновчтой ашиглаж болох тухай, байгаль орчноо яаж хэвээр авч үлдэх тухай, цөөхөн монголчуудаа хэрхэн хөгжүүлэх тухай, ирээдүйдээ залуусаа хэрхэн зөв бэлтгэх тухай ямар ч санал санаачлага гарахгүй байгаа нь “эдийн засгийн алуурчны” сэжгийг бидэнд төрүүлээд байгаа юм. Зөвхөн уул уурхайн халууралд чичирцгээж, бусад салбруудын тухай огт ярихгүй, анхаарахгүй байгаа нь бидний хардлагыг лавшруулаад байгаа юм. Эрүүл мэнд, боловсрол, хуулийн хамгааллын талаар юу ч санаачилж юу ч хийж чадахгүй байгаа нь олон нийтийн бухимдлыг төрүүлээд байгаа юм.
Монголчууд бид “долоо хэмжиж нэг огтолдог” заншилтай. Болоогүй юманд хөл алдан гүйдэггүй, хэл зарлаж сүржигнэдэггүй зуршилтай. Харин одоо нэг л бишээ. Үлгэрлэх аваас багана нь тэгшрээгүй төрийн, шуналд автсан түшмэдүүд, юуг ч зарж, юуг ч сүйтгэж мэдэхээр болжээ. Танд тэгж санагдахгүй байна уу?
Нэгэн зүйл:
Энэ хавар Японд болсон цунамигийн уршгаар Фукушимагийн АЦС-д болсон осол, өдрөөс өдөрт ил болж буй түүний уршиг дэлхий нийтийн анхаарлыг татаж буй. Энэ сургамжаас улбаалан ашигтай хэдий ч, хаягдал нь илүү хортой АЦС-ыг ашиглахаасаа Герман тэргүүтэй орнууд татгалзаж эхэлж байна. “Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг” гэдэгчлэн хөгжиж буй орнууд маргаашийн хувь заяандаа илүү анхаарч байна. Яг үнэндээ хүн төрөлхтөн ааг амьсгаагүй хурдацтай хөгжлийнхөө муу үр дүнг амсч эхэлж буй олон жишээний нэг нь энэ.
Монголчууд бидэнд зарим төрлийн хоцрогдол нь ашигтай ч байж болох тухай бодол хааяа төрөх. Тог цахилгаан тасрах нь их байсан ч онгон дагшин байгалтайгаа үлдсэн нь бидний л аз. Заавал АЦС барилгүйгээр сэргээгдэх эрчим хүч, нар салхи зэрэг байгалийн хүчин зүйлийг ашигласан байгальд хоргүй эрчим хүчний эх үүсвэрийг сонгох боломж өнөө бидэнд олдож буй.
Гэтэл хор хөнөөл нь нотлогдож зарим улс орон татгалзаж эхлээд байгаа АЦС-ыг яаравчлан байгуулж, үүнийхээ шанд нь бусад орнуудын цөмийн хаягдал шаарыг Монгол нутгийн хөрсөнд булах санаачлага гарч, энд тэнд элдэв гэрээ хэлцэл хийж байгаа тухай мэдээлэл ихэд гарах боллоо. Энэ ажилд идэвхийлэн санаачилж оролцож байгаа зарим хүмүүсийн нэрийг Амарлин бичээч баримт нотолгоотойгоор гаргаж тавьжээ. “Цөмийн бизнесийг Монголд хэн хийж байна вэ?” нийтлэлд дурдсанаар ГХЯ-ны тусгай дэд сайд А.Ундраа, түүний нөхөр MNFCC компаны эзэн
Д.Дашдорж, ГХ-ны сайд Г.Занданшатар, Академич Б.Чадраа, УИХ-ын гишүүн Т.Алтангэрэл, О.Чулуунбат, “MoнАтом” компаны захирал Р.Бадамдамдин нар голлон оролцож, үүний цаана Монголын улстөрийн том бүлэглэлүүд байгаа тухай сэжиглэлээ ч баримтжуулан өгүүлсэн байсан.
Гадаадын нэр хүндтэй, нөлөө бүхий сонин сэтгүүл болон мэдээллийн хэрэгслэлүүд дээр нэр хүнд бүхий сэтгүүлчдийн олон хэл дээр бичиж тавьсан баримт нотолгоог Амарлин орчуулж, өөрийн дүгнэлтээрээ баяжуулан бичсэн болохоос тэднийг ор үндэсгүй гүтгэж, баримжаа таамгаар, сэтгэлийн хөдлөлөөр бичээгүй аж. Энэ бол гадаадад суралцаж, ажиллаж амьдарч байгаа монголчуудын санаа зовсон шаналлын илрэл. Гэтэл тэд энэ бүхнийг үгүйсгэн “тийм зүйл огт байхгүй, үүнд үнэмших хэрэггүй” хэмээн сулхан учирлах мөртлөө баримтуудыг няцаасан дорвитой тайлбар огт өгсөнгүй. Тэд үнэхээр буруугүй л юм бол олон нийтэд аль хэдийн мэдээллээ цацсан Японы “Майничи” сонин болон бусад сэтгүүлүүдийг олон улсын шүүхэд өгч нэр төрөө цэвэрлэх, үгүйдээ л няцаасан албан ёсны тайлбар өгч болно шүү дээ.
Тэд зөвхөн өөрсдийгөө л “мундаг боловсролтой, лут ухаантай, агуу зальтай” гэж итгээд бусдыг “боловсролгүй, бүдүүлэг, тэнэг” гэж дүгнэдэг арчаагүй сэтгэхүйгээ харуулахаас хэтэрсэнгүй. Үнэхээр ийм аймшигтай үйлдлийг тэд ” хийгээгүй, хийх ч үгүй” гэж Монголын ард түмний өмнө албан ёсоор мэдэгдэж, үүнийгээ батлан нотлох аваас тэдэнд талархалгүй яахав. Харин наанаа үнэнч дүр үзүүлээд цаагуураа ийм арчаагүй үйлдэл хийх аваас эгэл жирийн Монголчууд болон аугаа түүх та нарыг өршөөхгүй.
Харин одоо бол бид баримтаас үүдэн хардаж, үүнийхээ төлөө үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй.
“Хэнд эрх мэдэл байваас түүнд хилэнц буй” гэдэг үг бас бий.
Нэгэн зүйл.
Судлаач Д.Ганхуяг “Эх нутгаа зарагсад эртхэн зайлаарай” нэртэй нийтлэлдээ Монголын Халх голын сав газар нутгаас 325, 999 га газрыг Солонгосчуудад газар тариалангийн зориулалтаар 99 жилийн хугацаатай түрээслүүлэх шийдвэр болон баримтуудыг дүгнэн бичжээ.
Нэгэн цагт Монгол оронд “атар газар эзэмших” хөдөлгөөн өрнөж, энэ үйл хэргээ социализмын төгс ялалтын гайхамшигт ололт хэмээн сурталчилж байсан цаг бий. Харин ардчилсан хувьсгал ялсан цагаас гайхамшигт бүтээн байгуулалтыг үрэн таран хийж, идэх гурилаа урд хөршөөсөө зөөж, цөөхөн хүмүүс буурь сахиж үлдсэн. Монгол орон эрс тэрс уур амьсгалтай, хөрс нь үржил шим муутай учраас газар тариалан хөгжих боломжгүй, ашиг орлого муутай гэж тэд тайлбарладаг.
Харин одоо яахаараа гадныхан газар тариалан эрхлэх гэж газар нутгийг минь түрээсэлж, бас худалдаж авдаг билээ. Монголын хөрс шороонд монгол хүн тариалахаар юу ч ургадаггүй, Солонгосчууд тариалахаар учиргүй ургаж цэцэглэдэг гэж тайлбарлах юм болов уу? Хамгийн ноцтой нь Монголчууд түрээсэлсэн гэж гүрийгээд, Солонгосчууд худалдаж авсан гэж баярлаад байгаа нь ойлгомжгүй байгаа. Үүнийг хэн ч албан ёсоор баталгаажуулан тайлбарласангүй.
Алив зүйл ойлгомжгүй байх тусмаа хардлага дагуулдаг. Ядаж байхад Улаанбаатар хотын менежер байхдаа Улаанбаатар хотын болон хот орчмын газар нутгийг бизнес болгон хувиргаж өөрсдөө баяжиж, хот төлөвлөлтийг устгаж орхисон, өдгөө ХХААҮ-ын эрхэм сайд Т.Бадамжунай энэ санаачлагад оролцсон гэх. Яасан ч барагдашгүй шунал билээ. Хариуцлага алдаж ажлаа унагах тусмаа улам дэвшиж, илүү өндөр албан тушаалд очдог монголын улстөрийн энэ заваан тогтолцоо хэзээ өөрчлөгдөх юм бол? Энэ үзэгдэл нь улстөрийг бизнес болгон хувиргаж, авилгал хээл хахуулиар их мөнгө олж, улстөрийн бүлэглэлүүдтэй хуваалцаж байдгийн нэг илрэл биш гэж үү?
Амьдран суугаа орон нутгаас нь ийм их газар нутгийг харийнхны мэдэлд өгч байхад хүлцэж, чимээгүй сууж л байдаг Дорнодчуудын тал шигээ уужим ухаанд нь биширмүү.
Төгсгөл
Уул уурхайд түшиглэсэн Монгол орны хөгжлийн галт тэрэг хэдийнээ хөдөлчихжээ. “Чи муу баярлалаа ч бархирлаа ч цаана чинь ардын засаг яллаа” гэж “Өглөө” кинон дээр сэлэм Тогмид хэлдэг шиг… Баярлах юм зөндөө л байна л даа. Монголчууд бид өөрсдөө уул уурхай дээрээ түшиглэн дэлхийн зах зээл дээр мөнгө босгож чадаж байна. Байгалийн баялгаа түүхийгээр биш эцсийн бүтээгдэхүүн болгож гадагшаа гаргах санаачлага оролдлогууд гарч байна. Баялаг дагасан хөгжлийн дэд бүтцүүд дээр түшиглэсэн олон ч бизнес, хангамж, үйлчилгээ бүхий ажлын байрууд монголчуудын амжиргаанд хөгжил авчрах байх.
“Одоохондоо бужигнаж байгаад алсдаа эв олох байхаа” гэж олон ч монголчууд уужуу сэтгэл, саруул ухаанаар өгүүлж байна билээ. Ов мэхтэй нэг хэсэг нь идэж завших л биз, шунал ихэдсэн заримыг нь хууль эс гэхэд тэнгэр гэсгээх л байх. Шударга хөдөлмөр хичээл зүтгэлээр зарим нь амьдралаа аятай сайнаар босгож амжина. Харьд олон жил болсон монголчуудын түрүүч нь нутаг буцаж эхэллээ. Тэд өөрсдийн зардлаараа өөрсдийгөө хөгжүүлсэн үнэт баялгууд. Олон ч сайхан үлгэр жишээг үзүүлж ах дүү анд нөхдөө дагуулах л байх. Харьд өндөр боловсрол эзэмшсэн монгол залуус нэгийг бодож, нөгөөг санаж л байгаа.
Монголчууд бидний хэзээ ч мартаж болохгүй эрхэм нэгэн зүйл бий. Энэ бол өдий болтол тусгаар оршсон Монгол нутаг минь. Хаа ч явсан эргэцээ морьд шиг эргэж буцан тэмүүлэх Монгол газар шороо минь.
…Уулсын оройгоос салж ядан дээшлэх манантай өглөө гэрээс гарч тэртээх холыг хараачлан суниах сайхан. Бие нэг л хөнгөрөх шиг. Гэрийн яндангаас тэнгэрт суунаглах утаанаас аргалын үнэр үнэртэх нь сайхан. Сэтгэл нэг л сэргэх шиг. Хонь майлах, үхэр мөөрөх, адуу янцгаах чимээг сонсох дор чихнээ сонсголонтой. Сонор мялаах шиг.
Тогоон дотор даргилан буцлах сүүтэй цайнаас аягалан, боорцог өрөмтэй холин хазлан идэх ямар сайхан. Гэдэс цадах шиг. Өөрийн тааваар, онгон байгальдаа хэнээс ч айж ичихгүй, бас шаналахгүй амьдрах сайхан. Жаргал ирэх шиг.
…Зуу зуун жилд буурал түүхийн тоосон дор эмтэрч хэлтрээгүй үлдсэн эх болсон газар нутаг минь. Энд л монголчууд биднийг амьдарч, аж төр хэмээн тэнгэр хайрласан юм шүү дээ. Энэ л нарны дор бид зовж жаргаж болноо. Энэ л хөрсөн дээр унаж, энэ л хөрсөн дор шингэх хувь заяа зөвхөн монголчууд биднийх. Энэ л уулс, говь, тал хээрт бид дураараа хашгирч, бас уйлж, дуулж болно. Ингэлээ гээд биднийг хэн ч зэмлэхгүй. Энэ л газар нутаг дээр бид “эзэн” гэдгээ мэдэрдэг.
Энэ газар нутаг дээр Монголчууд бид нэгдэн амьдрах учиртай.
МИНИЙ МОНГОЛЫН ГАЗАР ШОРООНООС БУРХАН ГАЙСАН Ч БҮҮ ӨГ.
БУЗАР ХОГ ШААРЫГ ХЭВЛИЙД НЬ БҮҮ БУЛУУЛ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
e-mail: gala_mn@yahoo.com 2011-06-28
бид төрөлх монгол хуний саруул ухаанааp нухацтай, хариуцлагатай хандах хэрэгтэй юм шуу