ЭХ НУТГАА ЗАРАГСАД ЭРТХЭН ЗАЙЛААРАЙ…

Судлаач Д.Ганхуяг
2011 оны 5 дугаар сарын 29

Эх сурвалж: http://gankhuyag.wordpress.com/2011/05/29/aqwx/

Манайхан ашигт малтмал, нүүрс зарж олох мөнгөнөөс өөрийг бодохгүй байна. Нефть, хий, нүүрсний хомсдол олонхи орны сайн сайхан байдалд өрсөлдөөн, түгшүүр төрүүлж байгаа ч даяар гол асуудал биш юм байна. Гол асуудал нь ердийн өлсгөлөн аж. Учир нь дэлхий нийт хүнс тэжээл, усны хомсдолд орох маш аюултай хандлага нэгэнт бий болжээ. Энэ хандлагыг улс гүрнүүд харгалзах болж ихээхэн алсыг харсан бодлого явуулж эхэллээ. Хүнс тэжээлийн уг үндэс нь газар бөгөөд үүнийгээ бүгд дээдлэн аригладаг болжээ. Гэтэл манай эрх баригчид газар нутгаа гадаадынханд зарж, түрээслэх хамгийн харалган гэмт үйлдэл явуулж эхлэв. Энэ тухай өгүүлье.

Дэлхийн III дайн ?
Америкийн ирээдүй судлаачид НҮБ-ын эдийн засагчдын илтгэлд үндэслэн манай гаригт эрчим хүчний нөөцөөс биш, харин хоол хүнснээс болж дайн гарна гэж үзэж байна. Мөнхийн өлсгөлөн байдаг африкчууд Европ руу, энэтхэгчүүд Орос, Казакстан руу, латин америкчууд АНУ, Канад руу, хятадууд хаашаа ч хамаагүй (?!) явах нь гарцаагүй бөгөөд энэ нь дайны шууд мөргөлдөөн болон хувирах өндөр магадлалтай гэж тэд үзжээ.
2007 онд Римд болсон НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын (UN Food and Agriculture Organization-FAO) хуралдаан энэ талаар сануулсан байна. Олон эксперт 2017 он гэхэд зарим орнууд хүн амынхаа голыг зогоох гэж зэвсэг барьж болзошгүй гэсэн дүгнэлт хийжээ. Хоол хүнсний эрхийн асуудлаар НҮБ-ын тусгай илтгэгч “өлсгөлөнгийн дүрвэгч” гэсэн эрхийн статусыг яаралтай хүлээн зөвшөөрөхийг улс орнуудад уриалсан байна. Энэ логикоор хүн амьд явах эрхтэй юм чинь хооллох эрх хамгийн эхэнд байж таарна…
Энэ оны эхнээс НҮБ-ын дээр дурдсан FAO байгууллага хүнсний бүтээгдэхүүний үнэ түүхэн рекордод хүрснийг тэмдэглэжээ. Нийтдээ хүнсний 55 бүтээгдэхүүний үнэ, ялангуяа эрдэнэ шиш 2 дахин, улаан буудайн үнэ 65 хувь өсчээ. Дэлхийн хамгийн ядуу 2 тэрбум хүн орлогынхоо 50-70 хувийг хоол хүнсэндээ зориулдаг аж. 1.25 ам. доллараас бага орлоготой ядуу иргэдийн тоо 2010 онд гэхэд л даруй 44 саяар нэмэгджээ.
Хүнс тэжээлийн хэмжээ ган, зуд, үер зэрэг цаг агаарын хүчин зүйлээс цаг ямагт хамаарч иржээ. Энэ удаад бол цаг агаараас биш, ерөөсөө хүн амын тоо хэт олширсон, хоол хүнсний хэрэгцээ өссөнөөс шалтгаалж байна. Дэлхийн хөдөө аж ахуй энэ аварга хэрэгцээг хангаж хүчрэхгүй нь тодорхой байна.
Дэлхийн хүн ам 1970 оныхоос хоёр дахин өсч, жилд тутам 80 саяар нэмэгдэж, өдөр тутам дэлхийн “хоолны ширээнд” дунджаар 219.000 “хоолны сав” нэмэгдэж байна. Сүүлийн жилүүдэд ойролцоогоор 3 тэрбум хүн мах, сүү, өндөг зэрэг гол гол бүтээгдэхүүнээр хоолныхоо чанарыг сайжруулдаг байна. Жишээлбэл, хятадууд “улам их” иддэг болжээ.
Гэтэл цаг агаар хоол хүнсэнд ихэд нөлөөлж, жишээлбэл 2010 оны ган Оросын ургацын 40 орчим хувийг залгижээ. Гэхдээ ган бол юу ч биш аж. Хамгийн гол амин сүнс нь ус аж. Усалгаат тариаланд өргөн хэрэглэснээр хөрсний ус эрс доошлох үзэгдэл дэлхий даяар болж байна. Саудын Араб мэтийн 18 улсын хөрсний ус бараг дуусч байна. Дэлхийн хүн амын талаас илүү хувь нь хөрсний ус доошилж байгаа орнуудад амьдарч байна.
Хятад, Энэтхэг хоёр ихээхэн хүнд байдалд байгаа аж. Энэтхэгт усжуулах системд зориулан 20 сая орчим цооног өрөмдөж гаргасан нь одоохондоо 175 сая индусыг тэжээж байна. Умард Хятадын тэгш газарт (энэ бол газар зүйн нэр томъёо-Д.Г.) улаан буудайн ургацын бараг тэн хагас, эрдэнэ шишийн гуравны нэгийг ургуулахдаа хөрсний усыг замбараагүй их соруулж авдаг байна. Энэ нөөц дуусвал ганц Хятад ч гэлтгүй аль ч улсын хувьд зайлшгүй сүйрэл болох аж.
Шинжлэх ухаан-техникийн хувьсгалын ачаар дэлхийн нэгж талбайгаас авах үр тарианы ургацыг 3 дахин өсгөж чаджээ. Гэвч аливаа юманд боломжийн дээд хязгаар гэж байдаг аж. Эрлийзжүүлж гаргасан мал, ургамлын төрлүүд генийн ихээхэн өөрчлөлтөд орж, “хоол биш, хор” болоход ойрхон байгааг олон эрдэмтэд сануулсаар байна. Ухаандаа сүүлийн 16 жилийн турш Японы цагаан будааны ургац өссөнгүй. Англи, Франц, Германых ургац ч мөн адил зогссон байна. Энэ нь дэлхийн III дайн гарах үндсэн бөгөөд голлох нөхцөл болох аж.

Цатгалдсан Монгол
Түүх үзээд байхад Монголд хүн өлсөж үхсэн тохиолдол их цөөн, бараг байгаагүй гэж үзэж болно. Энэ нь нөгөө хэдэн малын буян л даа. Одоо хоцрогдсон, ашиг шим муутай, үр ашиг багатай гэж муу муухайгаа дуудуулж байгаа ч хэрэв дэлхийн хүнсний хямрал болбол монголчуудыг аврах гол зүйл таван хошуу мал гэдэг нь ойлгомжтой.
Манайд хамгийн сүүлчийн хүнс тэжээлийн хомсдол дэлхийн II дайны үеэр болсон байдаг. Гэхдээ малынхаа буянаар бусад улсуудыг бодоход хамаагүй бага зовлон зүдгүүр амссан юм билээ. Ахмадуудын ярианаас үзэхэд дайны үед дан махаа идээд “дажгүй” амьдарч болдог л байж. Ганц зовлон нь гурил, цай, тамхи олдохгүй их хэцүү байсан гэж тэд ярьдаг юм. Дашрамд сонирхуулахад “нохой хамартаа хүрэхээр усч” гэгчээр бид дайны үед өөрсдөө үр тариа нэлээд ихээр тариалж, тамхи мэтийн ургамал ургуулж, зэрлэг цайны ургамал түүж сурсан байдаг. Дайны дараа хоол хүнс элбэг болмогц үүнийгээ мартаж орхижээ, бид. “Малчдаа аврая гэвэл” өгүүлэлдээ би нэгдэл юмуу хоршоолол байгуулж бүтээмж нэмэх зайлшгүй шаардлагыг үндэслэсэн л юмсан.
Манай хүнс тэжээлийн удаах гол сурвалж газар тариалан юм. Уламжлалт нийгэмд цаг ямагт туслах шинж чанартай байсан, харин социализмын үеэс бие даасан салбар болсон үндэснийхээ газар тариаланг хамгийн ихээр анхааран дэмжих цаг болжээ. Хүнс тэжээлийн гуравдахь том сурвалж нь төмс, хүнсний ногоо болно. Энийг ч гэсэн манайхан нэг их мундаг биш ч гэсэн бие даан тарьж ургуулж чадна гэж бодож байна.
Монголчууд газар тариалан эрхэлж чадахгүй гэдэг дүгнэлт нэгэнт хоцрогдсон. Энэ бол монголчуудын бие даан хөгжүүлж болдог, бас чаддаг хамгийн чухал салбар мөн.

Газрын наймаа
Гэтэл саяхан манай төр засаг ихээхэн хэмжээний газар нутгаа гадаадад түрээслэх шийдвэр гаргасан талаар би дараах дүгнэлт хийж байсан.
“Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Халх голын сав газарт тариалан хөгжүүлнэ гэж солонгосуудад 270.000 га газар 99 жилийн хугацаагаар түрээслэх шийдвэр гаргасан. Солонгосын ГХМ олохоор төлөвлөсөн 7 тэрбум $-оос хувь хүртэж болохуйц ийм шийдвэрийг тэр олон жил хуйвалдаж ирсэн нэр бүхий улс төрчидтэй (?!) хамтран гаргасан нь лавтай…Газар нутгаа далдуур тасчин зарах нь зөвхөн атаат дайсны хийх ажил буй за…” (www.ganaa.mn. 2011 оны 3 дугаар 9.)
Гэтэл саяхнаас Монголын зарим сайт, цөөн сонинууд “Өмнөд Солонгос Монголын газар нутгийг худалдаж авсан” тухай албан мэдээллийг солонгос эх сурвалжаас иш татан мэдээлж эхлэв. Эдгээр мэдээллийн ихэнхийг зүсийг нь үзээгүй боловч миний хүндэтгэж явдаг залуу судлаач Амарлин дүү бичсэн байх юм. Цөмийн хаягдлаас эхлээд энэ мэт ноцтой асуудлыг нягт нямбай судалсан түүний сонирхолтой ажлуудыг golomt.org сайтаас дэлгэрүүлэн үзэхийг зөвлөж байна. Ингээд Амирлингийн цагаа олж сануулсан сонирхолтой бөгөөд түгшүүрт мэдээллээс бага зэрэг товчлон иш татъя.
“Korea IT Times” сонинд “Солонгос хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаагаа эхлүүлэхээр Монголд 30,000 (гучин мянга) га газар худалдаж авлаа” гэсэн мэдээ гарчээ. Энд Монголоос 816 мянга 880 акр газaр худалдан авч Кори буюу Солонгосын эртний Корё хаадын удмын нэрээр нэрлэсэн тариалангийн талбайтай болснoop Солонгосчууд гадаад улсаас хүнсний хараат байдлаасaa ангижирна гэжээ. Мөн сонины 2011 оны 3 сарын 10-ны дугаарт Монголоос нэг тэрбүм пянг (Солонгосчуудын газар хэмжих нэгж, 1 пянг (pyeong)=3.3.ам. метр) газар худалдаж авснаа тэмдэглэж баяр хийсэн тухай мэдээ олдлоо. Дурьдсан 1 тэрбум пянг дахин га-д хөрвүүлж шалгаxaд 330 мянга 600 га болж байна.
Түүнчлэн Австралийн “Future Directions International” дүн шинжилгээний байгууллагын мэдээ, Хонкогт төвтэй Азийн бүсийн “Asia Sentinel” сонин, америкийн “Corn & Soybean Digest” хөдөө аж ахуйн сэтгүүл зэрэг олон сурвалжид Өмнөд Солонгосчууд Монголooc 325 мянга 999 га гаруй (800 мянга гаруй акр) газар худалдаж авчээ гэсэн мэдээ гарсныг олж баталгаажууллаа. Тооцож үзвэл 3306 хавтгай дөрвөлжин км гэдэг нь Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын нутагтай дөхөж очиж байна. Монголчууд бид бүхэл бүтэн сумын дайтай нутгaa гадныханд худалдчихаад “200 -хан га газарт жишиг сангийн аж аxуй байгуулна” гээд мэдэн будилж суух гэж үү?

Энэ мэдээллийг хаашаа ч хөдөлшгүй ихээхэн ноцтой баримт гэж би үзэж байна. Бид уул уурхай гэж давхилгүй яахав. Гэхдээ нүүрс, зэс, уран идэхгүйгээс хойш хүнс тэжээлээ одооноос анхаарч байсан нь өлзийтэй гэж бодож байна.
Сүүлийн жилүүдэд аюулгүй байдлын хувьд ихээхэн эргэлзээтэй боловч нэр төрлийн хувьд монголчуудын хүнсний хэрэглээ ихээхэн өөрчлөгдөж дэлхийн жишиг рүү дөхсөн нь баримт юм. Гэхдээ л үндсэн хүнс гэж байдаг бөгөөд энэ нь монголчуудын хувьд мах, гурил, төмс л болов уу даа. Ухаандаа дэлхийн хүнсний хямрал болж цаг хэцүү болбол чипс, доширак, жүүс, ундаа, шоколад, кимчи зэргээр дутаад үхчих нь юу л бол…
Миний бодлоор Монгол Улсын стратегийн тэргүүн зэргийн зорилт бол хүнсний үндсэн гол нэр төрлийн бүтээгдэхүүнээр өөрийгөө бүрэн хангаж, хүнсний хувьд гаднаас хараат бус болох явдал гэж үзэж байна.
Оросууд яг энэ Халх голын сав газар Сүмбэр, Эрээнцавын сангийн аж ахуйг иж бүрнээр нь барьж өгсөн. Тэнд монголчууд тариалан эрхэлж болоод л байсан. Зүв зүгээр ажиллаж байсан юмыг “ардчилал” гээд бүгдийг нь сөнөөгөөд хаясан даг. Одоо юу нь болохоо байчихаад газраа зарах гээд байгаа юм ?!

Монголыг зарж байна…

Монголын газар нутгаас зарах үлэмж нүглийг Солонгост очиж казино тоглодог, тэдний шашны байгууллагаас шагнал авдаг, сонгуулийнхаа мөнгийг тэндээс босгодог улс төрчдийн бүлэглэл үйлдсэн нь гарцаагүй. Ц.Элбэгдорж, Сү.Батболд нарыг Монгол Улсын нутаг дэвсгэрээс тасалж худалд, 99 жилээр гаднынханд түрээсэл гэж сонгоогүй нь лавтай. Арай дэндэж байгаа юм биш үү…
Энэ асуудал ганц Солонгосоор дуусаагүй аж. 2010 онд Ц.Элбэгдоржийн Энэтхэгт хийсэн айчлалын үеэр ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай Энэтхэгийн хөдөө аж ахуйн компаниудаас Монголд тариалангийн газар төлбөртэй түрээслэхийг албан ёсоор санал болгосон байна. (http://farmlandgrab.org/post/view/11985). Одоо бүр санаа амар дэвэн дэлхийгээр хэсч газраа зардаг болж, энэ новшнууд…
Эдүгээ Монголын төр засаг иргэддээ тараах 21 мянган төгрөгөө ч өгөх мөнгөгүй хувхай царайлж энд тэндээс сэмхэн зээл авч, гуйлга гуйж байгаа “нууц”-ыг чинь би зарлаж байна. Би л лав дампуу төрийн нууцыг хадгалах үүрэг хүлээгээгүй. Энэ тохиолдолд концээслох, газар зарах хоёрхон арга үлддэг юм.
Манай Үндсэн Хуулинд заасан: Монгол Улсын нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдана”, “Монгол Улсын нутаг дэвсгэр, улсын хил халдашгүй дархан байна” гэсэн заалтууд хаашаагаа алга болчихсон юм ?!
Монголын газар нутгийг гадаадад 99 жилээр зарж, түрээслэсэн Ц.Элбэгдорж, Сү.Батболд тэргүүтэй эрх баригчдыг энэ бусармаг үйлдлээ бүх ард түмэнд тайлбарлахыг шаардаж байна. Хэрэв тайлбарлахаас татгалзах буюу чадахгүй бол гэрээг хүчингүй болгон тэднийг огцруулж, гадаад руу нь хөөж явуулах нь зүйд нийцнэ. Энэ талаар өргөн хэлэлцүүлэг явуулахыг бүх монголчууддаа уриалж байна.
Манайд чинь Солонгостой шууд “ах дүү бололцъё” гэж илт номлодог “Алтан гадас” болон МАН-ын улс төрийн явцуу бүлэглэл, түүний үзэл сурталчид бий болоод тун их удаж байна. Монголчуудыг үүх түүх, үндэс язгуураар нь гутаан доромжилсон бичлэгээр нь тэднийг амархан таньж болдог. Тэд “тэнэг”, “эх оронч”, “хууль мэддэггүй”, “муухай” монголын ард түмнээс болоод муухай төр засагтай болсон гэж шууд дүгнэдэг. Заримдаа ч тэднийг монголын “муу муухай” ард түмний дунд ингэж зовж байхаар тэр “сайн сайхан” ард түмэн рүүгээ очоосой гэж боддог юм.
Солонгостой сайхан харилцах хэрэгтэй хийгээд газар нутаг зарах хоёр огт авцалдахгүй ойлголт юм. Удахгүй над руу Монгол-Солонгосын ах дүүгийн найрамдалд сэв суулгалаа гэж дайрах нь гарцаагүй. Аягүй бол “Энхбаярын хүн” болгож ч магадгүй.
Та нар Н.Энхбаяртай үй зайгүй “найзууд” байгаад дайсан болсон юм чинь дайсан нь байсан би яасан ч болох шүү дээ ?! Гэхдээ миний хувьд түүнтэй 10 гаруй жил тэрсэлдчихээд одоо дагаж гүйх нь юу л бол. Харин Энхбаяраас айгаагүй байж одоо Та нараас айдаг ч ёстой яршиг л байна…
Эдүгээ улс төр-эдийн засгийн бодит, тулгамдсан асуудлыг хуурамч, зохиомол төлөв байдал руу оруулж олон түмнийг төөрөлдүүлэх заль мэх явагдаж байна. Цаад утгаараа Энхбаяр төр засгийн хулгай дээрэмд ихээхэн тус нэмэр болж байна. Төр засаг Энхбаяр хэмээх “хадны мангаа”-гаар айлгачихаад хулгай дээрмээ санаа амар үргэлжлүүлэх болов. Энхбаяр хулгайч байсан бол төр засаг яг одоо дээрэм хийж байна. Ялгаа нь энд л байгаа юм. Тэд мөн чанарын хувьд ямар ч ялгаагүй авч яг одоо “эх оронч дээрэм” хийж байгаа төр засаг хавьгүй илүү аюултай болж байна.
Дурдан буй давхцал монголчуудад нөхцөл байдлыг зөв үнэлж дүгнэх боломж олгохгүй байна. Иймээс “төр засаг-энхбаяр” гэсэн зохиомол хэрүүлээ орхиж, цөмийн хаягдал булсан, газар нутаг зарсан гэх мэт бодит тулгамдсан асуудлыг илүүтэй анхаарах цаг болсон.
Эрх баригчид газар нутаг зарсан мунхаг үйлдлээрээ хувьсгалын асуудлыг нээлттэй бөгөөд бодитой болгож байна. Одоо бол тун олон хувилбараар (?!) гарцаагүй өрнөж таарах хувьсгалыг буруутгах үндэслэл байхгүй л санагдана. Учир нь тусгаар тогтнолын асуудал хууль эрх зүйн хүрээний асуудал огт биш гэдгийг ноён Э.Бат-Үүлээс бусад нь ойлгож л таарна…

Иймээс Эх нутгаа зарагсад эртхэн зайлаарай…

Advertisements

6 Comments on “ЭХ НУТГАА ЗАРАГСАД ЭРТХЭН ЗАЙЛААРАЙ…”

  1. Ард says:

    Ардчилал нэртэй Анархизм, Бизнес ба Өрсөлдөөн нэртэй Авилга, Хулгай, Луйвар, Дээрэм цэцэглүүлж Хүнлэг бүхнийг үгүйсгэдэг болсон нийгмийг залруулахад ШИЙДВЭРТЭЙ, ОГЦОМ арга хэмжээ буюу ХУВЬСГАЛ зайлшгүй, яаралтай шаардлагатай болжээ.

  2. 67 says:

    Энд хэлэх үг үнэхээр алга байнаа, ийм ч тийм ч олон тайлбар, шалтгаан, шаардлага өөр юу ч билээ тоочиж болох боловч эх орон газар шорооноосоо ганц сөөмийг ч гадны хүнд өгөх (тэр турээслэнэ энэ тэр чинь худлаа л төөрөгдүүлэх гэсэн үг л дээ) ямар ч эрх мэдэл монголчууд бидний хэнд ч байхгуй, хэрэв тийм үйлдэл хэн нэг нь хийсэн байвал түүнийг зөвтгөх ямар ч тайлбар байхгүй билээ. Тиймээс ч ёстой хэлэх ч уг алга, ийм аймшигтай, эх орноосоо урвасан хүмүүст. Одоо тэдний үгийг л сонсох үлдлээ, уучлаарай бид алдаа гаргажээ, одоохон энэ шийдвэрээ, гэрээгээ цуцалья гэдэг үгийг, Тэгэхгүй бол яана ч гэмээр юм дээ, ёсстой хэлэх үг алгаа…МИНИЙ ГАЗАР ШОРООНООС БУРХАН ГУЙСАН Ч БҮҮ ӨГ гэж өвгөд минь сургасансан…

  3. Дэмжигч says:

    Хувьсгал. Өөр арга байхгүй

  4. amirlan-d talarhagch says:

    ээ хөх тэнгэр минээ энэ газар нутгаа зараад байгаа улаан панзчингуудыг яаж цээрлүүлэх ёстой вэ? хүзүүгүй Элбэгдорж бол Зоригийг алсан нууц ноёнтон шүү дээ. Зориг агсан байсан бол энэ Элбэгээ ингэж галзуурч чадахгүй л байх байсан даа. Үнэн гэж байдаг монгол уу үгүй юу????????????????????

  5. mongol says:

    зөв зөв. Нийтлэгч залуутай санал нэг бна. Янз бүрийн арга хэмжээ зохион байгуулахаар болвол миний имэйл руу юм үлдээж бгаарай

  6. mongol hun says:

    Бидний амгалан, эрүүл энх оршин тогтнох үндэс болсон газар нутгаа хайрлан тэмцэе. Эртнээс Монголчууд бид газар нутгаа дээдлэн харилцан шүтэлцээтэй амьдарсаар ирсэн. Уг хүйн холбоог тасалж байгаа эрх мэдэлтнүүдийг тэнгэр ниргэж, толгой дараалан хорвоогоос тонилгоосой!


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s