Улаанбадрахынхан дээр туршилт хийсээр байх гэж үү?

Gajig malОРШИЛ

Францын Арева компанийнхний ураны хайгуул хийж, туршилтын журмаар 2,700 гаруй тонн шар нунтаг олборлосон Дорноговь аймгийн Улаанбадрах болон Зүүнбаян сумдад мал сүрэг, нэн ялангуяа төл мал нь олноороо үхэж зулбаж буйн учрыг олох гэсэн малчид аргаа бараад удаж байгаа билээ. Газар дээр нь очиж шинжилсэн Мал Эмнэлэг Үржлийн Газрын мэргэжилтнүүд 2013 оны 3 сард малын үхэл нь “цацрагийн болон хүнд металлын ужиг хордлогоос үүдэлтэй ” гэж (1) дүгнэсэн байдаг. Гэвч мал эмнэлгийн шийдвэрийг Засгийн Газраас нэн даруй хүчингүй болгосон төдийгүй “цацрагийн” гэж бичиж зүрхэлсэн ажилтнуудад нь Ерөнхий Сайд хатуухан банга хүртээсэн сурагтай.   

Улмаар ураны лизенз олгогч Цөмийн Энергийн Газрын газрын дарга Г. Манлайжаваар  толгойлуулсан хэсэг хүмүүс 90 гаруй сая төгрөг зарлагадан байж, хамгийн шилдэг сүүлийн үеийн технологитой лабораторид удтал шинжилсэний эцэст, мал үхсэн нь үнэн байна, гэхдээ уран, цацрагтай бол огт холбоогүй, юунаас болсныг гадаадад явуулж шинжилтүгэй гэдэг хачирхалтай дүгнэлт гаргажээ. Удтал хүлээгдсэн шинжилгээний хариуг олны хүртээл болгож уншсан ерөнхий сайд Н. Алтанхуяг эцсийн өгүүлбэрийг дуудаагүй тул “Дорноговийн мал уранаас болж үхээгүй” гэдэг товч бөгөөд тодорхой мэдээг та бидэнд хүрсэн билээ.

Тэгвэл саяхны нэгэн хуралдаан дээр УИХ-ын гишүүд мал уранаас болоогүй харин хүхрийн хүчлээс болж үхсэн гэсэн таамаглал дэвшүүлжээ. Энэ янзаараа бол удалгүй мал сүрэг, нэн ялангуяа төл мал хүхрийн хүчил ууж амиа хорлох хандлага нэмэгдсэн талаар ярьж эхлэх шинжтэй. Үнэхээр мал сүрэг юунаас болж хорогдож байна вэ? Дорноговьд яг юу болоод байна вэ?

 
ӨРНӨЛ

Цөмийн эсрэг тэмцэгч Голомт-ЦЭХ”, “Гал Үндэстэн Холбоо”, “Монгол Улсын Төлөө Зүтгэе” офицерүүдийн холбоо, “Хувиараа Тээвэр Эрхлэгчдийн Холбоо” зэрэг ТББ-уудын төлөөлөгчидтэй хамтран дээрх асуудлаар санал солилцож, улмаар газар дээр нь очиж судлах, малчид иргэдтэй санал солилцож, мэдээлэл өгөх, мөн хөдөө орон нутгийн ард иргэдийн дуу хоолой, хүсэл зоригийг төр засагт хүргэх зорилготойгоор Дорноговь аймагт 2013 оны 5 сарын эхээр 7 хоног ажиллаад ирлээ. Энэ дашрамд Монголын газар нутгийн халдашгүй дархан байдал, хүн ардын эрүүл энхийн төлөө хоёргүй сэтгэлээр тэмцэгч “Голомт” цөмийн эсрэг хөдөлгөөнийхний нэр хүндийг гутаахаар чармайн хөөцөлдөж, баримт нотолгоогүйгээр гүтгэж буй Баабар мэтийн хөлсний бичээчдэд таарсан хариуг нь тун удахгүй барих болно гэдгээ мэдэгдэчихье.

“Голомт-ЦЭХ” ТББ-ын тэргүүн, МУИС, АНУ-ын Техасын А&М Их Сургуулийн профессор, физикийн ухааны доктор Г. Ариунболдын ажилласан ажлын хэсгийнхний хөдөө орон нутагт ажиллах явцдаа олж мэдсэн зүйлээс товч танилцуулвал:

1) Малчид, орон нутгийн ард иргэд уран болон цацрахийн хор хөнөөлийн талаар, ууран олборлолтын хор уршгийн талаар мэдлэг ойлголт тааруу байна. Үүнд Арева компани болон  орон нутгийн засаг захиргаа аль алин нь анхаардаггүй төдийгүй, зориудаар ташаа мэдээлэл өгч, асууж сурсан ард иргэдийг дарамталдаг байдал ажиглагдсан. Тухайлбал, тус аймгийн томоохон албан тушаалтан ирж иргэдтэй уулзахдаа “Уран гэдэг бол хаа сайгүй байдаг зүйл. Та нарын идэж байгаа боорцог, өмсч байгаа хувцсанд хүртэл уран байгаа. Уран бол хоргүй. Та нар муусайнууд юугаа мэддэг юм” гэж загнаж байжээ. Тэр бүү хэл Арева компанийн ажилтнууд ч өөрсдөө цацраг болон ураны хор хөнөөлийн талаар огт мэдлэггүй байх нь таарч байв.

2) Хүрээлэн буй орчинд цацрагийн болон химийн хордлого өндөр буй талаар нутгийн ард иргэд огт мэдээлэлгүй төдийгүй мэдэх боломж алга байна. Тухайлбал, Ажлын хэсгийнхэн цацрагийн хэмжилт хийж үзэхэд Аревагийн охин компани Кожеговь компаний ѳрѳмдлѳг хийсэн DL374 гэсэн пайзтай  газрын ойролцоо цацрагийн хэмжээ зөвшөөрөгдсөн хэмжээний дээд хязгаараас даруй 9 дахин их (1,8 микрозиеверт/цаг) байв. Өндөр цацрагтай энэ газрын хашаалж хүрээлээгүй, ямар нэг таних хориглох тэмдэг байхгүй  төдийгүй орчин тойронд нь малын хөлийн мөр их байсан.

Энэ далимд дурьдахад цөмийн эсрэг хөдөлгөөний идэвхтнүүд 2012 оны 8 сард Дорнодын Мардай орчимд цацрагийн хэмжилт хийж, зөвшөөрөгдсөн хэмжээнээс олон дахин өндөр байгааг анхааруулж байсан боловч Цөмийн Энергийн Газрынхан аюулаас сэрэмжлүүлсэнд талархахын оронд “Мэргэжлийн бус хүмүүс баталгаагүй багажаар хэмжсэн” гэх мэтээр бидний хэмжилтийн үр дүнг үгүйсгэж ирсэн билээ. Гэтэл бидний ашигласан Гамма Скаут багажийг 2012 оны сүүлээр Германд баталгаажуулсан, олон улсад ашигладаг чанартай багаж юм. Түүнчлэн,  Ирак, Афганистаны дайнд хэрэглэсэн ядуурсан ураны улмаас хохирогсдын тухай сурвалжилсан Японы сэтгүүлч Ф. Нишитани 2012 оны 11 сард Монголд ирэхдээ цөмийн эсрэг хөдөлгөөний идэвхтнүүдийн хамтаар Дорнод аймагт очиж, хос багажаар хэмжилт хийж, бидний хэмжилтийг баталгаажуулсан болно. 

3) Хэвлэлээр малчин Норсүрэнгийн 22 бяруу үхсэн гэж мэдээлдэг. Гэвч бодит байдал дээр   үхсэн малын тоо түүнээс хавьгүй их, бараг өрх бүрээс төдий хэмжээний мал зүй бусаар хорогдсон ба нийт тооцоогоор 700 орчим мал үхсэн байх магадлалтай байна. Нэн ялангуяа  Аревагийн ойролцоо нутагтай Аргалантын 3-р багийн малчдын мал сүүлийн 2 жилд олноор хорогджээ. Түүнчлэн мал хээл хаях, гаж төрөх явдал элбэгшиж, учир битүүлэг өвчний улмаас нийт малын нүд ѳвдөж, хүүхэн хараа нь цайсны учрыг малын эмч нар ч оношилж чадахгүй  байгаа ажээ. Шинээр төхөөрсөн малын уушги, элэг нь хар цагаан толботой, цэврүүтсэн, идээ бээр гүйсэн, дотор эрхтнүүд нь сэмжтэйгээ наалдсан, тэр бүү хэл, амьгүй төрсөн хурга ишигний элэг, уушиг хүртэл толботой байх болжээ.

Slide8 Slide3 Slide4 Slide5 Slide6

4) Мал сүрэг нь олноороо үхэж, гажигтай амьтай, амьгүй тѳл гаргах болсонд малчид сэтгэл санааны дарамттай, айдастай, малаа ѳсгѳх урамгүй байгаа нь ажиглагдлаа.  Малчид өөрсдийн болон үр хүүхдийнхээ эрүүл мэндэд түгшиж байгаа ч мэдээ мэдээлэл тун хомс байдаг байна. Тэд ураны тухай мэдэхийг маш их хүсч ураны тухай мэдээлэл гарч магадгүй гэж телевизийн сувгаа сольж байдаг тухай ч ярьсан. Малчдын дунд сүүлийн жилүүдэд хөл гар нь тэсэлгүй бэрх өвддөг болж, таяг тулах болсон, цусны даралт ихэссэн, мөн хараагүй болж сохорсон тохиолдлууд гарч байна. Саяхан Аргалант багийн 30-аад иргэд элэгний биохимийн шинжилгээнд хамрагдсанаас тал хувь нь элэгний өөрчлөлттэй гарчээ.  Түүнчлэн сум нийтээрээ хуурай ханиаж, биеэр нь юм туурч байгаа аж. 

eruu nurugui botgo

Эрүү нуруугүй ботгo. Дорноговь, Улаанбадрах

Урд хөлгүй төрсөн сохор ишиг. Дорноговь, Улаанбадрах

Урд хөлгүй төрсөн сохор ишиг. Дорноговь, Улаанбадрах

2 толгойтой хурга. Дорноговь, Улаанбадрах

2 толгойтой хурга. Дорноговь, Улаанбадрах

Сохор ботго. Дорноговь, Улаанбадрах.

Сохор ботго. Дорноговь, Улаанбадрах.

Учир тодорхойгүй энэ нөхцөлд эрх баригчид Мал Эмнэлэг Үржлийн Газрын гаргасан дүгнэлт, “Голомт” цөмийн эсрэг хөдөлгөөний идэвхтнүүдийн хийсэн цацрагийн хэмжилтийг үгүйсгэсээр байгаа. Улаанбадрахад очиж ажилласан Ерөнхий сайдын ажлын хэсгийнхний цацраг хэмжигч багаж нь эвдэрсэн тул цацрагаа ч хэмжиж чадаагүй буцсан тухай нутгийн малчид ярьсан байдаг. Тэгсэн атлаа Засгийн Газраас томилсон ажлын хэсгийн дүгнэлт нь сурьма, селен, зэсийн хэмжээ өндөр гарснаас өөрөөр бол Дорноговьчууд айх аюул үгүй амьдарч болно гэж гарчээ. Oрчин үеийн цацраг хэмжигч багаж, шинжлэх лаборатори үгүй ч  Арева ураны хайгуул олборлолт хийх болсноос хойш мал сүрэг нь үхэж, гажиг төрөлт нэмэгдэж, амьд малын гэдэс  дотор нь муудаж, худгийн усаар цай чанахад гашилж, хүний эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлж эхэлснийг нутгийн иргэд батлан хэлж байна.

Гаж төрөлт, өвчний учир шалтгаан нь ураны уурхай мөн үү? Энэ талаар шинжлэх ухаан, олон улсын туршлага, судалгаа юу гэж өгүүлснийг үзье.

ТАЙЛБАР 1: РАДОН

Slide1

Цацраг идэвхит уранд гинжин задрал явагдахад олон төрлийн аюулт элемент үүсдэг. Эдгээр цацрагт элементүүд дотроос нүдэнд үл үзэгдэх, өнгө үнэргүй радон хий онц аюултай. Уран олборлож байсан олон мянган уурхайчид ураны хүдрээс ялгарсан  радонд хордож, эрүүл мэнд, амь насаараа хохирсон эмгэнэлт түүх олон улсад бий. Радон xийн задралын хугацаа харьцангуй богино, 3.82 хоног хэдий ч хүнд хортой нөлөө үзүүлэгч байгалийн гаралтай ионжуулагч цацрагийн дийлэнх нь радоноос үүдэлтэй ажээ. Тухайлбал, радон нь агаараас найм дахин хүнд хий учир газрын гадаргуутай ойрхон оршдог ба хэдхэн хоноод задрахдаа ардаа олон цацрагт бодис, түүний дунд плутониос ч илүү хортой полони үлдээдэг нь өвс ургамалыг хордуулдаг байна. Радон нь  салхинд туугдан хэдэн зуун километрээр байршилаа сэлгэх чадвартай. Өнгө, үнэр, амт үгүй тул радоныг илрүүлэх, нэн ялангуяа гадна задгай талбайд тархсан тохиолдолд хэмжиж илрүүлэхэд асар хүндрэлтэй байдаг. 

Радон хийгээр амьсгалах нь уушигний хорт хавдар үүсгэдэг нь эрүүл мэндийн олон судалгааны  хөдлөшгүй баримтаар батлагдсан. АНУ-ын Байгаль Орчны Хамгааллын Агентлагийн (EPA) мэдээнээс үзэхэд (2) тамхи татдаггүй хүмүүсийн хувьд уушигны хорт хавдрын гол үүсгэгч нь радон хий байдаг бөгөөд АНУ-д жил бүр 21,000 хүн радон хийнээс үүдэлтэй уушигны хорт хавдраар нас бардаг байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас 2009 онд гаргасан радоны тухай нийгмийн эрүүл мэндийн гарын авлагад (3) радон нь уушигны хорт хавдар үүсгэхээс гадна цус, тунгалаг эс, чөмөг, ходоодны хорт хавдар болон зүрх судасны өвчинтэй ч холбоотой тухай дурьджээ.

Slide2

Улаанбадрахын малын уушиг. Адилхан байна уу?

Улаанбадрахын малын уушиг. Адилхан байна уу?

Радоны хор уршиг үүгээр дуусдаггүй аж. АНУ-ын Миннесота мужийн их сургуулийн цахим хуудсанд (4) радон нь уушигны эмфизем, фиброз, уушигны сувгийн архаг хатгаа, силикоз, амьсгалын зам гэмтэх  эмгэг үүсгэдэг гэжээ. Түүнчлэн радон нь хүний эд эсийг гэмтээж, хромосомын гажиг үүсгэж, улмаар төрөлхийн гажигт хүргэдэг талаар ч бичсэн байна. Радоны нөлөөлөлд аюулгүй хэмжээ хязгаар гэж үгүй. Хамгийн бага хэмжээ нь ч аюултай тул хорт нөлөөлөл нь үргэлжлэх хугацаанаас шууд хамааралтай гэдэг байна.  Түүнчлэн радоны хор хөнөөлийн тухай радон хийнд хордсоны нийтлэг шинж  тэмдэг нь ханиалга гээд яваандаа цусаар ханиадаг байна. Мөн уушигны үйл ажиллагаа муудсаны улмаас амьсгалахад хүндрэлтэй болж, булчин суларч, хүч чадал муудаж, амархан ядарч цуцдаг болох, цээжээр өвдөх, хоолой сөөх, уушигний хатгаа, бронхит давтан тусах зэрэг шинж тэмдэг илэрдэг тухай бичжээ. Хүүхдийн уушигны багтаамж насанд хүрэгсдийнхээс бага тул хүүхдүүд илүү олон удаа амьсгаа авч, улмаар радонд илүү их хорддог гэж АНУ-ын Center for Disease Control (CDC) (5) эрүүл мэнд хариуцсан төрийн байгууллагаас мэдээлсэн байна.

2012 онд Journal of Radiological Protection гэдэг Английн эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдcэн нэгэн судалгааны ажил  (6) aнхаарал татаж байна. Тус судалгааг Пакистан улсын Дера Гази Хан дүүрэг дэх ураныг газар дор уусган олборлож буй уурхайгаас 1 км радиуст орших 25 газар барилга дотор хэмжигч багаж байрлуулж, 60 хоногийн туршид радоны түвшинг хэмжжээ. Судалгааны дүнг үзвэл сонгосон 25 газраас дөнгөж ганцад нь л радоны хэмжээ АНУ-ын Байгаль орчны Хамгаалах Агентлагаас тогтоосон хүлцэх хэмжээнд байжээ. Мөн 2007 онд Radiation Effects & Defects in Solids сэтгүүлд (7)  нийтлэгдсэн Египетийн эрдэм шинжилгээний хүрээлэнд хийсэн судалгаа байна. Лабораторийн хулганад радон үнэртүүлэх туршилт хийхэд 2 долоо хоногийн дараа нүднийх нь болор, 6 долоо хоногийн дараа хүүхэн хараа нь гэмтсэн тул радоноос сэрэмжлэхийг анхааруулжээ.

Ураны задралын ганцхан бодисыг судалж үзэхэд байдал ийм байна. Ерөнхий сайд аа, бүхэл бүтэн сумын ард иргэд, мал сүрэг дээр цацрагийн туршилт хийсээр байх уу? Хэний эрх ашгийг хамгаалсандаа ард иргэдээ золиосолно вэ ???

ҮРГЭЛЖЛЭЛ бий…

Ашигласан материал:

1. Мал Эмнэлэг Үржлийн Газрын мэргэжлийн дүгнэлт. 2013 оны 3 сар. https://golomt.org/2013/04/15/malemn/

2. АНУ-ын Байгаль Орчны Хамгааллын Агентлагийн (EPA) мэдээ.http://www.epa.gov/radon/healthrisks.html

3. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага. (2009). WHO handbook on indoor radon: A public health perspective. http://www.nrsb.org/pdf/WHO%20Radon%20Handbook.pdf

4. АНУ-ын Миннесота мужийн их сургуулийн цахим хуудсаны мэдээлэл. Radon: Harmful effects of radon.  Class project.  http://www.enhs.umn.edu/current/5103_spring2003/radon/radonharm.html

5. U.S. Agency for Toxic Substances and Disease Registry, Center for Disease Control. (May 2012). Radon: Public health statement.  http://www.atsdr.cdc.gov/ToxProfiles/tp145-c1-b.pdf

6. Journal of Radiological Protection (2012). Indoor radon monitoring near an in situ leach mining site in D G Khan, Pakistan. Matiullah, F. M., & Rafiqu, M. https://golomt.files.wordpress.com/2013/06/islarticle-2-121.pdf

7. Radiation Effects & Defects in Solids. (2008). Development of cataract and corneal opacity in mice due to radon exposure. Abdelkawi, S.A., Abo-Elmagd, M., & Soliman, H.A. pp.661-671. https://golomt.files.wordpress.com/2013/06/egypt.pdf


10 Comments on “Улаанбадрахынхан дээр туршилт хийсээр байх гэж үү?”

  1. Ивээлсайхан says:

    зүгээр л аймшигтай гээд хэлхэд хэлсдэхгүй тийм нэг байдал бас гашуудалтай… ингэж уран олборлуулаад байгаа дарга цэрэг нь ч уран олборлоод байгаа хүн араатнууд ч тэр. ичгүүр сонжуургүй юмдаа

  2. skyline says:

    арайчдээ мөнгөний төлөө нэгнийгээ хорлох нь “Идхийн төлөө бусдыг хорлогч Хижи Боулхай” болжээ. Алтан дээд үнэний аялгуу номноос Хижи гэж ямар төрлийн хүн болхыг уншаад үзээрэй. Ийм л Хижүүдээр удирдуулж байгаа ард түмэн яаж ядаж хүн байж амьдрах билээ дээ.

  3. цаг нь ирсэн says:

    Vйлийн vрийнхээ хариуг тэд
    Vлдсэн амьдралдаа vvрэх л болно. Монголоо гээсэн дарга нэрт нvгэлтэнгvvд

  4. Anomalous says:

    ёооое энэ арай дэндэнээ What on earth!!!

  5. […] May 2013, Fire Nations‘ own investigator discovered epidemics of diseases; faceless animals, jawless animals; diseased internal organs; many abnormal births and birth […]

  6. […] May 2013, Fire Nations‘ own investigator discovered epidemics of diseases; faceless animals, jawless animals; diseased internal organs; many abnormal births and birth […]

  7. […] May 2013, Fire Nations’ own investigator discovered epidemics of diseases; faceless animals, jawless animals; diseased internal organs; many abnormal births and birth […]

  8. […] in the dead of Mongolian winter. […] In May 2013, Fire Nations‘ own investigator discovered epidemics of diseases; faceless animals, jawless animals; diseased internal organs; many abnormal births and birth […]

  9. […] May 2013, Fire Nations’ own investigator discovered epidemics of diseases; faceless animals, jawless animals; diseased internal organs; many abnormal births and birth […]

  10. Alexis says:

    Have you ever thought about publishing an e-book or guest authoring on other blogs?

    I have a blog based on the same ideas you discuss and would love to have you share some stories/information. I know my audience
    would value your work. If you’re even remotely interested, feel free to shoot
    me an e-mail.


Сэтгэгдэл үлдээх