Коста Рика улс он гарсаар ЗӨВХӨН сэргээгдэх эрчим хүч ашиглажээ
Posted: 2015/03/25 Filed under: Гадаад, Сэргээгдэх эрчим хүч Leave a comment Коста Рика улс 2015 он гарсаар нүүрс, газрын тос, зэрэг органик түлшнээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүчээр хэрэгцээгээ 100 хувь хангаж буйгаа бахархалтайгаар мэдэгдлээ. Тодруулбал, оны эхний 75 хоногийн туршид цахилгаан эрчим хүчний хэрэгцээнийхээ 68 хувийг усан цахилгаан станцаас, 5 хувийг–салхинаас, 12 хувийг– газрын гүний эрчим хүчнээс, бусдыг нь биомасс болон нарны эрчим хүчээр хангасан байна.
Коста Рика улс нь 4.8 сая хүн амтай Латин Америкийн хамгийн өндөр хөгжилтэй орнуудын нэгд тооцогддог. Legatum Prosperity Index хүрээлэнгээс эдийн засаг, бизнес эрхлэх боломж, засаглал, боловсрол, эрүүл мэнд, аюулгүй байдал, хүний эрх чөлөө, нийгмийн капитал гэсэн найман үзүүлэлтээр дэлхийн улс орнуудын аж амьдрал, хөгжил цэцэглэлтийг дүгнэдэг. 2014 онд нийт 142 улсыг эрэмблэхэд Коста Рика 34-т жагсаж Итали, Израиль, Унгар зэрэг Европын орнуудыг ардаа орхисон байна (Монгол улс 52-т жагссан– Орч.).
Коста Рика нь “ногоон хөгжлийн” үзэл баримтлалтай улс бөгөөд 2021 он гэхэд нүүрс хүчлийн давхар исэл огт ялгаруулахгүй болох зорилтыг 2009 онд тавьж, хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Түүнчлэн Коста Рикачууд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлж, усны эрчим хүчнээс хэт хараат болох эрсдлээс сэргийлэхийн тулд газрын гүний эрчим хүчийг хөгжүүлэх 958 сая долларын өртөгтэй төсөл хэрэгжүүлэхээр зэхэж байна.
Сэргээгдэх эрчим хүч ашиглаж буй бусад улс орнуудын жишээнээс дурьдвал:
- Венесуэлийн эрэг орчим дахь Нидерландын харъяа Бонайр арал бараг 100 хувь сэргээгдэх эрчим хүч ашигладаг. Тус арлынхан далайн замагнаас эрчим хүч үйлдвэрлэх технологийг нэвтрүүлснээр тун удалгүй хэрэгцээгээ зөвхөн сэргээгдэх эрчим хүчний эх сурвалжаас хангах боломжтой болно.
- Исланд улс ч мөн ижил дан сэргээгдэх эрчим хүч ашигладаг ба үүний 86% нь газрын гүний болон усны эрчим хүч эзэлдэг байна.
- Швед, Болгар, Эстони зэрэг улсууд 2020 он гэхэд сэргээгдэх эрчим хүчийг улам илүү ашиглах зорилт тавьсандаа аль дээр хүрч биелүүлсэн байна.
- Эрчим хүчнийхээ 40 хувийг салхинаас гаргаж авдаг Дани улс 2050 он гэхэд органик гаралтай түлшнээс (чулуун нүүрс, газрын тос, байгалийн хий г.м.) бүрэн татгалзахаар шийджээ.
Өнөөдөр дэлхий дахины чиг хандлага СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ хөгжүүлж ашиглахад чиглэж байхад АТОМЫН ЦАХИЛГААН СТАНЦ л барихгүй бол хөгжихгүй, дэвжихгүй гэж худал чалчигсад бол жинхэнэдээ хөгжлөөс хойш татагчид юм. Тэд цөмийн технологи амьдралд чухал гэж яриад АЦС-ыг зүтгүүлсээр байна.
Хорт хавдарыг цацраг туяагаар эмчлэхийн тулд ЗААВАЛ АЦС барих шаардлагагүй гэдэг ойлгомжтой бус уу?
Хоцрогдсон, аюултай, бас дээрээс нь ашигласан цөмийн түлш гэгч сая жилээр үхлийн цацраг ялгаруулагч хортой хог хаягдлаа далд оруулахаа ч тооцоогүй, нэг үгээр бол АСАР ЭРСДЭЛТЭЙ АЦС-ын технологийг Монголд нэвтрүүлэхээр шамдаж буйн учир юунд вэ?
Монголд АЦС барьж, цөмийн түлшний хог хаягдал үүсвэл өөрийн хаягдлыг бид өөрсдөө л булшлах болно. Цаашилбал, Монгол улс олон улсын цөмийн хаягдлын булшны орон болох эрсдэл улам нэмэгдэх болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
http://tcktcktck.org/2015/03/costa-rica-goes-75-days-powered-by-100-renewables/67271