Хөдөөний сургуулийг хаах цаг айсуй
Posted: 2014/10/29 Filed under: Боловсрол мэдлэг | Tags: Бодууштай Leave a comment
П.Мягмар
Монголд “боловсролын тэгш боломж” гэхээр гол төлөв хүйсийн талаар ярьж харагддаг. Жишээ нь, эмэгтэйчүүд шат ахих тусам эрчүүдээс илүү боловсролтой болдог нь манай тогтолцооны гажиг гэдгийг НҮБ зэрэг олон улсын байгууллага сануулж иржээ. Харин, энэ намар, манай улсын ТББ-уудын хэсэг төлөөлөл нэгдэн жагсах үеэр, зарим нь өнөөгийн боловсрол иргэдийг баян, ядуугаар нь алагчлах болсныг эсэргүүцэж, бас нэгэн тэгш боломжийг шаардсан нь ихэд содон байв.
Иргэд байгаль хамгаалал, шударга ёстой цуг боловсролыг шаарддаг болжээ. Гэвч, энэ мэт шаардлагыг өнгөрсөн үеийн коммунизм руу ухрах нь гэсэн эндүүрэл бий. Ялангуяа, ийм зүйлс ухуулсан нийтлэлүүдийг хоёр жил гаруйн өмнөөс “олон улсын Кэмбрижийн хөтөлбөрийн шинэчлэл” гэгч кaмпанит ажлаар идэвхтэй тарааж эхэлсэн байдаг юм.
Жишээлбэл, манай нэг алдартай нийтлэлч “бүхнийг чадагч өв тэгш хүн”-ий тухай ингэж бичжээ: Монголд бараг эхнээсээ бүх юмыг чаддаг (буюу дуулж, зурж, шинжлэх ухааны бүх салбарыг мэддэг) өв тэгш хүн буй болгох Зөвлөлт боловсрол нэвтэрсэн ба үүнийг олон жил мөрдсөн, өнөөдөр ч үргэлжилсээр байгаа, харин Кэмбрижийн гэх сургалт үүнийг өөрчилж, хүүхэд бүрийн авъяас, чадварыг хөгжүүлэх гэж байна.
Гэвч боловсролын “тэгш боломж” буюу “тэгш байдал” гэдэг нь “бүгдийг чаддаг өв тэгш хүн” бэлдэнэ гэдэгтэй эндүүрч боломгүй, боловсрол-социологийн маш өргөн хүрээний ойлголт юм. Эхэнд дурдсан хүйс болон баян, ядуугийн ялгаа нь үүний зөвхөн хоёр жишээ билээ. Бид боловсрол дахь зарим тэгш бус байдлыг энэ мэт олж харж байгаа ч, үнэндээ тэдгээрийг бид хэрхэн өөрсдөө бий болгож буйг, эсвэл бүр өөр олон тэгш бус байгааг ойлгож мэдээгүй явж магадгүй.
Харин манай боловсролын салбарт төдийлөн анхаардаггүй боловч илэрхий нэг тэгш бус бий. Энэ бол сүүлийн үед улам хурдан нэмэгдэж буй хот, хөдөөний боловсролын ялгаа юм. Мэдээж, энэ нь шалтгаантай байв. Ялангуяа үүний мэдэгдэм нэг хүчин зүйл нь 1990-ээд оны сүүлээр шинэчлэл хэмээн хэрэгжсэн, сургуулиудын шинэ хэлбэрийн санхүүжилт байсан юм. Үүний нөлөө хөдөөний сургуулиудын өнөөгийн байдлаас тодорхой харагдана.
Хөдөө сумдад сургуулиуд жижгэрчээ. Cаяхны мэдээ баримтуудыг харвал хүн ам цөөтэй хязгаар аймгуудын сумдад 40 хүрэхгүй сурагчтай бага сургууль, 100 орчим сурагчтай дунд сургууль цөөнгүй буйгаас 50 хүрэхгүй сурагчтай дунд сургуулиуд ч байна. Эдгээрийг 1000 буюу түүнээс дээш тооны сурагчтай сургуулиудтай харьцуулахад маш цомхон юм. Өнгөц харахад ийм сургуульд нэг багш цөөн сурагчтай ажилладаг гэх мэт хичээл заалтын ашигтай талууд байж магадгүй. Гэвч санхүүжилтийг нь харвал бодит байдал огт өөр.
Засгийн газраас сургуулиудыг санхүүжүүлэх манай тогтолцоо нь өрсөлдөөнт зах зээл дэх үйлчлүүлэгчийн тоо, орлогоос хамаарсан компанийн санхүүжилттэй адилтгасан загварт суурилжээ. Иймд сурагчийн тоо нь тэдгээр сургуулиуд ямар хэмжээний санхүүжилт авах вэ гэдгийг шийднэ. Энэ нөхцөлд үйл ажиллагаа явуулах санхүүжилтийн харьцаа 1000 сурагчтай (үйлчлүүлэгчтэй) сургууль, 100 сурагчтай (үйлчлүүлэгчтэй) сургуулийн хооронд ихээхэн ялгаатай болж хувирна.
Зах зээл ба үр ашгийн ухаанаар тооцвол энэ нь зөв харьцаатай санхүүжилт мэт санагдаж болох авч мэдлэг, боловсролын тухайд, энэ нь үлэмж бэрхшээлүүдийг бий болгожээ.
Цөөн сурагчтай хөдөөний сургуулиудын сургалт, орчин нөхцөл тун тааруу. Наад зах нь багш дутна. Жишээ нь, нийслэл хотын дундаж хэмжээтэй сургууль 80 орчим багш цалинжуулж дөнгөж байхад, сумын “дунд сургууль” 10 багштай байх тохиолдол бий. Олон ба цөөн сурагчтай дунд сургуулиудын сургалтын хөтөлбөр нь ижил байхаар төлөвлөгдсөн боловч багш хүрэлцэхгүйн улмаас бодит байдалд өөр болж хэрэгжинэ. Хөдөөд дунд ангийн нэг багш 2-3 өөр хичээл, эсвэл бүр 5 өөр хичээл зааж, аргалах тохиолдол гарч байна. Өөрөөр хэлбэл, энэ нь мэргэжлийн бус хүмүүс хичээл зааж буй хэрэг.
Хөдөөд сургуулиудын материаллаг орчин ихэд мууджээ. Элдэв материал, хэрэгсэл дутахаас авхуулаад, өвлийн улиралыг давах гэх мэт маш хэцүү сорилттой тулна. Аз таарч олон улсын байгууллага, УИХ-ын гишүүн гэх мэт хэн нэгний тусламж таарахгүй л бол өвлийн дулаалга, сан техникийн засвар үзэлгүй байсаар багш, сурагчид нь даарч өвөлждөг болжээ.
Цаашилбал, хот, хөдөөд коррупци нь хүртэл “тэгш бус” байх юм. Тухайлбал, Улаанбаатар хотод дунд сургуулийн захирал болно гэдэг тэр бүр олдохгүй завшаан ажээ. Боловсролын шинэчлэлийн хүрээнд, санхүүжилтээ өөрсдөө бие дааж олох үүрэг даалгаварыг сэргэлэн гэгч нь ашиглан, сургуулийнхаа хашаанд өндөр орон сууц сүндэрлүүлэх хотын захиралтай хөдөөний захиралыг яаж харьцуулах билээ.
Энэ байдлаас харвал хөдөөгийн сургуулиуд хүндхэн дүр зурагтай бөгөөд ирээдүй нь бүрхэг болсон гэдэг нь мэдэгдэнэ. Нэг талаар хотыг чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөн хөдөөд сурагчдын тоог цөөлсөн гэж бодож болох авч, нөгөө талаар боловсролын бодлого өөрөө хөдөөний хүм амыг цөөлөхөд зохих хэмжээгээр түлхэц болсоор. Хэдэн жилийн өмнө Улаанбаатар хотод шилжин ирж буй хөдөөний иргэдээс авсан нэг санал асуулгад тэдний 20 орчим хувь нь хүүхдүүдээ хотын сургуульд сургахаар нүүж ирсэн гэж хариулсан байв.
Хөдөөд ийнхүү сургуульд хамрагдагчдын тоо цөөрсөөр, “сургуулиудыг татан буулгах уу” гэсэн бодит асуулттай одоо тулгарч эхэлжээ. Жишээлбэл, арга сүвэгтэй хүмүүс нь нүүж одсоор, хүн ам нь цөөрсөн нэгэн сумын дунд сургуулийн нийт сурагчийн тоо 50 хүрээгүй тохиолдол байна. Гэтэл сургуулийн санхүүжилтэд тавих шаардлагын улмаас үлдэгсдийн хэдэн хүүхдэд боловсрол эзэмшүүлж буй энэ сургууль хаагдах аюултай тулгарчээ.
Өнөөдөр маш цөөхөн сурагчтай ганц, хоёр сургуулийг хаах тухай хөндөж байвч, цаашид илүү олон дунд сургуулийг татан буулгах хөрс суурь аль хэдийнээ бий болжээ. Хөдөөний дунд сургуулиудыг татан буулгах үед сурагчдыг нь ойролцоо сумын сургуульд шилжүүлэх, өөр сургуультай нэгтгэх, эсвэл хөрөнгө, багшлах хүчнийг төвлөрүүлэх замаар сум дундын сургууль байгуулах гэх мэт арга замуудыг санал болгож болох юм.
Гэвч зарим судалгаанаас харвал, хөдөөний сургуулийг татан буулгах нь тийм ч сайн шийдэл биш ажээ. Юуны өмнө хүн өөрийн амьдарч буй газарт боловсрол эзэмших тэгш боломжоор хангагдах нь орчин цагийн боловсролын зорилт мөн. Гэтэл үүнтэй зэрэгцэн, хөдөөний сургуулиудыг татан буулгаснаар нийгэм, соёлын маш сөрөг үр дагавар гарч байгааг Финлянд, АНУ гэх мэт хэд хэдэн улсад явуулсан саяхны судалгаанууд харуулж байна. Судалгаанд сануулж буйгаар, хөдөөд сургууль нь зөвхөн сурагч, багш нарт зориулсан газар бус, мөн нутгийн хүмүүсийг холбогч харилцааны гол сувгийн үүрэгтэй байв. Гэтэл сургуулийг хааснаар тосгон, суурингууд чимээгүй, эзгүй газар болж хувирчээ.
Хэрэв хөдөөний сургуулийг хаах нь аж үйлдвэржсэн орнуудад ч хүмүүсийн амьдралыг сүйтгэсэн бол энэ нь хүн ам сийрэг, хөдөөний сургууль олонтой Монголд ямар их үр дагавар дагуулахыг төсөөлж болох билээ. Гэтэл сургуулиудаа эрс ялгаварласан бодлого нь хөдөө сумдын сургуулийг эхнээс нь татан буулгах хэмжээнд хүргэж буй.
Чухам энэ үед хөдөөний сургуулиудыг аварч үлдэхийн тулд яаралтай авах, бас авч чадах нэг арга хэмжээ нь өнөөгийн санхүүжилтийн арга замыг засах юм. Гэхдээ засвар нь нэг сурагчид оногдох зардалын хэмжээг нэмэх гэх мэт бага сага засвартай адилгүй харин суурь өөрчлөлт байхаас өөр аргагүй болж байна.
Засгийн газар сургуулиудыг санхүүжүүлж буй үндсэн санаа нь сургуулиудыг зах зээлийн өрсөлдөөн дэх компанитай адилтган үзэж, тэдгээрт хөрөнгө хуваарилдаг гэдгийг дээр дурдсан. Энэ дагуу хөдөөний сургуулиуд санхүүжилтээ нэмэхийн тулд янз бүрийн арга хэрэглэн, хэрэндээ л хичээх ажээ. Жишээ нь сурагчдын дотуур байрандаа багш суулгаж, түрээсийн мөнгө авч үзсэн сургууль бий бол, нэг сумын сургууль нөгөө сумын сургуулийн сурагчдыг шилжүүлж авахаар оролдох тохиолдол гарна. Гэвч өөрийн онцлог эдийн засагтай Монголд сургуулийн энэ мэт оролдлого, үүгээр зогсохгүй орон нутгийн удирдлагын зүтгэл ч үр дүн багатай ажээ.
Тэгэхээр засгийн газраас олгох санхүүжилт нь үр ашиг ба сурагч элсүүлэх өрсөлдөөнөөс илүүтэй, газар нутгийн байршлаас үл хамаарсан тэгш байдлыг чухалчлах нь хөдөөгийн сургуулиудыг аварч үлдэхэд тустай боломжит (бас зайлшгүй) сонголт болж байна. Тухайлбал, засварын үр дүнд, шаардлагатай бол сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд, хөдөөний сургууль нь сурагчаасаа олон багш, ажилчинтай байж болно.
Гэхдээ энд өгүүлэн буй тэгш байдлыг чухалчилна гэдэг нь хөрөнгийг тооцоогүй цацна гэсэн хэрэг огт биш бөгөөд харин ч үүний эсэргээр, оюутан бүрт 70 мянган төгрөг тараах, чанаргүй үдийн цай өгөх гэх мэт өнөөгийн үргүй зардлуудыг үгүй хийж, төлөвлөлт ба судалгаа тооцоог улам өргөжүүлэн чамбайруулах шаардлагатай болох юм.