УИХ-ын гишүүн С. Ганбаатар ураны асуудалд онцлон анхаарахаа амлав
Posted: 2014/06/27 Filed under: ТУЗ-ийн тэргүүн Л. Мөнхтөр, Эрх баригчид | Tags: Лос Анжелесийн Монголчууд Leave a commentМэдээг бэлтгэсэн Л. Мөнхтөр
УИХ-ын гишүүн Сайнхүүгийн Ганбаатар 2014 оны 06 сард АНУ-ын Калифорни мужаар зочлохдоо Лос Анжелес, Сан Франциско хотуудад амьдран суугаа монголчуудтайгаа уулзаж ярилцав. Лос Анжелес хотод болсон уулзалтыг Лос Анжелесийн Монголчуудын Холбоо (ЛАМХ)-ноос зохион байгуулж, тус Холбооны дэд тэргүүн Т.Лхагва нээж үг хэлэв. Нийт 22 хүн оролцсон тус уулзалт санал бодлоо чөлөөтэй солилцох нэгэн орой болж өнгөрөв.
С.Ганбаатар гишүүн АНУ-д зочлон ирсэн зорилгоо танилцуулж, монголчуудтайгаа уулзах хүсэлтийг нь хүлээн авч, уулзалт зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн ЛАМХ-ны удирдлагад таларxал илэрхийлэв. УИХ-ын гишүүн маань цагтаа гадаадад ажил хийж, хажуугаар нь суралцаж, хүний газар амьдрал ямар байдгийг өөрийн биеэр үзэж туулсны хувьд гадаадад суугаа монголчуудынхаа амжилт бүтээл, алдаа оноо, зовлон жаргалыг сайн ойлгож явдаг талаар ярив. Тэрбээр Монгол Улсын өнөөгийн эдийн засаг, улс төр, нийгмийн байдлын талаар товч мэдээлж, ажлаа товч тайлбарлав. УИХ-ын гишүүн Монгол орноо хөгжүүлэхэд иргэд хэрхэн хувь нэмрээ оруулах, түүний тулд хувь хүн өөрийгөө хэрхэн хөгжүүлэх, оюутан залуус юуг анхаарвал зохилтой зэрэг асуудлаар санал бодлоо солилцож, зөвлөхийн сацуу өөрийн бичсэн “МОНГОЛОО ЯМАР УЛС БОЛГОХ, ТҮҮНД ХЭРХЭН ХҮРЭХ ВЭ?” нэртэй номоо танилцуулж, номынхоо дээжээс Лос Анжелесийн Монголчуудын Холбооны тэргүүн Ж.Мөнх-Эрдэнэ, Лос Анжелес дахь Монгол Номын Сангийн эрхлэгч Б.Ган-Энхбаяр нарт тус тус гардуулав.
УИХ–ын гишүүн Оюу Толгойн гэрээ, Монголд цөмийн хаягдал булшлах, уран олборлох тухай асуудлууд, мөн сүүлийн үед олон нийтийн анхааралд орж, иргэдийн санааг зовоож байгаа Газрын Хуулийн Шинэчилсэн Төслийн тухай уулзалтанд хүрэлцэн ирэгсдийн сонирхсон асуултуудад хариулт өгч, өөрийн байр сууриа илэрхийлэв. С. Ганбаатар гишүүн ураны асуудалд онцлон анхаарахаа амaлсaн нь олон нийтийн талархлыг хүлээв.
“Голомт – Цөмийн Эсрэг Хөдөлгөөн”-ий идэвхитэн Л.Мөнхтөр “Газрын Тухай Хуулийн Шинэчилсэн Төсөл”-ийн ноцтой заалтуудыг хураангуйлан бэлтгэж, тус уулзалтад оролцогсдод тараагаад, тус хуулийн төслийг буцаах шаардлагатайг тайлбарлав. Лос Анжелесийн монголчууд “ГАЗРЫН ХУУЛИЙГ БУЦАА!” гэсэн уриалгыг дэмжиж, эх орон, газар шорооныхоо төлөөх тэмцэлд нэгдэж байгаагаа илэрхийллээ.
Уулзалт 3 цаг гаруй үргэлжилж, үдшийн 10 цаг 20 минутад өндөрлөв.
АНУ, Лос Анжелес хот
2014 оны 6-р сарын 18