Фукушимагийн АЦС-ын цэвэрлэгээнд Якуза нар орон гэргүй хүмүүсийг хүчээр илгээдэг… тэднийг цацрагийн өндөр тун авмагц ажлаас нь халдаг
Posted: 2013/12/11 Filed under: Цөмийн хаягдал, цөмийн аюул Leave a comment• Фукушимагийн осолдсон АЦС-ыг цэвэрлэх ажлыг гүйцэтгэх хүн хүч олохын тулд Японы эрх баригчид аргаа барж байна
• Улмаар ажил гүйцэтгэгч гэрээт компаниуд гэмт хэргийн бүлэглүүдэд хандсан гэсэн яриа гарчээ
• Зүсээ хувиргасан нэгэн сурвалжлагч АЦС-ыг цэвэрлэх ажлын гүнд нууцаар нэвтэрч чаджээ
• Тэрбээр АЦС-ыг цэвэрлэгээнд ард иргэдийг хүчээр ажиллуулдаг тухай “баттай баримт” олсон гэж мэдээлжээ
2013 оны 11 сарын 21
Японы Якуза бүлэглэлийнхэн орон гэргүй хүмүүсийг Фукушимагийн АЦС-ын цөхөрсөн цэвэрлэгээ хийлгэхээр хүчээр элсүүлдэг бөгөөд тэднийг цацрагийн өндөр тун авмагц нь ажлаас нэн даруй халдаг байна.
Фукушимагийн АЦС-ыг эзэмшигч Токиогийн эрчим хүчний компани буюу ТЭПКО-гийн хувьд осолдсон АЦС-ыг задалж буулгах нэн аюултай ажлыг гүйцэтгэх ажилчид олдохгүй, туйлын хүндрэлтэй байна. Энэ асуудлын улмаар ТЭПКО-гийн гэрээт компаниуд Якуза нарт хандаж, тусламж хүссэн гэдэг яриа гарчээ. Тус гэмт хэргийн бүлэглэл нь барилгын томоохон хэмжээний төслүүдийг ажилчдаар түргэн шуурхай хангахад оролцдог гэж ярьдаг.

Хүчинд автагсад: Якуза нар орон гэргүй хүмүүсийг Фукушимагийн АЦС-ыг цэвэрлэх ажилд хүчээр явуулдаг гэжээ
Томохико Сузуки гэдэг сэтгүүлч АЦС-ын цэвэрлэгээний ажлын гүнд сэм шургалж чадсан төдийгүй, Якуза нар орон гэргүй ядарч доройтсон хүмүүсийг Фукушимад авчирч ажиллуулдаг нь үнэн гэдгийг нотлох баримт олсон гэжээ.
АЦС дээр ажиллаж буй ажилчид тус ажлын аюул эрсдлийн талаар огт мэддэггүй бөгөөд тэдэнтэй харьцахдаа яг л нэг удаа ашиглаад хаях гэж байгаа мэт харьцдаг байна.
ОХУ-ын мэдээллийн РТ агентлагийн мэдээгээр АЦС-ыг цэвэрлэгээн дээр ажиллаж байсан нэг ажилчин Биднийг эрсдэлд оруулсан гэж эрүүл мэндийн даатгал өгөөгүй, цацраг хэмжигч ч тавьж өгөөгүй гэсэн гэжээ.

Дэлбэрэлт: 2011 оны 3 сар, Фукушима Дайчи АЦС дээр ээлжит дэлбэрэлт болсны дараа утаа олгойдож байгаа нь.
“Бидэнтэй харьцахдаа хүний ёсоор биш, яг л ганц удаа ашиглаад хаях гэж байгаа юм шиг харьцсан. Анхандаа бидэнд зөндөө юм амласан, тэгэхдээ биднийг цацрагийн өндөр тун авмагц зүгээр л хөөчихсөн.’ “Зөндөө мөнгө амласан, тэр байтугай урт хугацааны гэрээ хийсэн мөртлөө гэв гэнэт л гэрээгээ цуцлаад амласан мөнгөнийхээ гуравны нэгийг ч өгөөгүй.
Ажилчин зуучлах зөвшөөрөлгүй атлаа Фукушимагийн АЦС-д ажилчид элсүүлж, тэдний цалингаас завшсан хэрэгт сэжиглэгдсэн Якуза бүлгийн Ёошинори Арайг энэ оны эхээр Японы цагдаагийн газраас баривчилжээ.
Арай гэгч якуза зөвхөн сүүлийн хоёр жилийн хугацаанд гэхэд л 60 мянган ам. доллартай тэнцэхүйц мөнгө бусдаас залилсан нь тогтоогдсон байна. Өнөөдрийн байдлаар нийтдээ 1050 гишүүнтэй Якузагийн 50 бүлэг Фукушима мужид үйл ажиллагаа явуулдаг хэмээн Японы цагдаагийн газар мэдэгджээ. Хүчинд автаж ирсэн зарим ажилчид мөрийтэй тоглоомны өртэй учраас Якузад баригдсан гэсэн бол бусад нь гэр бүлийнхээ өмнө хүлээх хариуцлагатай холбоотой гэжээ.
Фукушимагийн АЦС-ыг ариутган цэвэрлэх төслөөс ашиг олж байгаа зохион байгуулалттай гэмт хэргийг зогсоох зорилготой ажлын тусгай хэсэг байгуулагдсан байна. Гэвч ямар нэгэн арга хэмжээ авахын тулд тэдгээр гэмт хэргийн бүлгүүдийн эсрэг цагдаад мэдүүлэг өгөх хүмүүс шаардлагатай байна.
Ноён Сузуки ОХУ-ын РТ –д ярилцлага өгөхдөө: ‘Цацрагийн талаар ерөнхий мэдээлэл л өгсөн, дийлэнхид нь цацраг хэмжигч багаж ч олгоогүй” гэж ярьжээ.
‘Тэд өөрсдөө ч мэдэлгүй цацрагийн өндөр тун авчихсан байх магадлалтай. Тэгэж ярьвал, “Фукушимагийн 50″ гэж нэршсэн ажилчид буюу цөмийн ослын дараахан Фукушимагийн АЦС дээр очиж ажилласан эхний ажилчдын дундаас дор хаяж 3-ыг нь Якуза нар элсүүлсэн байдаг юм билээ.”
ТЭПКО-гийн тооцоогоор 2015 он хүртэл АЦС-д наанадаж 12,000 ажилчин шаардлагатай боловч өнөөдөр дөнгөж 8,000 ажилчин ажиллаж байна.
Ажилчидтай зүй бусаар харьцсан болон АЦС-ын цэвэрлэгээний ажилд зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүд оролцсон тухай мэдээллийг ТЭПКО –гийн удирдан албан тушаалтнууд үгүйсгэжээ.

ТЭПКО компанийн төлөөлөгч: ‘Манай компани ажилчдынхаа аюулгүй байдалд анхаарч, бүх талын арга хэмжээг авч байгаа. Хууль зөрчсөн гүйцэтгэгч компаниудад бид хатуу ханддаг.’ гэжээ.
Цөмийн реакторын нурсан барилгын дотоод хөргөх санд байсан түлшний саваануудыг эхний хэсгийг авч дууссан гэж ТЭПКО мэдээлжээ. Тус бүрдээ 50-70 түлшний саваа агуулсан 22 багц ашиглаагүй түлшийг аюулгүй хадгалах саванд шилжүүлсэн байнa.
ТЭПКО-гийн тооцоолсноор зөвхөн цөмийн 4-р реакторын доторх гэмтсэн багц түлшүүдийг гаргахад бүтэн жил шаардагдах аж. Харин зарим шинжээчид энэ төлөвлөгөөг цаг хугацааны хувьд хэт давчуу гэж үзэж байна.

Даравч далдайна: Японы зүүн хойд хэсэгт Фукушима мужийн Томиока хотод байрлах Фукушима Даийчи АЦС-аас утаа олгойдож байгаа нь. 2011 оны 3 сарын 21
Фукушимагийн АЦС-ыг цэвэрлэx үйл ажиллагаанаас ашиг олж буй зохион байгуулалттай гэмт хэргийг таслан зогсоохын тулд ажлын тусгай хэсэг ажиллаж эхэлсэн ч цагдаагийн газрын зүгээс ямар нэгэн арга хэмжээ авахын тулд гэмт хэргийн бүлгүүдийн эсрэг мэдүүлэг өгөх хүмүүс шаардлагатай байгаа ажээ.
Цөмийн түлшний савааг зөвхөн усан дотор салгаж зөөх журамтай байдаг. Хэрэв түлшний саваанууд агаарт ил гарах буюу хугарч гэмтвэл агаар мандалд асар их хэмжээний цацраг идэвхит хий тархах аюултай юм. Цөмийн түлшний угсармал багц нь ойролцоогоор 300 кг жинтэй, 4.5 метр урттай.
Цөмийн түлш зөөвөрлөх үйл ажиллагааг Америкийн ууган цөмийн инженерүүдийн нэг, “Файрвиндс эрчим хүчний боловсрол” ТББ-ын тэргүүн Арни Гундерсен базсан хайрцагнаас тамхи сугалахтай зүйрлэжээ.
….
Эх сурвалж: Mail Online UK
Орчуулсан: Гэрлийн Өргөөний О. Оюумаа
Голомт ЦЭХ Орчуулгын бүлгэм
2013-12 сар