АЦС эх дэлхийг сүйрүүлэх анхны дохио нь Чернобыль болсон

Ш.ПҮРЭВСҮРЭН

Ураны хагас задралын үргэлжлэх хугацаа  4.5 тэрбум жил тул эх дэлхий маань сөнөсөн хойно л энэ гал бүрмөсөн унтарна гэсэн үг.
 
Одоогоос яг 26 жилийн өмнөх энэ өдөр Украин Белорусын хи­лийн зааг дээр орших Припять хэмээх жижиг хотод атомын ца­хилгаан станц дэлбэрч онц аюул­тай цац­рагт идэвхт бодисууд  тэр орчмын газар нутгийг нэлэнхүйд нь хор­дуул­­сан юм. Атомын цахилгаан станцын түүхэнд гарсан энэ гамш­гийн уршгаар 1945 онд Японы Хирошима хотод хаясан атомын бөмбөгөөс даруй 400 дахин их цацрагт бодис хүрээлэн буй ор­чинд тархжээ. Цацраг идэвхт бодис агуулсан үхлийн бараан үүл Бело­рус, Украин, Швед, Финлянд, зүүн Европын орнууд цаашлаад бүр АНУ-ын зүүн эргийн хотуудад хүрсэн байна. Цөмийн хүчтэй хордлогод хамрагдсан нутагт амь­дарч байсан 200 гаруй мянган хүнийг тухайн үед яаралтай нүүл­гэн шилжүүлсэн боловч энэ бүс нутагт амьдарч байсан 10 сая шахам хүн цацраг идэвхт бодисын тунгаас ямар нэг хэмжээгээр хүрт­сэн гэж мэргэ­жилтнүүд дүгнэсэн байдаг. Гурван сая гаруй хүн амтай Украины хүн амын 84 хувь нь энэ осолд шууд өртсөн ба ослын хор хөнөөлийн үеэр дайчлагдан ажил­ласан 300 гаруй мянган албан хаагчдаас өнөөдөр 9О хувь нь цусны эргэлт, уушги, амьсгалын зам, мэдрэл, ходоод шулуун гэдэс болон хэвлий, түрүү булчирхайн төрлийн ямар нэг өвчинд нэр­вэгджээ.  

Өнөөдөр тэнд 90 мянган хүн тахир дутуу болж, бамбай булчир­хайн хавдар хэд дахин нэмэгдсэн ба сая гаруй хүүхэд эмчийн байн­гын хяналт байна. Голомтод амь­дарч буй ард иргэдийн дунд толгой өвдөх, хамраас цус гарах, сульдаж ядрах, анхаарлаа төвлөрүүлэх чадваргүй болох, даралт өндөрсөх гэх мэт өвчний шинж тэмдгүүд  илэрч байна.

Дэлбэрч сүйдсэн станцын дээ­рээс нисдэг тэргээр мянга мянган тонн хар тугалга асган хэдэн арван метр зузаан бетоноор хучсан ч энэ авсан дотор явагдах цөмийн урва­лыг бүрмөсөн зогсоох ямар ч боломжгүй учир үхлийн гамшигт туяа ялгарсаар байгаа билээ. Ураны хагас задралын үргэлжлэх хугацаа 4.5 тэрбум жил тул эх дэлхий маань сөнөсөн хойно л энэ гал бүрмөсөн унтарна гэсэн үг.

Ослын хор хохирлын дүнг мөн­гөөр бүрэн тооцон илэрхийлэх боломжгүй нь ойлгомжтой.  Гэхдээ ослын дараахь дөрвөн жилд 10 тэрбум рубль зарцуулсан тухай эрх баригчид мэдээлж байв. 1991-2000 онуудад ослын үр дагаврыг арилгах арга хэмжээнд зургаан тэрбум доллар зарлагадсан бо­ловч, энэ аюулыг саармагжуулах ажилд Украин улс өнөөг хүртэл жил бүр улсын төсвийнхөө таван хувийг зар­цуул­саар байна. Тэр үед дэлбэрэл­тийн голомтод өдөр шөнөгүй ажиллан амьд тамтай нүүр тулж байсан дайчдын 60000 нь өнөө­дөр хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.  Гаж төрөлтүүд, нярайн эндэгдэл  энэ бүс нутагт эрс ихэссэн ба төрөл бүрийн хорт хавдраар өвчлөгсөд ялангуяа бамбай бул­чирхайн хорт хавдар өргөн түгээ­мэл болсон талаар ДЭМБ судалж тогтоосон байна. Уг бүс нутагт 300 шахам мянган хүн хорт хавдраар өвчилсөн  мөн энэ тоо цаашдаа улам өсөн нэмэгдэх хандлагатай байгаа та­лаар “Green Peace” байгууллагаас  мэдээлж байна. 

Дэлхийн олон нийтээс энэ аймшигт ослыг тухайн үед нуусан шалтгаан зөвхөн оросуудын хувьд төдийгүй цөмийн энергийнхэнд олон байлаа. Чернобылийн АЦС нь Украинд баригдсан эрчим хүч­ний анхны том байгууламж байсан ба энд осол гарснаар асар их хөрөнгө оруулалт хийгдэж баригд­чихаад ашиглалтад ороогүй бай­сан хэдэн арван АЦС-ууд үүд хаал­гаа өнөөг хүртэл барихад хүргэсэнд оршино. Хоёрт, АЦС-тай холбоотой бүх мэдээллүүд нь улсын өндөр зэрэглэлийн нууц­лалд ордог байсан ба энэ талаархи хууль тогтоомжоо 1998 онд өөрчилсөн байдаг.

Чернобылийн энэ осол дэлхий нийтийг нэг хэсэгтээ шоконд оруул­сан бөгөөд ЗХУ болоод бусад орнуудад эрчимтэй хэрэгжиж бай­сан атомын цахилгаан станцыг барьж байгуулах ажил үндсэндээ зогсонги байдалд орсон юм. Ялан­гуяа Германы “Ногоонтнууд” ато­мын станцын эсрэг маш хатуу бодлого явуулж байсны дээр 1986- 2002  оныг хүртэл  дэлхийн орнуу­дад нэг ч атомын цахилгаан станц шинээр баригдаагүй юм.  Өнөөдөр дэлхийн 31 оронд 440 АЦС ажил­лаж дэлхийн цахилгаан эрчим хүчний 14 хувийг үйлдвэрлэж бай­гаа боловч, хүн төрөлхтөн Фуку­шимагийн ослын дараа энэ сон­голтоос татгалзахаас өөр аргагүй байдалд хүрээд байгаа билээ.

Хүмүүн бидний мэдрэхүйн та­ван эрхтэнд үл мэдрэгдэх хорт туяа ялгаруулагч бодис өнөө хүртэл  тэндхийн хөрсөнд шингэн хадга­лаг­даж, өвс ургамал, агаар усаар дамжин хүнсний бүтээгдэхүүнд чимх чимхээр шингэж, чимээгүй үхлийг далласаар буй. Иймээс ч Европын зарим орнууд Украин, Белорус, ОХУ-ын цацрагийн хор тархсан бүс нутгуудаас  зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахыг хориглож байна. Гэтэл өнөөдрийг хүртэл манай наймаачид тэндээс саахар чихрийг тонн тонноор нь зөөсөөр байгаа нь нууц биш ээ.                

Эх сурвалж: “Өдрийн Cонин” 2012 оны 4 сарын 26
http://www.dailynews.mn/?vfile=13&vmet_id=26168&vmet_main=3475&vdate=&vl=archive
 
Advertisements

4 Comments on “АЦС эх дэлхийг сүйрүүлэх анхны дохио нь Чернобыль болсон”

  1. ddd says:

    Монголын залуус илүү шургуу тэмцэх хэрэгтэй байна

  2. delgermaa says:

    Тиймээ, “ЦЭВЭР ЭРЧИМ ХҮЧ” гэж олон жил хүн төрөлхтөн атомыг ашигласан, харин ОДОО гарсан аюулт ЦАЦРАГТ ХОГОО хаанаа яаж хаях??? хадгалахаа бодож бна…хайж бна…ЦАЦРАГТ хогийг МОНГОЛЫН Говь, тал нутагт хаяхыг ИХ ХҮСЭЖ бна…БОЛГООМЖИЛ!!!! Японд 5 сарын 6-ны өглөө сүүлийн ажиллаж байсан атомын реактораа зогсоолоо, Фукушимагаас өмнө Япон гэхэд эрчим хүчнийхээ 1/3-г атомын цахилгаан станцаас хангадаг байсан…энэ олон станцын ЦАЦРАГТ ТҮЛШ, ХОГИЙГ газар нутаг багатай ЯПОН хаанаа АГУУЛАХ ВЭ???

    Герман Улс мөн атомын эрчим хүчнээс татгалзан реакторүүдаа дэс дараалан зогсоож байна…16 муж улсаас нь ЦӨМИЙН ХАЯГДАЛ, ТҮЛШИЙГ агуулах , хадгалах газар ОЛДОХГҮЙ бна!!!!! СЭРЭМЖТЭЙ байхтун!!!!

  3. Mongol huu says:

    Атомын цахилгаан станц далайн усаар 2 дагч хөргөөгч болгож ажилдаг. Гэтэл далайд эргүүлж дулаанаа гаргаж байдаг ба тэр дулааны хэмжээг тооцох юм бол дэлхийн цаг агаарт асар их нөлөөлсөөр ирсэн юм. Далайн усны дулаан бүхэл бүтэн 20 градусаар нэмэгдэж далайн усандаа нийлдэг юм. Хэрвээ энэ дулаан цаг тутамд 10 тонн гэвэл 24*10000*20*4200 ж дулаан 1 реактор хоногт далайд алддаг юм. Дэлхий дээр 400 гаруй реактор зогсолтгүй ажиллаж байгаа гэвэл манай дэлхий далай ямар их дулааныг шингээж байгааг мэдэж болно. Энэ бол хүмүүсийн бий болгосон дулаан юм. Дулааралд далайн усны температур маш их нөлөөтэй юм.

  4. Mongol huu says:

    Фукушимад 6 ажилчин нь нас баржээ. Маш нууцалж байсан нь илт. Бүтэн 1 жил гаран нуун дарагдуулсан болж байх шиг.


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s