ЭХ ОРНОО БИД ХУДАЛДАХГҮЙ!


This slideshow requires JavaScript.

 

Гадаадад сурч, ажиллаж байгаа, эх орноо гэсэн халуун сэтгэлтэй олон мянган монголчууд фэйсбүүкээр нэгдэн, Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын талаарх саналаа Газрын болон бусад хуулиудтай холбогдуулан илэрхийлж, өнгөрөгч зуны наадмаар гарын үсэг цуглуулснаа ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ын гишүүдэд шаардлагын хамт хүргүүлжээ. Тус шаардлагад “Монголын эдийн засаг, нийгэм улс төрд гадныхны ноёрхлыг тогтоох гэсэн хэт улайрсан үйлдлүүд хэрээс хэтэрч буйд Монгол yлсын жинхэнэ эзэд болсон иргэд бид нэн түгших боллоо. Тухайлбал, Монгол yлсын газар нутаг, эрдэс баялгийг харийнханд найр тавин олгох зорилготой хэсэг бүлэг хүмүүс холбогдох хуулиудыг яаравчлан шинэчилж, нэмэлт өөрчлөлт оруулахаар санаархаж буй нь Монгол yлсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Монгол түмний удмын сан, эдийн засгийн аюулгүй байдал, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, хөрөнгө өмчлөх, эзэмших эрх, газар нутаг ард түмний мэдэлд байх, бэлчээр өмчлүүлэхийг хориглох тухай хуулийн заалтуудыг ноцтой зөрчин, үндэсний язгуур эрх ашигт тэрсэлж байгаа тул нэр бүхий хуулиудыг эргүүлэн татаж, одоо хэлэлцэгдэж буй хуулийн төслүүд болон хэрэгжиж эхэлсэн төсөл санаачлагуудыг нэн даруй таслан зогсоохыг бид хатуу шаардаж байна” гэжээ. Үүнд:
1) Газрын тухай, Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай зэрэг онц чухал хуулиудыг шинэчлэх төслүүдийг зогсоох
2) Цөмийн энергийн хуулийг хүчингүй болгож, ард иргэд, иргэний нийгмийн тэгш оролцоотойгоор шинэчлэх
3) Монгол yлсын тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдалд заналхийлсэн нарийн царигтай төмөр зам барих, Хятадын Банкийг оруулаxыг таслан зогсоох
4) Мөн дээр дурьдсан хуулиудыг санаачлагчдыг нийтэд ил тод зарлаж, хариуцлага тооцох. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулиудыг зөрчин Монголын газар нутгийг гадаадын аж ахуйн нэгжид эзэмшүүлэх, өмчлүүлэх зорилготой хуулийн төслийг боловсруулж, ард иргэдэд буруу ташаа мэдээлэл өгч төөрөгдүүлсэн ажлын хэсгийн ахлагч Ц.Баярсайхан, Г.Баярсайхан, Б.Гарамгайбаатар нарыг хатуу шийтгэхийг шаарджээ.
Тус бичгийг хүлээж авснаас хойш 7 хоногтоо багтааж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хариу өгөхийг иргэд сануулсан байна. Шаардлагын дор Америкаас 1194, Англиас 355, Даниас, Ирландаас 156, Өмнөд Солонгосоос 270, Францаас 40, Швейцараас 219, Японоос 161 иргэн, нийтдээ 2400 хүн гарын үсгээ зуржээ. Дээрхи иргэд холбогдох хуулиудыг маш сайн судлан, тодорхой хуулиудад туссан үндэсний эрх ашигт харшилж байгаа зүйл заалтуудыг нэг бүрчлэн дурдаж, тайлбарын хамт хавсаргажээ.

Түүнчлэн “Монгол Улсын иргэд бид хаана амьдарч байгаагаасаа үл хамааран, эвлэлдэн нэгдэж, Монгол Улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдал, үндэсний эрх ашгаа хамгаалан хамтран тэмцэхийн чухлыг эх орондоо болон хилийн чанадад байгаа монголчууддаа уриалж байна” гэжээ.

2014 оны 10 сарын 06

 

pdf-imate
Гадаадад суугаа Монголчуудын шаардлагыг бүрэн эхээр нь энэ зурган дээр дарж үзнэ үү.


Дэлхийн Банк, ОУВС нь хуурамч статистик мэдээ ашиглан Африкийн орнуудыг мөлжих нууц зорилготой нь үнэн


Сэтгүүлч Ричард Мгамба нь Танзани улсын Бузваги алтны уурхайн хуйвалдааныг илчилсэн бичлэгээрээ 2008 онд CNN агентлагийн Африк тивийн Шилдэг cурвалжлагч шагналын эзэн болсон. Тэрбээр 2009 онд Европын Холбооноос хүний эрх, ардчилал, хөгжлийн сэдвээр бичдэг шилдэг сурвалжлагч нарт олгодог Лорензо Наталийн нэрэмжит сэтгүүл зүйн дээд шагналыг Африк тивээс хүртжээ. Өнөөдөр Ричард Мгамба Английн “Ням гаригийн Гуардиан” (“Guardian on Sunday”) сонины редактороор ажиллаж байна.

imf.wb.rich.poor[1]
Сүүлийн 2 сард нилээдгүй дуулиан тарьж буй, хар арьстнуудыг доромжилсон аястай хэдий ч бид хэн болох тухай, бидний өнөөгийн аж байдлын бодит үнэнийг илчилсэн нэгэн цахим зурвасыг би саяхан олж үзлээ.

Энэ имэйлийг өдгөө АНУ-д амьдарч буй Замбийн сэтгүүлч Филд Руве бичжээ. Тэрбээр АНУ-аас Африк руу зорьсон далай дээгүүрх нислэгийн үеэр дэргэдээ суусан зорчигчтой дэлгэсэн хууч яриагаа өөрийн имэйлд нэгд нэгэнгүй буулгажээ. Түүний замын хань болсон цагаан арьстай эр өөрийгөө танилцуулахдаа “та муусайн Африкчуудыг нэвт шулах” зорилготой Олон Улсын Валютын Сангийн (ОУВС) төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд гурван жилийн тэртээ Замбид айлчилсан тухай хэмээн гашуун үнэнийг өчжээ.

Цагаан арьст эр цааш нь ОУВС-д ажиллахаа больсон ч түүнтэй ижил зорилготой өөр нэг байгууллагад хүчин зүтгэж байгаа хэмээн хуучилжээ. Мөн түүний ажилладаг зуучлагч байгууллага Замби улсын гадаад өрийн үлэмж хэсгийг худалдаж авсан тухай хүртэл сэтгүүлчид сонирхуулсан байна.
Энэхүү түүхийг ойлгомжтой болгохын тулд сэтгүүлч Руве болон түүний замд учирсан цагаан арьстай эрийн хооронд өрнөсөн ярианы хэсгийг Рувегийн бичлэгээс сонгож дор орууллаа.

Намайг суудалдаа дөнгөж тухлaмагц тэрбээр гар сарвайж “Намайг Уолтер гэдэг. Би 1980-aад онд Замбид 3 жил амьдарч байлаа. Люк Мвананшику, Вилла Мунгомба, Доктор Ситеке Мвале гээд Замбийн сор болсон сэхээтнүүдтэй идэж ууж явлаа” гэснээ дуугаа намсгаж “Би та нарыг шулах зорилготой ОУВС-ийн төлөөлөгчдийн нэг байсан юм” гээд мушилзаж “Танай засгийн газар намайг Калингалинга (Замбийн нийслэл Лусака хотын барилга зохион байгуулалтын төсөл—Орч.) гэдэг хэдэн модон байшин руу харсан сая долларын үнэтэй орд харшид байрлуулсан. Миний үүдний саравчнаас баян ядуу, эрүүл өвчтэй, үхсэн амьд бүгд харагддаг байлаа” гэв. Read the rest of this entry »


АНХААР!!! Ардчилалын баг зүүсэн эрх баригчид таны компьютерийг тагнаж байна


1477402_244790552349977_260634929_n

Монголын эрх баригчид хүний эрхийг зөрчиж, энгийн номхон иргэдийнхээ хувийн нууцад халдаж буй талаар Викилийкс мэдээлжээ. Германы ФинФишер гэдэг компанийн бүтээсэн компьютерийн вирусийг ашиглан нууц албад ард иргэдийг тагнаж буй тухай баримтуудыг илчилснээрээ Викилийкс нь гэмт халдлагын гол бай болж буй сэтгүүлчид, иргэний нийгмийн идэвхтэн тэмцэгчид болон улс төрийн тэрс үзэлтнүүдэд анхааруулж байна.

Урьд нь Английн компанид харъяалагддаг байсан ФинФишер нь компанийн зохион бүтээсэн компьютерийн вирус программ нь Windows, Mac, Linux болон Android, BlackBerry, Apple гэх мэт суурин болон зөөврийн компьютер, гар утасны бүх үйлдлийн систем сүлжээнд нэвтрэх чадвартай. Тус вирус нь мэргэжлийн өндөр түвшинд тагнан турших үйл ажиллагааг гүйцэтгэдэг төдийгүй холын зайнаас хүссэн компьютертээ суурилуулах боломжтой зэрэг давуу талтай гэнэ. Ингэхийн тулд аль нэг вебсайтын линк, эсвэл таних танихгүй хүнээс ирсэн линк холбоос, файлыг нээхэд хангалттай. Таны компьютер дээр сэмхэн суусныхаа дараагаар энэ Trojan маягийн вирус нь таны хувийн файлууд болон имэйл, Скайп яриа, видео, аудиог сэмхэн хулгайлж, гуравдагч этгээдэд дамжуулдаг.

Read the rest of this entry »


Монгол улс Солонгост 30 биш 330 мянган га газар зарсан (Шинэчилсэн хувилбар)


Халх Голын ялалтын 75 жилийн ойд зориулав

2011 оны 5 сард бичсэн нийтлэлийг минь уншсан олон арван мянган уншигчиддаа талархлаа илэрхийлье. Газрын хуулийг шинэчилж, хөрөнгө оруулалт нэрээр гадныханд өмчлүүлэхээр шавдаж буй өнөө үед тус нийтлэлийн ач холбогдол чухал хэвээр тул дахин шинэ баримт мэдээгээр баяжуулж та бүхэндээ хүргэлээ. Нийтлэлийн эх хувилбарыг https://golomt.org/2011/05/26/landgrabmongolia/   линкээр орж үзнэ үү.

Хүндэтгэсэн,

Э. Амарлин

2014-08-21

dornod

Оршил

2007-2008 онд дэлхий нийтэд хүнсний хямрал нүүрлэв. Хүнсний үнэ тэнгэрт хадаж, үр тарианы үнийн индекс 2000 оныхтой харьцуулахад 2.8 дахин өсөв(1). Дэлхийн Банкны мэдээгээр 2008 онд манай гаригийн 130-155 сая хүн ядууралд нэмж нэрвэгдсэн (2) ба Ази, Африк, Ойрхи Дорнод, Латин Америк, Карибын олон арван орнуудад хүнс гачигдлын улмаас үймээн самуун дэгдэж, нийгмийн тогтвортой байдалд аюул учирсныг НҮБ-ын тайланд тэмдэглэжээ(1). Цаг агаарын үзэгдэл, эрчим хүчний хангамж, мөнгөний зах зээл, болон экспортын бараанд хориг тавих мэтчилэн дан ганц улсын бие даасан шийдвэр зэргээс дэлхийн хүнсний хангамж шууд хамаардгийг хүнсний хямрал тод томруунаар харуулав (1). Улс орнууд болсон явдалд дүгнэлт хийж, хэзээ мөдгүй учрах ээлжит хямралд бэлтгэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхлэв. Цөөнгүй улсын эрх баригчид төрийн бa хувийн өмчийн компаниудтайгаа хамтран бусдын газар нутагт эзэн суух арга тактик боловсруулцгаав. Төр засаг нь дотоодын компаниуддаа санхүүгийн урамшуулал, арга зүйн туслалцаа дэмжлэг үзүүлж, өргөн уудам газар нутагтай улс орнуудтай дотно харилцаа тогтооход нь дипломат хөшүүрэг ашиглах болов. Хөрөнгө оруулалтын гэрээн дээр гадаадын компанийн нэр дурайх хэдий ч үнэн хэрэгтээ газрын хэлэлцээрийг далдуур төр засаг нь удирдаж, бодлогоор дэмжиж эхлэв. Read the rest of this entry »


ТА ХЭМЭЭН ДУУДАЖ, ЭРГЭН ДУРСАХЫН УЧИР


Энхбаярын Доржсүрэнгийн гэгээн дурсгалд

july 1 picture

Зургаан жилийн ѳмнѳх энэ л ѳдѳр Монголын манант саарал нийгэмд тѳр нь таван хүнээ буудаж хороосон аймшигт явдал гарсан. Булхайцсан, турхирсан, тушаасан, буудсан этгээдүүд бүгд л нэртэй устай, намтай хѳдѳлгѳѳнтэй, цагаан цамц, зангиа госчоом болсон цатгалан баагийнууд байсан. Гэвч тэдний ганцад нь ч  “миний буруу, намайг шоронд хий!” гэж эр хүн шиг хэлэх зориг зүрх байгаагүй нь бас үнэн.  Уг нь тэгж хэлнэ гэдэг хүсч тэмүүлээд байгаа хүмүүнлэг, ардчилсан нийгмийн ёсоо байг гэхэд үгүй ядаж хүн ёсны хэлтэрхийн илрэл байх байсан биш үү?!  7 сарын 1-ний тэр хар өдөр алтан амиа харамсалтайгаар алдсан залуус, тэдний дунд хорин хэдхэн насандаа амь үрэгдсэн Энхбаярын Доржсүрэн хүү таныг энэ л ѳдѳр дахин эмгэнэн дурсч, гүнээ мэхийн хүндэтгэхийн хамт хүний гэх үнэр ч үлдээгүй муусайн ямбатнуудын ѳмнѳѳс уучлал эрэн сѳгдѳж байна бид.  Read the rest of this entry »


Шинэ зууны сүүлчийн Монгол малчин


 

AB

Монгол орон Монголоороо оршихуйн үндэс нь нүүдэлчин соёл мину,
Монгол хүн Монголоороо үлдэхүйн үндэс нь малчин удам мину!

 

Хэдхэн сарын ѳмнѳ юмдаа түвдийн малчдын тухай нэгэн нийтлэл уншсан юм. Хятадын засгийн газар түвдийн тэгш сайхан ѳндѳрлѳгийн байгалийн үзэсгэлэнд гэнэт санаа зовнисон юм байх. Дэлхийн тоонот нутагт нэг л ѳдѳр бэлчээрийн даац нь хэтэрсэн гэнэ дээ. Олон мянган жил тэр л газраа, тийм л янзаараа амьдарсаар ирсэн түвд малчдын удам бэлчээр талхлаад хаяж л дээ. Тэгээд яах юу байхав, хѳѳрхий хэдэн малчдыг мал, нутаг хоёроос нь салган, арай л ѳлсѳѳд үхчихээргүй хэд гурван цаасны тэтгэлэг сардаа ѳгѳѳд уулын бэлд хаа ч юм нэгэн хятад тосгонд шилжүүлэн суулгажээ гэж уншсан юм. Нүүдлийн соёлоосоо хагацсан жирийн түвд малчин хэн ч биш болоо биз. Тэр тусмаа хятад сууринд. Хүний олноор шилжин ирж үндэстний цѳѳнхийг нутаг дээр нь уусгах нэгэн арга байхад соёл иргэншлээс нь холдуулж нутаг уснаас нь салган уусгах бас нэгэн арга байдаг ажээ. Одоо яая гэхэв дээ, түвд ч ямар манай Монгол шиг тусгаар тогтносон улс биш. Тэгээд ч бусдын зовлон маньд ямар хамаатай гээд тэгсгээд хоосон санаа алдсан болоод л мартаж орхисон юмсан. Гэтэл түвдийн тэр л гай зовлон бидэнд ч бас хамаатай болох юм гэж хэн мэдлээ. Тодруулбал, газрын тухай хуульд нэмэлт ѳѳрчлѳлт оруулах тѳсѳл гэгчийг УИХ-аар ѳнѳѳ маргаашгүй хэлэлцүүлэхээр зүтгүүлж байгаа юм байна. Миний бие физикч болохоос намч, тѳрч, сэтгүүлч, судлаач биш. Гэхдээ энэхүү тѳсѳл Монголчууд бидэнд ямар гай зовлон авчирч болохыг иргэн хүнийхээ хувьд санаа зовнин тунгаан бодсоноо дор чадан ядан эвлүүлэхийг хичээв.

Read the rest of this entry »


УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын хорооны гишүүдэд хүргэх ил захидал


gadaadbodlogyn

*Хувийг УИХ-ын АБГБ-ын байнгын хорооны даргад гардуулсан.

** Файлаар эндээс татах ((pdf-ийн зураг дээр дарна уу)  PDF

2014-02-19

УИХ-ын гишүүн таны энэ өдрийн амрыг эрье.

Өнгөрсөн оны 10 сард Францын засгийн газар, Арева корпорацитай гэрээ хэлэлцээр байгуулснаар өнөөдөр Монгол улс уранaa олборлож, цаашид шар нунтаг хэлбэрээр экспортлоход ойрхон очлоо. Цөмийн Энергийн Газрынхан болон Аревагийн зардлаар гадаадад аялж, цалин тэтгэлэг авсан ашиг сонирхлын зөрчилтэй хэсэг бүлэг хүмүүс  уран олборлож экспорлохыг хөгжлийн тулгуур ганц гарц, Арева бол хөгжингүй орны тэргүүний технологитой компани хэмээн магтан дуулж, хамаг бузар булхайг нь нуун далдалж байна. Чухам унэндээ Арева корпораци олон улсад ямар нэр хүндтэй вэ, бусад орнуудад уран олборлосон түүх нь юу билээ? Урaныг хүхрийн хүчлээр уусгах технологи аюулгүй билүү? Уран олборлолт ашигтай юу, үр дагавар нь юу билээ? зэрэг олон асуултад хариулт өгөх бодитой, үнэн зөв мэдээлэл дутагдаж байна. Read the rest of this entry »


Ц.Мөнхбаяр нарыг цагаатга!


2014-01-27

2014-01-27

Байгаль орчин, эх орныхоо төлөө тууштай тэмцэж ирсэн Ц.Мөнхбаяр, Г.Болдбаатар, Д.Төмөрбаатар, Ж.Ганболд нарт 21,6 жил буюу маш хатуу хүнд ял оноосон нь хилс, хэлмэгдүүлсэн, нэн харгис үйлдэл боллоо.
Дэлхий даяар танигдсан, байгаль орчныхоо төлөө амь амьдрал бүхнээ хайрлалгүй тэмцэгч Ц.Мөнхбаяр нарын нөхөд Монгол улсын язгуур эрх ашиг, ард иргэдийн амь бие, эд хөрөнгөд 2013 оны 9-р сарын 16-ны тэр нэгэн өдөр ямар ч хохирлыг учруулаагүй билээ. Гэтэл эх оронч үзэл бодол, үйл ажиллагаатай энэ хүмүүст хүний амь насыг бүрэлгэснээс ч илүү хэмжээний, цаазаар авахтай дүйцэх түвшний дээд зэргийн ял оноосон нь зүй бус байна. Read the rest of this entry »


Урангүй Монголын тѳгсгѳл буюу хараал идсэн бямба гариг


2013 оны 10 сарын 26-ны бямба гариг. Энэ өдөр Монгол улсын түүхэнд мөнхөд хараар дурсагдах болно. Чухам энэ өдөр Монголын төрийн өмчит “Мон-Атом” компани Францын “Арева”, Японы “Мицубиши” корпорациудтай уран олборлож боловсруулах цөмийн гэрээнд гарын үсэг зурав. Ингэснээр Монгол улсад цацрагт идэвхит бодис олборлож, боловсруулан тээвэрлэх нь тодорхой боллoо. Энэ өдөр Монгол улс Олон Улсын Атомын Энергийн Агентлагaac санаачилсан “цөмийн түлшний иж бүрэн үйлчилгээ” гэгчийг үзүүлэхэд бэлнээ зарлан тунхаглаж, ирээдүй хойчдоо хорт цацраг, гаж удамшлыг өвлүүлэхээр улайран дайрсан эмгэнэлт өдөр гэж дурсагдах болно.

  Read the rest of this entry »


МЭДЭГДЭЛ


logos

Эх нутаг, газар шороо, байгаль орчноо хамгаалах тэмцэл нь гадаадын хөрөнгө оруулагчид гэж өргөмжлөгдсөн, хэмжээлшгүй их мөнгөтэй харийн уул уурхайн болон цөмийн компаниуд, тэдний гар хөл болсон цэвдэг сэтгэлтэй төрийн эрх мэдэлтнүүдийн эсрэг хүч тэнцвэргүй тулаан юм. Энэ бол эцэг өвгөдөөс уламжилж ирсэн, өсч төрсөн өлгий нутаг, амьдран суугаа уул усаа хайрлаж хамгаалсан жирийн иргэдийн эрүүл, амгалан амьдрахын төлөө хийж буй амь дүйсэн тэмцэл билээ.

Ийм тэмцлийн амин сүнс нь монгол үндэстний язгуур эрх ашиг, олон нийтийн тусын тулд, Монгол Улс, эх орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө амь амьдралаа золиослохоос ч буцахгүй гүн бат итгэл үнэмшил байдгийг Гал Үндэстэн Холбооны Ц. Мөнхбаяр болон түүний нөхөд нотлон харуулж чадсан юм.

Read the rest of this entry »


ГОЛДМАНЫ ШАГНАЛТАН МОНГОЛД ГАДААДЫН УУЛ УУРХАЙН КОМПАНИ РУУ БУУДЖЭЭ


ХӨРӨНГӨТНИЙ НИЙГМИЙН ҮНЭН НҮҮР ЦАРАЙ:

ГОЛДМАНЫ ШАГНАЛТАН МОНГОЛД ГАДААДЫН УУЛ УУРХАЙН КОМПАНИ РУУ БУУДЖЭЭ

Өрнөдийнхний ов заль буюу нүүдэлчид мөхөж буй нь  

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу?


Алтанхуягийн засгийн газар ба Улаанбадрахчууд


Дорноговь аймгийн Улаанбадрах суманд сүүлийн жилүүдэд төл мал олноороо үхэж, гажигтай төл  гарсан бол одоо малчдын эрүүл мэндийн талаар санаа зовоох асуудлууд яригдаж эхэллээ. Үүний дотор нүд өвдөх, үс халцрах, арьс шархлах, үе мөчөөр өвдөх зэргээс гадна хүмүүс ханиаж, элэгний шинжилгээ нь муу гарсаар байна.

Улаанбадрах сумын иргэд энэхүү гамшгийг Кожеговь компанийн ураны хайгуулийн ба 2010 оны сүүлчээр хийсэн туршилтын олборлолтын уршиг гэж үзэж байна. Харин Монголын засгийн газар, Цөмийн энергийн газраас асуудлын учир шалтгааныг жил шахуу хугацаа өнгөрч байхад тогтоож чадаагүй ч ураны хор нөлөө байхгүй гэсэн үндэслэлээр Кожеговь компанийн үйл  ажиллагааг зогсоохгүй гэдгээ мэдэгдэж байна.

Цөмийн энергийн  газрын дэд дарга Ц.Дамдинсүрэн

Read the rest of this entry »


Улаанбадрахад хорогдсон мал хөхөө өвлөөр илжирсэн нь учиртай юу?


Дорноговийн Улаанбадрах суманд мал сүрэг олноор хорогдож, үхсэн мал нь өвлийн хүйтэнд илжирч, бас Улаанбадрах сумынхан хүүхэд шуухадгүй хөхүүлж ханиадаг эдгэрдэггүй өвчин тусаад олон сарын нүүр үзлээ. Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид өргөх бичиг бариад ч малчдын зовлонг тоож үзсэн хүн алга. Цөмийн Энергийн Газрынхнаар толгойлуулсан ажлын хэсгийнхэн очиж судлаад “Тайван амгалан байцгаа, уран, цацраг, Аревагаас огт болоогүй, юунаас болсныг гадаадад судалж мэднэ” гээд явснаас хойш малчдын горьдлого тасарсан.  

Голомт-Цөмийн Эсрэг Хөдөлгөөнийнхөн Дорноговьд учирсан гамшгийн талаар судалж, харийнхны өмнөөс золиослогдож буй Монгол малчдын тухай мэдээллийг түргэн шуурхай түгээх, цацрагийн чимээгүй аюулын талаар нийтийг сэрэмжлүүлэхээр ажиллаж ирсэн.  Түрүүчийн нийтлэлдээ бид чухам ямар учраас малын элэг уушиг харлаж толботдог талаар тайлбарласан.  Тэгвэл өвлийн хүйтэнд үхсэн мал үмхийрдэг, нохой шувуу тоож хөнддөггүй,  бас хүн ард ханиадагийн учрыг эндээс уншаарай.

Ураныг газрын гүнд уусган олборлох аргын тайлбар

Газрын гүн рүү  өрөмдөж гаргасан цооногоор ураны чулуулаг руу хүхрийн хүчил устай хамт шахаад хэдэн сар болгодог. Газрын гүнд хүхрийн хүчил нь ураны задралын 3 дахь элемент болох Ради -тай урвалд орж  Радийн сульфат гэдэг нэгдлийг үүсгэнэ. Улмаар уран агуулсан химийн бодистой шавар шавхайгаа газрын гадаргуу дээр соруулан гаргаж ирж  ураныг нь салгаж авна. Уран нь уусамтгай тул уусмалдаа үлдэж харин уусдаггүй радийн сульфат үлдэгдэл шаварт тунаж үлддэг. Хүхрийн хүчил шахдагийн гол учир нь хэрэгтэй ураныг хэрэггүй бөгөөд хортой Радигаас салгаж авахад оршдог байна.Тэрхүү үлдэгдэл шаварыг ил цөөрөмд хийж, ууршуулдаг. Цөөрөм хатаж ууршсаны дараа Ради болон түүний задралын элементүүд болох цацраг идэвхит Радон, Полони  салхиар тархаж, байгаль орчныг цацрагаар бохирдуулдаг. Ураны задралаар үүсэх Ради, Радон, Полони зэрэг элементүүд нь харьцангуй хурдан задардаг бөгөөд задралын явцдаа  уранаасаа илүү маш хүчтэй цацрагаар шардаг ажээ. (Жишээлбэл 1 грамм Ради 1 секундэнд 37 тэр бум удаа задардаг байна. Задрал болгон цацраг ялгаруулна.) Ураны уурхай хаагдсанаас хойш ч гэсэн байгаль орчны цацрагийн бохирдлын асуудал байсаар байх болно.(Эх сурвалж: Prof. Dr. Henning von Philipsborn Universität Regensburg Fakultät für Physik “Radon, Vorfahren und Nachkommen”, хуудас 12 )Radiumsulfat

)

 

Дорноговь, Улаанбадрах, Арева

Дорноговь, Улаанбадрах, Арева

Read the rest of this entry »


Ураны аюулд нэрвэгдсэн Улаанбадрахын тэмдэглэл


Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ажилласан тэмдэглэл

Fig2

Францын “Арева” корпорацийн охин компани Кожеговь  компаниас ураны хайгуул хийж, туршилтын журмаар ураны шар нунтаг гаргаж буй Дорноговь аймгийн Улаанбадрах суманд “Голомт-ЦЭХ”, “Гал Үндэстэн Xолбоо”, Хохирогчдын эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, “Эх oрныхоо аюулгүй байдлын тѳлѳѳ зүтгэе” ТББ-уудын төлөөлөгчид 2013 оны 5 сард очиж ажилласан  аян замын тэмдэглэлийг та бүхэнд танилцуулж байна. Биднийг Дорноговь аймагт аялах замын зардал, унаа машин, бензин, хүнс зэргийг авахад зориулан мөнгө хандивласан Анти Нуклеар Мүвмент Фэйсбүкийн бүлгийнхэндээ болон бидний үйлсийг дэмжигчидэд баярлалаа. Улаанбадрахын тухай дэлгэрэнгүй мэдээллийг бидний хөтөлдөг http://golomt.org блогоос сонирхоно уу?

Read the rest of this entry »