Ковидын эсрэг вакцин ба түүний эрсдэл— Үнэн зөв мэдээлэл авах иргэдийн эрх

Коронавирусийн цар тахал хүн төрөлхтөнд нүүрлэсээр бид жил гаруйн нүүр үзэж байна. Өнөөдрийн байдлаар дэлхий даяар 161 сая хүн өвдөж, 3.34 сая буюу Монголын хүн амтай дүйцэхүйц тооны хүн энэ өвчний улмаас нас баржээ. Ковид өвчний үед ихэнх хүмүүст ханиадтай төстэй шинж тэмдэг илэрдэгээс гадна ковидын вирус хүний цусанд нэн аюултайгаар нөлөөлдөг нь тогтоогджээ. Тухайлбал, ковидоор өвчилсөн зарим хүмүүсийн цус гэнэт ихээр нөжрөн бүлэгнэж, улмаар цусанд бүлэн үүсдэг талаар АНУ-ын Нийгмийн Эрүүл Мэндийн салбарын шилдэг сургууль, Жон Хопкинсийн сургуулийн эрдэмтэн судлаачид тэмдэглэсэн байна (1).  Тухайлбал, бүлэнгийн улмаас уушигны эмболизм буюу уушгинд цус хүргэж буй судас бөглөрөх, мөн хөл, хөлний хуруу болон бусад эрхтэн тогтолцоог тэтгэгч судас бөглөрөх явдал тохиолддог нь нэн аюултай төдийгүй үхэлд хүргэж ч болох ажээ. Мэргэжилтнүүдийн ярьж буйгаар тархийг тэтгэгч артерийн судсанд бүлэн үүссэнээр цус харвах аюултай бол, бөөрний судас бөглөрснөөр бөөрний үйл ажиллагаа доголдон тасалдаж диализийн эмчилгээ шаардлагатай болдог байна. Үүний нэг жишээ нь Бродвэйн жүжигчин Ник Кордеро ковидын улмаас цусанд нь бүлэн үүссэнээр хөлөө тайруулсан ч ковидыг ялж чадалгүй 2020 онд харамсалтайгаар нас нөгчсөн явдал билээ. Тэрбээр 41 настай байсан юм (2).

Ковидын эсрэг вакциныг нээснээр өвчнөөс урьдчилан сэргийлж, хүмүүс эрүүл мэнд, амь насаа хамгаалах боломжтой болсон ч энэхүү вакцин нь тодорхой хэмжээний эрсдэл дагуулж буйг дэлхийн улс орнууд болоод ДЭМБ хүртэл хүлээн зөвшөөрсөн. Ковид өвчний үед цус нөжрөн бүлэгнэх ноцтой аюул нүүрлэдэг бол ковидын эсрэг вакцин ч мөн түүнтэй ижил эрсдэл дагуулдагийг олон баримт илчилж байна. Жишээ татвал:

  • АНУ-д Жонсон ба Жонсон компаний Жансен вакциныг хийж эхэлснээр цусанд бүлэн үүссэн 28 тохиолдолд бүртгэгдсэнээс 3 хүн амиа алджээ. Эдгээр тохиолдлыг судалж үзэхэд дундаж медиан нас нь 40, бүгд 18-59 настай ангилалд багтаж байсан ба нэн ялангуяа 30-39 насны эмэгтэйчүүд хамгийн өндөр эрсдэлтэйг АНУ-ын Center for Disease Control (CDC) байгууллагын эрдэмтэд судалж тогтоожээ (3). Улмаар АНУ-д Жонсон ба Жонсон компанийн вакциныг хэрэглэхийг түр хугацаагаар зогсоосон билээ (4)
  • АстраЗенека вакцин ч мөн ижил цусны бүлэн үүсгэх тохиолдол мэр сэр гарсан учир Дани, Швед, Франц, Герман зэрэг Европын 18 улсад энэ вакциныг хэрэглэхээс татгалзаж байсан үе саяхан (5). 2021 оны 4 сарын 13-нд нийтлэгдсэн мэдээнээс үзвэл 37 настай Норвег эмэгтэй АстраЗенека вакцин тариулсны дараа халуурч, толгой байнга өвддөг гэсэн зовиуртайгаар эмнэлэгт ханджээ. Компьютерын томографаар үзэхэд түүний тархины суурийн судсанд бүлэн үүссэн нь тогтоогдсон ба цус шингэрүүлэх эм тариа болон цусны ялтас нэмж хийсэн хэдий ч биеийн байдал нь дээрдэхгүй, тархиндаа цус алдаж, улмаар тархины даралтыг бууруулах мэс ажилбарт орсон ч амжилт ололгүй байсаар  2 хоногийн дараа нас нөгчжээ (6). Энэ нь чухамдаа  АстраЗенека болон бусад ковидын эсрэг вакцины гаж нөлөөний илрэл буюу cerebral venous sinus thrombosis /тархины синус хөндийн судас бүлэгнэх аюулт эмгэг байсан ажээ.

Өчигдөр ЭМЯ-ны мэдээгээр ковидын вакцин тариулсан 43 настай хөхүүл эмэгтэй тархины суурийн судас нь хагарч, цус харвасны улмаас нас нөгчсөн хэмээн зарласан. Эрүүл Мэндийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц. Эрдэмбилэг мэдэгдэлдээ “Урьдчилсан байдлаар эмэгтэйн нас барсан  шалтгаан нь вакцинтай холбоогүй болох нь тогтоогдсон” (8). “Санамсаргүй байдлаар вакцинжуулалттай давхцаж тархинд цус харваж нас барсан байна”(9) гэж хэлж байгаа нь олон нийтэд үнэн бодитой мэдээлэл өгөх гэхээсээ илүү үнэнийг нууж хариуцлагаас мултрах, амиа хоохойлох гэсэн нөгөө л нэг явуургүй арга аргаа хэрэглэх гэсэн оролдлого гэж үзэж байгаа учраас энэ тайлбарыг бичиж байна. Түүнчлэн Ц. Эрдэмбилэг “Хөхүүл эмэгтэй вакцин хийлгэснээс болж нас барлаа гэх ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээнд тарж, энэ нь вакцинжуулалтын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна” (8) гэсэнтэй ч би санал нийлэхгүй байна. Харин ч эсрэгээрээ тэр эмэгтэйн үхэл вакцинтай холбоотой байх бүрэн боломжтойг дээр дурьдсан вакцины гаж нөлөөний тухай мэдээ баримтууд нотолж байна (1-7).

Ковид бол хүн төрөлхтнийг түгшээсэн аюултай өвчин. Бид өөрсдийгөө болон найз нөхөд, ойр дотныхныгоо хамгаалахын тулд вакцин хийлгэх нь маш чухал. Энэ бол нэг талаар нийгмийн өмнө бусдын тусын тулд хүлээсэн та бидний иргэний үүрэг юм. ГЭВЧ ямар нэгэн эмчилгээ, эмийн бодисыг хэрэглэхдээ тухайн эмчилгээний эрсдэл, гаж нөлөөний талаар үнэн зөв, бүрэн мэдээлэл авах нь ХУВЬ ХҮНИЙ ЭРХ. Тэр ч бүү хэл, Монгол улсын аль ч иргэн аливаа эмчилгээний эрсдэл, сайн муу нөлөө, үр дүнг тооцож үзээд шаардлагатай тохиолдолд татгалзах, түдгэлзэх бүрэн эрхтэй. Харин Монгол улсын Засгийн газар Монголчууддаа хамгийн аюулгүй, баталгаатай, зөвшөөрөгдсөн эмчилгээ вакциныг санал болгох, Эрүүл Мэндийн Яам нь хүн амаа заримдаа гашуун хэдий ч ҮНЭН ЗӨВ мэдээллээр хангах үүрэгтэйгээс гадна вакцнжуулалтаас үүдэн гарч болзошгүй аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бэлэн байх ёстой бус уу?

Мэдээллийн эрин зуунд ковидын вакцины сөрөг гаж нөлөөг олон улс нийтэлж мэдээлсээр байхад зориудаар нуун дарж байгаад ч хамаагүй монголчуудаа вакцинжуулах гэж хэт улайрах нь ЭМЯ, эмч нарт итгэх олон нийтийн итгэлийг алдрахад хүргэж болзошгүй. Ковид өвчин мөддөө устаж алга болохгүй тул энэ удаагийн вакцинжуулалт эцсийнх биш гэж мэдээрэй. 

1. What Does COVID Do to Your Blood? 2020 оны 11 сарын 18.

https://www.hopkinsmedicine.org/health/conditions-and-diseases/coronavirus/what-does-covid-do-to-your-blood

2. Nick Cordero, Broadway actor who battled COVID-19, has died at age 41, wife says. 2020 оны 7 сарын 6.

https://www.cbsnews.com/news/nick-cordero-death-broadway-actor-age-41-coronavirus/

3. CDC says 28 blood clot cases, 3 deaths may be linked to J&J Covid vaccine. 2021 оны 5 сарын 12. https://www.cnbc.com/2021/05/12/cdc-says-28-blood-clot-cases-3-deaths-may-be-linked-to-jj-covid-vaccine.html

4. FDA and CDC Lift Recommended Pause on Johnson & Johnson (Janssen) COVID-19 Vaccine Use Following Thorough Safety Review. 2021 оны 4 сарын 23.  https://www.fda.gov/news-events/press-announcements/fda-and-cdc-lift-recommended-pause-johnson-johnson-janssen-covid-19-vaccine-use-following-thorough

5. AstraZeneca vaccine: Denmark stops rollout completely. 2021 оны 4 сарын 14. https://www.bbc.com/news/world-europe-56744474

6. Sweden joins Germany, France, and 15 other countries in suspending AstraZeneca’s vaccine over possible side effects. 2021 оны 3 сарын 16. https://www.businessinsider.com/astrazeneca-covid-vaccine-countries-suspend-denmark-thailand-batch-blood-clots-2021-3

7. Why would a Covid vaccine cause rare blood clots? Researchers have found clues. 2021 оны 13.  https://www.statnews.com/2021/04/13/researchers-search-for-answers-in-puzzle-of-blood-clots-and-covid-vaccines-and-see-some-clues/

8. “Хөхүүл эмэгтэй тархины цус харвалтаас болж нас барсан”, 2021 оны 5 сарын 12. https://gogo.mn/r/3kww2

9. ЭМЯ: 43 настай эмэгтэй нас барсан нь вакцинтай холбоогүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан. https://news.mn/r/2430925/



Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s