Ураны олборолтоос болж мал үхсэн нь шинжлэх ухааны үндэслэлтэй батлагдсан

Цөмийн аюулын эсрэг” хөдөлгөөний ахмад гишүүн, цахилгааны инженер Т. Минжүүртэй ярилцлаа.

Minjuur_guai

-Ураны асуудал  төр засгийн хэмжээнд дахин яригдаж эхэллээ. Өөрөөр хэлбэл ураныг ашиглах улмаар атомын эх үүсвэрээр ирээдүйн эрчим хүчний хэрэгцээгээ хангах санаа илэрхий цухалзаад байна.

-Атомын цахилгаан станцыг /АЦС/ ирээдүйн эрчим хүчний эх үүсвэр гэдэг яриаг би худлаа гэж үздэг. Яагаад гэвэл АЦС  анх цахилгааны зориулалтаар гарч ирээгүй юм. Дэлхийн  хоёрдугаар дайны өндөрлөсний дараа  Америк, Орос хоёр далдуураа хүчтэй зэвсгээр уралдаж эхэлсэн. Эйнштейн зэрэг Германы нэртэй эрдэмтэд Америкт гараад атомын бөмбөг хийх боломжтой гэдгийг нотлосноор цөмийн зэвсэг хийх асуудал хэрэгжиж эхэлсэн.  Улмаар ураныг ашиглаад хүчтэй зэвсэг гаргаж авах үйл ажиллагааны үр дүнд маш их дулаан ялгардаг. Тэр дулааныг ашиглаж цахилгаан гаргаж авая гэдэг сэдэл төрөөд цөмийн бөмбөг хийх явцдаа цахилгаан гаргаж авдаг болсон. Нэгэнт үүссэн тэр халуунаар усаа буцалгаад уураар нь цахилгаанаа гаргаж авдаг болсон. Тэгэхлээр АЦС энхийн бус дайны зориулалтаар гарч ирсэн гэдэг нь ойлгомжтой. Харин Чернобылийн АЦС дэлбэрсний дараа М. Горбачев, Р. Рейган нар “Цөмийн бөмбөгийг тэсэлбэл дэлхий сөнөх нь. Цөмийн зэвсгээр хөөцөлдөхөө больё” гэж тохироод алсын тусгалтай атомын зэвсэгээ устгаж эхэлсэн. Үүгээр том орнууд нэгнийгээ цөмийн зэвсгээр айлгадаг хүйтэн дайн дууссан гэж үздэг. Нэгэнт асуудал дууссан юм чинь атомын зэвсэг хийх шаардлагагүй болсон. Гэхдээ  юунд ч хэрэгцээгүй бөгөөд нэн аюултай хог гаргадаг үйлдвэрлэл болж хувирсан. Түүнийгээ бүрэн больж чадаагүй. Чадахгүй байна. Яагаад гэвэл АЦС олныг барьсан учраас амарсан салж чадахгүй байгаа юм. Герман 2020 он гэхэд АЦС-аас бүрэн татгалзана гээд тийм станцуудаа унтрааж чадаж л байна шүү дээ. Хамгийн гол нь атомын цахилгаанаас гарч буй хаягдал нь дэлхийн амьдралыг устгахуйц хэмжээнд аль хэдийнэ хүрсэн. Ийм аюултай станцыг хойшид нэмэгдүүлэх нь ухаалаг хэрэг хэрхэвч биш. Тийм учраас АЦС бол ирээдүйд бидний хэрэглэх эрчим хүч гэдэг нь худлаа. Түүнийг орлохуйц технологиуд гарч ирж байгаа. Гэтэл тийм өөр эх үүсвэрийг яагаад хэрэглэхгүй байна вэ? АЦС-ыг  энд тэнд барьж, уран олборлож үйл ажиллагаа явуулдаг дэлхийд ноёрхсон том компаниуд бизнесээ дампууруулахыг хүсэхгүй байгаад асуудлын гол учир байгаа юм. Тийм учир өөр технологи гаргаж ирэхийг тас хориод нээлтийн шатанд нь устгачихаад байна. Эрчим хүчний шинэ эх үүсвэрийг дараад байна.

-АЦС дэлхийг аварна гэж ярьж сурталчилдаг. Та ямар баримтаар үүнийг үгүйсгэх вэ?

-АЦС  дэлхийг дулаарлаас аварна гэдэг чинь худлаа. Дэлхийн дулаарал нүүрс түлж байгаа цахилгаан станцуудаас болж байгаа гэдэг нь бүр худал. Үнэхээр дэлхийн дулаарлын шалтгаан юу юм бэ гэдгийг судалж л байгаа юм бол дэлхийг дулааруулж буй бусад эх үүсвэрийг тоочих ёстой шүү дээ. Гэтэл гол хүчин зүйл болох АЦС-ыг нэрлэхгүй байгаа юм. Дэлхийг дулааруулж байгаа том хүчин зүйл бол АЦС гэж би үздэг. Итгэдэг. Интернэтээр дэлхийн шөнийн зургийг харахад АЦС бүхий газрууд дээр гэрэлтүүлэг ямар их харагддаг гэж санана. Түүмэр асч байгаа юм шиг харагдаж байна шүү дээ. Европ, Америк, Өмнөд Солонгос, Япон тэр чигээрээ шатаж байгаа юм шиг гэрэлтэж байна. Хятадын АЦС-тай хотууд ч ялгаагүй. Энэ юу хэлж байна вэ гэхээр шөнө асар их гэрэл асч байна. Хүмүүс унтахаа болиод ажиллаж байна. Уг нь байгалийн зүй тогтлоор бол шөнө хүмүүс унтаж амарч байх ёстой. Дэлхий хөрч байх ёстой. Гэтэл тэр хуулийг алдагдуулж байгаа, зайлшгүй гэрэл асаах нөхцлийг бий болгож байгаа шалтгаан бол АЦС юм. Дэлхийг сөнөөн шатааж, халааж байгаа хүчин зүйл бол энэ юм. Гэтэл ийм хор хохиролтой зүйлийг дэлхийн дулаарлаас аварна гэж сурталчилж байгаа нь 180 градус худлаа зүйл. Нүүрсний станцууд шиг галаа багасгаад, хэрэгцээтэй хэмжээгээр цахилгаанаа гаргаад, хэрэглээ нь ихсэхээр цахилгаанаа нэмэгдүүлэх боломж АЦС-д байдаггүй. Хамгийн гол дутагдал нь тэр юм.

Тийм учраас ийм станцыг бүрэн чадлаар нь ажиллуулдаг. Тийм том станц бүрэн чадлаараа ажиллаж байгаад ямар нэг асуудал доголдол зогсчих юм бол оронд нь нөхөж ажиллах станцыг бэлэн байлгана гэдэг хэцүү шүү дээ. Тийм учраас атомын станц зогсох бол дор хаяж долоо хоног зогсоох ёстой. Тэгж байж асаахгүй бол цөмийн урвал нь тодорхой дарааллаар нарийн явагддаг.  Өөр өөр химийн элемент болоод задраад байдаг. Цөмийн реактор дотор  уранаас эхлээд маш олон цөмийн бодис агуулагдаж, үүсч байдаг. Тэр нь хэзээ дараагийн шатандаа өөр бодис болж хувирах вэ гэх мэтийн зүйл нь удирдлагагүй явагдаж байдаг. Тийм учир тогтвортой байлгахын тулд өөрийнхөө зөнгөөр явж байгаа цөмийн урвалыг дуусах хүртэл нь хүлээхээс өөр аргагүй. Нэг унтарчихвал долоо хоног зогсоодог. Сүүлийн үед зарим химийн элементийг урвалд оруулж долоо хоногийг нь цөөрүүлэх ажил хийгдсэн юм билээ. Гэхдээ л нэг зогсчихвол олон хоногийн дараа асаахгүй бол болдоггүй. Манай нүүрсний станцууд зогслоо л гэвэл “Өө унтарчихлаа дахиад явуулая” гээд машин асааж байгаа юм шиг асааж болдог. Харамсалтай нь АЦС тийм биш.

Үүнээс болоод оросууд АЦС-ынхаа чадлын 15 орчим хувийг барьдаг. Гэхдээ Орост сүүлийн үед 20 орчим хувь хөргөе гэсэн хэлэлцүүлэг явагдаж байгаа юм билээ. Гэхдээ энэ бол том эрсдэл. 20 хувьд нь тэр том станц зогсчихвол өөр юмаар нөхөх нөөц байхгүй. Ийм дутагдалтай учраас АЦС-ыг олноор байгуулахыг зүрхшээхээс өөр аргагүй. Нүүрсний, хийн, усан, сэргээгдэх гээд эрчим хүчний бусад эх үүсвэрээ хөгжүүлэх ёстой.

-Ураны гол аюул нь юу вэ?

-Ураны аюул гэж юу юм бэ гэдгийг дэлхийн нийтээр мэддэггүй байсан. Франц мэтийн Европын улсууд АЦС-ын хаягдлыг далайд шууд хаядаг байсан. Гэтэл  тэр маань далайн ёроолд задраад мутацад ороод улмаар хүнсгүйдэж эхэлсэн. Тийм учир бусад хүн ам нь эсэргүүцээд, Олон улсын хурал болж байж далайд хаяхыг зогсоосон. Харин хаа нэгэн хуурай газар хаяна гээд хураагаад байж байдаг болсон. Гэхдээ Европ хүн ам ихтэй, талбай багатай шүү дээ. Франц сэм сэмхэн мөнгө өгөөд Африк руу оруулж эхэлсэн. Худалдаж авсан хүмүүс нь далайд хаядаг ч юм уу хаа нэгтээ булчихдаг. Яг үүн шиг жижиг жижгээр нь зарчихдаг. Нөгөөдүүл нь хаа хамаагүй хаячихдаг үзэгдэл газар аваад байна.

Уран аймшигтай аюултай нь Нигер, Конго, Мали зэрэг Африкийн улсуудын жишээнээс тодорхой. Судлаад үзсэн чинь тэнд гамшигийн байдал үүсчихсэн байна. Франц мэтийн  АЦС-тай улсууд бусад улсыг өрөвдөж хайрладаггүй юм шиг байна. Тэр ч бүү хэл цөмийн хаягдлаа улс дотроо зараад, авсан хүмүүс нь цэцэрлэг, сургуулийн хашаанд булчихсан тохиолдол ч гарсан удаатай. Тийм замбараагүй үйл ажиллагаатай гээд боддоо. Үүнд олон нийт хяналт тавиад эхэлтэл хохирол аль хэдийнэ үүсчихсэн байгаа юм.

Ураны шар нунтагийн 0.7 хувь нь л АЦС-д ашиглагддаг. Үлдсэн хэсэг буюу 99,3 хувь нь ядууст нөлөөлдөг. Яаж нөлөөлөх вэ? Хадгалах аргагүй болсон хаягдлаа бусад улс оронд тарааж хаях ажлыг Америк мэтийн улс сэдсэнээс бүх зүйл үүдэлтэй. Түүнээс гадна ядуурсан уранаараа танкны сум хийгээд дайнд ашигладаг. Маш хатуу учир Оросын тусгай сумны хамгаалалтгүй танкнуудыг цөм цөм цохиж ороод дотор нь дэлбэрдэг.  Иран, Иракийн болоод Югославын дайныг харж байхад уран аймшигтай юм бэ гэдэг нь харагдаж байгаа юм. Уран тарсан бүх газар хорт хавдар, удмын гажуудал гээд олон муу үр дагавар бий. Тийм учир Европ даяар Югослaвт дайны үеэр тарсан сумаа түүж байна. Харин Иран, Иракт ийм ажил хийгдэхгүй байгаа юм. Олон улсад ч яригдахгүй байна. Энэ талаар Германы уран бүтээлчид бүтэн гурван цагийн кино хийсэн шүү дээ. Ингээд уран бол олборлосон ч, өөр хэлбэрт оруулаад хэрэглэсэн ч аймшигтай гэдэг нь харагдчихлаа. Ураныг хайх, олборлох явцад газрын гадрага дээр гарч ирдэг. Газрын гадрага дээр ил гарахаараа дайн болсон талбар шиг болж хувирч байна. Тухайлбал,  Дорноговийн Улаанбадрах суманд ургийн гажигтай мал төрж байна, хүмүүс өвчилж байна.

-Улаанбадрах суманд гарсан үзэгдлийг “Арева” ураны үр дагавар биш гээд байна шүү дээ?

-Уранд хордсон хүмүүс өвдөж байгаагаа мэднэ. Гэхдээ мэргэжлийн эмч биш болохоор юу өвдөж байгаагаа төдийлөн мэддэггүй. Элэг, уушгинд өөрчлөлт ороод, ус нь халцраад, биеээр нь юм туураад, нүдэнд нь цагаа унаад байна. Ийм шинж малд ч байна. Сая би Улаанбадрах сум яваад ирлээ. Идшээ төхөөрч байгаа цаг үе тохиолоо. Хэдэн айлаар орлоо. Малын гэдсийг нь идэх боломж алга. Элэг, уушги, бөөр авах юм алга.

“Арева” хүнлэг биш гэдгээ эх орондоо нотолсон юм чинь гадаадад яаж хүнлэг байх вэ дээ. Цөмийн энергийн газар болохоор үүнийг хянаж байдаг Олон улсын байгууллага байхад юундаа айдаг юм гэдэг хариу өгөх юм. Гэтэл “Арева” эх орондоо аюултай хаягдаа булж байгаагаа хянаж чадаагүй юм чинь бусад улсад хянаж чадахгүй. Олон улсын хяналт байдаг гэдэг нь ч худлаа. Үйл ажиллагааны эмх цэгц, дүрэм журмыг ерөнхийд нь харахаас биш үйлдэл бүрийг хянаж чадахгүй. Манай Засгийн газар Улаанбадрах суманд үхсэн мал селен, зэс гэдэг металиас болсон байна гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, эд эрхтэнд нь өөрчлөлт гарсныг хэлж байгаа юм байлгүй дээ. Хамгийн гол нь уранаас шалтгаалаагүй байна шүү дээ гэж хэлээд байгаа байхгүй юу. Уран чинь өөр бодис болж хувирдаг. Задарч байгаад рaдон гэдэг хий болж хувирдаг. Paдон гэдэг хий нь 4 хоног орчим хий бодисоороо байж байдаг. Дараа нь хатуу бодис болоод газрын гадрага дээр буудаг. Маш жижигхэн атомлог хэлбэртэй. Тийм хатуу бодис чинь хамгийн нунтаглаг. Жаахан  салхи гарвал агаарт цацагдана. Ураны хамгийн аюултай жишээ гэвэл германчуудын ярьснаар далд ч бай, ил гарч ирсэн ч бай цацраг идэвхт шатандаа pадон гэдэг хийг үүсгэдэг. Тэр pадон нь агаарт тоос болоод газрын гадрага дээр тарж байна. Хий, тоосонд хил хязгаар байхгүй учир хаа хамаагүй тарж байна. Гараад ирэхээрээ салхинд хийсээд хаа хамаагүй очно. Агаараас хүнд учир салхи тогтохоор өвсний ёроолд бууна. Манай малчид нөмөр нөөлөг гээд хонхор газар өвөлждөг. Өвс ногоо чийг хурсан хонхор газар ургадаг. Гэтэл өвс ургаж, ус тогтсон газар pадон байж байна шүү дээ. Тэгэхээр мал хордох нь аргагүй. Малын бие дотор цөмийн урвал явагдахаар эд эрхтэн нь аймшигтай хордох нь аргагүй.  Ураныг гаргаж авахын тулд хүхрийн хүчил шахдаг. Хүхрийн хүчил шахахаар зөвхөн урантай урвалд орохгүй газрын дор байгаа бүх зүйлтэй урвалд орно. Тэгэхлээр газар дор  хатуу хэлбэртэй байгаа селен, зэс, өөр бусад элементтэй урвалд орж давс болж уусаад  усанд уусдаг. Тэгэхлээр газрын дор байсан хатуу бодис усаар дамжсанаас айлуудын худаг селентэй болж байна. Селентэй ус уусан хүн, малын дотор селен ихсэхээс өөр аргагүй. Үүнийг Америкийн жишээгээр нотолж болох бөгөөд ийм газар хүн амьдрах боломжгүй. 2009 онд Америкийн судлаачид үүнийг тогтоосны үр дүнд манай Засгийн газар аюултай байдаг юм байна гээд л хэлэх ёстой. Гэтэл тэгж хэлэхгүй байна. Гэхдээ селен малд ихэссэнийг хүлээн зөвшөөрсөн нь яамайдаа. Үндсэндээ Улаанбадрахын үхсэн мал уран олборлосноос болсон гэдэг нь нотлогдоод байна. Селенээс болж мал хордсон нь тогтоогдсон. Селен юунаас гардгийг Америкийн уран олборлож байсан нутаг дэвсгэрт хийгдсэн судалгаа нотолсон. Уранаас үүсэлтэй селен усанд ихсээд мал хорддог юм байна. Тийм байхад Засгийн газар дахиж судална гээд байгаа нь хачирхалтай. Бид Америкчуудаас нарийн судалж чадахгүй шүү дээ. Ураны олборолтоос болж мал үхэж байгаа нь шинжлэх ухааны үндэслэлтэй батлагдсан. Гагцхүү үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь хачирхалтай.

Манай Цөмийн энергийн газар ураныг олборлох нь зөв гэж магтахдаа цөмийн технологийг хэрэглэхгүй газар алга байна гээд байгаа. Нарийндаа эмнэлэгт, гааль дээр хэрэглэгддэг технологийг цөмийн гэж хэлээд байгааг жинхэнэ эрдэмтэд цацрагийн технолoги гэж нэрлэдэг. Цацрагийг ашиглаж буй технологи гэсэн үг. Цөмийн технологи өөр юм. Энэ хоёрыг ижил юм шиг яриад байгаа нь буруу. Ард түмнийг төөрүүлж байна. Шинжлэх ухааныг будлиулж байна. Цөмийн технологи гэдэг нь цөмийн бөмбөг хийх дэлбэлэхэд шаардлагатай маш их дулаан ялгаруулдаг халуун цөмийн урвалыг хэлээд байгаа юм. Бид цацрагийн технологийг анагаах ухаанд ашиглахыг эсэргүүцдэггүй. Гэтэл Цөмийн энергийн газар биднийг эсэргүүцэж байна гэж үздэг. Бас иргэний хөдөлгөөнүүд дотор цөмийн мэргэжилтэн, доктор алга. Мэргэжилгүй юм чинь дандаа худлаа ярьдаг гэх юм. Энэ аливаа үйл ажиллагааны үр дүнг жишээ нь мал үхэж байна уу үгүй юү гэдгийг харахад цөмийн онол хэрэггүй, докторын зэрэг хэрэггүй шүү дээ. Мал үхэж байгаа нь бодитой баримт.

Д. Лхагва

Эх сурвалж: http://www.aravt.mn

http://www.aravt.mn/content/20456/.htm



Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s