Майничи сонины нийтлэл # 1

Цөмийн хаягдлыг булшлах тухай мэдээллийг Монголчуудад хүргэхэд Японы өдөр тутмын Майничи Шимбун сонины сурвалжлагч Айкава Харуюкийн нийтлэл асар их үүрэг гүйцэтгэсэн.
Ингээд түүний бичсэн 2 нийтлэлийг О. Батгэрэл орчуулж явуулсныг дахин хянан тохиолдуулж та бүгдийн сонорт хүргэе.

Баярлалаа, Батгэрэл ээ!

Амарлин

Майничи сонин 2011-05-09     Айкава Харуюки

Эх сурвалж: http://mdn.mainichi.jp/mdnnews/news/20110509p2a00m0na017000c.html

Япон, АНУ цөмийн хаягдлыг булшлах байгууламжийг Монголд байгуулахаар хэлэлцэж байна

 

Монгол улс, Улаанбаатар хот—Японы Эдийн Засаг, Худалдаа Үйлдвэрийн Яам болон АНУ-ын Эрчим Хүчний Яамныхан ашигласан цөмийн түлшний хаягдлыг агуулах, булшлах зориулалттай анхны олон улсын байгууламжийг Монгол улсад барихaap нууцаар хэлэлцэж байсан нь илэрчээ. 

Ийм гэрээ байгуулснаар дотооддоо цөмийн хаягдал булшлах байгууламжгүй Америк, Япон зэрэг улсууд Франц, Оростой өрсөлдөх боломжтой болох юм. Учир нь Франц болон ОХУ цөмийн технологио олон улсад зарж борлуулахаар сурталчлахдаа атомын реактор худалдаж авсан нөхцөлд гарсан цөмийн хаягдлыг нь эргүүлэн авч хадгалах иж бүрдэл үйлчилгээний хамтаар санал болгодог ажээ.

Харин Монголчууд энэ гэрээг байгуулсныхаа хариуд Америк, Японоос цөмийн эрчим хүч үйлдвэрлэх технологийн туслалцаа авахаар тохирчээ. Гэвч газар хөдлөлт, цунами болж, Фукушимагийн 1-р АЦС дээр цөмийн осол гарсан нь Японы засгийн газрыг цөмийн энергийн бодлогоо эргэн хянахад хүргэсэн бөгөөд цөмийн хог хаягдлаа гуравдагч талд үүрүүлэх гэсэн санаархал нь илэрвээс шүүмжлэлийн галыг өрдөж мэдэхээр байна.

Дээрх гэрээ хэлцэлийн талаар сайн мэдэх эх сурвалжийн мэдээлснээс үзвэл гурван улсын хэлэлцээр нь АНУ-ын Эрчим хүчний дэд сайд Даниел Понеманы санаачлагаар өнгөрөгч оны 9 сарын сүүлээр эхэлжээ. Тус асуудлыг хэлэлцэхэд Японы Эдийн Засаг Худалдаа Үйлдвэрийн Яам (ЭЗХҮЯ), Монголын Гадаад Хэргийн Яам тус тус оролцсон байна. 

Нэг талаас газар нутагтаа цөмийн хаягдлаа булшлах талаар өдийг болтол тодорхой шийдэлд хүрч чадаагүй  Япон болон АНУ-ын ашиг сонирхол, нөгөө талаас цөмийн түлш боловсруулах үйлдвэр, цөмийн түлш хадгалах байгууламжтай болоход технологийн тусламж шаардлагатай буй Монголын хэрэгцээ шаардлага тэднийг нэгтгэх үндэс болжээ. 

Цөмийн энерги үйлдвэрлэлийг нүүрс хүчлийн давхар исэл бага ялгаруулдаг гэдэг утгаар нь дэлхийн цаг уурын дулааралтай тэмцэх үр дүнтэй арга хэмээн үздэг. Нөгөөтэйгүүр, ганц реактор л хэдэн зуун тэрбум иений үнэ хүрдэг тул АЦС-ыг маркетинг борлуулалт гэдэг бол асар том бизнес ажээ. Японы засгийн газраас гадаадад цөмийн реактор зарж борлуулах нь үндэсний өсөлт хөгжлийн стратегийн үндэс суурь гэж үздэг байна. Япончууд энэ асуудлаар Вьетнамтай гэрээ байгуулсан бөгөөд Энэтхэг, Турк улсуудтай ч мөн гэрээ хэлцэл хийж байгаа ажээ. Харин ОХУ зэрэг зарим орнууд өөрсдийн үйлдвэрлэсэн цөмийн реактораа зарж борлуулахын тулд тус реакторт ашигласан цөмийн түлшний хаягдлыг эргүүлж авах их бүрдэл үйлчилгээ үзүүлнэ хэмээн сурталчилснаар Япон, АНУ-г ардаа орхиж чаджээ.

Япончууд ашигласан цөмийн түлшээ дахин боловсруулах ажиллагааг Англи, Франц зэрэг улсад даатгадаг. Засгийн газраас цацраг идэвхи ихтэй цөмийн хаягдлыг түр хадгалах байгууламж бүхий Аомори мужийн Роккашо тосгонд цөмийн түлш дахин боловсруулах байгууламж барьж эхэлсэн хэдий ч бусад бусад орны цөмийн түлшний хаягдлыг буцааж авах асуудал туйлын хүндрэлтэй байгаа ажээ. Өнөөдрийн байдлаас үзвэл, 2035 он гэхэд дотооддоо цөмийн хаягдлыг эцэслэн булшлах байгууламж барих газар сонгох төлөвлөгөө нь бүтэхгүй шинжтэй болоод байна.    

АНУ ч мөн ижил энэ асуудал хүндрэлтэй байна. Өмнөх ерөнхийлөгч Жорж Бушийн засаг захиргаанаас 2002 онд Невада мужид цөмийн хаягдлыг эцэслэн булшлах байгууламж барихаар шийдвэрлэсэн боловч орон нутгийн ард иргэд хүчтэй эсэргүүцсэний улмаас 2009 онд ерөнхийлөгч Обама энэхүү төлөвлөгөөг зогсоох тухай шийдвэр гаргажээ. Ингээд асуудал шийдэгдээгүй хэвээр үлдсэн байна.

Ашигласан цөмийн түлшийг буцаан авах чадахгүй байгаа сул талаа нөхөхийн тулд Япон болон АНУ нь хөрс хатуутай Монгол улсад цөмийн хаягдлыг хадгалах, булшлах байгууламж барихаар тохирчээ. Энэ байгууламж нь газрын хөрсөнд хэдэн зуун метрийн гүнд орших юм байна. 

Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлснээр Тошиба, Хитачи мэтийн цөмийн реактор үйлдвэрлэгчдийн олон улсад эрхэлж буй цөмийн энергийн бизнесийг дэмжинэ хэмээн Японы Эдийн Засаг, Худалдаа, Аж Үйлдвэрийн Яамныхан үзэж байна.

Олон Улсын Цөмийн Энергийн Агентлагийн мэдэгдсэнээр Монгол улс нь 1.5 сая гаруй ураны нөөцтэй байж болзошгүй бөгөөд, хэрэв тэр нөөцийг олзворлон боловсруулж эхлэвэл дэлхийд уран нийлүүлэлтээрээ эхний гуравт орох ажээ. Тиймээс Монголд улстай хэлэлцэж тохирвол Япон, болон Америк ураны хангамжийн асуудал ч мөн шийдэгдэх боломжтой юм. 

Цөмийн хаягдлын олон улсад тээвэрлэхийн тулд дамжин өнгөрөх улс орнууд болоод хүлээн авах улс зөвшөөрсөн байх ёстойгоос гадна Олон Улсын Цөмийн Энергийн Байгууллага болон бусад холбогдох талуудын журам горимыг мөрдөх шаардлагаа тавигддаг байна. Цөмийн хаягдлыг булшлах байгууламж байгуулах төлөвлөгөө нь хэлэлцэж байх үе шатандаа олон нийтэд ил болвол цөмийн хаягдал түлш дамжин өнгөрөх улсууд болох Хятад болон ОХУ оролцож, мөн түүнчлэн Монголын олон нийт эсэргүүцэн босож магадгүй хэмээн болгоомжилсны үүднээс хэлэлцээрийг машид нууцалж байгаа ажээ.

Энэ оны 2 сард АНУ-ын Вашингтон хотод дээр дурьдсан гурван улс бүрэн хэмжээний дипломат гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөж байжээ. Гэвч энэ талаар хоцорч мэдсэн Японы Гадаад Явдлын Яамнаас тус төлөвлөгөөний талаар засгийн газар хангалттай хэмжээнд хэлэлцэж амжаагүй гэдэг үндэслэлээр эсэргүүцэж, гарын үсэг зурах явдлыг хойшлуулсан байна. Харин дараахан нь 3 сарын 11-нд Японы Зүүн хойд бүс нутагт  хүчтэй газар хөдлөлт, цунами   болсон учир гэрээнд гарын үсэг зурах шинэ товыг өнөөг хүртэл гаргаагүй байгаа бололтой.

3 сарын 11-ны гамшгаас хойш Япон улсын цөмийн эрчим хүчний бодлогыг нарийвчлан нягталж, шалгаж байгаа. Мэдээж дотоодын бүх атомын станцуудаа зогсоогоод, ашиглахаа болихоор шийдэн ч цөмийн хаягдал булшлах байгууламж зайлшгүй шаардагдах нь тодорхой. Хэдий тийм ч, гуравдагч оронд техникийн туслалцаа үзүүлснийхээ хариуд цөмийн хог хаягдлаа хадгалуулахаар барьцаалах нь Фукушимад АЦС бариулвал орон нутгийнх нь санхүүжилтийг нэмнэ хэмээн амлаж байсан Японы түүхийг санагдуулж байна хэмээн шүүмжилмээр байна.



Сэтгэгдэл үлдээх