Төрийн түшээд нь хүртэл харийнхны гар хөл болжээ

Бичсэн: О.Мөрөн

Эх сурвалж: “Нийгмийн толь”

http://sonin.mn/?p=121134

2011 оны 3 сарын 14

Энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоход жил хэдхэн cap үлджээ. Тиймдээ ч эл хүрээнийхэн хаврын урьтай уралдан хөдөлгөөнд орж, уул уурхайгаар занималдах эрх баригчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэх хандлагатай болчихлоо. Тэгээд ч сүүлийн хэдэн жилд манайдаа л хөрөнгө бэлтэйд тооцогдох томчууд энэ салбарт хүч үзэж, аз сорих нь олширсон.

Харин сонгууль дөхсөн эл өдрүүдэд олигархиуд юу юунаас ч илүү энэ салбарт хайр зарлаж, сүүлдээ бүр өөрсдийн эрх ашигт нийцүүлэн томоохон ордыг үзэмжээрээ тодорхойлох боллоо. Тухайлбал Ховд аймаг дахь Хөшөөтийн нүүрсний уурхайгаар жишээ татаж болох юм. Уг нь тус ордын талаар дэлхийн томоохон шинжээчид зах зээлд нүүрсний үнэ тогтвортой байх тохиолдолд Хөшөөтөөс ганцхан жилийн дотор 240 ам.долларын ашиг олох боломжтой хэмээн үзэж, Блүүмбергээр хүртэл хэд хэдэн удаа илэрхийлж байсан.

Тэгээд ч энэ орд нь газар зүйн байрлалын хувьд, нүүрсний хамгийн том хэрэглэгчтэй ойр байдаг. Түүнчлэн өвөг эцгийн минь цусаараа тамгалсан газрын доорх баялгийг энэ цагийн олигархиуд харийнхантай нийлж яаж там болгож буйг Хөшөөтийн хувь заяанаас харж болно. Хамгийн гол нь харь газрын луйварчид бидний баялгаар Хонконгийн хөрөнгийн бирж дээр 2.9 тэрбум ам.доллар буюу 3.6 их наяд төгрөгтэй тэнцэх хөрөнгө босгосон тухай мэдээлэл чих дэлсэх болов. Өөрөөр хэлбэл, тэдний дураараа аягласан эл хөрөнгө нь Монгол Улсын жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгө юм.

Гэтэл хөрөнгөний эзэн болсон монголчууд бид өнөөдөр бултаараа гэдэс цатгалан мөр бүтэн яваа билүү. Мөн гадныхан бидний баялгаар ингэж туйлахдаа манайхаас ямар нэгэн зөвшөөрөл авсан эсэх, энэ тухай холбогдох яаман дээр нь ямар мэдээлэл байгаа эсэх нь тун бүрхэг. Тэгэхээр жилд ямар нэгэн асуудалгүй өлхөөн 240 сая ам.долларын ашиг олох, Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.11-д заасанчлан стратегийн ордод орох нөхцөл бүрдсэн Хөшөөтийн ордыг Монголчууд бид хяналтаасаа алдахад бэлэн болжээ. Нэг үгээр хэлбэл, Бороогийн 50 тн алтны түүх энэ ордод давтагдахад гайхах зүйлгүй болсон гэсэн үг.

Түүнчлэн тус уурхайгаас баруун хил дэх Ярантын боомттой холбосон 340 км асфальтан зам аль хэдийнэ зурайжээ. Гэтэл энэ замын талаар УИХ-ын гишүүд юу ч мэдэхгүй, нүдэн балай чихэн дүлий сууж байх юм. Ядаж л тус ордыг “МОНЭНКО” компани ямар замаар, яаж авсныг шалгах цаг нь болсон юм биш үү. Түүгээр ч зогсохгүй ордыг эзэмшигч компани Хөшөөтийг 4.4 тэрбум тонн нөөцтэй гэх. Харин Эрдэс баялаг, эрчим хүчний яамны нөөцийн мэдээллээр 85.7 сая тонн гэсэн нь тэнгэр газар шиг зөрүүтэй байх жишээтэй.

Ямартай ч энэ бүхний хариултыг “Хөшөөт” төслийн ерөнхий зохицуулагч У.Барсболд болон Ерөнхий сайд С.Батболд, холбогдох яамны сайд Д.Зоригт нарын тодруулах цаг нь болсон. Тэгээд ч Ерөнхий сайд С.Батболд нэгэн цагт “Монгол Улс өнөөдөр хөгжлийн шинэ шатанд гарч ирлээ” хэмээн айлдаж байсан. Тэгвэл улс орны хөгжилд тус нэмэр болох Хөшөөт мэтийн томоохон орд газрыг, МАН-ын УЗ-ийн нэр бүхий гишүүн лиценз нэрээр гадныханд худалдчихсан суугааг юу гэж тайлбарлах бол.

Яагаад энэ гишүүндээ ямар нэгэн хариуцлага тооцохгүй, толгойг нь илсээр байна вэ. Энд нэг зүйлийг эргэн сануулахад, Ерөнхий сайд асан С.Баяр өнгөрөгч оны сонгуулийн үеэр Ховдчуудтай уулзахдаа “Хөшөөтийн уурхай бол Ховдчууд төдийгүй, монголчуудын хувьд асар их ирээдүйтэй, бидний төсөөлж байгаагаас ч илүү баялгийг бий болгох боломжтой уурхай.

Тиймээс эл уурхайг стратегийн ордод зүй ёсоор оруулж, ашиглах нь зүйтэй юм. Ингэхдээ төр 51 хувиас доошгүйг эзэмших ёстой” хэмээн тодруулж байсан. Гэтэл өнөөдөр монгол төрийн бодлого уламжлагдах нь бүү хэл тус орд нь аль хэдийнэ урд хөршийн эдийн засгийг 100 хувь дэмжиж тэтгэх хэрэгсэл болжээ. Харин энэ бүхний учиг болоод яагаад Хөшөөтийг стратегийн ордын жагсаалтад оруулахгүй байгааг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод хувийн ашиг сонирхол байгаа хэмээн ойлгохоос өөр арга алга. Өөрөөр хэлбэл, УИХ-аас өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэх засаглал нь ийнхүү үл тоож байна.

УИХ-ын гишүүд нь ч Хөшөөтөөс олох их хөрөнгийг тойрон эргэлдэж, хувийн бизнестээ ганц ч гэсэн квот, тендер олчих санаатай тал засан гүйж байгааг уул уурхайн хүрээнийхэн шивэр авир хийх боллоо. Тэр ч бүү хэл 100 хувийн Хятадын хөрөнгө оруулалттай “МОНЭНКО” компанийнхан манай эрх мэдэлтнүүдийг тус ордоор улстөржин яахаа мэдэхгүй мунгинаж суухад Ярант-Такешины боомтоор хоёр зуу, таван зуун тонн нүүрсийг дээж нэрийдлээр гаргасан талаар холбогдох албаныхан хэлж байна. Түүнчлэн тус компани монголчуудыг баяр ёслол тэмдэглэн наадаж наргиж суух зуур хүнд даацын том машинаар нүүрс зөөн “амласан” гэрээгээ зөрчдөг аж.

Эцэст нь хэлэхэд Монгол төрийн бодлого эзэнгүйдэж, төрийн түшээдийнх нь зүтгэл ашиг хонжооны сүлжээнд битүү орооцолдсоны бас нэгэн илэрхийлэл энэ ордын хувь заяагаар нотлогдох шиг. Түүнчлэн стратегийн орд “том” Оюу, Тавантолгойгоос Монголчууд бид бултаараа хувь хүртэнэ. Харин Хөшөөтийн баялгаас харийнхан дангаараа ашиг олж, дэлхийд үнэлэгдсэн энэ баялгаас Монголчууд бид бүү хэл орон нутгийнхан нь юутай үлдэх вэ, эрхэм түшээд, эрх мэдэлтнүүд ээ. Уг нь “Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг” гэдэггүй билүү.

Advertisements


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s