Австрали улс ураны үйлдвэрлэлдээ цэг тавих цаг ирэв үү?

2013-12-19
Австралийн уран баяжуулах (шар нунтаг ялгах) үйлдвэрлэл хүнд байдалд байна. Энэ салбарын зовлонгоос нэгмөсөн ангижирвал дээр бус уу?

Нийтлэлч: Дэйв Свийни
2013 оны 12 дугаар сарын 7-ны үүрээр Какаду үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах Рэйнжэр ураны уурхайн хүдэр уусган баяжуулах шингэнтэй ёмкость саванд (цистернд) цууралт үүсчээ. Улмаар тэр хавийн ард иргэдийг нүүлгэн шилжүүлсэн ба цистерн цуурч, уусмал сад тавихад хамгаалалтын систем ажилласангүй. Нэг сая литр онц хүчиллэг ураны уусмал газрын хэвгий даган урсахдаа Австралийн Энержи Ресурсиз компанийн нэр хүндийг ч бас хамт урсган авч одлоо.
ranger-tank-data
Химийн бодистой уусмал алдагдсан нь хэдхэн километрийн дор, голын эргийн дагуу аж төрж, голын усаар ундаалдаг нутгийн ард иргэдийг түгшээн бухимдуулж, уурхайн удирдлага болон дэд бүтцийн найдвартай байдалд эргэлзэхэд хүргэжээ.

Рэйнжэр уурхайн үйл ажиллагааг одоогоор зогсоогоод байна. Тус уурхай нь Австралийн хамгийн том дархан цаазтай газар болох дэлхийн өвд давхар бүртгэлтэй Какаду үндэсний хүрээлэнгийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг. Уг нь үндэсний хүрээлэн болон тус нутгийн оршин суугчдын хамгаалалт хамгийн баталгаатай байх ёстой ч Рэйнжэр уурхайнхан асуудалд туйлын тоомсоргүй хандсан нь ил байна.

Ер нь Австралийн ураны үйлдвэрлэлд бүтэлгүй явдал нүүрлэх болсноос хойш нилээдгүй хугацаа өнгөрөөд буй юм. Сүүлийн үед учрах хүндрэл бэршээл улам нэмэгдэж байна. Бүтээгдэхүүнийх нь үнэ навс унаж, Австрали улс даяарх ураны төслүүд хойшилж, зогсож, тэр бүү хэл бүрмөсөн цуцлагдаж буй өнөө үед Какадуд гарсан осол олон нийтийн анхаарлыг татаж, ард иргэдийн сэтгэлийг ноцтой түгшээсэн.

Ураны салбар нь онцгой анхаарал шаардсан салбар, тиймд уурхайн үйл ажиллагааг хэвийн байдлаар үргэлжлүүлэх боломжгүй тохиолдолд нэн түрүүнд хараат бус хяналт шалгалт хийх шаардлага тулгарч байна. Харин сэтгэлийн хөөрлөөр бус баримт нотолгоонд суурилан дүгнэлт гаргадаг хүмүүсийн хувьд түгшүүрийн анхны дохиог авснаас хойш нилээд хэдэн жил өнгөрчээ.

2011 оны 3 дугаар сард дэлхий нийт амьсгал даран чагнаж, Фукушима гэдэг үг олон улсын үгсийн санд нэмэгдсэн. Уг нь Фукушима гэдэг үг “азын арал” гэсэн утгатай ч газар хөдлөлт, цунамигаас болж Фукушима Дайичи АЦС-ын реакторууд хайлсан тэр л өдөр Фукушима нутгийг азын тэнгэр нь хаяж одсон билээ.
Өнөөг хүртэл үргэлжилсээр буй Фукушимагийн цөмийн гамшиг нь аж амьдрал нь эргэж хэзээ ч хуучиндаа орохгүй олон зуун мянган Япон иргэд төдийгүй дэлхий дахины цөмийн үйлдвэрлэлд асар том нөлөө үзүүлсэн. Чухам тэр цагаас цөмийн салбарынхан өргөнөөр сурталчилж байсан “цөмийн сэргээн мандалт” хэмээх мөрөөдлөө оршуулсан юм.

2011 оны 10 дугаар сард Австралийн Цацрагаас xамгаалах, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх агентлагийн дарга “Фукушима Дайичи АЦС-ын нутаг дэвсгэр болон түүний реактор бүрт нь Австралиас гаралтай цөмийн материал байсан” гэдгийг Сенатын өмнө албан ёсоор баталгаажуулжээ.
Фукушимагийн осол үнэндээ Австралийн ачааны шар машинаас эхлэлтэй. Өнөөдөр Япон даяар төдийгүй хил хязгаараас нь хальж, салхиар болон далайн урсгалаар тархаж буй цацраг идэвхт хур тунадас нь үнэндээ Какаду хүрээлэн болон Австралийн умард хэсэгт олборлосон хүдрээс гаралтай юм.

Хариуд нь Фукушима дэлхийн ураны зах зээлийг хүнд цохилтонд оруулж, ураны салбар ч шангаа хүртлээ. Бүтэн жилийн туршид цөмийн салбарынхан ажиглаж хүлээхээс өөр хариу барьж чадаагүй. Харин одоо хамаг зүйлээ ачаад зугатах нь өлзийтэй болж байх шиг.

Зах зээлийн бууралт
Фукушимагийн гамшгаас хойш дэлхийн зах зээл дээр ураны үнэ 50 орчим хувиар буурч, Паладин Энержи, Австралийн Энержи Ресурсиз, Торо Энержи зэрэг уран үйлдвэрлэгч компаниудын хувьцаа унаж байна.
Өнгөрсөн 7 дугаар сард Фремантл-д болсон цөмийн салбарын хурал дээр энэ салбарын хамгийн идэвхтэй дэмжигчдийн нэг нь ураны үнэ сэхэх төлөв харагдахгүй байгаа талаар шулуухан дүгнэлт өгчээ. Паладин Энержи компанийн захирал Жон Боршоф “ураны үйлдвэрлэл яалт ч үгүй хямралд орчихлоо” гэж тодорхой хэлжээ. Тус компани Австралид ураны уурхай ажиллуулах аргагүй болсон тул үйл ажиллагаагаа Африк руу шилжүүлсэн юм.
Ирээдүйдээ итгэх итгэл найдвар бүрхэг болсныг гэрчлэх энэ үгсийг Австралийн бусад уран үйлдвэрлэгчид ч давтаж байна.
Дэлхийн хамгийн том уул уурхайн компани болох BHP Billiton өнгөрсөн жил Өмнөд Австралийн хойт зүгт орших Олимпийн Далан гэдэг ураны уурхайг өргөтгөх 20 гаруй тэрбум долларын өртөгтэй төлөвлөгөөнөөсөө татгалзжээ. Хамтран найрсгаар тохиролцож, төр засгаас харж үзэхээр амласан хэдий ч ураны үнийн уналт, ураны зах зээлийн ирээдүй “тодорхойгүй” байгаа нь энэхүү шийдвэрийг гаргахад гол түлхэц болсоныг тэр үед BHP–ийн захирал байсан Мариус Клопперс дурдсан юм. Түүгээр үл барам, BHP компани нь Австралийн баруун нутагт олборлож эхлээгүй ураны ордоо зарж, мэргэжлийн ажлын багаа татан буулгажээ.
Тэгвэл саяхан Австралид албан ёсны зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан цөөн тооны ураны уурхайн нэг хаалгаа барилаа. 11 дүгээр сард Австралийн өмнөд хэсэгт орших “Бал сар” (“Honeymoon”) нэртэй уурхай ураны үнэ хэт хямд байгаан улмаас олборлолтоо зогсоож, урт хугацааны засвар үйлчилгээний ажилд шилжжээ.
Шил дараад ураны салбарын “эрсдэл нь ашиг орлогоосоо өндөр байна” гэсэн үндэслэлээр “Марафон Ресурсиз” нэртэй шинэхэн компани Австралийн өмнөд хэсэг дэх Гаммон Рэйнж гэдэг үзэсгэлэнтэй газарт уурхай нээх томхон төслөөсөө татгалзаж, тоглоомоос бүрмөсөн гарахаар шийдвэрлэжээ.

Түүнчлэн Күинсланд мужид Австралийн ураны нийгэмлэгийнхэн болон уран олборлохыг хүссэн компанийнхан тус мужийн эрхийг барьж буй Үндэсний Либерал Намынхантай хаалттай уулзахдаа уран олборлох зөвшөөрлөө аваагүй мөртлөө “роялти төлбөрөөс чөлөөлөх” талаар ярилцажээ. Энэ нь яавч зах зээлийн үнэ ханш өсөх хандлагын илрэл байж чадахгүй гэдэг нь ойлгомжтой.

Австралийн ураны салбарын хувьд “бал сар” ч дуусаж, “марафон гүйлтийн уралдаан” ч өндөрлөж байгаа нь илт харагдаж байна. Ингээд 2013 оны барианы зурааст арай ядан догонцон орж ирэхийн алдад Рэйнжэрийн уурхайн аюул олон нийтэд тодорхой боллоо.

2003 оны 10 сард Сенатын захиалгаар хийгдсэн Австралийн ураны салбарын хамгийн сүүлчийн хараат бус судалгаанд тус салбарын гүйцэтгэл хангалтгүй, үйл ажиллагаандаа стандарт журмыг баримталдаггүй, байгаль орчны бохирдол, байгаль орчинд үзүүлж буй үр нөлөөг нь хэмжих баталгаатай баримт мэдээ байдаггүй, ажлын арга барил нь зөвхөн өнөө маргаашийг аргацаасан байдалтай байдаг гэж дурьджээ.

Уран олборлолт бол эрсдэл ихтэй, өгөөж багатай төдийгүй маш өвөрмөц, олон улсад өнөөг хүртэл шийдэгдээгүй, асар урт хугацааны аюул дагуулдаг салбар. Тиймээс ч уран олборлолтыг олон нийт хүлээн зөвшөөрч, дэмжих нь тааруу байдаг. Манай Австралийн улс төрчид цөмийн салбарынхны гоё сайхан амлалтад автахаа урьтал болголгүй тэдний ажил үйлдлийг нь бодитоор хянаж үзэх цаг иржээ.

Австралид төдийгүй дэлхий даяар ураны салбар өртөг зардал, үйл ажиллагаагаа хасаж танаж байна. Уран олборлолтын эрсдэл улам нэмэгдэж байгааг анхааруулсан сэрэмжлүүлэг бидэнд хангалттай байна. Одоо бид хариу арга хэмжээ авах шаардлагатай байна.

Рэйнжэр ураны уурхайд болсон ослын дараа Холбооны Нөөцийн сайд Иэн Макфарлэйн олон нийтийг тайвшруулахын тулд “бидэнд бүх үйл явц нь ил тод тийм үйлдвэрлэл үйл ажиллагаа хэрэгтэй” гэж өнгөрсөн долоо хоногт хэлжээ.

Бид үүнтэй санал нэг байна. Бүх үйл явцыг ил тод байлгая гэвэл хүнд байдалд орсон Австралийн ураны салбарын өртөг зардал болон үр дагаврыг судлах олон нийтийн хараат бус хяналт шалгалт явуулах хэрэгтэй.

Дэйв Свийни бол Австралийн Байгаль хамгаалах сангийн ажилтан, цөмийн энергээс ангижрахын төлөө ухуулан тэмцэгч юм.

Орчуулсан Ганаа Н.
Голомт ЦЭХ Орчуулгын бүлгэм

Эх сурвалж: http://uranium-network.org/index.php/australia/389-is-time-up-for-australia-s-uranium-industry



Сэтгэгдэл үлдээх