ХӨӨРХИЙ МУУ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ МИНЬ БАЯРТАЙ!

Сонин сайтуудад хэвлэхээс татгалзсан нэгэн нийтлэл ирүүлснийг тавилаа.

Амарлин

Анзаарч бодууштай зарим үйл явдал

 

Өнгөрсөн сарын дундуур Эрх баригч хүчнүүдийн санаа тавьж буй асуудлууд гэж ойлгогдсон зарим нэг хурал зохион байгуулагдсаныг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бүгдээрээ л дуулгах төдий мэдээлсэн нь олон нийтийн анхаарал сонирхлыг нэг их хөндсөнгүй.

Аливаа асуудлаар олон нийтэд нухацтай ойлгоц өгөхөөс зайлсхийж, зөвхөн дуулиан шуугианаар хэлбэрдэж сурсан өнөөгийн эрх баригчдын ажлын арга барилын бодит тусгал нь энэ л дээ.     

Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, АНУ-ын Хөгжлийн агентлаг хамтран зохион байгуулсан “Монголын Үндэсний компанийн засаглалын бодлого”, Ерөнхийлөгчийн тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба хамтран зохион байгуулсан “Хотыг дахин хөгжүүлэх тухай” гэх мэт нэрнээсээ эхлэн этгээд сонсогдох энэ хурлуудын цаад далд бодлого зорилго юу вэ гэдгийг уг нь анхаарч үзүүштэй л санагдана.

Улс оронд үүнээс өөр тулгамдсан асуудал үгүй юм гэж үү?!

Засаглах, засаглал гэдэг үгнээс нь эхлэж бодсон ч зөв менежменттэй, сайн зохион байгуулалттай, удирдлага зохион байгуулалтын зөв арга барилтай, эсвэл зүгээр л сайн удирдлагатай компани гээд хэлчихээгүй, харин компанийн засаглалын бодлого гэж нэрлээд байгаагийн цаад зорилгыг тунгааж бодмоор л…

Харин би энэ удаа “Хотыг дахин хөгжүүлэх” гэдэг үгийн цаана далдлагдаж байгаа санаа зорилго, энэ талаар эртнээс чимээгүйхэн бэлтгэж байгаа далд явууллагын нэгийг илчлэн олон нийтэд сонордуулахыг зорьсон юм.   

 

Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчиж болно гэнэ

 

Монгол Улсын Их Хурлаас 2011 оны 02 дугаар сарын 09-нд нэмэлт өөрчлөлт оруулан батласан “Орон сууцны тухай” хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байгаа талаар би 2011 оны 11 дүгээр сарын 18- нд Үндсэн хуулийн цэцэд хандсан билээ.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Сарантуяа 2011.12.05-ны 71 тоот тогтоолоороо ямар ч үндэслэлгүйгээр маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсан тул дахин гомдол гаргасан юм. 

 

Тухайлбал Орон сууцны тухай хуулинд шинээр нэмэж оруулсан “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцбуюу 151 дүгээр зүйлийн151.1Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг ашиглахыг хориглоно. 151.2-т “Сууц өмчлөгчид нь мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн орон сууцыг цаашид ашиглалтын шаардлага хангахгүй болсон талаархи шийдвэрийг хүлээн авмагц дахин төлөвлөлтөд оруулах тухай хүсэлтийг сууц өмчлөгчдийн олонхийн саналаар гаргаж, тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлнэ.” гэх мэтээр заасан нь 1-рт Мэргэжлийн хяналтын байгууллага өмчийн эзний санаа бодлыг үл харгалзан “ашиглахыг хориглосон” шийдвэр гаргаж өмчлөгчийн эрхэд халдах санаа ил туссан, 2-рт хориглосон шийдвэрийг авмагц зарим өмчлөгч нь үл зөвшөөрсөн ч хамаагүй, бүр мэдээгүй байхад нь ч “сууц өмчлөгчдийн олонхийн санал” гэгчээр үл хөдлөх хөрөнгө болох хувийн өмчийг нь нураан сүйтгэж болохыг хуульчилан зааж өгчээ.

Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 5.2-т заасан “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, 5.3-т заасан “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэснийг, мөн 16 дугаар зүйлийн 16.3-т заасан “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэснийг тус тус зөрчиж байгаа нь илэрхий билээ.

Гэтэл 2012 оны 03 сарын 21-ний өдөр хуралдсан Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдаанаар уг асуудлыг авч хэлэлцээд

“… 1. Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан орон сууцны  байшингийн үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийхийг хориглох тухай заалт, 151 дүгээр зүйлд заасан ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг ашиглахыг хориглосон заалт нь нийтийн зориулалттай орон сууцны онцлог шинж болоод түүний талаарх бусад хууль тогтоомжид заасан эрх зүйн зохицуулалтуудад үндэслэгдсэн уялдаа холбоо бүхий зохицуулалт байна. Мөн Цэцийн гишүүний тогтоолд дурдсанчилан Орон сууцны тухай хуулийн энэхүү заалтууд нь тухайн нийтийн зориулалттай орон сууцны байшингийн сууц өмчлөгчдийн болоод бусад иргэдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалсан, Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг хангахад чиглэгдсэн байна.

  1. 2.            Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд өөрийн санаачилгаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсан Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 71 дүгээр тогтоол үндэслэлтэй байна.

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн МАГАДЛАЛ гаргах нь:

  1. 1.             Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2011 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзах тухай” 71 дүгээр тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
  2. 2.            Иргэн О.Лхагвадоржийн Үндсэн хуулийн цэцэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн хариу өгөв.

Уг нь би Орон сууцны тухай хуулийн тодорхой заалтууд нь Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 5.2, 5.3, арванзургаа дугаар зүйлийн 16.3-т заасан заалтуудыг зөрчиж байна гэж өргөдөл өгсөн юм.  

Гэтэл Үндсэн хуулийн цэц “Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд заасан амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхийг хангахад чиглэгдсэн байна” гэсэн хариу өгөөд байгаа нь нэг заалтыг нь хангаж байвал бусад заалт зөрчигдөх нь хамаагүй гэж хэлсэнтэй утга нэг юм.

Эхлээд ийм хариултыг өгсөн цэцийн гишүүн Ц.Сарантуяагийн тогтоолыг үндсэн хуулиа ч ойлгох чадваргүй ганц нэг этгээд цэцэд байдаг юм байна гэсэн сэтгэгдэлтэйгээр хүлээн авсан бол, харин Үндсэн хуулийн цэцийг тэргүүлж байсан гишүүн Н.Жанцан, Монгол улсын Ерөнхийлөгч асан, гишүүн П.Очирбат, гишүүн Д.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр гаргасан удаах магадлал нь Үндсэн хуулийн цэц нь хөлсний алуурчнаас өөрцгүй захиалгаар гэмт хэргийн чанартай ажил эрхлэдэг байгууллага болчихсон юм байна гэж дүгнэхэд хүргэлээ.      

Монгол Улсын үндсэн хуулийг зөрчиж байгаа үйлдлийг Үндсэн хуулийн цэц улайран хамгаалж ард иргэдийн эрх, эрх чөлөөг хасан боож байгаа энэ үйлдэл нь санаатай өдүүлж буй гэмт хэрэг билээ.

Тэгээд ч иргэдийн хувийн үл хөдлөх хөрөнгө болох орон сууцыг нь хэн нэг этгээд “ашиглахыг хориглоно” гээд гэрээс нь хөөж гаргаад нураан сүйтгэх нь ямар эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж байгаа хэрэг вэ?! Цэцийн гишүүд ээ!

“Гудамжинд тэнэж яваад хөлдөж үх, эсвэл траншейд ор” гэж тулгаж байгаагаа “ямар ч гэсэн амьд үлдээж байгаа нь их юм гэж бод!” гэж хэлэх гээ юу?!

 

Шуудхан хэлэхэд Орон сууцны тухай хуулийн нэмэлт болох 151 дугаар зүйлд орсон заалтууд нь газрын дээрэм, наймаа хийхийг сонирхож буй хэсэг бүлэг этгээдийн захиалгаар хийгджээ гэдэг нь хуулийн заалтуудыг уншсан хэнд ч тодорхой.  

Хуулинд “Ашиглалтын шаардлага хангахгүй” гэж шийдвэрлэгдэх нийтийн зориулалттай орон сууцыг өмчлөгч иргэдийн эрхийг хамгаалах талаар тодорхой заалт байхгүй бөгөөд хуулийн 151.3-т “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны оронд шинээр орон сууцны барилга барих хөрөнгө оруулагч нь аймаг, нийслэлийн Засаг дарга, сууц өмчлөгчидтэй харилцан тохиролцож гэрээ байгуулах бөгөөд уг гэрээнд сууц өмчлөгчдийг нүүлгэн шилжүүлэх, орон сууцаар түр хангах, шинэ орон сууцны ашиглалтад орох хугацаа, талбайн хэмжээ, үнэ, төлбөр, хариуцлагын асуудлыг тусгана.” гэж, мөн 151.5-д “Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны сууц өмчлөгч нь хуучин орон сууцаа зах зээлийн үнээр хөрөнгө оруулагчтай тохиролцон худалдах, эсхүл нөхөн олговор авах эрхтэй” гэж тус тус заасан нь хуулийн заалт гэхээсээ илүүтэйгээр луйвардах арга мэхийг нь илчилж байгаа билээ.

Бусад улсын хуулинд бол эрхийг нь хэн хэрхэн хангахыг зааж өгсөн байдаг юм. Харин манай луйварчид “эрхтэй” гэдэг хоосон тунхагаар хуурахыг оролдож, үнэн чанартаа оршин суугчдыг “өөрсдөө аргаа ол” гээд орон гэрээс нь хөөн гудамжинд гаргаж хаях санаагаа “хөрөнгө оруулагчтай гэрээний үндсэн дээр тохиролц” хэмээн илэрхийлжээ.

Үүнийг харин Үндсэн хуулийн цэцийн гишүүд зөв хэмээн салхийг нь хөөрөгдөж суугаа нь Үндсэн хуулийг хамгаалах биш харин ч устгах ажлыг эрхлэдэг нэгэн төрлийн бизнес болгочихсон юм биш үү!     

   

Даварсан хулгайн далавч болсон

Үндсэн хуулийн цэцийн балаг

 

Уг нь Үндсэн хуулийн цэц гэгч нь ард түмний амар амгалан амьдралын үүд хаалга болсон Монгол Улсын Үндсэн хуулийг хамгаалан сахих үүргийг хүлээсний хувьд төр засгийн аливаа шийдвэрийг Үндсэн хууль зөрчиж байгаа эсэхийг байнга хянаж, судлаж, үндсэн хууль зөрчсөн өчүүхэн алдааг ч олж харж, засаж залруулахын төлөө тэмцэж байх ёстой.

Гэтэл дархан цаазат Богдхаан уулын Зайсан толгойн аманд бариулсан, тансаг ордонд нь хаалгач, бичиг хэргийн ажилтнаас өөр хүнгүй шахам байдаг Үндсэн хуулийн цэц гэгч энэ байгууллага ажлаа хийх нь байтугай өмнөөс нь ажлыг нь хийгээд аманд нь хоолыг нь халбагадаж өгч байгаа иргэдийн өөдөөс ийнхүү нулимж, тургиад Монгол Улсын Үндсэн хуулийг дэвсэлж суудаг болжээ.

Өнөөдөр  ажлаа хийдэггүй Үндсэн хуулийн цэцийн гайгаар нийт ард иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон, үгээ хэлэх, жагсаал цуглаан хийх эрх алдагдсан.

1992 оны Үндсэн хууль бүрэн эхээрээ хүчин төгөлдөр болохыг батлаж Их суудлын хуралдаанаараа гаргасан 2000 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 02 дугаар тогтоолынхоо талаар үг дуугарахаас ч цэрвэж, чонын бэлтрэг шиг гөлөлзөж суугаа цэцдийн балгаар эрх баригч хоёр нам өнөөдөр Үндсэн хуулийг дураараа өөрчлөн Төрийн байгуулалтыг самарч байгаа.

Тэр ч байтугай мэдсээр байж Үндсэн хуулийг санаатайгаар зөрчиж иргэдийн сонгох сонгогдох эрхийг хааж боох, хууран мэхлэж төрийн эрх мэдлийг авахыг зорьсон УИХ-ын сонгуулийн тухай хуулийг УИХ-аас гаргаж байгаа нь, бүр иргэдээ дээрэмдэх, луйвардах, орон байрыг нь нураан сүйтгэх гэмт хэргийн санаа зорилгыг  ч УИХ нь хуульчилан батлаж суугаа, эрүүл ухаанд багтамгүй энэ үзэгдэл бол нэг талаасаа Даварсан хулгайчдын далавч нь болсон Үндсэн хуулийн цэцийн балаг мөн.

Балаг тарьдаг энэ байгууллагыг ард түмний татварын мөнгөөр тэжээж байлгасаар байх нь зөв үү?!

Ийм хөлсний этгээдүүдийг томилж, түүндээ дулдуйдан санаатайгаар Үндсэн хууль зөрчсөн хууль гаргаж байгаа УИХ-ыг зөвшөөрөн ажиллуулсаар байх уу?! Ийм увайгуй гэмт хэрэгтнүүдийн бүлэглэл болсон эрх баригч улс төрийн хүчин гэгдэх намуудыг тараахгүй байлгасаар байх уу?!

           

Үндсэн хууль зөрчсөн заалтууд юунд хүргэх вэ?

 

Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчин байж Орон сууцны тухай хуульд нэмэлтээр оруулсан заалтуудаар “зэвсэглэсэн” эрх мэдэлтнүүд одоо юу хийж болохыг таахад хэцүү биш ээ.

Дашрамд дурдахад “Хотыг дахин хөгжүүлэх тухай” хуралдсан хурал дээр УИХ-ын гишүүн Лу.Болд “буулгах барилга манай нийслэлд олон бий шүү” хэмээн тодосгон сануулж байсан нь ч уг хуулийн заалтуудыг оруулсны санаа зорилго, хэн юу сэдсэнийг гэрчилнэ.  

2012 оны УИХ-ын сонгуулийн дараа өнөөгийн эрх баригч хүчнүүд эрх мэдлээ хадгалан үлдэж чадах юм бол юу хийх нь ч тодорхой.

Монгол орны зарж наймаалж болох бүхнийг харийнхны гарт өгсөн эрх баригч этгээдүүдэд одоо үлдээд байгаа бизнес нь Улаанбаатар хотын төв хэсгийн газрыг наймаалах явдал. Үүнийг хийхийн тулд иргэдийн оршин амьдарч байгаа үл хөдлөх хөрөнгө нь болох нийтийн зориулалттай орон сууцуудыг буулгах хэрэгтэй. Гэтэл иргэд өөрийн өмч хөрөнгөө тэдэнд зүгээр өгөхгүй. Тэгэхээр хуулиар далайлган булаан авахаас өөр арга байхгүй. Тэд ч энэ зорилгоор хуулиа бэлтгэчихлээ. Одоо ажлаа эхлэх л үлдлээ.   

Дөч, тавин мянгатын барилгууд гээд хуучин гэж нэрлэгдэх орон сууцуудыг буулгаж, газрыг нь булаан аваад хөрөнгө оруулагчид нэртэй гадна дотрын цөөн бүлэг этгээд наймаалцан, өөрсдийн өмчлөлийн өндөр барилгуудаа буурин дээр нь  сүндэрлүүлэх болно. Харин тэнд амьдарч байсан иргэдийн олонхи нь хотын зах руу туугдана.

Өөрсдийг нь л хөөгөөгүй бол бусдыг үл өрөвдөх зарим бэртэгчин үүнийг зөв зүйтэй ажил, ингэснээр монголчууд хожиж, монгол улс хөгжинө гэж эндүүрч магадгүй. Тийм сурталчилгааг ч хүчтэй хийнэ. Үүндээ утааг арилгах сэдвээ ч орхихүй оруулна.

Гэвч тэр өндөр өндөр барилгууд нь “араатанд алтан шүд хийсэнтэй адил” зөвхөн улс орноо, иргэдээ мөлжиж, нийгмийн хуримтлал, баялгийг, түүнийг дагаад эрх мэдлийг ч цөөн хэдэн хүний гарт төвлөрүүлэхээс өөр ач тус өгөхгүй бөгөөд үүнээс жирийн иргэд л улам хэлмэгдэн хохирч, ядуурч үлдэх нь тодорхой юм. Үүнийг цөөн тооны хэт баян гэр бүлийн дарангуйлал дор ард иргэд нь нийтээрээ шахам зөвхөн биеэ үнэлэх, мансуурах гэх мэт гэмт хэргийн хүрээний ажил үйлчилгээ эрхлэн амь зогоодог дэлхийн олон орны гунигт жишээ, жигшүүрт амьдрал бэлхэнээ гэрчлэх билээ. Манайх ч тэр зүг хурдтай шогшиж яваа.

 

Хэрэв иргэдийнхээ төлөө юм хийе гэсэн бол …   

 

Уг нь улс орон, иргэдийнхээ төлөө ажиллах төрийн бодлого нь ч, иргэдийн эрх нь ч, хууль нь ч арай өөр байдаг юм билээ.

Сонирхуулж дурсахад 2009 оны 09 дүгээр сарын 24-25-нд Зүүн Азийн хүн амын нутагшил суурьшил, төлөвлөлтийн байгууллагын 42 дахь удаагийн бүс нутгийн хурал Манай улсад зохион байгуулагдаж, Төрийн ордонд “өртөг багатай орон сууц-нүүдлийн соёл иргэншлээс суурин соёл иргэншил рүү” сэдэвтэйгээр болж билээ.

            Уг хурал дээр манайхан ядуу, бага орлоготой иргэддээ зориулж Төрөөс “40000 айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа талаар баахан гайхуулж худлаа ярьцгаахад Малайзын төлөөлөгчдөөс “Орон сууцжуулахын тулд түүнд хамруулах иргэдээ байрны төлбөрөө хийх байнгын орлоготой болгохын тулд эхлээд байнгын ажлын байраар хангах хэрэгтэй болно. Үүнийг та нар яаж шийдэв?” гэсэн ганц асуулт тавиад л манай хөтөлбөр гэгч хуурамч багийг хуулж билээ. Малайз улс ядуу, бага орлоготой иргэдээ орон сууцжуулах хөтөлбөрийг төрөөс хэрэгжүүлж, амьдралыг нь дээшлүүлэх асуудлыг бодитой шийдвэрлэсэн өөрсдийн туршлагаасаа ч ярьж байсан сан.

            Харин манайд ард иргэд улс орныхоо эсрэг үйлдэж буй эрх баригч бүлэглэлийн дээрэм луйврын үйл ажиллагаагаа нь Үндсэн хуулиа хогийн цэг рүү ачиж аваачих хэмжээнд хүрлээ.

Хөөрхий муу Монгол Улсын Үндсэн хууль минь баяртай!

 

О.Лхагвадорж

About these ads

3 Comments on “ХӨӨРХИЙ МУУ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ МИНЬ БАЯРТАЙ!”

  1. Gori says:

    бид нар чинь тэгээд энэ бугдийг харсаар бж яаж тэмцвэл зүгээр юм дээ.

  2. ddd says:

    Тийм байна муу новшнууд. Одоо бид орон гэргүй болох нь байна шүү. Элбэгдорж ягаад Монгол эх орныхоо ард түмнийхээ эсрэг юм хийгээд байдаг юм бол

  3. ddd says:

    Ер нь Монголын бүх юмыг харийнхан шийдэж байгааг болиулах ёстой.


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s