Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар, тос

Голомт.орг нь Монгол улс үндэстэн, газар нутгийн бүрэн бүтэн, аюулгүй байдaл, Монголчуудын эрүүл энх ирээдүйн төлөө 2012 онд дуу хоолойгоо үргэлжлүүлэн өргөсөөр байх болно гэдгийг та бүхэнд дуулгая. Ингээд шинэ оны анхны бичлэгээ хүн амын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын тухай сэрэмжлүүлгээр эхлүүлж байна.

Монгол улс хорт хавдрын улмаас үүдсэн  нас баралтаар дэлхийд 2-рт бичигдэх болж, элэг болон улаан хоолойн хорт хавдрын өвчлөлөөр 1-рт, ходоодны хорт хавдрын өвчлөлөөр дэлхийд 2-т тэргүүлж буй өнөө үед эрүүл хүнсний хэрэглээ нь үндэсний аюулгүй байдлын нэн чухал асуудлын хэмжээнд тавигдах болжээ. Хоол хүнс, өргөн хэрэглээний барааны дийлэнхийг гадаадаас авдаг, дотоодын үйлдвэрлэл нь стандарт болон ариун цэвэр, аюулгүйн баталгаа тааруу төдийгүй Монгол улсaд бараа бүтээгдэхүүнд тавих хараа хяналт сул, хариуцлагагүй ханддаг байдал нь ард иргэд биднийг  өндөр сэрэмжтэй байхыг шаардаж байна.

Мэдлэг мэдээлэл бол асар их хүч. Тиймээс мэдээллийг цаг тухайд нь олж аваад холбогдох байгууллага, эрх баригчдын сонорт хүргэж, тэднээс зохих арга хэмжээг авахыг нэхэн шаардах, ногдсон ажлаа гүйцэтгэх чадваргүй түшмэдийг халж, мэргэжлийн чадварлаг боловсон хүчнийг авч ажиллуулахыг шаардах нь татвар төлөгч бидний дархан эрх бас үүрэг. Түүгээр зогсохгүй, хүн бүр эрүүл мэнддээ анхаарч, мэдлэгтэй, хариуцлагатай хандаасай гэж хүссэндээ энэ бүгдийг бичиж байна. Мэргэжлийн сэтгүүлч сурвалжлагч нар болон эрүүл мэндийн салбарын ажилтнууд дор бүрнээ хувь нэмэp оруулаасай гэж хүсье.

Монгол хүмүүс эрүүл энх амьдрах болтугай.

Хүндэтгэсэн,

Амарлин

http://golomt.org

Сэрэмжлүүлэг 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар, тос

Өмнөх түүхийг сануулахуй:

2008 онд Хятадад меламинтай сүү,  хүүхдийн тэжээлд хордсон 6 хүүхэд нас барж, 860 хүүхэд эмнэлэгт хүргэгдэж, нийтдээ 300,000 хүүхдийн эрүүл мэнд хохирсон тухай хэвлэлээр шуугиж байсан (1,3,4). Анхандаа Санлу группын үйлдвэрлэсэн хүүхдийн тэжээлийг  хэрэглэсэн 16 нярай Гансү мужид өвдөснөөр хэрэг явдал дэгдсэн. Гэвч яваандаа зөвхөн Санлу группын төдийгүй  Менгниу, Юили, Яшили гэх мэт сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 21 компанийн хүнсний бүтээгдэхүүнээс меламин илэрсэн (1).

Меламин хэмээх химийн бодисыг сүүнд хольсон нөхцөлд шинжилгээний хариу будилж, сүүн дэх уургийн хэмжээ өндөр болгон заадаг аж (1,4). Чухам үүнийг ашиглан хөлжигсөд ард олныг мэхэлж, тэдний эрүүл мэндийг ноцтой хохироохоо юман чинээ бодоогүй. Тус хэрэгт холбогдсон 20 гаруй хүн шийтгэгдэж, 2 хүнийг цаазаар авч, заримыг нь бүх насаар нь, бусдыг нь 15 жилээр хорих ял оноосон. Түүнчлэн Монголын Мэргэжлийн Хяналтын Aлбатай дүйцэх төрийн албаны захирал болон 7 төрийн албан хаагч тушаалаасаа огцорчээ (1).

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас “энэ бол ганц нэг удаагийн хэрэг явдал биш харин богино хугацаанд ашиг хонжоо олохоор худалдан авагчдыг хууран мэхлэж буй өргөн цар хүрээтэй зохион байгуулалттай үйл ажиллагаа мөн” гэж онцлон тэмдэглэж байжээ (1). Тус хэргийн дараагаар наанадаж 11 орон Хятадаас сүү, сүүн бүтээгдэхүүн импорлохоо зогсоожээ.

Өнөөдрийн байдал:

Жишээ 1. Гэвч хэрэг явдал үүгээр дуусгавар болоогүйг CNN-ий мэдээ гэрчилж байна (2). Mэдээнд Хятадын баруун өмнөд хэсэгт орших Чонггин хотын эрх баригчид мөхөөлдөс үйлдвэрлэхээр зэхэж байсан 26 тонн  меламинтай хуурай сүүг 2011 оны 3 сарын 25-нд хураан авсан тухай өгүүлжээ.

Жишээ 2. Хэдхэн хоногийн өмнө буюу 2011 оны 12 сарын 26-нд Ройтерс агентлаг нэгэн түгшүүртэй мэдээлэл цацжээ. Үүнд сүү цагаан идээ боловсруулалтаараа Хятаддаа тэргүүлэгч Менгниу хэмээх компанийн Сычуан муж дахь үйлдвэрийн сүүнд хийсэн шинжилгээгээр өндөр хэмжээний афлатоксин гэгч бодис илэрсэн байна. Үүний шалтгаан нь Хятадын баруун өмнөд хэсэгт орших үнээний фермүүд үнээндээ хөгцтэй тэжээл өгснөөс болсон гэж үзэж байгаа аж (3,4).

Афлатоксин нь үр буудай болон бусад хөдөө аж ахүйн бүтээгдэхүүнд мөөгөнцөрөөр үүсдэг хортой бодис бөгөөд элгийг хүндээр гэмтээж, элэгний хорт хавдар үүсгэдэг хэмээн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) мэдэгдсэн байна (3,4). Афлатоксин гэгч нь байгалийн гаралтай хорт бодис бөгөөд бөгөөд чийгтэй дулаан нөхцөлд ургасан хөгц, мөөгөнцөрөөс гардаг. Ургац хураахын өмнө болон хадгалалтын явцад үр тариа, ногоо хөгцөрвөл афлатоксин ялгарч, тариа ногоог бүхэлд нь хордуулах аюултай. Ингэж  бохирдсон  тариа будаа, ногоог хүмүүс хүнсэндээ хэрэглэсэн хүмүүс хорддог. Мөн түүнчлэн хөгцтэй тариа буудайгaap тахиа шувуу, малаа тэжээвэл өндөг, сүү, махаар нь дамжин хордох боломжтой аж (4).

Менгниу компанийнхан худалдан авагчдаас уучлал хүсч, бoхирдсон сүү худалдаанд гараагүй хэмээн мэдэгджээ  (4). Хэрэг явдлын улмаас Хонг Конгийн зах зээл дээр тус  компанийн хувьцааны үнэ  26%-иар буурчээ (5).

Жишээ 3. Харин шинэ оны өмнөхөн Хятадын өмнөд хэсэгт орших  өндөр хурдтай хөгжиж буй хотуудын нэг болох Гуандун мужийн Шэньжэнь хотод газрын самар болон самрын тосонд афлатоксин илэрлээ. Шэньжэнь хотын  хүнсний 3 дэлгүүрт зарж байсан газрын самар болон 4 рестораны хоол хийж байсан самрын тосонд хэвийн хэмжээнээс 4 дахин өндөр хэмжээний афлатоксин байсан тухай Шиньхуа агентлаг мэдээлсэн. Гуандун мужийн эрх баригчид гурван компанийн үйлдвэрлэсэн самрын тосыг их хэмжээний афлатоксинтой байж магадгүй гэж үзээд эргүүлэн татсан гэж мэдэгджээ (6).

Энэ бүхэн Монголчуудад ямар хамаатай вэ?

Сүүлийн жилүүдэд Монгол улс хорт хавдрын өвчлөлөөр, нэн ялангуяа элэг, улаан хоолой, ходоодны хорт хавдраар дэлхийд хошуучилж байгаа. Дэлхийн Хавдар Судлалын Олон Улсын Сан гэгч Лондонд төвтэй байгууллагаас ДЭМБ болон бусад нэр хүндтэй байгууллагуудын тоо баримтад (2008 оны байдлаар) түшиглэн нэгтгэсэн мэдээллээс товч танилцуулья (7).

100 мянган хүнд тохиолдох элэгний хорт хавраар Монгол улс 94.4 гэдэг үзүүлэлтээр дэлхийд тэргүүлсэн төдийгүй удаахь байранд шалгарсан Гамби улсыг ардаа хол хаяжээ. Хүйсээр ялгаж үзвэл, эрчүүдийн дунд 100 мянган хүнд тохиолдох  өвчлөл 116.6, харин эмэгтэйчүүдийн дунд 74.8 гэсэн асар өндөр тоон баримтууд нь удаахь байранд шалгарсан улсуудаас даруй 2-3 дахин өндөр байна.

Байр

Улс орон

100 мянган хүнд тохиолдох элэгний хорт   хавдрын өвчлөл (насаар жигнэсэн)

1 Монгол

94.4

2 Гамби

36.1

3 Хятадын Тайпей (Тайвань)

35.7

4 Лаос

33.8

5 Тайланд

29.7

Эх сурвалж: http://www.wcrf.org/cancer_statistics/liver_cancer_statistics.php

Дэлхий нийтэд түгээмэлд тооцогдох 8 төрлийн хорт хавдрын өвчлөлийн тухай тоо баримтаас үзэхэд Монгол улс шиг ингэж хэт давуугаар “цойлoн түрүүлсэн” тохиолдол огт үгүй нь чухамдаа нэгийг бодогдуулж байна. Монгол дахь өвчлөл бусад орнуудтай харьцуулашгүй өндөр байгаагийн шалтгааныг нь дан ганц архидалттай холбож үзэх нь учир дутагдалтай бололтой. Тухайлaхад, Оросууд гэхэд элэгний хорт хавдрын өвчлөл өндөртэй 20 орны тоонд багтаагүй байна.  Тиймээс архидалт төдийгүй бусад учир шалтгааныг эрж хайхыг зүйтэй юм.

Элэгний хорт хавдар нь гепатит В болон С-гийн вирусаар үүсдэг. Гепатит В нь элэгний эд эс болон хүний ДНХ гэмтээдэг, харин С вирус нь элэгний циррозоор дамжуулан шууд бусаар нөлөөлдөг байна. Түүнчлэн афлатоксин гэгч бодис элэгний хорт хавдар үүсгэдэг гэдгийг шинжээчид баттай тогтоогоод байгаа аж. Харин архи хэрэглэх нь энэ төрлийн хавдраас сэргийлж болзошгүй гэсэн гайхмаар дүн гарчээ (8).

Монгол улс дахин 2 төрлийн хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байгаа нь улаан хоолой ба ходоодны хавдар юм. Улаан хоолойн хорт хавдрыг тамхи татах, хүний папиллом вирус, түүнчлэн архидалт, таргалалттай холбоотой хэмээн тайлбарлажээ. Харин цардуул багатай хүнсний ногоо, түүнчлэн жимс жимсгэнэ, бета-каротин, С витаминаар баялаг хүнс хэрэглэх нь энэ өвчнөөс сэргийлдэг аж.  Зуун мянган хүнд ногдох үзүүлэлтээр, Монгол эрчүүд (21.7) эмэгтэйчүүдээсээ (16.1) илүү өвчилдөг байна.

Байр

Улс орон

100 мянган хүнд тохиолдох улаан   хоолойн хорт хавдрын өвчлөл (насаар жигнэсэн)

1 Монгол

18.7

2 Малави

17.4

3 Өмнөд Африкийн БНУ

17.3

4 Хятад

16.7

5 Лезото

14.6

Эх сурвалж: http://www.wcrf.org/cancer_statistics/oesophageal_cancer_statistics.php

Ходоодны хорт хавдрыг xеликобактер пилори гэгч бактери, Эпстейн -Баррын вирус үүсгэдэг. Түүнчлэн бүдүүн болон шулуун гэдэсний хорт хавдраар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг давсалсан болон давс ихтэй хоол хүнс нь өвчин үүсгэдэг байж, харин цардууллаг бус хүнсний ногоо, сонгины төрлийн ногоо, жимс жимсгэнэ сэргийлэхэд тустай байж болзошгүй ажээ. Зуун мянган хүнд ногдох үзүүлэлтээр, Монгол эрчүүд (48.2) эмэгтэйчүүдийг (22.3) давамгайлж явна.

Байр

Улс орон

100 мянган хүнд тохиолдох xодоодны хорт   хавдрын өвчлөл (насаар жигнэсэн)

1 БН Солонгос улс

41.4

2 Монгол

34.0

3 Япон

31.1

4 Хятад

29.9

5 Гондурас

26.6

5 Гватемал

26.6

Эх сурвалж: http://www.wcrf.org/cancer_statistics/stomach_cancer_statistics.php

 

Эцэст нь хэлэхэд:

Афлатоксинтой хүнс үйлдвэрлэсэн нь тогтоогдсон Хятадын компаниудын хувьд сүү, самар,  самрын тосоо далд оруулах арга замуудыг эрэлхийлж болзошгүй. Устгах гэж хөрөнгө мөнгө зарцуулалгүй хямд төсөр үнээр хойд хөршдөө нийлүүлчихвэл бид эрх баригчид, наймаачдын хүн чанар, гаалийнхан болон мэргэжлийн хяналтын албаныхны ур чадварт найдax уу?  Үндэсний аюулгүй байдал та биднээс эхэлж байна — хүнсний аюулгүй байдалдaa анхаарцгаая.

Амарлин

http://golomt.org

Энэ талаарx дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбооснуудаар орж үзнэ үү:

  1. Википедия интернэтийн үнэгүй лавлагаа. 2008 онд болсон Хятад сүүг тойрсон шуугиан/2008 Chinese milk scandal. http://en.wikipedia.org/wiki/2008_Chinese_milk_scandal
  2. CNN агентлаг. Хелена Хонг, 2011 оны 4 сарын 27. Хятадад 26 тонн меламинтай сүү хураав. China seizes 26 tons of melamine-tainted milk. http://articles.cnn.com/2011-04-27/world/china.tainted.milk_1_milk-powder-tons-of-melamine-tainted-milk-milk-products?_s=PM:WORLD
  3. Ройтерс агентлаг, Шанхай. Самуэль Шен, Жэйсон Саблер. 2011 оны 12 сарын 26. Хятадын Менгнуй компани хортой сүүг устгасан гэв/ China’s Mengniu says destroys tainted milk. http://www.reuters.com/article/2011/12/26/us-tainted-milk-idUSTRE7BP0K820111226
  4. Ройтерс агентлагийн мэдээ, 2011 оны 12 сарын 29. Менгниу компанийн цахим сайтыг хортой сүүний шуугианы дараахан хакерджээ/ UPDATE 1-Mengniu website hacked after milk scandal -reports. http://www.reuters.com/article/2011/12/29/mengniu-hack-idUSL3E7NT3B220111229
  5. Ройтерс агентлагийн мэдээ. 2011 оны 12 сарын 29. Нийтэлсэн Business Times сонин. Хортой сүүний шуугианaac бол Менгниу компаний хувьцаа 26 хувиар буурчээ/  Mengniu shares plunge 26pc on milk scandal. http://www.btimes.com.my/Current_News/BTIMES/articles/niuniu/Article/
  6. Ройтерс  агентлаг, Шанхай. Мелани Ли. 2011 оны 12 сарын 30.  Хятадад хорт хавдар илрүүлэгч мөөгөнцөр хоолноос илэрчээ /Chinese city finds cancer-causing fungi in food.  http://www.reuters.com/article/2011/12/30/idUSL3E7NU3JZ20111230
  7. Дэлхийн Хавдар Судлалын Олон Улсын Сангийн цахим сайт. Хорт хавдрын тухай статистик мэдээ. http://www.wcrf.org/cancer_statistics/cancer_statistics_data.php
About these ads

13 Comments on “Сэрэмжлүүлэг № 1: Хүнсний аюулгүй байдал — хортой сүү, самар, тос”

  1. Иргэн says:

    Манай Сүү ХХК маань Хятадын хямд хуурай сүүгээр бүтээгдхүүнээ хийдэг шүү дээ. Цөцгий мэт амттай боловч үнэн хэрэгтээ бол Меламин байдаг байна шүү дээ… Хариуцлагын оронд ашиг хөөцөлдөж, хяналтын оронд авлиг сонирхсон Монголын нийгэм Тамын тогоо …

  2. oyuna says:

    Маш чухал сэдэв хөндсөнд талархаж байна, Монголд хүнсний аюулгуй байдал гэж их ярьцгаадаг хирнээ арга хэмжээ авахгүй л байсаар, Хyнсний хуулиа шинэчилж чадахгуй олон жил ярилаа. Харьцдаг яам нь бизнес ярихаас аюулгүй байдал ярьдаггүй, мэргэжлийн хяналт нь мэргэшсэн байцаагч байдаггүй гэсэн. Саяхан нэг мэдээгээр хунс хянадаг газар нь дандаа мэргэжлийн бус багш, худалдаачин, малын эмч ,зоотехникээр дуурсэн байна гээд, тэгээд хүнс судалдаг байгууллага байхгүй энэ үед Хэрэглэгчид юунд найдах бэ?

  3. Oyunaa says:

    Үнэхээр чухал сэдэв хөндсөн бна. Тэгээд одоо хүүхдэдээ ямар сүүгээр каашийг нь чанаж өгөх вэ? Хэцүү юм бэ. Манай улс хүнсний аюулгүй байдал дээрээ ерөөсөө анхаарал тавьдаггүй. Үүнийг нь бодохоор үр хүүхдээ аваад аятайхан орон руу явчихмаар байхын. Даан ч энэ ажил төрөл бусад зуйлэээ яах вээ. Яамаар ч юм дээ

  4. delgermaa says:

    бэлчээрийн малын махаа идээд, сүүгээ буцалгаж хэрэглээд, гаднаас оруулж ирсэн бүх төрлийн ундаа, хүнс, ногоо, жимс, консервээс бүх нийтээрээ ТАТГАЛЗАХ хэрэгтэй. БҮХ НИЙТИЙГ СОЁЛЖҮҮЛАХ ажил хэрэгтэй бна

  5. M.talking says:

    Танай сайтаар орж маш хэрэгтэй мэдээллийг болгоожлол, ухаарлын хамт олж авлаа.
    Та бүхний энэхүү мэдээллийн сайт нь монгол улсын аюулгүй байдал, тусгаар тогтнол, хүн ардын эрүүл мэнд, үр хүүхэд ирээдүйн төлөө санаа тавьж болгоомжилбол зохистой сэдвүүдийг харуулж, хүн болгоны өдөр тутмын биологийн хэрэгцээ болсон хүнсний аюулгүй байдлын талаарх далд мэдээллүүдийг гаргасан нь маш талархууштай зүйл болжээ. Одоо та бүхэн эдгээр үйл ажиллагаан дээрээ тулгуурлан цар хүрээгээ өргөтгөж, нийгмийн төлөө, хүн ардын сайн сайхны төлөө үйлчилдэг төрийн бус байгууллага байгуулж, цаашид олон хүмүүсийг хамарсан өргөн хүрээтэйгээр үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй гэж зөвлөж байна. Энэ тал дээр импортлогчид болон үйлдвэрлэгчид гэх мэтийн зарим эсэргүүцэлтэй тулгарах боловч монгол хүний төлөө, монголчуудын үр удмын сангийн төлөө ариун үйлдэл тул бүгдийг ялж ажил үйлсээрээ ард олондоо танигдаж хүндлэгдэх болно.

  6. Ganchimeg says:

    Хэрэгтэй мэдээлэл тавьж байгаад баярлалаа. Танайх Монголд сүү үйлдвэрлэж байгаа компаниуд хэр найдвартай сүү үйлдвэрлэдэг талаар судлаад нийтэлж өгч болох уу? Би хувьдаа байнга Сүү ХХК-ийн сүүг хэрэглэдэг боловч хэр найдвартайг нь мэдэхгүй юмаа. Монголд яг найдвартай хунс тэжээл хаанаас авч болох вэ, судалгаа хэрэгтэй байна.

  7. shinen says:

    Хэрэгтэй мэдээлэл байна танай сайт таалагдлаа.

  8. otgonoo says:

    xэрэгтэй мэдээлэл өгсөнд баярлалаа. Энэ мэдээлэлээ олон нийтийн тв-р цацаx xэрэгтэй гэж бодож бна. Сая би Эрээнд явж бxад xунсний дэлгүүрт нь манайд зарагдаж бга буx төрлийн ундаа, кекс, чиxэр гээд бүгд л бна лээ шд цөөхөн xэдэн монголчуудаа амьддаа бие биенээ xайрлаачээ битгий xятадаас xүнсээ зөөгөөчээ. Мөнгө бол олдоно шүү дээ xарин эрүүл биеэ битгий xордуулаач ээ

  9. TUNGALAG says:

    Монголчуудынхаа төлөө зүтгэж байгаад баярлалаа, энэ талаар мэдээлэл гаргаж сонин хэвлэлүүдэээр цацвал зугээр юмаа. Бүх нийтээрээ мэдэх хэрэгтэй ш дээ, яг одоо бол зөвхөн интернэт хэрэглэгчид л мэдэж авлаа шүү дээ. Би нилээд дээр сонсож байсан юм байна 2008 оноос монголд, хятадын устгалд оруулсан гэх меламинтай сүү зарж байгаа, тэнэг монголчууд бол юугаа мэддэг юм, эрх ямбатангууд ч ялгаагүй хэрэглэж л байгаа ш дээ, тэдэнд зүгээр л хэдэн цаас атгуулахад ам нь таглараад нүдээ аниад л өнгөрнө гэж сонсож байсан юм байна

    Гаднаас орж ирж байгаа шоколад чихэрүүдийг ч гэсэн муутгахгүйн тулд зориулалтын меламин гэдэг бодис хольдог гэж байна лээ. Монголчууд минь бэлчээрийнхээ малын мах,суу, цагаан идээгээ хэрэглээд өөрсдийнхөө газар дээр тарьсан будаа гурилыг хар ч гэсэн идээд явж байвал эрүүл саруул явж яс минь хуртэл чанаржаад бэхжээд ирнэ шүү. Элдэв өвчин ч холуур байж, хямд хогийн хортой шавьжтай гадны будаа гурил,чихэр чавга, салат,архи дарс, гээд бүхий л хортой зүйлүүд устаж үгүй болно шүү дээ. Монголчууд минь бие биенийхээ дээр гарах гэсэн явуургүй хэт тансаглал хүнийг өвчний үүр болгож байгааг мэдэхэд илүүдэхгүй шу дээ. Эрүүл энх урт удаан амьдрахыг үр хойчдоо хүсэж байна. Монголын үрс маш олон болж эрүүл саруул хүмүүсээр өрөгжин нэмэгдэж, монгол хун бур эрүүл мэнддээ дээд зэрэгээр анхаарч, өөрсдийнхөө эрүүл мэндийн үнэнч сахиул хамгаалагч нь болж яваарай гэж хүсэж байна

  10. TUNGALAG says:

    Монголд хамгийн сайн энэ тэр гэж рекламдаж байгаа бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүд бүгд л дандаа хортой байгаа шүү. Хамгийн найдвартай хоргүй гэвэл бидний монголчуудын үндэсний гараар хийж байгаа тэр л хүнсний бүтээгдэхүүнүүд байгаа, киргиз алим гээд байгаа зүйл бол оросын чернобылээс цацраг идэвхит бусээс оруулж ирж байгаа химийн туяатай алимнууд байгаадаа. Монголчуудаа өөрсдийнхөө хашаанд яагаад ганц алимны мод тариад услаад тордоод тэрнээсээ гарсан жимсээ идэж болохгуй гэж, тэр чинь л та нарын эрүүл хүнс болно шүү!

    Бид ямар гаргүй хөлгүй тахир дутуу хүмүүсийн орон биш! Хэрэв тийм байлаа ч гэсэн бид бүхэл бүтэн оюун ухаан, бие организмаа тэр чигт нь өөрөө өөрийгөө устгах бай болгоод яахийн бэ, бид өөрсдөө тарьж ургуулж хийж бүтээж өөрийгөө эрүүл урт удаан амьдруулах эрхтэй биздээ.

    Бид тийм сонголтыг ч хийж чадна шүү дээ, бид мөрөн дээрхээ хэн нэгний явуургүй ,хорон ,ашиг харсан , шуналт хүмүүсийн үг хэлэнд удирдуулж амьдрана гэж юу байсан юм бэ тийм биздээ?

    Бүгдээрээ сайхан амьдрахын тулд хамтдаа хадалцгөөе, Хятадын, гадны хортой хогийн бодлогийг тас няцаая. Тэд бидэнд хортой хөнсний зуйл шахаж чадахаа байж уналтанд орохыг нь харъя, тэр хортой зуйлээ монголчууд бидэнд биш, тэр өөрсдийнхөө ардуудад шахна биз эсвэл устгалд оруулж эдийн засагаараа хохирно биз тийм биздээ?

    Бид ямар хортой хоолны шавхруу иддэг хогийн ургамалууд бишдээ, БИД ЧИНЬ ТЭНГЭР ЗАЯАТАЙ ХӨХ ТОЛБОТ МОНГОЛЧУУД ШҮҮ ДЭЭ, ХЭЗЭЭД БИД ХААН ШИГ АМЬДРАХ ЁСТОЙ ШҮҮ! ГОЛ НЬ БИДНИЙ ХАМТЫН ЭВСЭГ ХӨДӨЛМӨРЧ БАЙХ Л ЧУХАЛ ШҮҮ, МИНИЙ МОНГОЛЧУУДАА

  11. zaya says:

    хүмүүсийн нийтлэг хэрэглэдэг хоолонд хийдэг иоджуулсан давсыг хятадаас оруулж ирдэг гэсэн ямар бол бас ургамлын тосны монгол үйлдвэрүүд хэр бол оросын бүтээгдэхүүнүүд хэр болоо

  12. монгол says:

    xэдий болтол ярих вэ одоо хэрэгжүүлэх цаг нь болоод ба монголчуудаа

  13. dahiad urgeljluulen bicheeerei amjilt says:

    үнэхээр таалагддаг шүү бүх зүйл баримт нотолгоон дээр болохоор цааш нь заавал бичээрэй


Сэтгэгдэл үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s